A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 119 дүгээр
           тогтоолын хавсралт


ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гааль, татварын ерөнхий газар (цаашид “Ерөнхий газар” гэх)  нь Монгол Улсын гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэн, биелэлтийг ханган, улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх үүрэг бүхий гааль, татварын албаны үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

1.2. Ерөнхий газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хилийн боомтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдлөг болгоно.

Хоёр. Ерөнхий газрын чиг үүрэг

2.1. Ерөнхий газар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн бүртгэлийг эрхлэн зохион байгуулах, хяналт тавих;

2.1.2. гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх;

2.1.3. улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбогдуулан татвар төлөгчийн татварын албанд харьяалагдах харьяаллыг тогтоох, өөрчлөх;

2.1.4. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бараанд тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоох санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

2.1.5. Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн болон боомтын барилга байгууламж барих, ашиглагдаж байгаа барилга, байгууламжийг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

2.1.6. гааль, татварын хяналт шалгалт, бүрдүүлэлт хийх, мэдээллийн сүлжээ байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, техник, багаж  хэрэгслийг зохих журмын дагуу худалдан авах, шинэчлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх;

2.1.7. улсын байцаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх;

2.1.8. улсын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас татвар төлөгчид учирсан хохирлыг арилгах ажлыг зохион байгуулах;

2.1.9. шаардлагатай тохиолдолд аливаа асуудлаар шийдвэр гаргахын өмнө хянан шалгах, магадлах, шалтгаан нөхцөлийг тодруулах, тогтоох зорилгоор ажлын хэсэг томилон ажиллуулах;

2.1.10. улсын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад шийдвэрийн талаар гарсан гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

2.1.11. гааль, татварын хяналт, шалгалттай холбогдох мэдээллийг зохих журмын Засгийн газрын шилэн хяналтын системд оруулж, тухай бүр шинэчлэх.

2.2. Аймаг, нийслэл, дүүргийн татварын нэгж тухайн нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлчилгээний зах, авто тээврийн товчоо зэрэг газарт орон тооны бус байцаагч ажиллуулж болно. Орон тооны бус байцаагчийн үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс (гэрээний үндсэн дээр) санхүүжүүлнэ. Орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг Гааль, татварын ерөнхий газрын дарга батална.

2.3. Ерөнхий газрын дэргэд улсын байцаагчийн сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон асуудлыг шалган тогтоох чиг үүрэг бүхий Сахилга, ёс зүйн хороо ажиллана.

2.4. Сахилга, ёс зүйн хорооны  бүрэлдэхүүнийг Ерөнхий газрын дарга батална.

2.5. Сахилга, ёс зүйн хороо үйл ажиллагаандаа Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг тус тус баримтална.

2.6. Ерөнхий газар Төрийн албаны салбар зөвлөлтэй байна. Салбар      зөвлөл нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулна.

Гурав. Ерөнхий газрын удирдлага

3.1. Ерөнхий газрын удирдлага Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга болон гааль, татвар, боомтын асуудлыг тус бүр эрхэлсэн 3 дэд даргаас бүрдэнэ.

3.2. Ерөнхий газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3.3. Ерөнхий газрын дэд дарга энэ журмын 3.1-д заасан асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, үр дүнг даргын өмнө хариуцна.

3.4. Ерөнхий газрын дарга түүнд зөвлөх үүрэг бүхий Захиргааны зөвлөл байгуулан ажиллуулж болох бөгөөд тус зөвлөлийг удирдаж, бүрэлдэхүүн, чиг үүрэг, ажиллах журмыг батална.

3.5. Захиргааны зөвлөл дараах асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргана:

3.5.1. гааль, татварын албаны хүний нөөцийн бодлогын асуудал;

3.5.2. улсын байцаагчид цол, зэрэг дэв олгох;

3.5.3. гааль, татварын байгууллагын ажилтныг шагнаж урамшуулах, төр, засгийн шагналд тодорхойлох;

3.5.4. улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах;

3.5.5. улсын байцаагчийн эрх олгох, эрхийг  түдгэлзүүлэх;

3.5.6. Ерөнхий газар, харьяа гааль, татварын нэгжийн үйл ажиллагааны тайлан;

3.5.7. гааль, татварын улсын байцаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

3.5.8. бусад асуудал.

Дөрөв. Бусад зүйл 

4.1. Ерөнхий газар ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэргэдээ туслах аж ахуй болон амралтын газартай байж болно.

 


---о0о---