- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ИРГЭНИЙ ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МӨНГӨН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУРААН АВАХ, ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ АШИГЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2016 оны 215 дугаар
тогтоолын хавсралт
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР
ОРЛУУЛАН ХААХ ИРГЭНИЙ ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МӨНГӨН
ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУРААН АВАХ, ТӨЛБӨРИЙН
ОРЛОГЫГ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах үйл ажиллагаанд энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2. Цэргийн албаны тухай хуулийн 29.3-т заасны дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана. /Энэ заалтыг ЗГ-ын 2018 оны 23-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
1.3. Энэ журмыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол” болон “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээ”-г тус тус баримтална.
Хоёр. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн
хэлбэрээр орлуулан хаах иргэний
тоо бүртгэл хөтлөх
2.1. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр төлөх иргэн (цаашид “төлбөр төлөгч иргэн” гэх)-ий тоо бүртгэлийг аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (цаашид “Цэргийн штаб” гэх) эрхлэн хөтөлнө.
2.2. Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтээ тухайн жилийн цэргийн тоо бүртгэл болон ээлжит цэрэг татлагын үеэр аймаг, нийслэл (дүүрэг)-ийн цэрэг татлагын товчоонд гаргана.
2.3. Цэргийн штаб цэрэг татлагын товчооны санал болон Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоол, тухайн жилийн мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоосон Засгийн газрын шийдвэрийг тус тус үндэслэн төлбөрийн хэмжээг тодорхойлж, нэрсийн жагсаалт гаргах бөгөөд уг жагсаалтыг аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргаар батлуулан Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (цаашид “Санхүү, төрийн сангийн хэлтэс” гэх)-т хүргүүлнэ.
2.4. Цэргийн штаб мөнгөн төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч иргэнд хүргүүлнэ.
2.5. Цэргийн штаб төлбөр төлөгч иргэн мөнгөн төлбөр төлсөн буюу түүнийг төлбөрөөс чөлөөлсөн тухай тэмдэглэгээг цэргийн үүрэгтний үнэмлэхэд хийж, Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран баталгаажуулна.
Гурав. Мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах
3.1. Төлбөр төлөгч иргэн мөнгөн төлбөрийг цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө Санхүү, төрийн сангийн хэлтсийн дансанд тушаана.
3.2. Санхүү, төрийн сангийн хэлтэс Цэргийн албаны тухай хуулийн 31.8-д заасны дагуу цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг Сангийн яамны Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ. /Энэ заалтыг ЗГ-ын 2018 оны 23-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
3.3. Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ын “8”-д заасан тохиолдолд иргэнийг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлнө.
3.4. Энэ журмын 3.3-т заасан болзлын “8”-ын 1-д заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдөж байгаад хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрэхээс өмнө уг үндэслэл нь үгүй болсон иргэн цэргийн жинхэнэ алба хаагаагүй бол хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц тухайн жилийн мөнгөн төлбөрийг Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хувь хэмжээгээр төлнө.
Дөрөв. Мөнгөн төлбөрийг зарцуулах
4.1. Цэргийн албаны тухай хуулийн 31.8-д заасны дагуу цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасны мөнгөн төлбөрийн 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын шийдвэрийн дагуу Цэргийн штаб дараах зориулалтаар зарцуулна: /Энэ хэсгийг ЗГ-ын 2018 оны 23-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
4.1.1. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон батлан хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
4.1.2. орон нутгийн хамгаалалтын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
4.1.3. аймаг, нийслэл (дүүрэг)-ийн цэргийн бүртгэлийн мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг ЗГ-ын 2018 оны 23-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
4.1.4. Цэргийн штабын бэлэн байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
4.1.5. дайчилгаатай сургуульд оролцох болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх;
4.1.6. аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, сум, дүүргийн батлан хамгаалах товчооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
4.1.7. аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн улсын дайчилгааны асуудал хариуцсан ажилтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
4.1.8. Цэргийн штаб үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
4.1.9. батлан хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажилласан иргэн, албан тушаалтныг урамшуулах;
4.1.10. цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлээр хангах. /Энэ заалтыг ЗГ-ын 2018 оны 23-р тогтоолоор нэмсэн/
Тав. Хяналт, хариуцлага
5.1. Цэргийн штаб тухайн жилийн орон нутгийн төсөвт төвлөрсөн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлого, түүний зарцуулалтын талаар Шилэн дансны тухай хуулийн дагуу иргэдэд нээлттэй мэдээлж байна.
5.2. Мөнгөн төлбөрийн орлогыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүй өөр бусад дансанд шилжүүлэх, түр байршуулахыг хориглоно.
5.3. Мөнгөн төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад тухайн орон нутгийн хөндлөнгийн аудитын байгууллага, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлын хэрэгжилтэд уг байгууллагын стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж тус тус хяналт тавьж ажиллана.
5.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлын хэрэгжилтийн тайланг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан маягтын дагуу хагас жил болон жилийн эцсийн байдлаар гаргаж, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.5. Энэ журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A