A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 111 дүгээр
           тогтоолын хавсралт


ӨРИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар өрийн удирдлагын бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус Өрийн удирдлагын зөвлөл (цаашид “зөвлөл” гэх)-ийг байгуулах, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах болон  түүнтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Өрийн удирдлагын тухай хууль, энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.

1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Өрийн удирдлагын тухай хуулиар тогтоосон өрийн удирдлагын зарчмыг хангах, хууль дээдлэх, хараат бус, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

1.4. Зөвлөл тогтоосон загвараар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болно.

1.5. Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг

2.1. Зөвлөл дараах асуудлаар зөвлөмж гаргана:

2.1.1. макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээнд нийцүүлэн өрийн удирдлагын бодлого, стратегийн төлөвийг тодорхойлох;

2.1.2. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг боловсруулах;

2.1.3. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегид заасан зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох;

2.1.4. өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийн гүйцэтгэл гаргах;

2.1.5. Засгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа явуулах;

2.1.6. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, өрийн зохицуулалтын үйл ажиллагааг дүгнэх.

Гурав. Зөвлөлийн бүрэлдэхүүн

3.1. Зөвлөл нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл болон санхүү, эдийн засгийн салбарын 3-аас доошгүй мэргэшсэн судлаачдын төлөөлөл бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулах бөгөөд зөвлөлийг Сангийн сайд удирдана.

3.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дарга нь зөвлөлийн нарийн бичгийн дарга байна.

3.3. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албыг төлөөлөх зөвлөлийн гишүүнийг эдгээр байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Сангийн сайд томилж, чөлөөлнө.

3.4. Энэ журмын 3.3-т зааснаас бусад зөвлөлийн гишүүнийг санхүү, эдийн засгийн салбарын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын туршлага, ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал зэргийг харгалзан Сангийн сайд томилж, чөлөөлнө.

3.5. Зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

3.5.1. макро эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;

3.5.2. ёс зүй, ашиг сонирхол, хувь хүний нэр хүнд нь зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

3.5.3. ял шийтгэлгүй байх.

3.6. Энэ журмын 3.4-т заасан зөвлөлийн гишүүнийг 2 жилийн хугацаагаар томилох бөгөөд 1 удаа улируулан томилж болно.

3.7. Зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө:

3.7.1. эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

3.7.2. зөвлөлийн үйл ажиллагаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, эсхүл гишүүний чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж Сангийн  сайд үзсэн;

3.7.3. гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол гарсан;

3.7.4. энэ журмын 3.3-т заасан байгууллагыг төлөөлсөн гишүүний хувьд тухайн байгууллагаас зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх албан бичиг ирүүлсэн;

3.7.5. энэ журмын 3.4-т заасан гишүүний хувьд бүрэн эрхийн хугацаа нь  дуусгавар болсон.

3.8. Энэ журмын 3.4-т заасан зөвлөлийн гишүүнийг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас чөлөөлсөн тохиолдолд түүнийг нөхөн томилно.

Дөрөв. Зөвлөлийн дарга, гишүүний эрх, хориглох зүйлс

4.1. Зөвлөлийн дарга нь дараах  эрхтэй:

4.1.1. зөвлөлийн хуралдааныг товлон зарлаж, удирдан явуулах;

4.1.2. шаардлагатай тохиолдолд зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах;

4.1.3. зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар Засгийн газарт танилцуулах;

4.1.4. өөрийн эзгүйд зөвлөлийн хуралдаан удирдах гишүүнийг томилох;

4.1.5. зөвлөлийн ажлыг төлөвлөн зохион байгуулж удирдах.

