A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙЖУУЛАЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ /БОАЖЯ, СС-ны 2013 оны 368/302 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖЯ, СС-ны 2013 оны 368/302 тоот тушаалаар хүчингүй болсон/

Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 139/154 дүгээр тушаалын хавсралт

 

ОЙЖУУЛАЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, технологийн хяналт тавих, гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах, тэдгээрийг санхүүжүүлэхтэй холбогдсон иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг зохицуулахад оршино.

1.2.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд мод, сөөгний үр, боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, мод үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгац ургуулах, хамгаалалтын ногоон зурвас, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, ой зохион байгуулалт, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хөнөөлт шавж, өвчин, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж, хамгаалах зэрэг ажил үйлчилгээ хамаарна.

1.3.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг Ойн тухай хуулийн дагуу дор дурдсан эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд:

1.3.1.ойн сангийн нөөцийг тогтоох, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд ой зохион байгуулалт хийх, улсын менежментийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах зардлыг улсын төсвийн хөрөнгөөр;

1.3.2.хөнөөлт шавж, өвчний тархалтын голомт нэгээс дээш аймгийн хэд хэдэн сумыг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр;

1.3.3.аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ойд хамгаалалтын бүс тогтоох, ашиглалтын бүсийн ойд хийх ой зохион байгуулалт, түүнчлэн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор гаргасан хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардагдах зардал болон ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

1.3.4.иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа ойд хийх ой зохион байгуулалт, ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэж ашигласан талбайн ойг нөхөн сэргээх ажлыг тэдгээрийн өөрийн хөрөнгөөр, харин анх удаа нөхөрлөлийн эзэмшилд олгогдож байгаа ойн сангийн тодорхой хэсэгт хийх ой зохион байгуулалтыг улсын төсвийн хөрөнгөөр;

1.3.5.түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайн ойг нөхөн сэргээх, тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, гол, горхи, булаг шандын эх, бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах зорилгоор ногоон зурвас байгуулах, хот цэцэрлэгжүүлэх зорилгоор мод тарьж ургуулах, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг ажлыг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр;

1.3.6.тал хээр, говь, цөлийн бүс болон элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалах хамгаалалтын ногоон зурвас байгуулах ажлыг “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв, “Ногоон хэрэм” сан болон бусад эх үүсвэрээр.

1.4.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг нэгтгэн судалж ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойгүй бүс нутгийг ойжуулах, түймэр хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах чиглэлээр байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Дээрх хөтөлбөр, төслийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд орон нутгийн онцлогийг тусгасан хөтөлбөр, төсөл боловсруулан мөрдөж ажиллана.

1.5.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг батлагдсан арга технологи, зураг төслийн дагуу хэрэгжүүлэхэд гарах зардлын норматив болон иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьсан таримал ойн нэгжийн жишиг үнийг Байгаль орчны яам, Сангийн яамтай зөвшилцөн тогтооно. Байгаль орчны яамнаас ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх нийтлэг аргачлал, заавар зөвлөмжийг гаргаж мөрдүүлнэ.

Хоёр. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх

2.1.Байгаль орчны яам жил бүр ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний улсын захиалга, даалгавар, төслийг төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

2.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь улсын захиалга болон гүйцэтгэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын санал хүсэлтийг үндэслэн ойгоос мод бэлтгэж ашигласны төлбөр, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ болон санхүүжүүлэх эх үүсвэрийн төлөвлөгөөний төсөл зохиож, Байгаль орчны яаманд 7 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ.

2.3.Байгаль орчны яам ойгоос мод бэлтгэж ашигласны төлбөр, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг аймаг, нийслэлээр нэгтгэн зохиож улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулна.

2.4.Байгаль орчны яам эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв батлагдсаны дараа тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг аймаг, нийслэлээр хуваарилж, аймаг, нийслэлийн Засаг даргатай Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэрээ байгуулж, хувийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 12 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ.

2.5.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгөөр хийх ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулна.

