A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2016 оны 82 дугаар тушаалын

 1 дүгээр хавсралт

 

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1     Энэхүү журмаар мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн болон хугацаагүй эрх олгох шалгалт /цаашид шалгалт гэх/-ыг зохион байгуулах, эрх олгох, эрхийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2     Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /цаашид Институт гэх/-тэй хамтран шалгалтыг зохион байгуулна.

1.3     Институт нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгохдоо энэхүү журмын холбогдох заалтыг баримтална./СС-ын 2018 оны 125-р тушаалаар өөрчилсөн/

2 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын бүртгэл

2.1     Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгөх эрхтэй.

2.2     Нягтлан бодогчоор эсвэл нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг хянах, шалгах үүрэг бүхий албан тушаалд ажилласан, эсвэл их дээд сургуульд нягтлан бодох бүртгэл аудитын багшаар ажилласныг мэргэжлээрээ ажилласанд тооцно.

2.3     Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бүртгүүлэхийн тулд дор заасан баримт, бичгийг  бүрдүүлнэ.Үүнд:

2.3.1 шалгалтанд орохыг хүссэн өргөдөл;

2.3.2 иргэний үнэмлэхний  хуулбар;

2.3.3 анкет;

2.3.4 ажилладаг байгууллагын тодорхойлолт;

2.3.5 төгссөн сургуулийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар;

2.3.6 нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар;

2.3.7 шалгалтын хураамж төлсөн баримт.

2.4     Шалгалтанд бүртгүүлсэн этгээд нь шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ цуцласан тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан олгож болно.

2.5     Шалгалтанд бүртгүүлсэн боловч шалгалтанд ороогүй этгээдэд энэ журмын 3.3-д заасан хугацаанаас хойш шалгалтын хураамжийг буцаан олгохгүй бөгөөд бусдад болон бусад шалгалтанд шилжүүлэн тооцохгүй.

3 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг зохион байгуулах

3.1    Шалгалтыг Улаанбаатар хотод жилд 2-4 удаа, орон нутагт аймгуудыг бүсчлэн 1-2 удаа цахим хэлбэрээр зохион байгуулна. /СС-ын 2020 оны 61 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав.

3.2    Шалгалт эхлэхээс нэг сараас доошгүй хугацааны өмнө шалгалтын зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэнэ.

3.3     Шалгалтанд орох хүмүүсийн бүртгэлийг баталсан маягтын дагуу нийслэлд институтын мэдээлэл технологийн хэлтэс, орон нутагт аймаг, хотын Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн болон институтийн салбар бүртгэх бөгөөд шалгалт эхлэхээс 72 цагийн өмнө бүртгэлийг тасалбар болгоно.

3.4     Тухайн жилд бүсчилсэн шалгалтыг зохион байгуулах аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн болон институтын салбарын дарга наршалгалтанд орох хүний урьдчилсан тоог шалгалт эхлэхээс 3 хоногийн өмнө шалгалтын комисст албан бичгээр ирүүлнэ.

3.5     Шалгалтын комисс нь орон нутагт зохион байгуулах шалгалтын материалыг шалгалт авах өдрөөс 2 хоногийн өмнө бэлтгэж, битүүмжилнэ.

3.6     Орон нутагт явагдах шалгалтыг тухайн аймаг, хотын Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс, шалгалтын комисс, институтын салбарын дарга нар хамтран тогтоосон хуваарийн дагуу зохион байгуулна.

3.7     Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох болзлыг хангасан аймаг орон нутгийн харьяалалтай хүн хүсвэл Улаанбаатар хот болон бусад аймагт шалгалт өгч болох бөгөөд 6 сарын хугацаанд шалгалт тус бүрийг өөр аймагт дахин өгөхийг хориглоно./СС-ын 2018 оны 125 дугаар тушаалаар өөрчилсөн/

3.8     Улаанбаатар хотын харьяалалтай иргэн зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулагдах шалгалтанд орно.

