- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИХ ШААРДЛАГА, ЗАГВАР /ХНХС-ын 2018 оны А/104 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
/ХНХС-ын 2018 оны А/104 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Хөдөлмөрийн сайдын 2016 оны 03 дугаар сарын
03 –ны өдрийн А/53 дугаар тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ
АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ
БАРИМТ БИЧИГТ ТАВИХ ШААРДЛАГА, ЗАГВАР
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ авахад бүрдүүлэх баримт бичигт энэхүү шаардлагыг мөрдөнө.
1.2. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан баримт бичгийн шаардлагыг нягталж, тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг төлөөллөөс бүрдүүлж, Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
Хоёр. Тусгай зөвшөөрөл авах баримт бичигт тавигдах шаардлага
2.1. Тусгай зөвшөөрөл хүсэж буй үүсгэн байгуулагч нь Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон Стандартчиллын үндэсний зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолоор баталсан “MNS 6541 : 2015, Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага”-ыг тус тус хангасан байна.
2.2. Шинээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах, захиалгат сургалт явуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
2.2.1. Шинээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд загвар /1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.
2.2.2. Шинэ мэргэжлээр сургалт явуулахад загвар /12, 13/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.
2.2.3. Техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд загвар /6, 7, 8, 12, 15/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.
2.2.4. Сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага захиалгат сургалт зохион байгуулахад загвар /12/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.
2.2.5.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад загвар /14/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.
2.3. Үүсгэн байгуулагч тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах үндэслэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, сургалтын байгууллага байгуулах хэрэгцээ, мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын шаардлага, сургалтын орчин нөхцлийн бүрдүүлэлт /өөрийн эзэмшлийн байр, газар/, үүсгэн байгуулагчийн санхүүгийн чадавхи, тооцоо судалгаа нь тусгай зөвшөөрөл олгох үндсэн шаардлагыг хангах үндэслэл болно.
2.4 Сургалтын ажлыг эхлүүлэх болон цаашид бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх суралцагчийн тооны төлөв, нэг багшид ногдох суралцагч сургалтын төлбөрийн хэмжээ, тогтоосон үндэслэл, төсвийн төсөөллийг гурван жилээр тооцож хавсаргасан байна.
2.5 Сургалтын байгууллага нь нийт багш нарын 80-аас доошгүй хувийг мэргэжлийн үндсэн багш байхаар бүрдүүлсэн байна.
2.6 Сургуулийн зориулалтын барилга байгууламж нь үүсгэн байгуулагчийн эзэмшлийн өмч болохыг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барилга байгууламжийн зохион байгуулалт, давхаруудын зураглал, бүтэн харуулсан гэрэл зураг хавсаргасан байна.
2.7. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт бүрдүүлэхтэй холбогдох асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, 22.1.6, 42 дугаар зүйлд заасны дагуу баримт бүрдүүлж, ирүүлнэ.
Гурав. Бусад
3.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг баримт бичгийн хамт сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 6-аас доошгүй сарын өмнө мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
3.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл авах, техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг тухайн сургалт эхлэхээс 5-аас доошгүй сарын өмнө мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
3.3. Төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тохиолдолд шинэ мэргэжил нээх хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авч шийдвэрлэж болно.
3.4. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан баримт бичиг болон энэхүү тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно.
3.5. Энэхүү журмын дагуу тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
3.6. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэхүү журмын 1.2-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
3.7. Тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 21-24 дүгээр зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тус тус зохицуулна.
----оОо---
Текст томруулах
A
A
A