Гурав. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах

3.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны алба нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний улсын захиалгыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

3.1.1.улсын төсвөөс санхүүжих ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг гүйцэтгэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай” хуулийг үндэслэн сонгон шалгаруулж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжилтийг хангуулна;

3.1.2.ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг гүйцэтгэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахдаа дараах үзүүлэлтийг харгалзана;

3.1.2.1.орон нутаг, нийслэлд ойжуулах талбайн ерөнхий төлөвлөгөө, талбайн сонголт хийсэн байдал;

3.1.2.2.ойжуулах талбайн хамгаалалт;

3.1.2.3.усжуулалтын шийдэл;

3.1.2.4.ойжуулалтад тарих тарьц, суулгацын нөөц, чанар;

3.1.2.5.өмнөх жилүүдийн ойжуулалтын ажлын үр дүн;

3.1.2.6.мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал;

3.1.2.7.ойжуулалтын ажилд хэрэглэх зориулалтын багаж, техник хэрэгслийн хангамж;

3.1.3.ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ явуулах газрыг сонгож тогтоон шийдвэрлүүлсний дараа гүйцэтгэгчдэд танилцуулах, ажлын зураг төсөл хийлгүүлж, хэрэгжилтийг зохион байгуулна;

3.1.4.өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийхээр хүсэлт гаргасан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэж, сум, дүүргийн Засаг даргатай хамтарч ойжуулалт хийх газрыг зааж өгнө;

3.1.5.орон нутагтаа ойг нөхөн сэргээх ажилд шаардлагатай үр бэлтгэх, тарьц, суулгац ургуулах ажлыг зохион байгуулна;

3.1.6.гүйцэтгэгчидтэй байгуулсан гэрээний биелэлт, тусгай журмаар худалдаж авах таримал ойн акт материалыг тухайн жилд багтаан дүгнэж, төсвөөс олгох хөрөнгийг тооцож санхүүжүүлэх, улсын мэдээ, тайлан, акт материалыг хугацаанд нь гарган холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг гүйцэтгэнэ;

3.1.7.шилмэл үрийн байнгын хэсэг, мод үржүүлгийн газар, хүлэмжийн бүртгэл хөтлөж, мэдээ мэдээллээр хангана.

3.2.Урьд онуудад ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг хангалтгүй гүйцэтгэсэн, таримал ойн хамгаалалт, арчилгааны ажлыг орхигдуулсан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай орон нутгийн болон улсын захиалга, даалгавараар дахин ойжуулалтын ажил хийх гэрээ байгуулахгүй.

3.3.Ойжуулалт хийж байгаа иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойжуулсан талбай бүрт 2 хувь хувийн хэрэг хөтөлж, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба болон ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ойн мэдээллийн нэгдсэн санд тус тус хадгалуулна. Ойжуулсан талбайн хувийн хэрэгт дараах материалыг оруулна.

3.3.1.ойжуулсан талбайн зураглал;

3.3.2.талбайн тодорхойлолт бичиг /газрын нэр, хэсэглэл, ялгарлын дугаар, хэв шинж, газрын байрлал/;

3.3.3.ойжуулсан талбайг хэмжиж тогтоосон тухай акт, хилийн зааг;

3.3.4.ойжуулсан талбайд тооллого хийж, тарилтын болон арчилгааны жил бүрийн гүйцэтгэлийг хүлээж авсан тухай акт;

3.3.5.нөхөн тарилт хийсэн тухай тайлан;

3.3.6.таримал ойг орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн тухай акт /Ойн санд шилжүүлсэн ойн талбай, нийт ба нэгж талбай дахь модны тоо, нас/;

3. 3.7.ой зохион байгуулалтын зураг, төсөлд нэмэлт тэмдэглэл хийх.

3.4.Аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр ойжуулалт, ойн аж ахуйн ажлын явцад технологийн хяналт тавих, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гүйцэтгэлийг шалган хүлээн авах ажлын хэсэг байгуулан ажиллуулна.

3.5.Аймаг, нийслэлийн ойг нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг нь ойжуулсан талбай тутамд жишиг талбайг сонгон тооллого явуулах журмаар үр дүнг тодорхойлно.

3.6.Ойжуулсан талбайн 15-аас доошгүй хувь нь тооллогын нарийвчилсан жишиг талбайд, 50-иас доошгүй хувь нь тоймчилсон жишиг талбайд хамрагдсан байна.

3.7.Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

3.7.1.үрийн чанарт шинжилгээ хийж, жишигт тэнцсэн үр, тарьц, суулгацын тодорхойлолт гаргана;

3.7.2.ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний чанар, гүйцэтгэлийн байдалд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулна.

Дөрөв. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэх, тайлагнах

4.1.Байгаль орчны яам нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний батлагдсан төсвийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хуваарилна.

4.2.Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн жилд улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээг гүйцэтгэгчээр шалгарсан иргэн, нөхөрлөл. аж ахуйн нэгж, байгууллага тус бүрээр гаргасан хуваарийг Байгаль орчны сайдын тушаалаар батлуулан аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд тухайн оны 3 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ.

4.3.Улсын захиалгаар хийх ой зохион байгуулалт, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын гүйцэтгэгчийг Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж биелэлтийг хангуулна.

