A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 97 дугаар
           тогтоолын хавсралт


ИПОТЕКИЙН ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТИЙН
ЕРӨНХИЙ ЖУРАМ

/ЗГ-ын 2016 оны 137-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль болон Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн хүрээнд Монгол Улсын иргэнд орон сууцны ипотекийн зээл олгох нөхцөл, санхүүжилтийн бүтцийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Дараах орон сууц худалдан авах иргэнд энэ журмын дагуу ипотекийн зээл олгоно:

      1.2.1. төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо, дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан нийтийн зориулалттай орон сууц;

      1.2.2. нийслэл, аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьсан бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий амины орон сууц.

1.3. Энэ журмын 1.2-т заасан ипотекийн зээлийг Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж байгаа, мөн журмын 4.9-т заасан ерөнхий гэрээ байгуулсан банк (цаашид оролцогч “банк” гэх)-аар дамжуулан олгоно.

Хоёр. Зээлийн ерөнхий нөхцөл

2.1. Ипотекийн зээлийн хугацаа 30 хүртэл жил байна.

2.2. Ипотекийн зээлийн жилийн хүү болон зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээг Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар тогтооно.

2.3. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно.

2.4. Энэ журамд заасны дагуу ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. 

2.5. Зорилтот бүлгийн иргэд энэ журмын 2.4-т заасан урьдчилгаа төлбөрийг төлөхөд Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж болно. Урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх хэлбэр, нөхцөл, хамрагдах шалгуурыг Засгийн газар батална.

2.6. Ипотекийн зээл хүсэгч өөрийн өмчлөлд байгаа сууцыг барьцаа болгон энэ журамд заасны дагуу ипотекийн зээл авч, шинээр худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно.

2.7. Ипотекийн зээлийн барьцааны зүйл нь энэ журмын 2.6-д зааснаас бусад тохиолдолд тухайн зээлээр худалдан авах орон сууц байна.

2.8. Ипотекийн зээлийг холбогдох гэрээний хугацаа дуусахаас өмнө төлж болно.

2.9. Энэ журамд заасны дагуу олгох ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байна.

Гурав. Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлт

3.1. Ипотекийн зээл авах иргэн дараах шаардлагыг хангасан байна:

        3.1.1. Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

        3.1.2. банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

        3.1.3. шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх; 

        3.1.4. зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах;

        3.1.5. барьцаалбар үйлдсэн байх.

3.2. Ипотекийн зээлийн барьцааны зүйл болох орон сууц дараах шаардлагыг хангасан байна:

        3.2.1. Монгол Улсад байршилтай, нийтийн зориулалттай болон амины орон сууц байх;

        3.2.2. зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байх;

        3.2.3. ашиглалтад зохих журмын дагуу бүрэн хүлээн авсан байх;

        3.2.4. эд хөрөнгө өмчлөх болон бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол түүнийг хэлцлийн талууд зөвшөөрсөн байх;

        3.2.5. биет байдал, чанарын доголдолгүй байх;         

        3.2.6. инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;

        3.2.7. амины орон сууцны хувьд газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.

Дөрөв. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо

4.1. Засгийн газар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу ирээдүйн тэтгэврийн нөөц сан (цаашид “сан” гэх)-г байгуулна. Сангийн хөрөнгийг ипотекийн зээлээр баталгаажсан бондоор гэрчлэгдэх эрх болон ипотекийн санхүүжилтийн гэрээгээр үүссэн шаардах эрхийг Монголбанкнаас шилжүүлэн авч бүрдүүлнэ.

4.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр сангийн төсвийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд Засгийн газар Улсын Их Хурлаар өргөн мэдүүлнэ.

4.3. Засгийн газар сангийн хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрхийг гэрээгээр Монголбанкинд олгоно. Уг гэрээнд хөрөнгийн удирдлагатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгана.   

4.4. Монголбанк сангийн мөнгөн хөрөнгөөс орон сууцны ипотекийн санхүүжилтийг оролцогч банкинд олгох бөгөөд оролцогч банкны ипотекийн зээлийн үйл ажиллагааг Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-аар зохицуулна. 

4.5. Сангийн хөрөнгөөс оролцогч банкинд олгох ипотекийн санхүүжилтийн хүү, хугацаа, хэмжээ, санхүүжилтийн хуваарийг Монголбанк тогтооно. 

4.6. Сангийн хөрөнгө болох ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлогоос орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийг санхүүжүүлж болох бөгөөд уг үйл ажиллагааг энэ журмын 2.5-д заасан журмаар зохицуулна.

4.7. Оролцогч банк сангийн хөрөнгөөс олгосон ипотекийн санхүүжилт болон санд худалдсан ипотекийн зээлээр баталгаажсан бондын эх үүсвэрээр ипотекийн зээл олгоно.

4.8. Оролцогч банк ипотекийн зээлийг “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК (цаашид “МИК ОССК” ХХК гэх)-ийн үүсгэн байгуулсан тусгай зориулалтын компанид худалдах, тус компанийн гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан бондыг худалдан авах талаар зохих журмын дагуу хэлцэл хийнэ.  

4.9. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоонд оролцогч талуудын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд хийх санхүүгийн бүтээгдэхүүний хэлцлийн бүтэц, нөхцөлийг Засгийн газар, Монголбанк, оролцогч банкууд,        “МИК ОССК” ХХК-ийн хооронд байгуулах Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд тусгана.    

 

Тав. Бусад

5.1. Энэ журмын хэрэгжилтэд орон сууц болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.

5.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---o0o---