- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗАРТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ, ГАРГАХ ЖУРАМ /СС, ХАХНХС-ын 2013 оны 247,А/163 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/СС, ХАХНХС-ын 2013 оны 247,А/163 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 139 дүгээр тушаалын тавдугаар хавсралт
ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗАРТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ, ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалтын
болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг байршуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2.Асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах үйл явцыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Төрөлжсөн асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авах
2.1.Асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авах үйл явцыг зохион
байгуулахдаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1 дэх заалтыг үндэслэн ажиллана.
2.2.Төрөлжсөн асрамжийн газарт тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан, мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа, эсхүл байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд, гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг хүлээн авна.
2.3.Асрамжийн газарт үйлчлүүлэхээр хүсэлт гаргасан үйлчлүүлэгчийг харьяа
сум, хорооны нийгмийн ажилтны бусад байгууллагуудтай хамтран хийсэн нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан “Амьжиргааг дэмжих зөвлөл”-ийн шийдвэр, аймаг, дүүргийн Засаг даргын захирамж болон бусад дагалдах хувийн хэргийн хамт асрамжийн газрын нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан нар хүлээн авна.
2.4.Төрөлжсөн асрамжийн газарт асруулах үйлчлүүлэгч дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
2.4.1.үйлчлүүлэгчээс асрамжийн газарт үйлчлүүлэхийг хүссэн өргөдөл;
2.4.2.сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
2.4.3.үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэх;
2.4.4.үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг багтаасан анкет;
2.4.5.тэтгэврийн дэвтэр болон нийгмийн халамжийн бусад үйлчилгээнд хамрагддаг болохыг нотлох бичиг баримт;
2.4.6.эрүүл мэндийн дэвтэр;
2.4.7.сум, хорооны өрхийн эмч болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн эрүүл мэндийн үнэлгээний хуудас /арьс өнгө, сүрьеэ, сэтгэл мэдрэл, архинд донтох өвчингүй байх/;
2.4.8.хурц, архаг халдварт өвчингүй гэдгийг баталсан лабораторийн шинжилгээнүүд дүгнэлтийн хамт;
2.4.9.сум, хорооны нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээний хуудас;
2.4.10.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот;
2.4.11.аймаг, дүүргийн Засаг даргын захирамж;
2.4.12.цээж зураг 2-4 хувь.
2.5.Асрамжийн газарт явуулахаар шийдвэрлэсэн иргэнийг тухайн аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг даргын Тамгын газар өөрийн зардлаар болон сум, хорооны нийгмийн ажилтан асрамжийн газарт хүргэж өгнө.
2.6.Асрамжинд явуулахаар шийдвэрлэсэн иргэн нь хурц халдварт өвчтэй
тохиолдолд эмчлүүлж эдгэрүүлсний дараа, нарийн мэргэжлийн эмчийн зөвшөөрлөөр энэхүү журмын 2.4, 2.5-д заасны дагуу хүлээн авна.
2.7.Асрамжийн газрын үйлчлүүлэгчийн үнэт зүйлийг тэдгээрийн хүсэлтээр тусгай жагсаалтаар хүлээн авч хадгалж болох бөгөөд жагсаалтын нэг хувийг эзэнд нь өгнө.
Гурав. Үйлчлүүлэгчийн хувийн хэрэг хөтлөх
3.1.Асрамжийн газар нь батлагдсан маягтын дагуу үйлчлүүлэгчийн хувийн
мэдээллийн санг бүрдүүлнэ. Үйлчлүүлэгчийн мэдээллийн санд дараах бичиг баримтыг багтаасан байна.
3.1.1.үйлчлүүлэгчийн үндсэн мэдээлэл;
3.1.2.тухайн үйлчлүүлэгчийг явуулсан байгууллагын нөхцөл байдлын үнэлгээ, шийдвэр;
3.1.3.эрүүл мэнд болон бусад нэмэгдэл үйлчилгээнд хамрагдсан тухай холбогдох нийгмийн ажилтнаас ирүүлсэн үнэлгээний хуудас;
3.1.4.тухайн үйлчлүүлэгчтэй хамтран хийсэн нөхцөл байдлын үнэлгээний хуудсууд;
3.1.5.үйлчлүүлэгчийг хөгжлийн ажиллагаанд оролцуулах хөгжлийн төлөвлөгөө;
3.1.6.хэвтрийн тусгай асаргаа шаардлагатай үйлчлүүлэгчийн асаргааны төлөвлөгөө;
3.1.7.асруулагчтай ажилласан өөрчлөлтийн тэмдэглэлүүд;
3.1.8.үйлчлүүлэгчийн иргэний бичиг баримтын хуулбарууд;
3.1.9.үйлчлүүлэгчтэй хийсэн 3 талт гэрээний хувь.
3.2.Үйлчлүүлэгчийг асрамжийн газарт хүлээн авахад хийгдэх нөхцөл байдлын үнэлгээнд дараах асуудлууд тусгагдсан байх ба үйлчлүүлэгч тус бүрт тохирсон хөгжпийн төлөвлөгөө боловсруулж үндсэн мэдээлэл болгон ашиглана.
