A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Газрын тухай хуулийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4, Концессын тухай хуулийн 2.5-д тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт (цаашид “төсөл сонгон шалгаруулалт” гэх)-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулна.

1.3.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.“төсөл сонгон шалгаруулалт” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулахыг;

1.3.2.“ажлын хэсэг” гэж төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий 5 буюу түүнээс дээш сондгой тооны бүрэлдэхүүнтэй багийг;

1.3.3.“төсөл” гэж “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулагдсан цогц баримт бичгийг;

1.3.4.“хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар” гэж газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих газрыг. (Засгийн газрын 2024 оны 187 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.4.Концессын зүйл нь газрын бүрдэл хэсэг бол тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулахад энэ журмыг мөрдөнө.

1.5.Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг Газрын биржийн цахим системээр зохион байгуулж болно. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

1.6.Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ журмын Арван нэгдүгээр зүйлд тусгайлан заасны дагуу явуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 187 дугаар тогтоолоор нэмсэн)
 

Хоёр. Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад баримтлах зарчим

2.1.Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахад дараах зарчмыг баримтална:

2.1.1.тэгш, шударга оролцоог хангасан байх;

2.1.2.хамгийн өндөр оноо авсан төслийг сонгон шалгаруулах;

2.1.3.төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байх.

Гурав. Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газар

3.1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт болон малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулна. (Засгийн газрын 2019 оны 105 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан. Засгийн газрын 2024 оны 187 дугаар тогтоолоор нэмэлт орсон)


3.2.Гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас соёрхон баталсан, эсхүл Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 105 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

Дөрөв. Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага

4.1.Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;

4.1.2.мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх;

4.1.3.төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх;

4.1.4.төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;

4.1.5.шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх.

4.2.Энэ журмын 4.1-д заасан этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

Тав. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны дараалал

5.1.Төсөл сонгон шалгаруулалтыг дараах дарааллын дагуу явуулна:

5.1.1.төсөл сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангах;

5.1.2.төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх;

5.1.3.төслийг хүлээн авах;

5.1.4.төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

5.1.5.шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах.

Зургаа. Төсөл сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангах

6.1.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба нь төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулан дор дурдсан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэнэ:

6.1.1.төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын эргэлтийн цэгүүдийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлэх;

6.1.2.тухайн газар дээр барилга байгууламж барих болон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг гаргуулах;

6.1.3.газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын болон чөлөөт бүсийн захирагчийн шийдвэр гарсан байх.

Долоо. Төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх

7.1.Төсөл сонгон шалгаруулалтын зар (цаашид “зар” гэх)-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ:

7.1.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр;

7.1.2.аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар.

7.1.3.Газрын биржийн цахим системээр. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

7.2.Энэ журмын 7.1-д заасан зард дараах мэдээллийг заавал тусгана:

7.2.1.төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

7.2.2.төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар;

7.2.3.төслийг ирүүлэх хугацаа;

7.2.4.газар ашиглалтын зориулалт;

7.2.5.газрын талбайн хэмжээ;

7.2.6.газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа;

7.2.7.газрын байршил, хилийн заагийг харуулсан зураг;

7.2.8.мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлийн талаарх ерөнхий мэдээлэл;

7.2.9.барилгын ажил эхлэх, дуусах хугацаа;

7.2.10.барилга байгууламжийн архитектур, төлөвлөлтийн шаардлага;

7.2.11.барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавих шаардлага.

7.3.Тухайн газрын онцлог, шинж чанараас шалтгаалан нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл сонгон шалгаруулалтын зард заавал тусгана.

7.4.Тухайн газар дээр Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагаа эрхлэх бол энэ тухай зар мэдээнд тусгайлан заавал заасан байна.

Найм. Төслийг хүлээн авах

8.1.Оролцогч нь битүүмжилсэн төслөө аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамалд, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албанд өөрөө буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргүүлэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар хүргүүлж болно.

8.2.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба төслийг зард заасан хугацаанд хүлээн авч, дор дурдсаны дагуу бүртгэнэ:

8.2.1.төслүүдийг ирүүлсэн дарааллын дагуу он, сар, өдөр, цаг, минутаар нь тэмдэглэн бүртгэж, тусгай тэмдэглэл үйлдэн архивын нэгж үүсгэн хадгална;

8.2.2.зард заасан хугацаа дууссаны дараа ирүүлсэн төслүүдэд хоцорсон тухай тусгай тэмдэглэл үйлдэн, тэмдэг дарна.

8.3.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлнө.