4.2. Зөвлөлийн гишүүн нь дараах эрхтэй:

4.2.1. зөвлөлийн хуралдаанд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал хэлэх;

4.2.2. Энэ журмын 2.1-д заасан асуудлаар санал, зөвлөмж, дүгнэлт гаргахад мэргэжлийн оролцоог хангаж ажиллах;

4.2.3. зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай танилцан холбогдох мэдээ, мэдээлэл гаргуулан авах;

4.2.4. зөвлөлийн шийдвэр, түүний үндэслэл, тайлбарыг олон нийтэд мэдээлэх бөгөөд ийнхүү тайлбарлахдаа зөвхөн албан ёсны шийдвэрийг танилцуулах;

4.2.5. зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдаанаар хэлэлцэх асуудал, зөвлөлийн шийдвэр зэрэг нь нууцалбал зохих мэдээлэлд хамаарч байвал нууцлалыг хадгалах, задруулахгүй байх, нууцын баталгаа гаргах.

4.3. Зөвлөлийн гишүүн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.3.1. аливаа улс төр, бизнес бүлэглэлийн ашиг сонирхлыг төлөөлөх;

4.3.2. зөвлөлөөс гаргасан шийдвэр, түүний үндэслэлийг олон нийтэд тайлбарлахдаа хувийн байр сууриа илэрхийлэх;

4.3.3. нийтэд мэдээлээгүй мэдээ, мэдээллийн нууцлалыг алдагдуулах, өөрийн болон бусдын эрх ашигт нийцүүлэн урвуулан ашиглах;

4.3.4. Сангийн сайдын бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа буюу хэлэлцүүлэх асуудлын талаар нийтэд мэдээлэх, зөвлөлийн шийдвэрийг товлосон хугацаанаас өмнө аливаа хэлбэрээр задлах.


Тав. Зөвлөлийн ажлын алба

5.1. Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.

5.2. Зөвлөлийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1. өрийн удирдлагын бодлого, өрийн удирдлагын дунд хугацааны стратеги, түүний хэрэгжилтийн талаар зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг удирдлага болгож, холбогдох арга хэмжээг авах;

5.2.2. зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын танилцуулга, холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулах;

5.2.3. зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийн талаар нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах;

5.2.4. зөвлөлийн гишүүдэд хэлэлцэх асуудлын танилцуулга, холбогдох мэдээ, мэдээлэл, хуралдааны тэмдэглэлийг хүргүүлэх;

5.2.5. зөвлөлөөс даалгасан шаардлагатай бусад чиг үүрэг.

Зургаа. Зөвлөлийн хуралдааны дэг

6.1.  Зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

6.2. Зөвлөлийн хуралдааны хуваарийг Сангийн сайдын тушаалаар тухайн жилийн 1 дүгээр сард багтаан батална. Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Сангийн сайдын, эсхүл зөвлөлийн 4-өөс доошгүй гишүүний бичгээр гаргасан саналыг үндэслэн хуралдуулж болно.

6.3. Зөвлөлийн хуралдааныг Сангийн сайд удирдах бөгөөд Сангийн сайдын түр эзгүйд хуралдааныг түүний томилсон гишүүн удирдан явуулна.

6.4. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын танилцуулга, холбогдох мэдээ, мэдээллийг зөвлөлийн гишүүдэд хуралдаан эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө хүргүүлсэн байна.

6.5. Зөвлөлийн хуралдаанд санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулж болно.

6.6. Зөвлөлийн шийдвэр зөвлөмж хэлбэртэй байх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн шийдвэрт дарга гарын үсэг зурна.

6.7. Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар зөвлөлийн хуралдаанд оролцох боломжгүй бол хэлэлцэх асуудалтай холбоотой өөрийн саналаа хуралдаан эхлэхээс 1 хоногийн өмнө бичгээр өгч болно.

6.8. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

6.9. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг ажлын алба хариуцан хөтлөх бөгөөд тэмдэглэлийн үнэн зөв байдал, нууцлалыг хадгалах үүрэг хүлээнэ. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын жагсаалт, холбогдох материалыг хавсаргасан байна.

Долоо. Зөвлөлийн шийдвэрийг мэдээлэх

7.1. Зөвлөлийн шийдвэрийн талаар Сангийн сайдын зөвшөөрснөөр нийтэд мэдээлж болно.

7.2. Зөвлөлийн шийдвэрийг Сангийн сайд Засгийн газарт танилцуулна.

 
Найм. Бусад

8.1. Зөвлөлийн гишүүн хууль тогтоомж, энэ журмыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд түүнийг зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 


---o0o---