- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ БЭЛТГЭЖ ГАРГАХ АРГАЧЛАЛ
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 253 дугаар тушаалын тавдугаар хавсралт
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ БЭЛТГЭЖ ГАРГАХ АРГАЧЛАЛ
ХЭСЭГ 1. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
1.8.Энэ аргачлалын зорилго нь төсөвт байгууллагын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гаргах, санхүүгийн тайлангийн зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүнтэй холбогдсон асуудлыг зохицуулахад оршино.
1.9.Санхүүгийн тайлан нь шийдвэр гаргахаар сонирхож байгаа гаднын болон дотоодын хэрэглэгчдийг шаардлагатай үндсэн мэдээллээр хангах зорилготой.
1.10.Санхүүгийн тайланд байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үзүүлэлтүүдийг үнэн зөв тусгасан байна.
1.11.Санхүүгийн тайланг үнэн зөв, хугацаанд нь бэлтгэж гаргах ажлыг байгууллагын дарга, нягтлан бодогч нар хариуцна.
Санхүүгийн бүртгэл тайлангийн зарчим
1.12.Санхүүгийн тайлан нь дараах үндсэн зарчмыг хангасан байна.
- Байгууллага нь санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлсэн байх
- Санхүүгийн бүртгэл, тайлан нь бодит баримт, тоо мэдээнд үндэслэсэн байх
- Санхүүгийн тайлангийн хэлбэр, дансны нэр, бүртгэлийн нэр томьёо нь энгийн бөгөөд ойлгомжтой байх
- Санхүүгийн бүртгэлд баримтлах бодлого, зайлшгүй гаргах мэдээллийн үзүүлэлтүүдийг санхүүгийн тайланд бүрэн тусгасан байх
- Бүртгэл тайлангийн тухайн үеийн тоо мэдээ нь өнгөрсөн болон ирээдүйн хугацааны тоо мэдээтэй зэрэгцүүлж болохоор байх.
Санхүүгийн тайлангийн бүтэц
1.13.Санхүүгийн тайлан нь Баланс, Үр дүнгийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, бүртгэлийн бодлогын тухай болон бусад тайлбар, тодруулгаас бүрдэнэ.
1.14.Төвлөрсөн төсөвтэй шууд харьцдаг төсөвт байгууллагууд, төвлөрсөн төсвөөс шууд санхүүждэг төрийн сангийн бусад ажил гүйлгээний тайланг нэгтгэн төвлөрсөн төсвийн санхүүгийн тайланд, Аймаг, нийслэлийн төсвөөс шууд санхүүждэг төсөвт байгууллагууд, мөн төсвөөс шууд санхүүждэг ажил гүйлгээний тайланг нэгтгэн Аймаг нийслэлийн санхүүгийн тайланд, Сум, дүүргийн төсвөөс шууд санхүүждэг төсөвт албан байгууллагууд болон мөн төсвөөс шууд санхүүждэг ажил гүйлгээний тайланг нэгтгэн Сум, дүүргийн санхүүгийн тайланд тус тус нэгтгэнэ.
1.15.Төвлөрсөн төсөв, Аймаг нийслэлийн төсөв, Сум дүүргийн төсөвтэй шууд харьцдаг төсөвт байгууллагууд болон бие даасан санхүүгийн тайлан гаргах эрх бүхий тусгай сангууд санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд бэлтгэн гаргаж дээд шатны төсвийн эрх захирагчдад тушаана.
1.16.Санхүүгийн тайланг нэгтгэхдээ төвлөрсөн болон аймаг нийслэлийн төсөв, мөн төсөвт байгууллагууд болон тусгай зориулалтын сангуудын хооронд хийгдсэн ажил гүйлгээг тохируулан шалгаж ажил гүйлгээний давхардлыг бүрэн арилгаж нэгтгэнэ.
Санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн нэгж
1.17.Төсөвт байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд төгрөгөөр илэрхийлэгдсэн байна. Харин аймаг нийслэлийн Ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайлан, төвлөрсөн төсөв, Засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг мянган төгрөгөөр тус тус илэрхийлж гаргана.
