A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ (Засгийн газрын 2019 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 103 дугаар
          тогтоолын 1 дүгээр хавсралт


ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН
БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН
ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2019 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, харьяаллыг үл харгалзан зам, замын байгууламж ашигласны төлбөр (цаашид “төлбөр” гэх) авахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг улсын авто замын санд төвлөрүүлж, Авто замын тухай хуулийн 18.4-т заасны дагуу зарцуулна.

1.3. Концессын гэрээгээр баригдсан авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах асуудлыг концессын төрлөөс хамааран Концессын тухай хуулийн 21.1.3-т заасны дагуу зохицуулна.

Хоёр. Төлбөр авах зарчим

2.1. Зөвхөн хатуу хучилттай олон улсын болон улсын чанартай зам ашиглах тээврийн хэрэгслээс төлбөр авна. Төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, бодит жинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална.

2.2. Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн түргэн тусламж, зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын алба, төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалттай тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.

2.3. Энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх тээврийн хэрэгсэл мөн журамд заасны дагуу төлбөр төлнө.

2.4. Төлбөр авах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй шуурхай зохион байгуулна.

Гурав. Төлбөр авах үйл ажиллагааг
зохион байгуулах

3.1. Тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага зохион байгуулна.

3.2. Төлбөр авах цэгээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл бүрийг төрөл, улсын дугаараар бүртгэж, цахим сан бүрдүүлнэ.

3.3. Төлбөр төлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр авах цэгт төлбөр тооцооны олон хэлбэрийг ашиглана. Төлбөрийг урьдчилан төлөх тохиолдолд 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж болно.

3.4. Төлбөр  авах цэгийн орох хэсэгт тээврийн хэрэгслээс төлбөр авсныг нотлох тасалбар олгон бүртгэлжүүлж, гарах хэсэгт шалгаж магадлана. Тухайн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгийн орох хэсгээр нэвтрээгүй бол гарах хэсэгт төлбөр төлнө.

3.5. Төлбөрийн тасалбар нь тухайн чиглэл буюу гарах хэсгийн төлбөр авах цэг хүртэл хүчинтэй.

3.6. Авто замын эхлэл, төгсгөл нь тухайн чиглэлийн дугаартай замаар хязгаарлагдах бөгөөд тээврийн хэрэгсэл дараагийн буюу өөр дугаартай чиглэлийн замаар зорчих бол төлбөр төлнө. Тухайн чиглэлийн авто замын төгсгөлийн цэг нь эсрэг урсгалдаа эхлэлийн цэг болно.

3.7. Төлбөр төлсөн тасалбарт замын чиглэлийн нэр, дугаар, төлбөр авах цэгийн нэр, төлбөрийн хэмжээ, огноог тусгаж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.

3.8. Бүх төрлийн ачааны тээврийн хэрэгсэл, механизмын жинг шалгаж, тухайн тээврийн хэрэгслийн бодит жинд харгалзах төлбөрийг авна.

3.9. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн жин, овортой тээврийн хэрэгслийг тухайн замаар нэвтрүүлэхийг хориглоно.

3.10. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн жин, овортой тээврийн хэрэгслийг тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжаар нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн тогтоосон маршрутын дагуу нэвтрүүлнэ. Ийнхүү нэвтрүүлэхдээ төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж авна.

Дөрөв. Төлбөр авах цэг

4.1. Олон улсын болон улсын чанартай замын сүлжээн дэх төлбөртэй авто зам, (замын чиглэл, урт) замын байгууламжийн жагсаалт, төлбөр авах цэгийн байршлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4.2. Төлбөр авах цэгийг авто зам, замын байгууламжийн эхлэл, төгсгөлийн цэгт байгуулна.

4.3. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төлбөртэй авто зам, замын байгууламж, төлбөр авах цэгийн байршлыг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлнэ.

4.4. Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг авто замын ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих ажиллагаатай уялдуулан зохион байгуулна.

4.5. Төлбөр авах цэг нь авто замын хөдөлгөөнд саад учруулахааргүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, төлбөрийг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд мэдээллийн цахим нэгдсэн санд холбогдсон, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Цахим нэгдсэн санг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж хөтөлнө.

4.6. Төлбөр авах цэг нь ажиллагсдын ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.

4.7. Төлбөр авах цэг болон барилга байгууламж, тоног төхөөрөмжид тавих шаардлагыг стандартаар тогтооно.

4.8. Орон нутгийн чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийг шаардлагатай тохиолдолд олон улсын болон улсын чанартай замын төлбөр авах цэгтэй нэгтгэн байгуулж болно.

4.9. Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардлыг улсын авто замын сангаас санхүүжүүлнэ.

4.10. Төлбөр авах цэгээс 500 метрийн ойр зайд аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахыг хориглоно.

Тав. Бусад

5.1. Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, ажиллах журмыг тухайн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллага тогтооно.

5.2. Энэ журмын 5.1-д заасан байгууллага нь улсын авто замын санд төвлөрүүлсэн зам  ашигласны төлбөрийн орлого, зардлын гүйцэтгэлийг сар, улирал тутам авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

5.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


---о0о---