3.9. Шалгалтын материалыг институт 3 сарын турш хадгална. /СС-ын 2018 оны 125 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.

4 дүгээр зүйл.Шалгалтыг зохион байгуулах комиссын эрх, үүрэг

4.1     Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгох шалгалтыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Сангийн сайдын тушаалаар жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор томилно. Комисс нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дарга нь  Институтын Ерөнхийлөгч байна./СС-ын 2018 оны 125 дугаар тушаалаар өөрчилсөн/

4.2 Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудитын асуудал хариуцсан нэгжээс 3, институтээс 3, үндэсний аудитын газар, санхүүгийн зохицуулах хороо болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн эрдэм шинжилгээ сургалтын байгууллагаас 3 хүний төлөөлөлтэй байна. /СС-ын 2020 оны 61 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/.

4.2.1.Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг 2 жил тутамд 20-иос доошгүй хувийг нь шинэчлэн өөрчилнө. /СС-ын 2018 оны 125 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.

4.2.2.Шалгалтын комиссын дарга, гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

1.эрх бүхий байгууллагаас олгосон мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй эсхүл эрдмийн зэрэгтэй;

2.хууль эрх зүй, аудит болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаарх шалгалтын тестийг хянах чадвартай, ажлын туршлагатай байх;

3.шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, мэргэжлийн ёс зүйг чандлан сахидаг байх; /СС-ын 2020 оны 61 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав.

4.3     Шалгалтын комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарийг комиссын дарга батална.

4.4     Шалгалтын комиссын дарга, гишүүд дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

4.4.1   Тест хийхээр сонгогдсон гишүүн болон комиссын дарга тестийн санд нэвтрэх, тестийг бэлтгэх, нууцлалыг хариуцах;

4.4.2   Шалгалтын явцад хяналт тавих, шалгалтыг үр өгөөжтэй дэвшилтэт арга, хэлбэр болон туслах үүрэг бүхий бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, явцын хяналтыг тавих. /Энэ хэсгийг СС-ын 2018 оны 125-р тушаалаар өөрчилсөн/

4.4.3   Шалгалтыг шудрага, ил тод байлгах зорилгоор шалгалтын материалыг засах, нэгтгэхэд хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглаж нийтэд мэдээлэх;   

4.4.4   Шалгалтын комиссын даргын томилсон гишүүн шалгалтын тестийг тестийн сангаас санамсаргүй сонголтын аргаар бүрдүүлж, анги бүрээр хувилан бэлтгэх ажлыг биечлэн хянаж, тоолж дугтуйлан битүүмжлэх;

          4.4.5   Шалгалт эхлэхэд комиссын гишүүд шалгалтын тестийн битүүмжлэлийг шалгуулагчдаар магадлуулж задлах;

4.4.6   Шалгалтын комиссын ба ажлын хэсгийн гишүүд шалгалтын тесттэй холбогдох асуудлыг нийтийн өмнө тодруулахаас өөрөөр шалгуулагчидтай харилцахыг хориглоно;

4.4.7   Шалгалтын комиссын ба ажлын хэсгийн гишүүд нь шалгуулагчид хоорондоо харилцах, ямар нэгэн холбооны хэрэгсэл ашиглах, материал хуулах зэрэг зөрчил гаргуулахгүйгээр шалгалтыг хянана. Зөрчил гаргасан шалгуулагчийг протоколд тэмдэглэн шалгалтын танхимаас гаргана.

4.4.8   Шалгалт дууссаны дараа шалгалтын материалыг битүүмжлэн институтийн сургалтын хорооны даргад шалгалтын комиссын гишүүд өөрийн биеэр хүлээлгэн өгөх;

4.4.9   Шалгалтын комиссын дарга, гишүүд шалгуулагчийн шалгалтын онооны дүнг засварлахыг хориглоно;

4.4.10 Шалгалтын комиссын дарга орон нутгийн шалгалт авах хүнийг комиссын гишүүдээс томилно.