1.18.Санхүүгийн тайлангийн үзүүлэлт тус бүрийн тодорхойлолт, хүлээн зөвшөөрөх нөхцөл ба үнэлгээний талаар нягтлан бодох бүртгэлийн дансны зааварт тодорхой тусгасан байна.
ХЭСЭГ 2. БАЛАНС (СТ -1А)
1.19.Байгууллагын санхүүгийн байдлыг тайлангийн хугацаагаар тасалбар болгон харуулах зорилгоор хөрөнгө, өр төлбөр, эзний өмчийн үзүүлэлтүүдийг мөнгөн илэрхийллээр гаргаж балансад тусгана.
1.20.Балансыг (СТ-1А) загварын дагуу гаргаж нэгдүгээр багананд санхүүгийн байдлын үзүүлэлтүүдийн эхний үлдэгдлийг, хоёрдугаар багананд эцсийн үлдэгдлийг харуулна.
1.21.Балансын зүйлүүдийг хөрөнгө, өр төлбөр, эзний өмч гэж ангилна.
Хөрөнгө
1.22.Хөрөнгийн үзүүлэлтүүдийг тэдгээрийн түргэн хөрвөх чадварыг харгалзан дараалуулан байрлуулна. Хөрөнгийг дараах байдлаар ангилан санхүүгийн тайланд байрлуулна. Үүнд:
Мөнгөн хөрөнгө
Авлага
Урьдчилгаа
Бараа материал
Нөөцийн бараа
Бусад хөрөнгө
Үндсэн хөрөнгө
1.23.Нэг жил хүртэл хугацаанд ашиглагдах хөрөнгийг эргэлтийн хөрөнгө түүнээс дээш хугацаанд ашиглагдах хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэнэ.
1.24.Мөнгөн хөрөнгийг нэрлэсэн үнээр санхүүгийн тайланд харуулах бөгөөд мөнгөний эхний болон эцсийн үлдэгдлийг банкин дахь харилцах дансны эхний болон эцсийн үлдэгдэл болон кассанд байгаа бэлэн мөнгөний үлдэгдэл зэрэгтэй тулган шалгаж тохируулахаас гадна нийт цэвэр мөнгөн гүйлгээний дүн нь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хассантай тэнцүү байна.
1.25.Хөрөнгө, өр төлбөр, эзний өмчийг балансад нийт дүнгээр нь харуулна.
Өр төлбөр
1.26.Өр төлбөрийн тайлант хугацааны үлдэгдлийг Балансад төлөгдөх хугацаагаар нь дараалуулан байрлуулна.
1.27.Өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр, урт хугацаат өр төлбөр гэж ангилна.
1.28.Нэг жилийн дотор эсвэл үйл ажиллагааны нэг циклийн дотор төлөгдөх өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр, түүнээс урт хугацаанд төлөгдөх өр төлбөрийг урт хугацаат өр төлбөр гэнэ.
1.29.Ажилчин албан хаагчидтай хийх тооцоо, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хийх тооцоо, хүн амын орлогын албан татварын тооцоо зэрэг өглөгийн үлдэгдлийг Бусад өглөг дансаар харуулна. Дансны зааврыг харна уу.
1.30.Урьдчилж орсон орлогын үлдэгдлийг богино хугацаат өр төлбөрийн хэсэгт харуулна. Урьдчилгаа орлогын дэд данс-төсвийн санхүүжилтийн эцсийн үлдэгдэл нь энэ дансны эхний үлдэгдэл дээр тайлангийн хугацаанд шинээр авсан урьдчилгаа санхүүжилтийг нэмж түүнээс Төсвийн санхүүжилтийн орлого дансанд шилжүүлсэн дүнг хассантай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл төсвөөс олгосон санхүүжилтийн үлдэгдлийг энэ дансны үлдэгдлээр хянаж болно.
1.31.Нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх урт хугацаат зээлийн үлдэгдлийг Урт хугацаат өр төлбөр хэсэгт харуулна.
