- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БАРААГ ХИЛИЙН ЧАНАДАД БОЛОВСРУУЛАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/41 дугаар тушаалын
3 дугаар хавсралт
БАРААГ ХИЛИЙН ЧАНАДАД БОЛОВСРУУЛАХ
ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 125-131 дүгээр зүйл, цаашид “горим”гэх/-ыг хэрэгжүүлэхэд гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Горим сонгох, барааг горимд байршуулах, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. Горимд байршуулсан барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
1.5. Түүх соёлын дурсгалт зүйл, археологи, палеонтологийн олдворыг хилийн чанадад боловсруулахаар гаргахад Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх заалтын хэсэгт заасан хугацааг баримтална.
1.6. “Засвар хийх” гэдэгт дараах үйл ажиллагаа хамаарна:
- тухайн барааны эвдэрч гэмтсэн хэсгийг засах,
- шинэчлэх,
- дутуу хэсгийг нөхөн гүйцээх, эсхүл
- барааг БТКУС-ийн ангиллын кодын 8 оронгийн түвшинд ижил төрлийн өөр бараагаар солих.
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1. Горимд гаалийн тухай хуулийн 126 дугаар зүйлд заасан барааг байршуулна:
2.2. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.
2.3. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг хилийн чанадад боловсруулах: |
|
|
- барааг боловсруулах, эсхүл баяжуулах - тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх - засвар хийх - барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах |
201 202 203 204 |
шаардахгүй
|
|
2 |
Хилийн чанадад боловсруулах горимоор гарсан барааны хугацааг сунгах: |
|
|
- барааг боловсруулах, эсхүл баяжуулах - тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх - засвар хийх - барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах |
211 212 213 214
|
201 202 203 204 |
Гурав. Бичиг баримт
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтыг шаардана.
3.1.1.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх, гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.2. тээврийн бичиг баримт / тээврийн баримт, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт гэх мэт/;
3.1.3. гарал үүслийг нотлох баримт;
3.1.4. эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;
3.1.5. гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагын баримт;
3.1.6. лабораторийн шинжилгээний дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/;
3.1.7. шаардлагатай бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 130.2-т зааснаар уг горимын хугацааг сунгасан тохиолдолд шинээр гаалийн мэдүүлэг бичүүлж, горимын 211-214 кодоор бүрдүүлэлтийг хийнэ.
3.5. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
Дөрөв. Горимын шаардлага
4.1. Мэдүүлэгч нь барааг хилийн чанадад боловсруулах горимд байршуулахдаа бараа боловсруулахтай холбогдсон бүхий л мэдээллээр гаалийн байгууллагыг хангана. Тухайлбал: боловсруулах барааны нэр, марк, серийн дугаар, материалын орцын тооцоо, хаягдал, үлдэгдлийн хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний загвар, дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зургийг хавсаргана.
4.2. Энэ горимын дагуу боловсруулалт хийхэд дараахь шаардлага хангасан байна:
4.2.1. тухайн барааны боловсруулалтад гаалийн байгууллага хяналт тавих боломжтой байх;
4.2.2. гаалийн байгууллага тухайн барааг оролцуулан боловсруулсан бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой байх;
4.2.3. гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар, өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах, зэрэг боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан тусгасан байх;
4.2.4.гадаадын барааг монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байх.
4.2.5. солих бараа нь БТКУС-ийн ангиллын кодын 8 оронгийн түвшинд ижил байх бөгөөд тухайн барааны чанар, техникийн үзүүлэлт нь засварт гаргах үйлдвэрийн болон материалын доголдолтой бараатай адил байна. Доголдол илэрсэн барааг солихоор гаргах түр хугацаа нь тухайн барааг анх дотоодын хэрэглээнд зориулан оруулсан өдрөөс хойш 6 сарын дотор байна.
4.2.6. үйлдвэрийн болон материалын доголдолтой, ашиглалтад байсан барааг өөр бараагаар сольж хилийн чанадаас оруулах тохиолдолд орлуулах бараа нь мөн адил ашиглагдсан хуучин бараа байна.
