- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ /ЗТХС-ын 2022 оны А/112 дугаар тушаалаар шинэчлэн баталсан/
/ЗТХС-ын 2022 оны А/112 дугаар тушаалаар шинэчлэн баталсан/
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 90 дүгээр тушаалын хавсралт
АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд (цаашид “авто үйлчилгээ эрхлэгч” гэх) эрх бүхий байгууллагаас ангилал тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журмыг өмчийн төрөл харгалзахгүй авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон ангилал тогтоох, хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан дагаж мөрдөнө.
1.3. Холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар ангилал тогтоолгоогүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг мэдээллийн санд бүртгэж, олон нийтэд мэдээлэхгүй.
1.4. Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллага гүйцэтгэнэ.
1.5. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дэх заалтыг үндэслэнэ.
1.6. Энэ журамд ашигласан нэр томьёог Автотээтврийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Авто үйлчилгээ”, “Авто үйлчилгээ эрхлэгч” гэж “Авто үйлчилгээнд тавих. Ерөнхий шаардлага” MNS5025:2020 стандарт болон бусад хууль тогтоомжид дурдсан утгаар ойлгоно.
Хоёр. Ангилал тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт
2.1. Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ангилал тогтоох эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгосны үндсэн дээр үйлчилгээ эрхэлнэ.
2.2. Ангилал тогтоох эрх бүхий байгууллага нь ангилал тогтоолгох хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хянан үзэж шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, гэрээ байгуулах, ангилал тогтоолгосон гэрчилгээ олгох зэрэг ажлыг зохион байгуулна.
2.3. Үйлчилгээний ангиллыг тогтоохдоо тохирлын баталгаа, улсын байцаагчийн эсвэл шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тогтооно.
2.4. Ангилал тогтоохдоо дараах зарчмыг баримтална:
2.4.1. Бие даасан, хараат бус байх;
2.4.2. Ил тод, шуурхай, шударга байх;
2.4.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлчилгээ эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх, адил тэгш нөхцөл олгох.
2.5. Ангилал тогтоох үйл ажиллагаа нь цахим хэлбэрээр явагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд газар дээр нь үзэх, тодруулга хийж болно.
2.6. Авто үйлчилгээ эрхлэгч нь ангилал тогтоолгох хүсэлтээ мэдээллийн сан дах маягтын дагуу ангилал тогтоох эрх бүхий байгууллагад цахимаар гаргана.
2.7. Ангилал тогтоолгох хүсэлтэд дараах материалыг хавсаргана. Үүнд:
2.7.1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулах бол иргэний үнэмлэхний хуулбар);
2.7.2. Үйлчилгээний хүчин чадал, тоног төхөөрөмжийн тухай товч танилцуулга;
2.7.3. Тохирлын гэрчилгээний хуулбар;
2.7.4. Улсын байцаагчийн эсвэл шинжээчийн дүгнэлт;
2.7.5. Үйлчилгээний нэр төрөл, тэдгээрийг гүйцэтгэх технологийн карт;
2.7.6. Үйлчилгээний үнэ тариф, ажиллах цагийн хуваарь;
2.7.7. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар эсвэл түрээсийн гэрээний хуулбар;
2.7.8. Галын аюулгүй байдлын дүгнэлт
2.7.9. Авто угаалгын үйлчилгээ эрхлэгч мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах.
2.8. Ангилал тогтоох эрх бүхий байгууллага нь хүсэлтийг хүлээн авснаар хянан үзэж ажлын 15 хоногийн дотор “Авто үйлчилгээнд тавих. Ерөнхий шаардлага” MNS5025:2020 стандартад заасан төрлийн үйлчилгээ эрхлэх ангиллын гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ.