4.4.Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь тухайн аймаг, нийслэлд улсын төсвөөс хуваарилсан ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг тендерт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэдтэй нэг бүрчлэн гэрээ байгуулж биелэлтийг хангуулна.

4.5.Байгаль орчны яам нь Сангийн яамны Төрийн сангийн газартай хамтарч энэ журмын 4-р бүлгийн 3 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийг харгалзан аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд шилжүүлнэ. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын дансанд гүйцэтгэх ажлын сар, улирлын хуваарийн дагуу тус тус шилжүүлнэ.

4.6.Гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэд нь ой зохион байгуулалт, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, ойд арчилгаа цэвэрлэгээ хийсэн ажлын гүйцэтгэлийн мэдээг улирал тутам гаргаж улсын төсвөөс санхүүжихийг Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, орон нутгийн төсвөөс санхүүжихийг холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчны албатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд ирүүлнэ.

4.7.Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэдээс гүйцэтгэсэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын тоо, хэмжээ, чанар, үр дүнг тооцсон ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсгийн актыг үндэслэж эцсийн санхүүжилтийг олгоно.

4.8.Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын хагас жилийн гүйцэтгэлийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, намрын тооллогын акт материалыг 11 дүгээр сарын 1-ний дотор Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

4.9.Ойг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

4.9.1.ойжуулалтын арга хэмжээний нормативт зардлын 50 хүртэл хувийн урьдчилгааг ойжуулалтын ажил эхлэхээс өмнө олгоно;

4.9.2.ойжуулалтын арга хэмжээний төсөвт зардлын үлдсэн 50 хүртэл хувийг аймаг, нийслэл, гүйцэтгэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудад намрын тооллогын акт материалыг үндэслэн таримал ойн амьдралтын хувь 75 хувиас дээш байвал, мөн урьд онуудад тарьсан таримал ойн арчилгаа, хамгаалалтын байдлыг харгалзан тухайн онд багтаан олгоно;

4.9.3.таримал ой жилийн эцсийн тооллогоор 75 хүрэхгүй хувийн амьдралттай бол гүйцэтгэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн зардлаар нөхөн тарилт хийсний үндсэн дээр санхүүжилт хийнэ;

Тайлбар: Эхний жилийн тооллого гэдэгт ойжуулах ажлыг хавар гүйцэтгэсэн бол ургалтын хугацаа /нэг улирлын эцэст/ тухайн жилийн намар таримал ойн үр дүнг тогтоох, хэрэв ойжуулах ажлыг намрын улиралд гүйцэтгэсэн бол дараа жилийн намар таримал ойн үр дүнг тогтоох арга хэмжээ хамаарна.

4.9.4.таримал ой нь 25-40 хувийн амьдралттай тоологдсон бол гүйцэтгэгчид нормативт зардлыг 50 хүртэл хувиар бууруулан олгож, шаардлагатай нөхөн тарилтыг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хийлгэж дараагийн жилийн намар хүлээж авна;

4.9.5.таримал ой нь 25 хүртэл хувийн амьдралттай тоологдсон тохиолдолд уг ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж, нормативт зардлыг олгохгүй бөгөөд гүйцэтгэгчээс ойжуулалтын ажлын урьдчилгааг эргүүлэн төлнө.

4.10.Байгалийн сэргээн ургалтанд туслах ажлыг тарьцаар хийхэд 1 га-д 800–аас доошгүй тарьц, үрээр хийхэд 1 га-д 900–аас доошгүй цухуйц ургасан байвал байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг хангалттай гэж үзэж нормативт зардлыг бүрэн олгоно.

4.11.Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага 3 жилийн хугацаанд тарьсан ойгоо арчлан хамгаалах бөгөөд энэ үзүүлэлтийг дараа оны ойжуулалтын ажлын санхүүжилтийг олгоход нэг шалгуур үзүүлэлт болгоно.

4.12.Иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьсан ой, модыг худалдах тухай хүсэлтийг хүлээн авч, ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсэг таримал ой, модонд тооллого явуулж, чанар, үр дүнг шалган дүгнэлт гаргаж, худалдаж авах тухай акт материалыг дүгнэлтийн хамт Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

4.13.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн тайлан болон намрын тооллогын акт бүрдүүлэх маягт, түүнийг нөхөх зааврыг Байгаль орчны сайдын тушаалаар баталж мөрдүүлнэ.

4.14.Байгаль орчны яам улсын төсвөөс санхүүжүүлсэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж дараа сарын 15-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ.

4.15.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад Байгаль орчны яам, Сангийн яам хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулж, гэм буруутанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--- о0о ---