A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн

90 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ,

 ЗАСВАР ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь авто тээврийн хэрэгслийн хадгалалт, техникийн үйлчилгээ, засвар болон ашиглалттай холбогдсон материалаар хангах үйлчилгээ (цаашид “авто үйлчилгээ” гэх) эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэхүү журмыг өмчийн төрөл харгалзахгүй авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан дагаж мөрдөнө.

1.3.Автотээврийн тухай хууль болон холбогдох стандарт, дүрэм, журмаар тогтоосон шаардлагыг бүрэн хангаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага “Авто үйлчилгээ-Ангилал, ерөнхий шаардлага” MNS 5025:2010 стандартад заасан ангиллын хүрээнд үйлчилгээ эрхэлж болно.

1.4.Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандарт болон оюуны өмчийн харилцааны тухай болон патенттай холбоотой Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээрийг мөрдөн ажиллана.

1.5.Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхдээ тохирлын үнэлгээнд  хамрагдаж тохирлын баталгаа авсан, эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгосон байна.

1.6.Авто үйлчилгээний байгууллага нь тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар жил бүр тохирлын баталгаанд хамрагдсан байна.

1.7.Үйлчилгээндээ Үндэсний тохирлын тэмдэг, Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001 стандартыг нэвтрүүлсэн авто үйлчилгээний байгууллагыг тохирлын үнэлгээнд хамруулахгүй.

1.8.Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах этгээдэд тавих шаардлагыг үндэсний стандартаар тогтооно.

1.9.Авто үйлчилгээ нь дараах төрөлтэй байна. Үүнд:

1.9.1.техникийн үйлчилгээ, засвар

1.9.2.ашиглалтын материалаар хангах

1.9.3.тээврийн хэрэгслийн хадгалалт

1.10.Авто үйлчилгээний байгууллагын ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, үйл ажиллагаандаа заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна.

1.11.Авто үйлчилгээний байгууллага нь орон нутгийн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан тухайн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд тавигдаж буй нийтлэг шаардлагыг мөрдөж ажиллана.

1.12.Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон бүтээгдэхүүнтэй холбоотой зохиогчийн эрх, патент, лиценз, гэрчилгээ эзэмшигчийн зохих зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэгчийн болон бүтээгдэхүүний нэрийг үйлчилгээндээ ашиглахыг хориглоно.

1.13.Эрх бүхий байгууллагаас батлан гаргасан насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байр, ажил мэргэжлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

 

Хоёр. Нэр томьёоны тайлбар

2.1.Энэхүү журамд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1.“Техникийн хяналт” гэж авто үйлчилгээний байгууллагын үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл нь холбогдох хууль, стандарт, техникийн зохицуулалт, норм, нормативт заасан үзүүлэлт, шаардлагад тохирч байгаа эсэхийг мэргэшлийн үүднээс  тодорхойлох үйл ажиллагаа;

2.1.2.“Тохирлын үнэлгээний байгууллага” гэж авто үйлчилгээний байгууллагад техникийн хяналт хийх эрх бүхий  байгууллагыг;

2.1.3.“Техникийн хяналтын шинжээч” гэж  техникийн хяналт хийж дүгнэлт гаргах эрх бүхий этгээд;

2.1.4.“Техникийн хяналтын шинжээчийн дүгнэлт” гэж авто үйлчилгээний байгууллагын үйлчилгээ, тоног төхөөрөмж, ажлын байрны орчин нөхцөл, хэвийн ажиллагаа, аюулгүй байдлын үзүүлэлт нь эрх бүхий байгууллагаас батлан гаргасан нийтээр дагж мөрдөх дүрэм, журам, стандартаар тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлсон баримт(цаашид “шинжээчийн дүгнэлт” гэх);

2.1.5.“Авто үйлчилгээний мэдээллийн сан” гэж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн төрөлжсөн дэд сан (цаашид “мэдээллийн сан” гэх);

2.1.6.“Баталгаат хугацаа” гэж авто үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацааг.

2.2.Энэхүү журамд ишлэл болгосон эрх зүйн баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд албан ёсны хамгийн сүүлийн эх материалыг татаж хэрэглэнэ.

 

Гурав. Техникийн болон засварын үйлчилгээ

 

3.1.Техникийн болон засварын үйлчилгээнд тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн бүх төрлийн техникийн үйлчилгээ, засвар, угаалга зэрэг үйлчилгээ хамаарна.

3.2.Техникийн болон засварын үйлчилгээ үзүүлэх байгууллага нь автотээврийн салбарын мэргэжлийн байгууллага байх бөгөөд инженер техникийн ажилчид нь тухайн ажил, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй байна.