4.2.7. гаалийн байгууллагын тавьсан нөхцөл, шаардлагын дагуу, холбогдох этгээд доголдолтой барааг хилээр гаргахаас өмнө солих бараа бүтээгдэхүүнийг гаалийн хилээр оруулж ирж болно.
4.2.8. солих бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргах боломжгүй бол төлбөл зохих импортын татварын үнийн дүнгээр баталгаа гаргасан байх ба гаалийн болон бусад татварыг ногдуулж төлүүлнэ.
4.3. Хэрвээ мэдүүлэгч нь энэ журмын 4.1, 4.2-т заасан шаардлагыг хангаагүй, боловсруулалтын үйл ажиллагаа тодорхой бус байх тохиолдолд гаалийн байгууллага нь тухайн горимд барааг байршуулахаас татгалзаж энэ тухайгаа мэдүүлэгчид бичгээр мэдэгдэнэ.
4.4. Гаалийн байгууллага нь энэ горимд байршуулсан бараанд Гаалийн тухай хуулийн 261.1-д заасан гаалийн тэмдэглэгээнээс аль тохирохыг хэрэглэнэ.
4.5. Барааг хилийн чанадад боловсруулалт хийх горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тухайн бараа нь экспортын татвартай бол татварыг ногдуулан төлүүлж түр дансанд байршуулах, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасны дагуу гаргасан байна.
4.6. Энэ журмын дагуу барааг тогтоосон хугацаанд буцаан оруулаагүй тохиолдолд тусгай дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг төсвийн орлогын дансанд шилжүүлэх тухай хавсралтаар батлагдсан загвар бүхий баталгаа гаргуулан, гаалийн мэдүүлэгт хавсаргана
4.7. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж гаргасан бараа тогтоосон хугацаанд нь буцаан оруулаагүй тохиолдолд хилийн чанадад бүрмөсөн гаргах горимоор гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.
4.8. Барааг түр хугацаагаар гаргах талаар гаалийн байгууллагад баталгаа гаргасан этгээд нь гаалийн байгууллагын өмнө хуульд заасан үүрэг хариуцлагыг хүлээнэ.
4.9. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана.
4.10. Хилийн чанадад боловсруулах горимд байршуулсан барааг анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг бүр Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох хэлтэст ирүүлнэ. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
Тав. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
5.1. Мэдүүлэгч нь барааг хугацаанд нь буцаан оруулаагүй, хугацаа сунгуулаагүй байх тохиолдолд гаалийн байгууллага энэ журмын 4.6-д заасан баталгааг үндэслэн тусгай дансанд төвлөрүүлсэн гаалийн болон бусад татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
5.2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасан баталгааг гаргаж түр хугацаагаар хилийн чанадад гаргасан барааг буцаан оруулаагүй тохиолдолд гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
5.3. Чөлөөт эргэлтэд орсон гадаадын барааг хилийн чанадад боловсруулалт хийхэд урьд нь төлсөн импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.
Зургаа. Бусад
6.1. Барааг хилийн чанадад боловсруулах горим нь уг барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулснаар, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.
6.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас саатуулагдсан, хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болно.
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/41 дугаар тушаалын
3 дугаар хавсралтаар батлагдсан журмын хавсралт
БАТАЛГАА
20 ... оны ... дугаар сарын ... өдөр
__________________________________________________________________________________________________________________________________________________________
/татвар төлсөн ААН, байгууллага, иргэний нэр, регистрийн №/
гаалийн хилээр хилийн чанададад боловсруулахаар гаргасан барааг Гаалийн тухай хуулийн _______________дугаар зүйлд заасан хугацаанд буцаан оруулаагүй эсхүл өөр горимд шилжүүлээгүй тохиолдолд ________________дугаар гаалийн мэдүүлгээр гаалийн
болон бусад татварт төлсөн_________________төгрөг_______________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
/ татварын дүн үсгээр /
төгрөгийг төрийн сангийн тусгай данснаас улсын төсөвт үл маргах зарчмаар шилжүүлэхийг зөвшөөрч байна.
БАТАЛГАА ГАРГАСАН:
....................................... ...................................
/Албан тушаалын нэр, /гарын үсэг/ /Албан тушаалтны нэр/
Тамга, тэмдэг/
Текст томруулах
A
A
A