A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 126 дугаар
                    тогтоолын хавсралт


МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ
ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

          1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт (цаашид “энгийн гадаад паспорт” гэх) олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

          1.2. Энгийн гадаад паспорт олгохтой холбогдсон үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.

          1.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хоёр. Энгийн гадаад паспорт
 

2.1. Энгийн гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын стандартад нийцсэн байна. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 154-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.2. Энгийн гадаад паспорт дахь эцэг (эх)-ийн нэр, нэр, регистрийн дугаарын кирилл үсгийг латин үсгээр хөрвүүлэхдээ Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан “Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэл” үндэсний стандартыг баримтална.

Гурав. Энгийн гадаад паспортыг эзэмших болон
түүний хүчинтэй байх хугацаа

          3.1. Энгийн гадаад паспортыг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэнд олгоно.
   
         3.2. Энгийн гадаад паспорт нь 5, 10 жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх бөгөөд паспортын хугацааг дахин сунгахгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 154-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 95-р тогтоолоор тус тус өөрчлөн найруулсан/

          3.3. Энгийн гадаад паспортыг 16 хүртэлх насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгоно. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 154-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

          3.4. Монгол Улсын иргэн хоёр хүртэлх энгийн гадаад паспорт зэрэг эзэмшиж болно.

Дөрөв. Энгийн гадаад паспорт олгох байгууллага

          4.1. Энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар олгоно.

          4.2. Энгийн гадаад паспортыг мэдүүлэг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 10, орон нутагт ажлын 20, хилийн чанадад ажлын 30 өдөрт багтаан олгоно.

          4.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, бусдын баримт бичгийг ашигласан, бусдад баримт бичгээ ашиглуулсан болон бусад зөрчилтэй болохыг нь улсын байцаагч тогтоосон тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тухайн  иргэнд энгийн гадаад паспорт олгохыг хойшлуулж болно.

          4.4. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энгийн гадаад паспортын цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, баталгаажуулах, бичилт хийх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энгийн гадаад паспортыг орон нутаг дахь салбар болон хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

          4.5. Иргэний бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар нь энгийн гадаад паспорт олгох, хүчингүй болгох ажлыг эрхэлж, гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавина.

Тав.  Энгийн гадаад паспорт авахад
бүрдүүлэх баримт бичиг

          5.1. Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргана:

               5.1.1. иргэний үнэмлэх;

               5.1.2. 16-гаас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ, түүний хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх;

               5.1.3. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

          5.2. Иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлт хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт гаргасан тохиолдолд хүсэлтийг дипломат шуудангаар улсын бүртгэлийн асуудал харицсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлтийг зохих журмын дагуу хянаад шаардлага хангасан тохиолдолд бичилт хийгдсэн энгийн гадаад паспортыг дипломат шуудангаар тухайн Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлнэ.

          5.3. Энэ журмын 5.2-т заасан тохиолдолд тухайн иргэн шуудангийн зардлыг хариуцна.

Зургаа. Үндэсний гадаад паспортыг хадгалах

             6.1. Энгийн гадаад паспортыг эзэмшигч өөрөө хадгална.

             6.2. Зөрчилтэй, хүчин төгөлдөр бус энгийн гадаад паспортыг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

Долоо. Хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх

            7.1. Монгол Улсын Засгийн газраас Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газартай байгуулсан олон  улсын  гэрээнд заасан хил орчмын сумдын оршин суугчдад хялбарчилсан журмаар тухайн хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх олгоно.

            7.2. Хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох үйл ажиллагаанд улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тухайн орон нутгийн Засаг дарга хяналт тавина.

            7.3. Хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан хөтлөх, хяналт тавих ажлыг тухайн олон улсын гэрээнд заасан сумын улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгж хариуцна.

            7.4. Хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхэд тухайн олон улсын гэрээнд заасан сумын улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

            7.5. Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх авах хүсэлтээ биечлэн гаргана:

                    7.5.1. иргэний үнэмлэх;

                    7.5.2. цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй);

                    7.5.3. төлбөр төлсөн баримт.

Найм. Буцах үнэмлэх (Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор нэмсэн)

8.1. Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Буцах үнэмлэхийн загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.2. Буцах үнэмлэх хэвлүүлэх ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохих журмын дагуу зохион байгуулна.