2.9. Ангилал тогтоох эрх бүхий байгууллагын эрх, үүрэг
2.9.1. Ангилал тогтоолгох хүсэлтийг хүлээн авч хянан үзэж шаардлага хангаж буй тохиолдолд зохих ангиллын гэрчилгээг тогтоосон хугацаанд олгох;
2.9.2. Тухайн ангиллын үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага хангаагүй тохиолдолд ангилал тогтоож, гэрчилгээ олгохоос татгалзах;
2.9.3. Ангилал тогтоолгосон үйлчилгээ эрхлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийн санд бүртгэх;
2.9.4. Ангилал тогтоолгосон байгууллагад мэдээллийн санд техникийн үйлчилгээ, засварын тухай мэдээлэл оруулах эрх олгох, эрхийг цуцлах;
2.9.5. Ангилал тогтоолгосон байгууллагатай гэрээ байгуулах, гэрээг тогтоосон хугацаанд дүгнэх, ангиллын гэрчилгээг сунгах, хүчингүй болгох;
2.9.6. Ангилал тогтоолгосон байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах;
2.9.7. Гэрээний нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт, шалгалт тавих;
2.9.8. Авто үйлчилгээний мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, шинэчлэлийг хариуцна;
2.9.9. Авто үйлчилгээний талаарх статистик мэдээ тайланг жилийн эхний хагас болон жилийн эцэс, мөн шаардлагатай тохиолдолд тухай бүр нь гарган автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.10. Ангилал тогтоох эрх бүхий байгууллага нь ангилал тогтоолгосон байгууллагатай тухайн ажил үйлчилгээг төрөл, хүчин чадал, технологийн карт, цагийн хуваарийн дагуу үзүүлэх талаар болон тухайн хоёр байгууллагын эрх, үүрэг, хариуцлагын тухай тохиролцож гэрээ байгуулна.
2.11. Ангилал тогтоолгох хугацаа, түүнийг сунгах
2.11.1. Ангилал тогтоосон гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоосон хугацаагаар олгоно.
2.11.2. Тухайн үйлчилгээний ангиллын хугацааг сунгахдаа улсын байцаагчийн эсвэл шинжээчийн дүгнэлтийг үндэслэн анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгаж болно.
2.11.3. Тухайн үйлчилгээний байгууллагад тавигдах нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд гэрчилгээний хугацааг сунгахгүй.
2.12. Тогтоосон ангиллыг түр түдгэлзүүлэх.
2.12.1. Үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага, автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн ангилал тогтоосон эрх бүхий байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно;
2.12.2. Үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тухай мэргэжлийн хяналтын байгууллага, автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн ангилал тогтоосон эрх бүхий байгууллага тогтоосон ангиллыг сэргээнэ. Тогтоосон ангиллыг сэргээхдээ анх олгосон хугацаанаас нь үргэлжлүүлнэ.
2.13. Ангилал тогтоосон эрх бүхий байгууллага нь дараах тохиолдолд ангилал тогтоосныг хүчингүйд тооцно. Үүнд:
2.13.1. Эзэмшигч хүсэлт гаргасан;
2.13.2. Хуулийн этгээд татан буугдсан;
2.13.3. Гэрчилгээнд заасан төрлийн үйлчилгээг шалтгаангүйгээр гурван сараас дээш хугацаагаар эрхлээгүй буюу тавигдах шаардлагыг хангахгүй болсон;
2.13.4. Үйлчлүүлэгчдээс удаа дараа (2 ба түүнээс дээш) гомдол гарч тэр нь мэргэжлийн байгууллагаас үндэслэлтэй гэж тогтоосон;
2.13.5. Ангиллын гэрчилгээг бусдад шилжүүлсэн, худалдсан, барьцаалсан;
2.13.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн;
2.13.7. Авто үйлчилгээ эрхлэгч нь “Авто үйлчилгээний мэдээллийн сан”-д техникийн үйлчилгээ, засварын тухай мэдээллээ тогтмол оруулаагүй.
2.14. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн, хүчингүйд тооцсон тохиолдолд ангилал тогтоосон эрх бүхий байгууллага энэ тухай олон нийтэд мэдээлнэ.
2.15. Авто үйлчилгээ эрхлэгч нь тогтоолгосон ангиллаа өөрчлөх, нэмэгдүүлэх тохиолдолд зөвхөн тухай ангилалд хамаарах хүрээнд улсын байцаагчийн эсвэл шинжээчийн дүгнэлт гаргуулна.
