- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МОНГОЛ ТАРИАЛАН” ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2016 оны 224 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
“МОНГОЛ ТАРИАЛАН” ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хүн амын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд арилжааны банкаар дамжуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа боловч тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн дэмжлэгийг шуурхай үзүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан “Монгол тариалан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилт
2.1. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, хүнсний болон үрийн буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, газар эзэмших эрхийг бизнесийн эргэлтэд идэвхтэй оруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав. Хөтөлбөрт хамрагдагчдад тавих шаардлага
3.1. Хөтөлбөрт дараах шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд хамрагдана:
3.1.1. тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй;
3.1.2. уринш боловсруулж бэлтгэсэн;
3.1.3. үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг байх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч болон
оролцогч талууд
4.1. Хөтөлбөрийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, “Монгол тариалан корпораци” ТӨҮГ хэрэгжүүлнэ.
4.2. Хөтөлбөрт оролцогч нь дараах этгээд байна:
4.2.1. Хөгжлийн банк;
4.2.2. аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн газар;
4.2.3. Тариалан эрхлэлтийг дэмжих сан;
4.2.4. тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд.
4.3. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн дэмжлэг авах хүсэлт бүхий иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг Хөгжлийн банк болон “Монгол тариалан корпораци” ТӨҮГ-т хүргүүлнэ.
4.4. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн газар энэ хөтөлбөрт хамрагдах иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.5. “Монгол тариалан корпораци” ТӨҮГ өөрийн дүрэм, Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж санхүүжүүлнэ.
4.6. Хөтөлбөрт хамрагдах тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг Газрын тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу барьцаалж зээл олгоно.
4.7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан дэмжлэг үзүүлж ажиллана.
4.8. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банк “Монгол тариалан корпораци” ТӨҮГ-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж ажиллана. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн маржины дээд хэмжээг Хөгжлийн банк тогтооно.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг 2016-2017 онд хэрэгжүүлнэ.
5.2. Хөтөлбөрийг дараах хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
5.2.1. Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл;
5.2.2. хөтөлбөрт оролцогч иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө;
5.2.3. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгох дэмжлэг;
5.2.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
6.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ:
6.1.1. “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт хангагдана;
6.1.2. газар тариалангийн үйлдвэрлэл 2016 онд хэвийн үргэлжилж, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай, төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдэнэ;
6.1.3. газар тариалангийн үйлдвэрлэлийн салбар дахь оролцогчид банк, санхүү, зах зээлийн харилцаанд оролцох идэвх нэмэгдэнэ;
6.1.4. хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж, буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60 хүртэл хувийг дотоодын ургацаар хангах боломж бүрдэнэ;
6.1.5. газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжиж, орлого нэмэгдэнэ;
6.1.6. газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, орон нутагт ажлын байр хадгалагдаж, шинээр бий болно.
---о0о---
Текст томруулах
A
A
A