3.2.1.асрамжийн газарт очсоны дараах тухайн хүний хэрэгцээ;
3.2.2.хувь хүнд байгаа асуудлууд болон хүндрэл, бэрхшээлүүд;
3.2.3.эрүүл мэндийн асуудал;
3.2.4.сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг үнэлсэн тодорхойлолт;
3.2.5.одоогийн эмчилгээ, асаргаа;
3.2.6.нийгмийн байдал;
3.2.7.одоогийн амьдралын хэв маяг;
3.2.8.өдөр тутмын амьдралын зуршлууд;
3.2.9.санхүүгийн байдал /тэтгэвэр, тэтгэмж авдаг эсэх/;
3.2.10.тулгуур эрхтэн болон мэдрэх эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн эсэхийг тодорхойлсон байдал;
3.2.11.өөрөө бие даан хооллож чаддаг эсэх;
3.2.12.өөрөө бие даан бие засах газар ашиглаж чаддаг эсэх;
3.2.13.нийгэм хамт олны дунд биеэ авч явах дадал, зан харилцаа;
3.2.14.бусад нэмэлт хэрэгцээнүүд.
Дөрөв. Үйлчлүүлэгчийн хувийн хэргийн нууцлал ба хадгалалт
4.1.Үйлчлүүлэгчийн хувийн хэргийг асрамжийн газрын тухайн үйлчлүүлэгчийг хариуцсан нийгмийн ажилтны өрөөнд байрлуулсан тусгай зориулалтын, хамгаалалт бүхий сейфэнд хадгалах бөгөөд үйлчлүүлэгчийн хувийн хэргийг үйлчүүлэгч, тухайн асруулагчтай ажилладаг нийгмийн ажилтнаас бусад хүн зөвшөөрөлгүйгээр авч үзэх боломжгүй байх нөхцөлийг хангаж ажиллана.
Тав. Үйлчлүүлэгчийг шилжүүлэх
5.1.Үйлчлүүлэгчийг насны байдал, тусгай хэрэгцээ, нөхцөл, асруулах хэлбэр, чиглэлээр нь төрөлжсөн асрамжийн газруудад төрөлжүүлэн шилжүүлнэ.
5.2.Асруулагч өөрийн хүсэлтээрээ нэг төрлийн, ижил үйлчилгээтэй орон нутгийн асрамжийн газар руу дотроо шилжиж болно.
Зургаа. Үйлчлүүлэгчийг асрамжийн газраас гаргах
6.1.Асрамжийн газарт ирж үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгч буцаж нийгэм хамт олны дунд очих асуудлыг түүнтэй анх байгуулсан 3 талт гэрээгээр тодорхойлох ба онцгой тохиолдолд гэрээ цуцлагдан нийгэм хамт олны дунд буцаж болно.
6.2.Үйлчлүүлэгчийг дор дурдсан нөхцөлд асрамжаас гаргана.
6.2.1.биеийн байдал нь сайжирч хөдөлмөрлөх чадвартай болсныг нотолсон эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын шийдвэр;
6.2.2.үйлчлүүлэгчийн тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садан нь илэрсэн, улмаар тэжээн тэтгэхийг хүссэн, эсвэл хууль ёсоор тэдгээрт өгч асруулах үндэслэл бүрдсэн;
6.2.3.үйлчлүүлэгчийг ямар нэгэн аж ахуйн нэгж, компани ивээлдээ авч асрахыг хүссэн;
6.2.4.үйлчлүүлэгчийн хүүхэд нь насанд хүрч сургуулиа төгссөн буюу цэргээс халагдаж, ажил хөдөлмөр эрхэлдэг болсон;
6.2.5.богино хугацаагаар үйлчилгээ аваад гэрээний хугацаа дууссан;
6.2.6.тухайн үйлчлүүлэгч өөр үйлчилгээ сонгосон;
6.2.7.асрамжийн газарт ирээд үйлчлүүлэгч тодорхой хөтөлбөрүүдэд хамрагдан чадварсан, цаашид бие даан амьдарч чадна гэдгээ илэрхийлсэн;
6.2.8.бусад.
6.3.Асрамжийн газраас гарч байгаа иргэнд түүний хэрэглэж байсан хувцас, хэрэглэлийг нь өгч аймаг, нийслэл, сумын төв хүртэлх унааны зардлыг олгоно.
6.4.Шаардлагатай бол асрамжийн газарт асруулж байсан тухай тодорхойлолт гаргаж өгч болно.
6.5.Үйлчлүүлэгч асрамжийн газраас гарах тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийг нийгэм хамт олон дунд хэвийн нөхцөлд амьдрах боломжийг нь судалж баталгаажуулсан байна.
6.6.Үйлчлүүлэгчийн буцаж очих орон нутгийн засаг, захиргаа болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй байнгын харилцаа холбоо тогтоож, үйлчлүүлэгч нийгэм хамт олон дунд очоод хэрхэн амьдрах эхний шатны хөгжлийн төлөвлөгөөг хамтран боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж хамтран ажиллана.
6.7.Асрамжийн газарт асруулж байгаа асруулагч нь гэмт хэрэг үйлдэх, ёс суртахууны доголдол гаргах, архи уух, чөлөөний хугацааг хэтрүүлэх, чөлөөгүй явах зэрэг асрамжийн газрын дотоод журмыг зөрчвөл хүмүүжлийн болон захиргааны арга хэмжээ авна.
6.7.1.дутагдал, доголдолыг асруулагчид хэлж анхааруулах;
6.7.2.захиргааны болон асруулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сануулах;
6.7.3.асрамжаас хөөхийг сануулах;
6.7.4.асрамжийн газрын даргын тушаалаар асрамжаас хөөх.
Долоо. Албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага
7.1.Асрамжийн газарт ирүүлсэн асруулагч нь хуурамч бичиг баримт бүрдүүлж ирсэн нь тогтоогдвол уг асруулагчийг ирүүлсэн аймаг, сум, хорооны Засаг даргын Тамгын газарт буцааж хүлээлгэн өгнө.
7.2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүйгээр болон хуурамчаар үйлдсэн, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дүгнэлтийг буруу гаргасан эрүүл мэндийн болон нийгмийн ажилтан, албан тушаалтанд
хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A