8.4.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба нь төсөл сонгон шалгаруулалттай холбогдсон нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

8.5.Төслийг тусгай программ хангамж бүхий Газрын биржийн цахим системээр хүлээн авч болно. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

8.6.Төсөл сонгон шалгаруулалтыг Газрын биржийн цахим системээр зохион байгуулах тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг товлосон өдрөөс ажлын 5 хоногийн өмнө бүртгэж эхлэн төсөл сонгон шалгаруулалт явагдах өдрийн өмнөх ажлын өдрийн 15 цаг 00 минутад бүртгэлийг зогсооно. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

Ес. Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

9.1.Тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь зард заасан төсөл хүлээн авах хугацаа дуусах өдөр төсөл шалгаруулах Ажлын хэсгийг томилж, төсөл шалгаруулах үйл ажиллагааг эхлүүлнэ.

9.2.Ажлын хэсгийн дарга нь тухайн аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын газрын даамал, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны дарга байна.

9.3.Ажлын хэсэгт тухайн шатны Засаг даргын Тамгын газар болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны газрын асуудал хариуцсан албан тушаалтныг оролцуулах бөгөөд Ажлын хэсгийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

9.3.1.газар зохион байгуулалт, газрын кадастр, архитектор, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрх зүйн болон дэд бүтцийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан;

9.3.2.төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын талаар хувийн ашиг сонирхолгүй байх;

9.3.3.төсөл сонгон шалгаруулалтад оролцогчтой сүүлийн 1 жилийн хугацаанд аливаа хэлбэрээр хамтран ажиллаагүй байх.

9.4.Энэ журмын 9.3-т заасан шаардлагыг хангаагүй этгээд Ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтад оролцогч түүнээс татгалзаж, өөрчлүүлэх эрхтэй.

9.5.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба нь төсөл ирүүлэх хугацаа дууссаны дараа ирүүлсэн төслийг Ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.

9.6.Ажлын хэсэг нь төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн төсөл тус бүрийн битүүмжилсэн байдлыг шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, гишүүд гарын үсэг зурна. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

9.7.Ажлын хэсэг төсөл тус бүр холбогдох зард заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгана. Зард заасан баримт бичиг бүрдэл дутуу тохиолдолд Ажлын хэсэг энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл төслийг сонгон шалгаруулалтаас хасах шийдвэр гаргана.

9.8.Ажлын хэсэг аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албанаас урьдчилан тогтоосон дор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулж харгалзах оноог тавина:

9.8.1.төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх;

9.8.2.барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх;

9.8.3.төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх;

9.8.4.төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх;

9.8.5.төсөл нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх;

9.8.6.төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ;

9.8.7.тухайн хот, тосгон, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх;

9.8.8.улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ;

9.8.9.тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.

9.9.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийн талаар нэмэлт мэдээлэл шаардан авах эрхтэй бөгөөд эдгээр мэдээлэлтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нууцыг нийтэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

9.10.Оролцогчдоос ирүүлсэн төсөл энэ журмын 9.8-д заасан шалгуур үзүүлэлтийг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, орон нутгийн нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харьцуулан үзэж шалгаруулна.

9.11.Ажлын хэсэг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:

9.11.1.төслийн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлсэн үнэлгээний оноо;

9.11.2.төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт;

9.11.3.Ажлын хэсгийн гишүүдийн тусгай санал;

9.11.4.нийлбэр оноо.

9.12.Ажлын хэсэг хуралдаж, төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг бичгээр үйлдэж, он, сар, өдрийг тодорхой тэмдэглэж, гишүүн тус бүр гарын үсэг зурсан байна.

9.13.Эсрэг саналтай Ажлын хэсгийн гишүүн дүгнэлтэд өөрийн саналыг тайлбар хэлбэрээр тусгуулж, гарын үсэг зурсан байна.

9.14.Төсөл сонгон шалгаруулалтад нэг төсөл (санал) ирсэн тохиолдолд Ажлын хэсэг энэ журамд заасны дагуу төслийг шалгаруулж, дүгнэлт гаргана.

9.15.Хэрэв төсөл сонгон шалгаруулалтаар энэ журамд заасан шаардлагыг хангаагүй, зарласан хугацаанд нэг ч төсөл ирээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулах шийдвэр гаргах бөгөөд энэ журмын 7.1-д заасан хугацаанд нийтэд мэдээлнэ.

9.16.Ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг ажлын 3 хоногт багтаан тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагчид танилцуулан дүнг нийтэд зарлана.

