- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2015 оны 509 дүгээр
тогтоолын хавсралт
“СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт ”Монголын соёл иргэншлийн дэвшилтэт ололт, үнэт зүйлсийг уламжлал, шинэчлэлийн ухаалаг зөв харьцаанд хадгалан хамгаалах замаар үндэснийхээ соёлын дэлхийн соёлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, соёл, урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийг хамгаалах бодлого баримтална” гэж, Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын 4.1.8-д “соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, соёлын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёл, урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа, холбоог сайжруулах” гэж, Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 4.2.6.1-д “үндэсний түүх, өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд суурилсан бүтээлч аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник технологи, инновацид тулгуурлан мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар хөгжүүлж, шинэ чадавхи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох” гэж, 4.2.6.2-т “соёлын статистикийг олон улсын байгууллагаас баталсан аргачлалын дагуу нэвтрүүлэх” гэж тус тус заасан.
1.2. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “соёл, урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, ”Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлнэ” гэж заасан.
1.3. Дэлхий нийтийн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн чиг хандлага техник технологийн хөгжил болон хүний хөгжлийн хүчин зүйлд тулгуурласан мэдлэгийн эдийн засагт шилжих, мэдлэгийн менежментийг нэвтрүүлэхэд голлон анхаарч байна. Мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж байгаа чухал салбарт тооцогдох соёлын үйлдвэрлэл нь эдийн засгийн өсөлт болон ажлын байр бий болгож байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөөд зогсохгүй соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна.
Соёлын үйлдвэрлэлийн олон янзын үзэл баримтлал болон олон улсын туршлагаас харахад “соёлын үйлдвэрлэл”, “бүтээлч үйлдвэрлэл”, “соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэл”, “чөлөөт цагт зориулсан үйлдвэрлэл” зэргээр нэршин томьёолж байгаа ч дэлхий нийтэд эдгээрийн талаарх нэгдсэн нэг ойлголт, албан ёсны тодорхойлолтод хүрээгүй байгаа бөгөөд улс орнууд өөрсдийн үндэстний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан үйлдвэрлэл, үйлчилгээг зохиогчийн эрх, инновацид тулгуурлан, бизнес, хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр олон улсын болон үндэсний зах зээлд соёлын үйлдвэрлэлийг өргөжүүлэн, түүний эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нь хүлээн зөвшөөрч, улам бүр дэмжин хөгжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна.
ЮНЕСКО-гоос “соёл”, “хөгжил” хоёрын хоорондын харилцан хамаарлыг тодорхойлохыг зорьж, соёлыг хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэнтэй холбогдуулан соёлын үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Манай улсын хувьд улс, үндэстнийхээ арвин баялаг өв уламжлал, ёс заншил, соёлын онцлог, байгалийн өвөрмөц дүр төрх, соёлын нөлөөг сэргээх, хайрлан хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхий нийтэд таниулах, сурталчлах арга хэмжээ авч, өөрийн орны нөөц, бололцоонд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын олон төрөл, зүйл дотроос мэдлэг, нэмүү өртгийг шингээх дэвшилтэт техник технологи, инноваци, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан дараах хүрээнд хэрэгжүүлнэ:
-кино урлаг (бүх төрөл);
-дизайн, дүрслэх урлаг (хувцас загвар, дизайн, гар урлал, уран зураг);
-тайзны уран бүтээл (урлагийн бүх төрлийн тоглолт, үзүүлбэр);
-соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зарчим
2.1. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний соёл уламжлал, монгол хүний оюуны бүтээлийг инноваци, зохиогчийн эрхэд тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар монгол соёлын нөлөөг дэлхий нийтэд сурталчлан таниулахад оршино.
