A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОРИГДСОН ЭТГЭЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЭМЧЛЭХ, ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ИРЖ ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ /ЭМС, ХЗДХС-ын 2019 оны А/142,А/47 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС, ХЗДХС-ын 2019 оны А/142,А/47 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 59,А/67 дугаар тушаалын хавсралт

 

ХОРИГДСОН ЭТГЭЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ,

 ТҮҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЭМЧЛЭХ, ЦАГДАН

ХОРИХ БАЙРАНД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ИРЖ ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

          1.1. Нийслэл дэх цагдан хорих төв, баривчлах байр, аймаг, орон нутгийн цагдан хорих, баривчлах байр /цаашид "хорих байр" гэх/-нд хоригдож буй этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

          1.2. Хоригдсон этгээдэд энэ журамд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг Нийслэл дэх цагдан хорих төвийн эмнэлэг, аймаг, орон нутгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв үзүүлнэ.

       1.3. Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол журмыг мөрдөнө. /ЭМС, ХЗДХС-ын хамтарсан 2017-А/29/А/12 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

Хоёр. Хоригдсон этгээдэд эмнэлгийн

тусламж, үйлчилгээ үзүүлэх

   2.1. Хорих шийдвэр гарсан этгээдийг хоригдсон даруйд болон цагдан хорих нэг байрнаас нөгөөд шилжих тохиолдолд тухайн хорих байрны эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн үзлэг хийж, шарх, сорви, гэмтэлтэй эсэх, сэтгэц болон биеийн ерөнхий байдал, жин, өндрийг тус тус тодорхойлон эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэн хувийн хэрэгт нь хавсаргана. Цаашид хийгдэх эрүүл мэндийн үзлэгийн давтамжийг хорих байрны дотоод журамд заана.

          2.2. Сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг хорих байрны эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутам үзлэг хийж эрүүл мэндэд нь байнгын хяналт тавьж, тэмдэглэлийг хувийн хэрэгт хавсаргана.

          2.3. Сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг эрүүл мэндийн хувьд уг өрөөнд байлгах боломжгүй нь эмч, эмнэлгийн мэргэжилтний үзлэгээр тогтоогдвол тухайн этгээдийг сахилгын өрөөнөөс хорих өрөөнд шилжүүлэхийг хорих байрны захиргаа хариуцна.

          2.4. Хоригдсон этгээдэд эмнэлгийн анхны тусламж болон амь тэнсэх үеийн тусламж, үйлчилгээг хорих байрны эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ.

          2.5. Аймаг, орон нутгийн хорих байрны эмч, сувилагч эрүүл ахуйн шаардлага хангасан үзлэг болон эмчилгээний өрөө, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан, байнгын нөөцтэй байна.

          2.6. Аймаг орон нутагт хоригдсон этгээдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэр /тогтоол, санал, захирамж/-ээр нийслэл дэх цагдан хорих төвийн эмнэлэгт шилжүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж болно.

          2.7. Хоригдсон этгээд өлсгөлөн зарласны улмаас амь насанд нь аюул учирч болох тохиолдолд "Өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх заавар"-ыг баримтлан арга хэмжээ авна.

Гурав. Хоригдсон этгээдийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх

          3.1. Хорих байрны эмчийн үзлэгээр хоригдсон этгээдэд яаралтай төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай нь тогтоогдвол нийслэл дэх цагдан хорих төв болон аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж хэвтэн эмчлүүлнэ.

          3.2.  Нийслэл дэх цагдан хорих эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай заалтаар хоригдсон этгээдийг эмнэлэг хооронд шилжүүлэхдээ төрөлжсөн болон тусгай мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт, эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх зайлшгүй заалтыг үндэслэн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлнэ.