9.17.Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл програм хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос Газрын биржийн системээр зохион байгуулж байгаа төсөл сонгон шалгаруулалт хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

Арав. Төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай гэрээ байгуулах

10.1.Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ялагчтай тухайн шатны Засаг даргыг төлөөлж аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийг төлөөлж захирагчийн Ажлын албаны дарга гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

10.1.1.газрын байршил, эзэмших зориулалт;

10.1.2.газрын хэмжээ.

10.2.Тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ журмын 10.1-д заасан гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамж гаргана.

10.3.Энэ журмын 10.2-т заасан захирамжийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох бөгөөд ажлын 21 өдөрт багтаан тухайн газрын эзэмшигч, ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгнө.

10.4.Төсөл сонгон шалгаруулалтаар чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах хуулийн этгээд Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.5-д заасан төлбөрийг төлөх үүрэгтэй.

10.5.Төсөл сонгон шалгаруулалтын ялагч энэ журмын 10.1-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд тухайн төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцно. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

10.6.Энэ журмын 10.1-д заасан гэрээний загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

10.7.Төсөл сонгон шалгаруулалтын ялагчид хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд энэ журмын 10.1-д заасан хугацааг ажлын 5 хоногоор сунгаж болно. Энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д зааснаар ойлгоно. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

10.8. Төсөл сонгон шалгаруулалтын ялагч хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэгт заавал мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнд тооцохгүй. (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн)

Арван нэг. Малчдын хоршоонд газар эзэмшүүлэх
төсөл сонгон шалгаруулах ажиллагаа

11.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтад дараах үйл ажиллагаа хамаарна:
 
11.1.1.мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэх;

11.1.2.мал эмнэлгийн үйлчилгээ;

11.1.3.малын тэжээл, тэжээлийн ургамал тарих;

11.1.4.тэжээлийн үйлдвэрлэлийн цех;

11.1.5.хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих;

11.1.6.эрчимжсэн мал аж ахуйн ферм;

11.1.7.гахай, шувуу, зөгий, цаа бугын ферм;

11.1.8.мал төхөөрөх цех, үйлдвэр;

11.1.9.малын гаралтай түүхий эд авах цэг, агуулах, зоорь, хөргүүрийн байгууламж;

11.1.10.малын гаралтай түүхий эд, дайвар болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

11.1.11.мах, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэл.

11.2.Малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын зарыг төсөл сонгон шалгаруулалт явуулахаар товлосон өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө Газрын биржийн цахим систем, эсхүл орон нутгийн олон нийтийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан нийтэд мэдээлнэ.

11.3.Энэ журмын 11.2-т заасан зард дараах мэдээллийг тусгана:

11.3.1.төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

 11.3.2.төслийг хүлээн авах хаяг, харилцах утасны дугаар;

11.3.3.төслийг хүлээн авах эцсийн хугацаа;

11.3.4.эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил.

11.4.Төслийг хүлээн авах үйл ажиллагаанд энэ журмын Наймдугаар бүлэг, сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад энэ журмын 9.1-9.7-д заасныг тус тус баримтална.

11.5.Ажлын хэсэг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан 0-10 оноогоор үнэлж, хамгийн өндөр оноо авсан төслийг шалгаруулж, дүгнэлт гаргана. Дүгнэлтэд Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан байна.

11.6.Оролцогчдоос ирүүлсэн төсөл энэ журмын 11.5-д заасан оноо тэнцсэн тохиолдолд байгаль орчинд ээлтэй байдлыг нь харгалзан Ажлын хэсгийн гишүүд санал хурааж, олонхын санал авсан төслийг шалгаруулна.

11.7.Төсөл сонгон шалгаруулалтад нэг төсөл ирсэн тохиолдолд Ажлын хэсэг энэ журмын 11.5-д заасны дагуу үнэлж, онооны 50 хувийг хангасан бол шалгаруулна.

11.8.Хэрэв төсөл сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй төсөл ирүүлсэн, эсхүл зарласан хугацаанд нэг ч төсөл ирээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулж болно.

11.9.Энэ журмын 9.17-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор давтан зохион байгуулна.

11.10.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга ажлын 1 хоногийн дотор газар эзэмшүүлэх захирамж гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал Газрын тухай хуулийн 24.6-д заасан цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээг олгож, гэрээг баталгаажуулна.

Арван хоёр. Маргаан шийдвэрлэх 
(Энэ бүлгийн дугаарлалтыг Засгийн газрын 2024 оны 187 дугаар тогтоолоор өөрчилсөн)

12.1.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч нь Ажлын хэсгийн дүгнэлт болон тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.

 

 

 

--- о0о ---