2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
2.2.1. хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билэг, оюуны өмчийг дээдлэх;
2.2.2. уламжлалт ёс заншил, соёлын өв, байгалийн унаган төрхийг хамгаалах;
2.2.3. дэвшилтэт техник технологи, инновацид суурилах, нийгэм, соёл, эдийн засгийн үр ашигтай байх;
2.2.4. төр, хувийн хэвшлийн түншлэл, олон нийтийн оролцоог хангасан байх;
2.2.5. нэмүү өртөг шингэсэн, кластерийн тогтолцоонд суурилсан байх.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна:
3.1.1. соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;
3.1.2. соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах;
3.1.3. соёлын үйлдвэрлэлийг кластерийн зарчмаар хөгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг бий болгох, техник, тоног төхөөрөмжөөр хангах;
3.1.4. соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд инноваци, техник технологийн ололтыг нэвтрүүлэх;
3.1.5. оюуны өмчийн эрхийг хамгаалах, баталгаажуулах арга хэмжээг үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх;
3.1.6. Монгол брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
4.1. Соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд:
4.1.1. салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардлагатай эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулах;
4.1.2. төрийн ёслолын болон бусад төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээний зочид, төлөөлөгчдөд үндэсний хэв шинж, онцлогийг агуулсан гарын бэлэг, дурсгалын зүйлс бэлэглэж байх чиглэлээр холбогдох эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах;
4.1.3. соёлын үйлдвэрлэлийг зээлийн батлан даалт, нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;
4.1.4. соёлын үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн талаар судалгаа хийж, бүртгэлд хамруулах;
4.1.5. дизайн, дүрслэх урлаг, кино үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, зах зээлийг өргөтгөх олон талт арга хэмжээг эрчимжүүлэх;
4.1.6. музейн үзмэр болон соёлын биет өвүүдийг технологийн дэвшлийг ашиглан гурван хэмжээст (3D) хэлбэрт оруулан үзмэр бэлтгэх;
4.1.7. монгол хүүхэд, залуусын үлгэрлэн дуурайх баатрын дүрийг судлан гаргаж, бэлэг дурсгал, тоглоом, кино, тайз, дэлгэцийн бүтээл болгох, соёлын бараа, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхийг дэмжих;
4.1.8. соёлын аялал жуулчлалын төрөл, чиглэл, маршрутын дагуу түүх соёлын өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, үзэсгэлэн яармаг, худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
4.1.9. соёлын статистикийг олон улсын аргачлалын дагуу нэвтрүүлэх;
4.1.10. соёлын үйлдвэрлэлийн салбарт хамрах бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн ангилалд хамруулж, шинэ код олгох, соёлын үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж байгаа хувь хэмжээг бодитоор тооцдог болох;
4.1.11. төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
4.1.12. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын онцлогт тулгуурласан тайз, дэлгэцийн уран бүтээлийг туурвих, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах.
4.2. Соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах зорилтын хүрээнд:
4.2.1. соёлын үйлдвэрлэлийн чиглэлээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
4.2.2. соёлын үйлдвэрлэл эрхлэгчид болон энэ салбарт ажиллаж байгаа сургагч багш нарт зориулсан ном, гарын авлагуудыг бүтээх, гадаадад амжилттай хэрэглэж байгаа сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг ашиглах эрхийг худалдан авч, сургалтад нэвтрүүлэх;
4.2.3. монголын болон гадаадын уран бүтээлч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын харилцан мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллах нээлттэй цахим системийг бий болгох;
4.2.4. соёл, урлагийн ажилтан болон уг мэргэжлээр суралцагчдын англи хэлний мэдлэгийг анхан шатнаас гүнзгий, ахисан түвшинд хүргэх шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн байгууллагад суралцаж, ажиллах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, тэднийг Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах;
4.2.5. мэдлэг, туршлагаа хуваалцах клуб, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд бий болгох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.2.6. соёлын үйлдвэрлэлийн чиглэлээр үндэсний болон олон улсын семинар, форум, үзэсгэлэн яармаг, фестивалийг зохион байгуулах;
4.2.7. оюутан, сурагчдыг соёл, урлагийн байгууллагад дадлага хийлгэх, тэдний шинэ санаа, санаачилгыг дэмжих урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлэх.
4.3. Соёлын үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг бий болгох, техник тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд:
4.3.1. соёл, урлагийн байгууллагад соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
4.3.2. кино үйлдвэр, үндэсний урлагийн ордон, хүүхэд, залуучуудын урлагийн боловсролыг дэмжих орчин үеийн цогцолбор, том оврын дүрслэх урлагийн бүтээлийн галерей байгуулах санал, санаачилгыг дэмжих;
4.3.3. циркийн сургалтын байрыг стандартын дагуу шинээр барьж байгуулах;
4.3.4. улсын төсвийн хөрөнгө оруулалт болон концессын гэрээний дагуу шинээр барьж байгаа барилга байгууламж тухайлбал, нисэх онгоцны болон төмөр замын буудал, хотын гудамж, талбай, томоохон үзвэр, үйлчилгээний газруудын дотоод, гадаад засал чимэглэлийг хийхдээ монголын соёл, иргэншлийн дэвшилтэт ололт, үнэт зүйлийг тусгахад анхаарах;
4.3.5. кино урлаг, дизайн, дүрслэх урлаг болон гар урлалын үйлдвэрлэлийг кластерын тогтолцоогоор хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.3.6. aялал жуулчлалын кластерын хүрээнд гар урлал, бэлэг дурсгал, гадаад, дотоодын жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээ, соёлын цогц арга хэмжээг бий болгох.
4.4. Соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд инноваци, техник технологийн ололтыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:
4.4.1. монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа, туршилтын үйлдвэрлэл, инкубатор, технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг дэмжих;
4.4.2. үндэсний соёлын онцлогийг орчин үеийн хэв загвартай хослуулсан шинэлэг санаа, дэвшилтэт техник технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарааны компаниудыг бойжуулах ажлыг дэмжиж, инновацийн грант олгох;
4.4.3. соёлын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай мэдээлэл, технологи солилцох олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
4.4.4. тайз, циркийн уран бүтээлчдийн мэргэжлийн онцлогт тохирсон хувцас, техник, хэрэгсэл болон үндэсний хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэлд технологийн дэвшлийг нэвтрүүлэх;
4.4.5. соёлын үйлдвэрлэлийн чиглэлээр мэдээллийн сан байгуулж хөтлөх;
4.4.6. соёлын үйлдвэрлэлийн асуудлыг хариуцан ажиллах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, ажлын байрны тодорхойлолтод нь энэ тухай тусгах;
4.4.7. cоёлын үйлдвэрлэлийн салбарт албан болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрны судалгааг жил бүр гаргах.
