A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ОЛГОГДОХ ДЭМЖЛЭГТ ХАМРАГДАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ДЭМЖЛЭГИЙГ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 193 дугаар
           тогтоолын 2 дугаар хавсралт


ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ОЛГОГДОХ
ДЭМЖЛЭГТ ХАМРАГДАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШАЛГУУР
ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ДЭМЖЛЭГИЙГ
ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэг (цаашид “дэмжлэг” гэх)-т хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн чиглэл нь Улсын Их Хурлын         2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” болон Засгийн газрын 2015 оны 396 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-тэй уялдсан байна.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

     1.3.1. “эргэлтийн хөрөнгө” гэж төслийн хугацаанд байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор ашиглагдаж байгаа мөнгөн хөрөнгөд хөрвүүлэх боломжтой хөрөнгийг;

     1.3.2. “экспортын санхүүжилтийн арга хэрэгсэл” гэж аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор бизнесийн үйл ажиллагааны өртөг, зардлыг бууруулж, эргэлтийн хөрөнгийн зээл, зээлийн болон экспортын даатгалд хамруулах, гадаад худалдааны төлбөр тооцооны арга хэрэгслүүдийн нийлбэрийг.

Хоёр. Дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн
шалгуур үзүүлэлтийг тогтоох

2.1. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.1-8.1.3-т заасан дэмжлэгт хамрагдах шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар тогтооно:

     2.1.1. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.1-д заасан дэмжлэгийн шалгуур үзүүлэлт: үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргадаг байх;

     2.1.2. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.2-т заасан дэмжлэгийн шалгуур үзүүлэлт: дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж нь технологийн түвшний нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байх;

     2.1.3. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.3-т заасан дэмжлэгийн шалгуур үзүүлэлт: экспортын үйлдвэрлэл эрхэлдэг байх.

2.2. Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.1-8.1.3-т заасан дэмжлэгт хамруулахгүй.

2.3. Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3-т заасан үнэлгээг хийлгэсэн байна.

Гурав. Дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн
         шалгуур үзүүлэлтийг тооцох

3.1. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.1-д заасан дэмжлэгт хамрагдах тохиолдолд:

     3.1.1. аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болон аж ахуйн нэгжийн ирүүлсэн санхүүгийн болон холбогдох бусад баримттай тулган баталгаажуулсны үндсэн дээр тогтооно;

     3.1.2. аж ахуйн нэгжийн экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээг Гааль, татварын ерөнхий газрын статистик мэдээллийг үндэслэн тогтооно;

      3.1.3. дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж Х/Ү*100%>30% нөхцөлийг хангасан байна .

3.2. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.2-т заасан дэмжлэгт хамрагдах тохиолдолд:

     3.2.1. технологийн түвшний үнэлгээ хийх эрх бүхий байгууллага тухайн аж ахуйн нэгжийн технологийн түвшинд холбогдох хууль тогтоомжийн дагуу нарийвчилсан үнэлгээ хийж, уг технологийг бий болгох, нэвтрүүлэх, нутагшуулахад гаргасан судалгаа, хөгжлийн зардал, технологийн түвшний шинэчлэл хийсэн эсэх талаар дүгнэлт хийж, тайлан гаргана;

     3.2.2. дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж нь технологийн түвшний нарийвчилсан үнэлгээний тайланг дүгнэлтийн хамт аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. Тухайн нэгж уг баримтуудыг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаар аудит, хяналт-шинжилгээ, магадлагаа хийлгэж болно.

3.3. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.3-т заасан дэмжлэгт хамрагдах тохиолдолд:

     3.3.1. экспортын санхүүжилтийн арга хэрэгслүүд, түүний дотор факторингийн үйлчилгээгээр бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкны баталгаа, гэрээний гүйцэтгэл, төлбөр төлсөн баримт, бараа, бүтээгдэхүүн ачуулсан тухай гаалийн болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн баримтыг үндэслэнэ;

     3.3.2. экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүний төлбөрөөс үүссэн авлагыг факторингийн үйлчилгээгээр барагдуулах тохиолдолд гэрээгээр тохирсон хугацаанд тухайн авлагыг нягтлан бодох бүртгэлд бүртгэсэн үнийн дүнгээр тогтооно.

Дөрөв. Дэмжлэг олгох

4.1. Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжид олгох дэмжлэгийг “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих           журам”-д заасны дагуу олгоно.

Тав. Бусад зүйл

5.1. Энэ журмын хэрэгжилтэд аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хяналт тавьж ажиллана.

5.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.


---o0o---