      Ес. Буцах үнэмлэх олгох үндэслэл, түүний хүчинтэй байх хугацаа (Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор нэмсэн)

9.1. Монгол Улсын иргэнд дараахь тохиолдолд буцах үнэмлэх олгоно:

      9.1.1. үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн;

      9.1.2. үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болсон;

      9.1.3. хүчин төгөлдөр буцах үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн;

      9.1.4. гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй;

      9.1.5. Монгол Улсын олон улсын гэрээгээр шилжүүлэн авах иргэн үндэсний гадаад паспортгүй;

      9.1.6. ял эдлээд суллагдсан иргэн үндэсний гадаад паспортгүй эсхүл паспортын хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон;

      9.1.7. Сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт хамрагдах иргэн үндэсний гадаад паспортгүй;

9.2. Буцах үнэмлэх мэдүүлэх шаардлагатай иргэний ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэрийг тодруулах, тухайн улсад бүртгэлтэй буюу оршин суух зөвшөөрөл дэх овог, нэрийн зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох бусад байгууллага хамтран ажиллана.

9.3. Буцах үнэмлэхэд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, консулын хэлтсийн дарга, тэдгээрийн эзгүйд орлох дипломат ажилтан гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулна.

9.4. Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх авах хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.

9.5. Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс 12 хүртэл сарын хугацаанд хүчинтэй байна.

Арав. Буцах үнэмлэх мэдүүлэх (Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор нэмсэн)

10.1. Буцах үнэмлэхийг энэ журмын 9.1-д заасан Монгол Улсын иргэн, шаардлагатай тохиолдолд дараахь этгээд төлөөлөн мэдүүлнэ:

      10.1.1. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан эрх бүхий байгууллагын төлөөлөгч;

      10.1.2. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний хувьд тухайн эмнэлгийн захиргаа;

      10.1.3. Саатуулах байранд байгаа иргэний хувьд тухайн улсын цагдаагийн байгууллага, эсхүл шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан байгууллага;

      10.1.4. Асрамжийн газарт байгаа насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг эх, асран хамгаалагч;

      10.1.5. Монгол Улсын иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч.

10.2. Буцах үнэмлэх мэдүүлэхэд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:

      10.2.1. Буцах үнэмлэх мэдүүлэх хуудас;

      10.2.2. иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл иргэний бүртгэлийн лавлагаа;

      10.2.3. цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй);

      10.2.4. төлбөр төлсөн баримт;

      10.2.5. үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай тодорхойлолт;

      10.2.6. шаардлагатай тохиолдолд тухайн иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа;

      10.2.7. Энэ журмын 9.1.2-9.1.4-т заасан этгээд мэдүүлэх тохиолдолд тухайн иргэний харьяаллын талаарх Монгол Улсын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.

10.3. Энэ журмын 10.1-д заасан иргэн, эсхүл төлөөлж байгаа этгээд буцах үнэмлэх мэдүүлэх хуудаст гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

10.4. Буцах үнэмлэх мэдүүлэх баримт бичгийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар баталгаат шуудангаар хүлээн авч, баталгаат шуудангаар буцах үнэмлэхийг хүргүүлж болно.

10.5. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгох тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг консулын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж болно.
      

Арван нэг.  Буцах үнэмлэх олголтод тавих хяналт

11.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буцах үнэмлэхийг хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газруудад тараан олгож, зарцуулалтад хяналт тавина.

11.2. Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар нь буцах үнэмлэх олголтын тайланг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын  31-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараа оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор гарган хүргүүлнэ.

11.3. Буцах үнэмлэх олгосон талаар цахим мэдээллийн сан үүсгэж, хөтөлнө.

11.4. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 

Арван хоёр. Бусад (Энэ гарчгийн дугаарыг Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор өөрчилсөн)

              12.1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энгийн гадаад паспорт болон буцах үнэмлэхийн загвар, түүнд орсон өөрчлөлтийг Монгол Улсын болон гадаад улсын холбогдох байгууллагад цаг тухайд нь шуурхай мэдэгдэх үүрэгтэй.(Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

              12.2. Энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхийн улсын бүртгэл хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

              12.3. энгийн гадаад паспорт болон буцах үнэмлэхийг үрэгдүүлсэн, гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.(Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

---о0о---