4.5. Оюуны өмчийн эрхийг хамгаалах, баталгаажуулах арга хэмжээг үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
4.5.1. соёлын өв, урлагийн бүтээлийн оюуны өмчийн эрхийг үндэсний болон олон улсын түвшинд баталгаажуулан хамгаалах, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.5.2. соёл, урлагийн шилдэг бүтээлийг зохиогчийн эрхээр баталгаажуулан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэн танилцуулах, борлуулах зорилготой уран бүтээлч, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих;
4.5.3. соёлын хосгүй үнэт өв, түүний давтагдашгүй өвөрмөц хийц, дэг, сургалт, арга технологийн оюуны өмчийг хамгаалах, телевиз, радио, кино, тайз, дэлгэцийн уран бүтээлд дуу, хөгжим, дүрсний зохиогчийн эрхийг баталгаажуулах;
4.5.4. оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг дэмжиж зохион байгуулах.
4.6. Монгол брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах зорилтын хүрээнд:
4.6.1. монгол брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, утга агуулгын илэрхийлэл, маркетинг, менежмент, барааны тэмдгийн хамгаалалт, дотоод, гадаад зах зээлд нэвтрүүлэхэд шаардлагатай арга хэмжээг цогцоор нь төлөвлөж хэрэгжүүлэх;
4.6.2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд монгол брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд танилцуулах, худалдан борлуулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тусгах;
4.6.3. үндэсний онцлог хэв маяг, өв уламжлал, монгол соёлын нөлөөг илтгэсэн, нэмүү өртөг шингэсэн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
4.6.4. монгол уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг шалгаруулж, олон улсын зах зээлд сурталчлах, худалдах, олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллуулах үйл ажиллагааг зохион байгуулах;
4.6.5. монгол уран бүтээлчдийг олон улсын арилжааны мэдээллийн сүлжээнд холбох, онлайн худалдаагаар худалдах, бүтээлээ олон улсад хөнгөлөлттэй тарифын нөхцөлөөр квотгүй экспортлох боломжийг нэмэгдүүлэх.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлагаар хангах, түүний зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан мэдээ, мэдээллийг гаргах, сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах чиг үүргийг үндэсний түвшинд салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хариуцан гүйцэтгэнэ.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
6.1. Хөтөлбөрийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
6.1.2. гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
6.1.3. аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
6.1.4. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
6.1.5. бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
7.1. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
7.1.1. нэгдүгээр үе шат (2016–2018 он)-нд соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтэц, техник технологийн шинэчлэл хийх, судалгаа-хөгжил, мэдээллийн сангийн багтаамжийг нэмэгдүүлэх, соёлын салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын зах зээлд соёл, урлагийн бүтээгдэхүүнийг гаргахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;
7.1.2. хоёрдугаар үе шат (2018-2020 он)-нд соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ орчин нөхцөл бүрдүүлэх, соёл, урлагийн салбарын өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, монгол брэнд бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд танигдахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх
шалгуур үзүүлэлт
8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
8.1.1. соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчин болон зах зээл, бизнесийн орчин сайжирсан байна;
8.1.2. олон улсын стандартад нийцсэн соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн тоо, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, төрөл, хүртээмж нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэд орсон, соёлын үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, хэмжээ нэмэгдсэн байдал;
8.1.3. соёлын үйлдвэрлэлийн мэдээлэл, судалгааны нэгдсэн бааз соёл, урлагийн салбарын статистик мэдээлэлд шинээр бий болсон байх;
8.1.4. соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж техник технологийн шинэчлэл, инновацийн хөгжлийн түвшин нэмэгдсэн байдал;
8.1.5. соёлын үйлдвэрлэлийн экспортын тоо хэмжээ, соёлын үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын өсөлт;
8.1.6. мэргэжлийн сургалтын чанар, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн уялдаа, салбарын хүний нөөцийн чадавхи сайжирсан байдал, мэргэжил дээшлүүлсэн хүний тоо;
8.1.7. оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар зохион байгуулсан сургалтын тоо, үндэсний болон олон улсын хэмжээнд баталгаажсан бүртгэл;
8.1.8. соёл, урлагийн байгууллагын бие даан тогтвортой хөгжих чадавхи бүрдсэн байдал;
8.1.9. соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр гадаад улстай хийсэн гэрээ, хэлэлцээр, хамтран зохион байгуулсан арга хэмжээний тоо;
8.1.10. аялал жуулчлалын салбар дахь соёлын аялал жуулчлалын өсөлт.
8.2. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.
---o0o---
Текст томруулах
A
A
A