4.5     Шалгалтын материал ба хариултын хуудсыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглоно.

4.6     Шалгалтын тестийг засагдсаны дараа нууц кодыг хөрвүүлж шалгуулагч бүрээр дүнг гаргана.

4.7     Шалгалтын комисс нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн иргэний овог нэр, шалгалтын дүнгийн жагсаалтын хуудас бүрийг комиссын бүх гишүүдийн гарын үсгээр баталгаажуулж, Институтэд хүлээлгэн өгнө.

4.8.Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нь саналын эрхгүй бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, шалгалтын дүнг нэгтгэх, мэдээлэх үүрэгтэй.

4.9.Шалгалтын комиссын дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нь энэ журамд заасан эрхээ хэтрүүлэн хэрэглэх, үүргээ биелүүлэхгүй байх, шалгалтын тестийн нууцлалыг задруулсан бол комиссын аль нэг гишүүний санаачилгаар комиссын гишүүдийг зарлан хуралдуулж, тухайн гишүүнийг эргүүлэн татах олонхын саналыг үндэслэн Сангийн сайдад өргөн мэдүүлнэ. /4.8, 4.9 дэх хэсгийг СС-ын 2018 оны 125 дугаар тушаалаар нэмсэн/.

5 дугаар зүйл. Шалгуулагчийн хүлээх үүрэг, хариуцлага

5.1     Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, бүртгүүлэн, шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

5.2     Энэхүү журмын 5.1-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй.

5.3     Шалгалтын анги танхимд заасан өнгийн харандаа, үзэгнээс өөр ямар нэг техник хэрэгсэл, гарын авлага ноорог цаас зэрэг зүйлийг авч орохыг хориглоно.

5.4     Хариултын хуудсыг санамжийн дагуу хар өнгийн харандаагаар, бодолттой даалгаврыг хар ба хөх өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.

5.5     Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

5.6     Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 5.3-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.

5.7     Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон, шалгалтын явцад материал хуулах, зураг авах, гар утас ашиглан захидал /мессеж/ илгээх, авах, бусдад дамжуулсан тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгаптыг хүчингүй болгож дахин шалгалтад орох эрхийг шалгалтын комиссын шийдвэрээр 1 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. ./Энэ хэсгийг СС-ын 2018 оны 125-р тушаалаар өөрчилсөн/

6 дугаар зүйл. Шалгалтын дүн мэдээ

6.1     Бүх шалгуулагчдын хариултын хуудсыг шалгагч машинаар засаж оноог гаргана.

6.2     Шалгалтын материал болон зөв хариултыг www.monicpa.mn вебсайтад хэсэгчлэн байрлуулахаас гадна эмхтгэл болгон хэвлүүлж болно.

6.3     Шалгалтын оноо, жагсаалтыг шалгалтын комиссын хурлаар хэлэлцүүлэн гишүүд танилцаж, гарын үсэг зурсны дараа www.mof.mn болон www.monicpa.mn вебсайт-д байрлуулна.

6.4     Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.testaccount.monicpa.mn вебсайт-аас үзэж болно.

6.5     Шалгалтын нэгдсэн дүнг шалгалтын комисс хэлэлцэж баталсан өдрөөс 1 хоногийн дараа нийтэд мэдээлнэ.

7 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгох шалгалт, шалгалтын үнэлгээ

7.1. Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгох шалгалтад орохын өмнө иргэн “Санхүүгийн тайлан гаргах арга зүй”, “Ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ-бизнес дэх нягтлан бодогч”, “Мэдээллийн технологи”, “Англи хэл” гэсэн  шалгалтад заавал хамрагдаж тэнцсэн байна. /СС-ын 2020 оны 61 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав.