Эзний өмч
1.32.Эзний өмч нь байгууллагын хөрөнгөөс өр төлбөрийг хассаны дараа үлдэх дүн гэж тооцно.
1.33.Эзний өмчийн үзүүлэлтүүдийг дотор нь Засгийн газрын сан, Орон нутгийн сан, Хуримтлагдсан үр дүн, Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний сан зэргээр ангилна.
1.34.Засгийн газрын сан/Орон нутгийн сан дансыг үндсэн хөрөнгийн үлдэгдэлтэй тохируулан хянаж байна.
1.35.Хуримтлагдсан үр дүн дансыг тайлант үеийн, өмнөх үеийн үр дүн гэж ангилна.
1.36.Үндсэн хөрөнгийг дахин үнэлэхэд нэмэгдсэн хэмжээгээр үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний сан дансанд бүртгэж санхүүгийн тайланд харуулах бөгөөд дахин үнэлснээс хойш нэг жилийн дараа энэ үлдэгдлийг Засгийн газрын сан дансанд хааж бичнэ.
ХЭСЭГ 3. ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН (СТ-2А)
1.37.Үр дүнгийн тайлан нь байгууллагын тайлангийн хугацааны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг харуулна.
1.38.Үр дүнгийн тайланг СТ-2А маягтаар гаргана.
Үр дүнгийн тайланг аккруэл суурьтай зарчмаар бэлтгэнэ.
1.39.Орлого болон зардлын үзүүлэлтүүдийг үндсэн үйл ажиллагааны, үндсэн бус үйл ажиллагааны үр дүн гэж ангилна.
1.40.Үндсэн үйл ажиллагааны орлогоос зардлыг хасч “Үндсэн үйл ажиллагааны үр дүнг”-г тодорхойлно.
1.41.Биет хөрөнгийг худалдаж олсон олзыг “Хөрөнгийн орлого”-оор, үүссэн гарзыг “Хөрөнгийн зарлага”-аар тайлагнана.
1.4 2.“Үйл ажиллагааны нийт үр дүнг”-г тодорхойлохдоо “Үндсэн үйл ажиллагааны үр дүн“ дээр “Үндсэн бус үйл ажиллагааны орлого”-ыг нэмж “Үндсэн бус үйл ажиллагааны зардал”-ыг хасч тооцно.
1.43.Үр дүнгийн тайлангийн маягтад хамрах үзүүлэлтүүдийг тодорхой харуулсан байгаа бөгөөд бүртгэлийн зааварт бүртгэлийн бичилт, хэмжилт үнэлгээний талаар тодорхой тусгасан.
ХЭСЭГ 4. МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН (СТ-3А)
1.44.Тайлангийн хугацааны мөнгөн хөрөнгийн өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд үзүүлнэ.
1.45.Мөнгө суурьтай төсвийн төлөвлөлтийн үед төсвийн гүйцэтгэлийг хянахад мөнгөн гүйлгээний тайланг ашиглана.
1.46.Мөнгөн гүйлгээний тайланг СТ- 3А маягтаар гаргана.
1.47.Мөнгөн гүйлгээний тайлангийн үзүүлэлт нь дор дурдсан хэсгээс бүрдэнэ.
a) Мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэр:
- Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого
- Хөрөнгө оруулалтын мөнгөн орлого
- Санхүүжилтийн мөнгөн орлого
б) Мөнгөн хөрөнгийн зарцуулалт:
- Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага
- Хөрөнгө оруулалтын мөнгөн зарлага
- Санхүүжилтийн мөнгөн зарлага.
1.48.Төсөвт байгууллага мөнгөн гүйлгээний тайланг шууд аргаар гаргана. Харилцах, касс зэрэг мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн ажил гүйлгээний тоо мэдээнд үндэслэж, үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн мөнгөн орлого, зарлагын тайланг гаргана.
