- Нүүр
- Сайдын тушаал
- ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЖ, ТЭМЦЭЭНД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24/19 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЖ, ТЭМЦЭЭНД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
1.Олимпийн наадамд оролцож медальт байрт шалгарах бололцоотой спортын зарим төрлөөр шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг шалгаруулж 2004 оны Олимпийн тоглолтод оролцох Үндэсний шигшээ баг (байнгын бус) бүрдүүлэн бэлтгэж, Монгол Улсын нэрийн өмнөөс олимп, дэлхий, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах болон тэдгээртэй адилтган үзэх бусад тэмцээнд (цаашид “тэмцээн” гэнэ) оролцуулахад энэхүү журмыг баримтална.
2.Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, түүнийг өөрчлөх, тэмцээнд оролцуулах үүрэг, хариуцлагыг Биеийн тамир, спортын Үндэсний төв (цаашид “БТСҮТ” гэнэ) хүлээнэ.
3.Үндэсний шигшээ багийн бэлтгэл, цугларалтын болон бусад зардлыг үндэсний хорооны зөвшөөрсөн төсөвт багтаан, олимпод бэлтгэх захиран зарцуулах эрхийг БТСҮТөв эдэлнэ.
4.Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг БТСҮТөвийн “Шигшээ баг бүрдүүлэх журам”-аар сонгон шалгаруулна.
5.Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах эмч, илээч, эрдэм шинжилгээний ажилтныг БТСҮТөвийн дарга орон тоондоо багтаан томилно.
6.Үндэсний шигшээ багийн тамирчин олимп, тив, дэлхийн тэмцээнд оролцох нэгдсэн цугларалтыг шигшээ багийн удирдлага дор, бусад хугацаанд өөрсдийн клуб дээр бэлтгэл-дасгалжуулалтаа үргэлжлүүлэн хийнэ.
7.Засгийн газрын мөнгөн шагнал олгох зэрэглэлийн тэмцээн (олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах)-д оролцох бүрэлдэхүүнийг тухайн тэмцээн зохион байгуулагчдын урилга, Спортын xopoo, клуб, тамирчин, дасгалжуулагчдын хамтын ажиллагааны гэрээг үндэслэн БТСҮТөв батална.
8.Олимп болон тивийн наадамд Монгол Улсын төлөөлөгчид, баг, тамирчдыг оролцуулах нэгдсэн зохион байгуулалтыг БТСҮТөв Монголын Үндэсний Олимпийн хороотой хамтран хийж Олимпод бэлтгэх үндэсний хороогоор батлуулна.
9.Үндэсний шигшээ баг тухайн тэмцээнд оролцохын өмнө биеийн тамир, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах, санхүүжүүлэх журамд заасан хугацаагаар нэгдсэн цугларалтад гарна.
10.Олимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид, албаны төлөөлөгчдийн тоо, бүрэлдэхүүнийг олимпийн наадамд оролцохоор тамирчдын авсан эрх, батлагдсан төсвийн хүрээнд Эрүүл мэндийн сайд тогтоож зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.Олимпийн наадамд бэлтгэх дасгалжуулалтыг гадаадын оронд хийх, гадаадаас багш дасгалжуулагч урьж ажиллуулахад тухайн оронтой биеийн тамир, спортын талаар хамтран ажиллах гэрээ болон бусад холбогдох баримтад заасны дагуу зохицуулна.
12.Энэхүү журмын 10-т зааснаас бусад тэмцээнд шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, багийн гишүүдийн тэмцээнд оролцох зардлыг ивээн тэтгэгч болон клуб, тамирчин, дасгалжуулагчийн өөрийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A