7.2   Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгоход дараах шалгалтыг тогтоосон хугацаанд өгсөн байна. Үүнд:

 

 - Хууль эрх зүй, татварын бүртгэл-1                              2 цаг 30 минут

               - Санхүүгийн менежмент-1                                             2 цаг 30 минут

               - Аудит ба баталгаажуулалт                                           2 цаг 30 минут

               - Санхүүгийн тайлагнал-1                                               3 цаг 30 минут          

     - Өртөг ба гүйцэтгэлийн  удирдлага                             3 цаг 30 минут”; /СС-ын 2020 оны 61 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав.


7.3     Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгох шалгалтын оноо тус бүр 70 ба түүнээс дээш тохиолдолд шалгалтад тэнцсэн гэж үзнэ.

7.4     Журмын 7.2-т заасан 6 хичээлээр бүх шалгалтыг амжилттай өгч тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 4 жилийн хугацаагаар олгоно.

7.5     70 ба түүнээс дээш оноо авсан шалгалтын дүн 5 жилийн  хугацаанд хүчин төгөлдөр байна.  /СС-ын 2020 оны 61 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав.

7.6     Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг амжилтгүй буюу 70-аас доош оноотой өгсөн бол эхний удаа шалгалт өгснөөс хойш 6 сарын дараа тухайн шалгалтыг дахин өгөхийг зөвшөөрнө.

7.7     Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтанд заавал хамрагдсан байх бөгөөд энэ үйл ажиллагаа нь институтээс баталсан тусгай журмаар зохицуулагдана.

8 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх олгох шалгалт,шалгалтын үнэлгээ

8.1     Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх авсан иргэн нь заавал судлах 3, сонгон судлах хичээлүүдээс 2-ыг судалж шалгалтыг тогтоосон хугацаанд өгсөн байна. Үүнд:

Хугацаагүй эрх олгох шалгалт:

I.        Эрх олгогдсоноос хойшхи 2 дахь жилд

•         Заавал судлах хичээл

1.       Санхүүгийн тайлагнал-2

2.       Бизнесийн шинжилгээ

•                   Сонгон судлах хичээл

3.       Ахисан түвшний аудит

4.       Хууль эрх зүй, татварын бүртгэл-2

II.       Эрх олгогдсоноос хойшхи 4 дэх жилд

         Заавал судлах хичээл:

1.       Засаглал, эрсдэл, ёс зүй

         Сонгон судлах хичээл:

1.       Санхүүгийн менежмент-2

2.       Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ

 

8.2     Журмын 8.1-т заасан шалгалтыг 75 –аас дээш оноотой өгч тэнцсэн иргэнд Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүйгээр олгоно.

 

8.3     Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх олгох сургалт, шалгалтын хугацаа хоёр  долоо хоногоос хэтрэхгүй хугацаагаар үргэлжилнэ.

8.4     Энэ журмын 8.1-д заасан хугацаагүй эрх олгох шалгалтын хичээлийн сургалтын хөтөлбөрийн 70-аас доошгүй хувийг мэргэшсэн нягтлан бодогчид бие дааж судалсан байвал зохино.

8.5     Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх олгох сургалт, шалгалтын хураамжийг ажилладаг байгууллага нь хариуцаж болно.

8.6     Мэргэшсэн нягтлан бодогч нь хугацаагүй эрх олгох аль нэг шалгалтад хангалтгүй дүн авсан бол 12 сарын дотор 2 удаа давтан өгч болно. Энэ хугацаанд давтан шалгалт өгөөгүй бол тэнцээгүйд тооцно.

9дүгээр зүйл. МНБ-ийн эрх олгох, хүчингүй болгох

9.1     Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх болон хугацаагүй эрх олгох тухай шалгалтын комиссын шийдвэр нь эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг Институтийн удирдах зөвлөл батламжилна.

9.2     Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дах заалтын дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгоно.

9.3     Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн хугацаа дуусмагц, түүний эрх нь дуусах бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох тухай Институтийн удирдах зөвлөлийн шийдвэр гарах хүртэл эрх нь түдгэлзэнэ. Эрх түдгэлзсэн хугацаанд Мэргэшсэн нягтлан бодогчийн хуулиар олгогдсон эрх эдлэх, албан үүрэг гүйцэтгэхийг хориглоно.