           3.3.  Гэнэтийн өвчин, осол гэмтэл, хордлого болон төрөх үед хорих байрны эмч, алба хаагч ойролцоох эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгөх эсвэл хоригдсон этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харуул хамгаалалтын дор хугацаа алдалгүй хүргэж өгөх ба энэ тухай хорих байрны захиргаа холбогдох хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид тухай бүрт нь мэдэгдэж тэмдэглэл үйлдэнэ./ЭМС, ХЗДХС-ын хамтарсан 2017-А/29/А/12 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

          3.4. Энэ журмын 3.3-д заасан дуудлагыг үндэслэн цагдан хорих байранд хоригдсон этгээдэд мэргэжлийн эмч ирж тусламж үйлчилгээ үзүүлнэ.

          3.5. Нийслэл дэх цагдан хорих төв эмнэлгийн дуудлагаар төрөлжсөн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээ үзүүлнэ.

       3.6.   Хоригдсон этгээдэд яаралтайгаас бусад төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай эсэхийг орон нутагт төрөлжсөн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр, нийслэлд Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн комиссын хурлын шийдвэрээр шийдвэрлэнэ. Тухайн шийдвэрийг хорих байрны захиргаа холбогдох хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид тухай бүрт нь мэдэгдэж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

          3.7. Цагдан хорих байрны захиргаанаас хоригдсон этгээдийг аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт яаралтай оношилгоо, шинжилгээ хийлгэх  тохиолдолд харуул хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцаж, хорих санал, шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хугацаа алдалгүй  хамруулна./ЭМС, ХЗДХС-ын хамтарсан 2017-А/29/А/12 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

          3.8. Хоригдсон этгээд аймгийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд хэвтэн эмчлүүлэх тохиолдолд тухайн этгээдийг бусад үйлчлүүлэгчдээс тусгаарласан өрөөнд байлгаж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ба түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөөгүй бол харуул хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна./ЭМС, ХЗДХС-ын хамтарсан 2017-А/29/А/12 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

          3.9. Хоригдсон этгээдийн биеийн байдал хүнд буюу тусгайлан асаргаа сувилгаа шаардлагатай бол эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр сахиуртай байлгаж болно.

         3.10. Хоригдсон этгээдийг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв хооронд, эмнэлэг дотроо тасаг хооронд шилжүүлэх, үргэлжлүүлэн хэвтүүлж эмчлэх эсэх талаар тухайн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус эмнэлэгтэй хамтран зохион байгуулж энэ тухай хорих байрны захиргаа, хорих санал, шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ./ЭМС, ХЗДХС-ын хамтарсан 2017-А/29/А/12 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

          3.11. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хоригдсон этгээд батлан даалтад гарах, түүнчлэн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцохоор түр хугацаагаар гарах, ирэх, тохиолдолд эмчлэгч эмч эрүүл мэндийн үзлэг хийж өвчний түүхэд бичилт хийнэ. Эрх бүхий этгээд холбогдох материалыг хувийн хэрэгт нь хавсаргана.

          3.12. Амьсгалын замын болон зоонозын халдварын сэжигтэй нь оношлогдсон этгээдийг эмнэлэгт хуяглан харгалзах тохиолдолд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор амны хаалт, хамгаалах хэрэгслээр тухайн эрүүл мэндийн байгууллага хангана.

          3.13. Хоригдсон этгээдийн хэвтэн эмчилж байгаа эмнэлгийн захиргаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангана./ЭМС, ХЗДХС-ын хамтарсан 2017-А/29/А/12 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

 

Дөрөв.Бусад зүйл

4.1. Хоригдсон этгээд хуурамчаар өвчилсөн, эрүүл мэнд болон бие эрхтэндээ санаатайгаар өөрөө гэмтэл учруулсан бол эмчилгээний зардлыг хувиасаа нөхөн төлнө.

4.2. Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг, цагдан хорих байр нь ажлын уялдаа холбоо бүхий эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг хууль тогтоомж, энэ журмын хүрээнд байгуулж болно.

4.3.Шаардлагатай тохиолдолд хорих байранд хоригдож буй этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлэх үед цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж болно./ЭМС, ХЗДХС-ын хамтарсан 2017-А/29/А/12 тушаалаар нэмэлт орсныг тусгав/

 

----оОо----