1.49.Хөрөнгө оруулалтаар үндсэн хөрөнгө худалдан авахад зориулан олгосон төсвийн санхүүжилтийн орлого-хөрөнгийн гэж ангилан үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогын тайланд харуулна. Харин урьдчилж орсон орлого данснаас Засгийн газрын сан дансанд шилжүүлэн бичсэн орлогын дүнг мөнгөн орлогоор хүлээн зөвшөөрч Мөнгөн гүйлгээний тайлангийн үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогод тусгана.
1.50.“Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого”-д төсвөөс авсан шилжүүлгийн орлого, төсөвт байгууллагын төлбөртэй ажил үйлчилгээний орлого (үндсэн үйл ажиллагааны), тусламжийн орлого зэрэг орох бөгөөд “Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага”-д цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бараа үйлчилгээний зарлага, шилжүүлгийн зарлага зэрэг орно. Үндсэн үйл ажиллагааний мөнгөн орлогоос үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлагыг хасч “Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ”-ний тайланг гаргана.
1.51.Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд худалдсан биет хөрөнгийн нийт мөнгөн орлогоос худалдан авсан буюу бэлтгэсэн биет хөрөнгийн нийт мөнгөн зарлагыг хасч хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
1.52.Санхүүжилтийн цэвэр мөнгөн гүйлгээг төсөвт байгууллагын тайлангийн хугацаанд авсан зээлийн орлогоос, мөн хугацаанд төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хасч тодорхойлно.
1.53.Эцэст нь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хассан дүн нь Нийт цэвэр мөнгөн гүйлгээний дүнтэй тэнцэнэ.
1.54.Үр дүнгийн үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого зарлагын тайлантай уялдуулж шалгахдаа аккруэл сууриас мөнгөн суурьд тохируулж, бичилт хийх зарчмыг мөрдөнө.
а) Орлогын дүнгээс авлагын нэмэгдсэн өөрчлөлтийг хасч, харин буурсан өөрчлөлтийг нэмэх
б) Ологын дүн дээр урьдчилж орсон орлогын нэмэгдсэн өөрчлөлтийг нэмж, буурсан өөрчлөлтийг хасах
в) Зарлагын дүнгээс өглөгийн нэмэгдсэн өөрчлөлтийг хасч, буурсан өөрчлөлтийг нэмэх; бараа материал, урьдчилж гарсан зардлын нэмэгдсэн өөрчлөлтийг нэмж, буурсан өөрчлөлтийг хасах
г) Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг болон алдагдлыг холбогдох орлого болон зардлын дансуудад хамааруулан нэмэх.
ХЭСЭГ 5. ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН (СТ-4А)
1.55.Өмчийн өөрчлөлтийн тайланд байгууллагын өмч, хуримтлагдсан үр дүн, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ зэрэг эздийн өмчийн аливаа өөрчлөлтийн хэмжээг тодорхой хугацаагаар үзүүлнэ.
1.56.Өмчийн өөрчлөлтийн тайланг СТ-4А маягтаар гаргана.
1.57.Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, үндсэн алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулах замаар тусгана.
1.58.Хуримтлагдсан үр дүн дансны эхний үлдэгдэл дээр тайлант үеийн олзыг нэмж, гарзыг хасаж эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
1.59.Хөрөнгийн дахин үнэлгээний өөрчлөлтийг өмчийн өөрчлөлт гэж үзнэ.
1.60.Эзний өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж, хасагдсан өөрчлөлтийн дүнг хасч эзний өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
ХЭСЭГ 6. ТАЙЛБАР ТОДРУУЛГА
1.61.Төсвийн байгууллагын санхүүгийн тайлангийн үнэн зөв болохыг баталсан төсвийн шууд захирагч (ерөнхий менежер) болон ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурсан мэдэгдэл.
1.62.Нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн тухай тайлбар.
1.63.Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлыг үнэн зөв илэрхийлэхэд шаардлагатай бусад мэдээлэл.
1.64.Хууль тогтоомжийн дагуу болон төсвийн хяналт, удирдлагатай холбогдсон бусад тодруулга тайлангуудыг санхүүгийн тайланд хавсаргана.
1.65.Улирлын санхүүгийн тайлан тодруулгатай байна.
Текст томруулах
A
A
A