9.4     Ёс зүйн зөрчлийн улмаас мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох тухай Ёс зүйн хорооны санал, дүгнэлтийг Институтийн удирдах зөвлөл шийдвэрлэхдээ тухайн мэргэшсэн нягтлан бодогчийг заавал байлцуулна.

9.5     Эрх цуцлах тухай асуудал хэлэлцэх Удирдах зөвлөлийн хурлын зарыг тухайн мэргэшсэн нягтлан бодогчид 2 удаа мэдэгдэх бөгөөд 3 дах удаагаа хуралд ирээгүй тохиолдолд Институтийн удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг шийдвэрлэнэ.

10 дугаар зүйл. Шалгалтын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

10.1    Иргэдээс ирсэн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг шалгалтын комисс шийдвэрлэнэ.

10.2    Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн зарлагдсанаас хойш ажлын 3 өдөрт багтаан Шалгалтын комиссын даргад ирүүлнэ.

10.3    Өргөдлийг ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.

10.4    Шалгалтын дүнтэй холбогдсон маргаан гарвал шалгалтын комиссын дарга хөндлөнгийн магадлах хэсэг томилон материалыг дахин шалгуулах бөгөөд тухайн магадлах хэсгийн дүгнэлт эцсийн шийдвэр болно.

10.5    Шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй.

11 дүгээр зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтаас чөлөөлөх

11.1    Монгол улсын иргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг (Association of Chartered Certified Accountants)-ийн шалгалтуудыг амжилттай өгч дэд гишүүн болсон, институтийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр хүлээн зөвшөөрсөн улс орнуудын мэргэшсэн нягтлан бодогч болсон бол энэ журмын 7.2-т заасан “Хууль эрх зүй, татварын бүртгэл-1” ээс бусад шалгалтуудаас чөлөөлөгдөнө.

11.2    Монгол улсын иргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг (Association of Chartered Certified Accountants)-ийн шалгалтуудыг амжилттай өгч жинхэнэ гишүүн болсон бол энэ журмын 8.1-т заасан “Хууль эрх зүй, татварын бүртгэл-2”-оос бусад шалгалтуудаас чөлөөлнө.

11.3    Монгол улсын татварын мэргэшсэн зөвлөхийн эрх авсан бол энэ журмын 7.2-т заасан “Хууль эрх зүй, татварын бүртгэл-1”  шалгалтаас чөлөөлнө.

11.4    Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг (Association of Chartered Certified Accountants)-ийн шалгалтуудаас амжилттай өгч тэнцсэн тухайн шалгалттай дүйцэхүйц хичээлийн шалгалтыг чөлөөлнө.

11.5    Энэ журамд тусгагдаагүй бол аливаа шалгалтаас чөлөөлөхийг хориглоно.

12 дугаар зүйл. Гадаадын иргэнд Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг олгох

12.1    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу гадаадын мэргэшсэн нягтлан бодогчид Монголын улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгоход дараах шаардлагыг баримтлана. Үүнд:

          12.1.1 Гадаад орны мэргэшсэн нягтлан бодогч нь шалгалтанд бүртгүүлэхдээ энэ журмын 2.3-т заасан баримт, материалын хамт тухайн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгосон институт /байгууллага/-ийн жинхэнэ гишүүнийг баталсан сертификат, нотолгоог бүрдүүлнэ.

          12.1.2 Шалгалтын хөтөлбөрт нь үнэлэлт өгөх замаар тухайн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгосон гадаад орны буюу олон улсын мэргэжлийн байгууллагын олгосон Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг институтийн Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

          12.1.3 Тухайн иргэний мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг институт хүлээн зөвшөөрсөн бол бизнесийн болон татварын хуулиар англи хэл дээр /өөрөө хүсвэл монгол хэл дээр/ шалгалт авч 70-аас дээш оноо авсан бол шалгалтын комиссын саналыг үндэслэн Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгоно.  

 

 

----оОо---