2.16. Тохирлын баталгаа, улсын байцаагчийн эсвэл шинжээчийн дүгнэлтэд үндэслэн үйлчилгээний ангиллыг дахин тогтоон гэрчилгээ олгоно.
2.17. Үйлчилгээ эрхлэгч нь олон байршилд үйл ажиллагаа эрхлэх бол салбар тус бүрт ангилал тогтоолгон гэрчилгээ авсан байна.
2.18. Авто үйлчилгээ эрхлэгч нь “Авто үйлчилгээний мэдээллийн сан”-д техник үйлчилгээ, засварын тухай мэдээллээ тогтмол оруулна.
2.19. Үйлчлүүлэгч нь үйлчилгээтэй холбоотой гомдлоо тухайн байгууллагын удирдлагад гаргаж шийдвэрлүүлнэ. Хэрэв тухайн үйлчилгээний байгууллага гомдлыг шийдвэрлээгүй, гаргасан шийдвэр үйлчлүүлэгчийн шаардлагыг хангаагүй тохиолдолд эрх бүхий эсвэл хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. Үйлчилгээтэй холбоотой гомдлыг холбогдох байгууллага 14 хоногийн дотор шалгаж хариу өгнө.
2.20. Авто үйлчилгээ эрхлэгч тухайн ангиллын авто үйлчилгээг эрхлэх гэрчилгээ, мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээг цахимаар авч ашиглана.
Гурав. Авто үйлчилгээ эрхлэгчийн нийтлэг эрх, үүрэг
3.1. Авто үйлчилгээ эрхлэгч нь дараах эрх эдэлнэ.
3.1.1.мэргэжлийн байгууллагаар ажил үйлчилгээнийхээ чанар, байдлыг үнэлүүлж зохих ангилал тогтоолгох;
3.1.2. Үйлчилгээтэй холбоотой холбогдох мэдээллээ нэгдсэн санд бүртгүүлэх;
3.1.3. Шаардлагатай асуудлаар саналаа эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
3.2. Авто үйлчилгээ эрхлэгчийн үүрэг.
3.2.1. Ажил, үйлчилгээний талаарх мэдээллээ нэгдсэн мэдээллийн санд байршуулах;
3.2.2. Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхдээ үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгон ашиглах бөгөөд технологийн карт, аюулгүйн ажиллагааны дүрэм боловсруулж мөрдөн ажиллах;
3.2.3. Техникийн үйлчилгээ, засварын үнэ тарифыг тогтоох, үйлчилгээндээ үндэслэлтэй тогтоосон үнэ тарифыг мөрдөх;
3.2.4. Үйлчилгээндээ баталгаат хугацаа тогтоох, баталгаат хугацаанд техникийн үйлчилгээ, засварыг хэрэглэгчид үзүүлэх;
3.2.5. Тээврийн хэрэгсэлд хийсэн засвар, үйлчилгээний мэдээллийг тухай бүрт нь мэдээллийн санд бүртгэж оруулах;
3.2.6. Авто үйлчилгээ эрхлэгч нь “Хог хаягдлын тухай” хуулийн 10.2.4-д “Хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсвэл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж заасны дагуу хамтран ажиллах;
3.2.7. Авто угаалгын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усаа дахин цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглах;
3.2.8 Энэ журмын 2.6-д заасны дагуу хүсэлтээ илгээхдээ барилга байгууламж, тоног төхөөрөмжийн тод харагдахуйц зураг, хүний нөөц, үйлчилгээний газрын байршил, нэр, хаягийн мэдээллийг хавсаргана.
3.2.9. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн засаг захиргаатай гэрээ байгуулж ажиллана.
Дөрөв. Хяналт тавих эрх бүхий байгууллагын эрх, үүрэг
4.1. Авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн хяналт, шалгалтын асуудал эрхэлсэн төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хяналтын алба, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
4.2. Ажил үйлчилгээний талаарх мэдээллээ нэгдсэн мэдээллийн санд тогтмол байршуулдаг авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллага олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
----оОо-----
Текст томруулах
A
A
A