A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 120 дугаар
тогтоолын хавсралт


“ГААЛЬ, ТАТВАРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ”
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

/ЗГ-ын 2016-12-7-ны өдрийн 177-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. ”Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид “үйлдвэрийн газар” гэх) нь гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэн, иргэн, хуулийн этгээдэд гааль, татварын цахим үйлчилгээг хүргэхэд техник, технологийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.

1.3. Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.

1.4. Үйлдвэрийн газрын оноосон бүтэн нэр “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, товчилсон нэр нь                “ГТМТТ” УТҮГ байна.

1.5. Үйлдвэрийн газар нь Гааль, татварын ерөнхий газрын дэргэд ажиллана.

1.6. Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Гааль, татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

Хоёр. Үйлдвэрийн газрын бэлгэдэл, тэмдэг

2.1. Үйлдвэрийн газар нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно.

2.2. Бэлгэдлийн загварыг захирал тушаалаар батлах бөгөөд түүнийг  Оюуны өмчийн газарт бүртгүүлж хэрэглэнэ.

2.3. Тэмдгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.

Гурав. Үйлдвэрийн газрын зорилго,
чиг үүрэг

3.1. Үйлдвэрийн газрын үндсэн зорилго нь гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, түүний техник, технологийн хэвийн ажиллагааг хариуцах замаар гааль, татварын албаны үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж иргэн, хуулийн этгээдэд гааль, татварын цахим үйлчилгээг хүргэхэд техник, технологийн дэмжлэг үзүүлэх, гааль, татварын албаны мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг ханган ажиллахтай холбогдсон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.

3.2. Үйлдвэрийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1. гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, нэгдсэн сангийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, гааль, татварын албанаас цахим хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд техникийн найдвартай ажиллагааг хангах;

3.2.2. гааль, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн гааль, татварын албанд тайлагнах;

3.2.3. гааль, татварын мэдээллийн технологийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, техник, технологийн хэвийн ажиллагааг хангах, сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

3.2.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид олгох урамшууллын системийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах; 

3.2.5. гааль, татварын албадын мэдээллийн систем болон компьютер, техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, энэ чиглэлээр тэдгээрт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

3.2.6. гааль, татварын албадын мэдээллийн системийг төрийн бусад байгууллагуудын мэдээллийн системтэй уялдуулах, тэдгээртэй мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;

3.2.7. гааль, татварын албадын үйл ажиллагаанд ашиглах хэрэглээний программ хангамжийг хэрэглэгчийн судалгаа, хэрэгцээ, шаардлагын дагуу боловсруулах, нэвтрүүлэх, хөгжүүлэх;

3.2.8. гааль, татварын мэдээллийн системийн нууцлал, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах.

Дөрөв. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийн
эрх, үүрэг

4.1. Үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Тав. Үйлдвэрийн газрын удирдлага

5.1. Үйлдвэрийн газрын захирлыг Гааль, татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн гааль, татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

5.2. Үйлдвэрийн газрын захирлаар мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, энэ салбарт 5-аас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, удирдах ажлын зохих мэдлэг, дадлага, туршлагатай хүнийг томилно.

5.3. Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрэм болон Гааль, татварын ерөнхий газрын даргатай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

5.4. Захирал дор дурдсан эрх, үүрэгтэй:

5.4.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

5.4.2. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;

5.4.3. ажил, үүргээ гүйцэтгэх явцад олж авсан төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах, хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх, энэ талаар үйлдвэрийн газрын нийт ажиллагсадтай нууцлалын гэрээ байгуулж ажиллах;

5.4.4. батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан үйлдвэрийн газрын ажилчдыг томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль болон гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх;

5.4.5. ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг батлах;

5.4.6. үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг баталж мөрдүүлэх;

5.4.7. хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;

5.4.8. анхан шатны бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг биечлэн хариуцах;

5.4.9. өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод төлөөлөх зэргээр үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;

5.4.10. захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар, хуваарь баталж, биелэлтийг нь зохион байгуулж, үр дүнг тооцох;

5.4.11. үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, лиценз, эрхийн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллах, үйлдвэрийн газарт шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

5.4.12. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.5. Захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

5.6. Захирал өмчийн хэлбэрээс үл хамаарч аливаа хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

5.7. Захирал Гааль, татварын ерөнхий газрын даргатай нууцлалын гэрээ байгуулж ажиллана.

Зургаа. Санхүүгийн тайлан, тэнцэл, бүртгэл

6.1. Үйлдвэрийн газрын тухайн жилийн орлого дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1. улсын төсвийн санхүүжилт;

6.1.2. төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого;

6.1.3. хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

6.1.4. хууль тогтоомж, энэхүү дүрмээр зөвшөөрсөн бусад ажил, үйлчилгээнээс олсон орлого.

6.2. Үйлдвэрийн газрын санхүүгийн жил тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч, дараа оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

6.3. Үйлдвэрийн газар санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

6.4. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.

6.5. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланд дараах зүйлсийг тусгана:

6.5.1. баланс;

6.5.2. орлого, үр дүнгийн тайлан;

6.5.3. мөнгөн гүйлгээний тайлан;

6.5.4. хуримтлагдсан ашгийн тайлан;

6.5.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр, төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал, урамшуулал;

6.5.6. байгууллага, иргэд, ажилтнаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц;
 
6.5.7. нэмэлт тайлбар;

6.5.8. санхүүгийн тайлангийн тодруулга;

6.5.9. бусад.

6.6. Үйлдвэрийн газрын санхүүгийн алба, нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан зохион байгуулж, дүгнэлт гарган захиралд танилцуулна. Захирал нь тухайн жилийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, хөрөнгө, санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан дараах мэдээллийг агуулсан тайлан, илтгэх бичгийг санхүү төсвийн асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

6.6.1. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга, гарсан өөрчлөлт болон эдгээр үйл ажиллагааны үр дүн;

6.6.2. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын албан тушаалтан ажиллагсдад олгосон шагнал, урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ;

6.6.3. шаардлагатай бусад мэдээлэл.

6.7. Төсвийн орлого, зарлагын мэдээ, мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн гүйцэтгэлийн тайланг улирал, жил тутам гаргаж, аудитоор баталгаажуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.8. Эд хөрөнгийн дотоодын тооллогыг хугацаанд нь явуулж, жилийн тайлан тэнцэлд тулгана.

6.9. Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг, үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөг батлуулна.

6.10. Үйлдвэрийн газар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана.

Долоо. Хяналт шалгалт

7.1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад Үндэсний аудитын газар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  болон төрийн захиргааны байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.

7.2. Үйлдвэрийн газрын захирал байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутмын тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг удирдах дээд байгууллагын өмнө хариуцна.

7.3. Үйлдвэрийн газрыг өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад ерөнхий нягтлан бодогч бүртгэлийн хяналт тавьж ажиллана.

Найм. Үйлдвэрийн газрын баримт
бичгийг хадгалах

8.1. Үйлдвэрийн газар нь албан хэрэг хөтлөлт, хадгалалтын нийтлэг журмыг мөрдөн ажиллах бөгөөд дараах баримт бичгийг хадгална:

8.1.1. үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх, лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;

8.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

8.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

8.1.4. үйлдвэрлэл, технологи, үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт, холбогдох бусад баримт бичиг;

8.1.5. хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан тушаал, шийдвэр;

8.1.6. шаардлагатай бусад баримт бичиг.

Ес. Бусад

9.1. Энэ дүрэмд зааснаас бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

 

---о0о---