- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МОНГОЛ ТАРИАЛАН КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2016 оны 224 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
“МОНГОЛ ТАРИАЛАН КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ
АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН
ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, газар тариалангийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүнсний таримал болон үрийн стратегийн нөөц бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд зээлийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий улсын үйлдвэрийн газар мөн.
1.2. “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (цаашид “үйлдвэрийн газар” гэх) нь Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тариалангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
Хоёр. Үйлдвэрийн газрын оноосон нэр,
оршин байгаа газар
2.1. Үйлдвэрийн газрын оноосон нэр нь “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд товчилсон нэр нь “МТК” ТӨҮГ байна.
2.2. Үйлдвэрийн газрын байршил нь Монгол Улс, Улаанбаатар хот бөгөөд хаягийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Гурав. Үйлдвэрийн газрын бэлгэдэл, тэмдэг
3.1. Үйлдвэрийн газар нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
3.2. Үйлдвэрийн газар нь бэлгэдэл (эмблем)-тэй байж болно. Бэлгэдлийн загварыг захирал баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.
3.3. Тэмдгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.
Дөрөв. Үйлдвэрийн газрын алсын хараа,
эрхэм зорилго, зорилт
4.1. Үйлдвэрийн газрын алсын хараа нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, монгол брэнд бий болгоход оршино.
4.2. Үйлдвэрлэлийн газрын эрхэм зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
4.3. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тав. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл
5.1. Үйлдвэрийн газар дараах ажил, үйлчилгээ эрхэлнэ:
5.1.1. газар тариалангийн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ бий болгох, гарал үүслийн баталгаа болон техник, технологийн зохистой дадлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах;
5.1.2. дотоодын зах зээлийн эрэлт, хэрэгцээ, хангамж, үнэ бүрэлдэх нөхцөл байдалд судалгаа, шинжилгээ хийж тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллах;
5.1.3. тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, тэдгээрт барьцаат зээл олгох;
5.1.4. газар тариалангийн зах зээлийн дотоод, гадаад эрэлт, хэрэгцээг судалж, экспорт, импортын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахад оролцох;
5.1.5. газар тариалангийн монгол брэнд бүтээгдэхүүн бий болгож, олон улсын зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэх;
5.1.6. газар тариалан эрхлэгчдийг чанарын баталгаа бүхий үр, ургамал хамгааллын бодис, бордоо, техник, тоног төхөөрөмжөөр хангаж, бүтээгдэхүүн хадгалах агуулах, борлуулалтын сүлжээ бий болгох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.1.7. тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч болон хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд худалдааны зуучлал хийх;
5.1.8. газар тариалан эрхлэгчдийн мэдлэг, ур чадвар, технологийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
5.1.9. хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагаа.
5.2. Үйлдвэрийн газар хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах замаар өөрчлөн байгуулагдах, татан буугдахаас бусад тохиолдолд үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
Зургаа. Үйлдвэрийн газрын эрх, үүрэг
6.1. Үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:
6.1.1. энэ дүрмийн 5.1-д заасан ажил, үйлчилгээ эрхлэх;
6.1.2. өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмшиж ашиглах;
6.1.3. үндсэн хөрөнгийг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
6.1.4. үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас хуульд заасан татвар, хураамжийг төлсний дараа үлдэх хэсгийг зохих журмын дагуу захиран зарцуулах;
6.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.
Долоо. Үйлдвэрийн газрын удирдлага
7.1. Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Захирлыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилж, чөлөөлнө.
7.2. Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан байна.
7.3. Үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны дээд хязгаарыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосныг хянан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
7.4. Захиралд зөвлөх үүрэг бүхий захирлын зөвлөл ажиллана. Захирлын зөвлөлийн гишүүд захиралд зөвлөх эрхтэй байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тарилангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.5. Захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:
7.5.1. холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, газар тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг батлуулах, гүйцэтгэлийг хангуулж тайлагнах;
7.5.2. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж байгаа үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг бүх талаар дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;
7.5.3. үйлдвэрийн газрын эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан ажиллах;
7.5.4. ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;
7.5.5. батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах;
7.5.6. үйлдвэрийн газрын шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
7.5.7. хууль тогтоомж болон гэрээгээр олгосон бусад эрх, үүрэг.
