A

A

A

Бүлэг: 1979

Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны  362 дугаар тушаалын хавсралт

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ОНЦЛОГ БАРААНД ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн  бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад  бүх төрлийн дээж, сорьц зэрэг /цаашид “онцлог бараа” гэх/ барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд энэ журмыг мөрдөнө.

            1.2.Энэ журамд заагдаагүй бусад асуудлыг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

                                                Хоёр. Гаалийн бүрдүүлэлт

            2.1.Онцлог бараа нэвтрүүлэх аж ахуйн нэгж, байгууллага ²Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг²-ийн маягтаар мэдүүлнэ.

2.2.Онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэгч тухайн асуудал хариуцсан яам, засгийн газрын агентлаг /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх /-аас тодорхойлолт авсан байна.

        2.3.Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа нь хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх тохиолдолд тодорхойлолтыг төрийн захиргааны холбогдох байгууллага тус бүрээс авна.

            2.4.Төрийн захиргааны байгууллагын газар, хэлтсийн дарга, эсхүл түүний орлогч гарын үсэг зурж, уг байгууллагын тэмдэг дарсан тохиолдолд тодорхойлолтыг хүчин төгөлдөрт тооцно.

          2.5.Тодорхойлолт олгосноос үүдэн гарах  хариуцлагыг тодорхойлолт  олгосон албан тушаалтан хүлээнэ.

            2.6.Тодорхойлолтыг 3 хувь үйлдэх бөгөөд түүнийг олгосон байгууллагад онцлог барааг нэвтрүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд болон гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад тус бүр 1 хувь үлдэнэ.

       2.7.Гаалийн байгууллагатай сүлжээнд холбогдсон байгууллагууд тодорхойлолтыг гаалийн байгууллагад сүлжээгээр ирүүлж болно.

          2.8.Тодорхойлолт олгосон төрийн захиргааны байгууллага онцлог бараанд таних тэмдэг тавих буюу битүүмжилсэн байх шаардлагатай бөгөөд тэмдэг, битүүмжлэлийн хэв загварыг гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдсэн байна.

         2.9.Тодорхойлолтод дурдсан нөхцөл, зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу хяналт тавьж, бүрдүүлэлт хийнэ.

  Гурав. Тодорхойлолт олгох байгууллага

            3.1. Онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны дараахь байгууллагаас тодорхойлолт авсан байна:

3.1.1.Геологи, эрдэс баялагийн чиглэлээр хийгдсэн судалгааны дээж, материал, зураг, өрмийн болон бусад дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг - Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.2.Газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгааны материал, зураг, өрмийн болон бусад дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг - Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.3.Батлан хамгаалах асуудалтай хамааралтай судалгаа шинжилгээ, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн материал - Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.4.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, химийн бодисын дээж, сорьц -Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.5.Ураны хүдэр, түүний баяжмал, цацраг идэвхт химийн элемент болон цацраг идэвхт изотоп /хуваагдагч буюу баялаг химийн элемент болон изотоп орно/, тэдгээрийн нэгдэл, тэдгээрийг агуулсан хольц, үлдэгдэл, БТКУС-ийн зүйл 28.44-т зааснаас бусад изотоп, тэдгээрийн химийн хувьд тодорхойлогдсон буюу органик биш нэгдэл зэргийн дээж, сорьц -Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.6.Лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх өвчин үүсгэгч нян, түүний хорны дээж, эрүүл хүний ийлдэс, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай донорын цус, дархлалын хувирмал бэлдмэл, бичил биетний өсгөвөр, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний дээж, сорьц -Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.7.Палеонтологийн болон археологийн олдворын дээж, сорьц - Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.8.Үнэт металл, эрдэнийн чулууны дээж - Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн сорьцын хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.9.Бүх төрлийн мал амьтны үр хөврөл, үржлийн өндөг, цус болон цусны ийлдэс, төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой шавьж, бичил биетний өсгөвөр, амьтны хүүр, сэг, ялгадас, хөрс, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зэргийн дээж, сорьц - Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.10.Архи, согтууруулах ундаа, тамхины дээж - Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага./3 дахь хэсгийг ГЕГ-ын даргын 2017 оны А/285 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

 

                 ----оОо-----