7.6. Захирал нь олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх зэргээр үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
7.7. Захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.
7.8. Захирал нь өөрийн эрх, үүргийг итгэмжлэлийн үндсэн дээр холбогдох албан тушаалтанд түр шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
7.9. Захирал нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
Найм. Үйлдвэрийн газрын хяналт
8.1. Үйлдвэрийн газар үндсэн болон санхүүгийн үйл ажиллагааг хянах дотоод хяналттай байна. Дотоод хяналтын бүтэц, ажиллах журмыг захирал батална.
8.2. Хууль тогтоомж, холбогдох журмын дагуу үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна.
8.3. Үйлдвэрийн газрын эзэмшилд байгаа төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавьж ажиллана.
8.4. Үйлдвэрийн газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг ерөнхий нягтлан бодогч хариуцан хэрэгжүүлнэ.
Ес. Үйлдвэрийн газрын санхүү, бүртгэл, тайлан
9.1. Үйлдвэрийн газар нь санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
9.2. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.
9.3. Үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд түүнийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр захирал томилно.
9.4. Үйлдвэрийн газрын санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12-р сарын 31-ний өдөр дуусгавар болно.
9.5. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитор сонгон ажиллуулж болно.
Арав. Үйлдвэрийн газрын санхүүжилт, санхүүгийн болон
үйл ажиллагааны тайлан
10.1. Үйлдвэрийн газрын орлого дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:
10.1.1. ажил, үйлчилгээнээс олсон орлого;
10.1.2. олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олсон үйлчилгээний орлого;
10.1.3. банкин дахь дансны үлдэгдлийн болон хадгаламжийн хүү;
10.1.4. улсын төсвийн санхүүжилт;
10.1.5. хандивлагчдын хандив, зээл, тусламж;
10.1.6. хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад эх үүсвэр.
10.2. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана:
10.2.1. баланс;
10.2.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;
10.2.3. мөнгөн гүйлгээний тайлан;
10.2.4. өмчийн өөрчлөлтийн тайлан;
10.2.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал урамшуулал;
10.2.6. нэмэлт тайлбар;
10.2.7. санхүүгийн тайлангийн тодруулга;
10.2.8. хууль болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бусад мэдээлэл.
10.3. Захирал санхүү, төсвийн болон тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад байгууллагад тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг улирал бүр хүргүүлэх бөгөөд тайланд дараах зүйлийг тусгана:
10.3.1. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх танилцуулга, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүнгийн байдал, түүний өөрчлөлт;
10.3.2. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын албан тушаалтан, ажиллагчдад олгосон шагнал урамшил, удирдлагын зардлын хэмжээ;
10.3.3. шаардлагатай бусад мэдээлэл, тайлбар.
Арван нэг. Үйлдвэрийн газрын баримт бичгийг хадгалах
11.1. Үйлдвэрийн газар дараах бичиг баримтыг хадгална:
11.1.1. үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ, сертификат;
11.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;
11.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, түүнд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
11.1.4. үйлдвэрлэл, технологи, норм норматив, дүрэм, журам, заавар, холбогдох бусад баримт бичиг;
11.1.5. хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан шийдвэр;
11.1.6. бусад ач холбогдол бүхий баримт бичиг.
11.2. Энэ дүрмийн 11.1-д заасан баримт бичгийг хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажлыг зохих журмын дагуу захирлын туслах, бичиг хэргийн ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.
Арван хоёр. Үйлдвэрийн газрын газрыг татан буулгах
12.1. Үйлдвэрийн газрыг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу татан буулгана.
Арван гурав. Бусад
13.1. Үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбогдсон энэ дүрмээр зохицуулснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
13.2. Энэ дүрэм болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A