3.3.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхдээ үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгон ашиглах бөгөөд технологийн карт, аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулж мөрдөн ажиллана.

3.4.Техникийн болон засварын үйлчилгээ үзүүлэх байгууллага нь (авто угаалгаас бусад) үйлчилгээ, засварын ажилдаа техникийн үзүүлэлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаад баталгаа гаргаж өгөх ба баталгааг дагалдах хуудсаар баримтжуулна.

3.5.Баталгаат хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаанаас доошгүй байх бөгөөд хэрэв үйлдвэрлэгчээс хугацаа тогтоогоогүй бол баталгаат хугацаа нь 6 сараас доошгүй байна.

3.6.Техникийн үйлчилгээ, засварын байгууллагын, эрх, үүрэг

3.6.1.техникийн үйлчилгээ, засварын үнэ тарифыг тогтоох;

3.6.2.аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулан мөрдүүлэх;

3.6.3.үйлчилгээндээ баталгаат хугацаа тогтоох;

3.6.4.үйлчилгээ үзүүлэхдээ тээврийн хэрэгслийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай бүртгэл хөтлөх ба хүлээн авсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцна;

3.6.5.засвар үйлчилгээний мэдээллийг тухай бүрт нь мэдээллийн санд тэмдэглэнэ;

3.6.6.баталгаат хугацаанд техникийн үйлчилгээ, засварыг хэрэглэгчид үзүүлэх;

3.6.7.үйлчилгээндээ үндэслэлтэй тогтоосон үнэ тарифыг мөрдөх;

3.6.8.үйлчилгээ, засвар хийсэн тээврийн хэрэгслийг үйлчлүүлэгчид техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаатай эсэхийг нь шалгаж хүлээлгэн өгөх;

3.6.9.өөрийн үйлчилгээний төвийн байршил, цагийн хуваарь зэрэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

3.6.10.засвар үйлчилгээ хийлгэх захиалгыг цахим сүлжээгээр хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх.

3.7.Техникийн болон засварын үйлчилгээ эрхлэх байгууллагад хориглох зүйл

3.7.1.гарал үүслийн гэрчилгээгүй, үйлдвэрлэгчээс тогтоосон баталгаат болон хадгалах хугацаа дууссан, мөн чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчлэх;

3.7.2.хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, үндэслэлгүй тогтоосон үнэ тариф мөрдөх;

3.7.3.хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулах, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах аюултай бодис, технологийг зөвшөөрөлгүйгээр ашиглах;

3.7.4.техникийн үйлчилгээ, засварт хүлээн авсан тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох, бусад байдлаар ашиглах;

3.7.5.зохих журмын дагуу тохирлын үнэлгээнд хамрагдаагүй, эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгохгүйгээр үйлчилгээ эрхлэх.

 

Дөрөв. Ашиглалтын материалаар хангах үйл ажиллагаа

4.1.Ашиглалтын материалаар хангах үйлчилгээнд тээврийн хэрэгсэл, түүний сэлбэг, тоног төхөөрөмж худалдаалах, түүгээр үйлчлэх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалаар (цаашид “бараа, бүтээгдэхүүн” гэх) хангах зэрэг үйлчилгээ хамаарна.

4.2.Ашиглалтын материалаар хангах байгууллагын үүрэг.

4.2.1.нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт шаардлагад нийцэж байгаад баталгаа гаргаж өгөх ба баталгааг дагалдах хуудсаар баримтжуулна;

4.2.2.баталгаат хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаанаас доошгүй байх бөгөөд баталгаат хугацаанд техникийн бүрэн байдалтай холбоотой үйлчилгээг хариуцна;

4.2.3.хэрэв үйлдвэрлэгч удаан хугацаанд хэрэглэх бараанд баталгаат хугацаа тогтоогоогүй бол барааг үйлчлүүлэгчид нийлүүлсэн өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд барааны чанар, аюулгүй байдлын баталгаа гаргана;

4.2.4.нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, хадгалах, ашиглахад дагаж мөрдөх зааварчилгаа болон бусад мэдээллийг хэрэглэгчид үнэн зөв өгөх;

4.2.5.тээврийн хэрэгсэл нийлүүлсэн иргэн аж ахуйн нэгж байгууллага нь ашиглалтын хугацаанд найдвартай ажиллагааг хангах зорилгоор техникийн үйлчилгээг зохион байгуулах, түүнчлэн үйлдвэрлэлийн хугацаанд болон түүнийг үйлдвэрлэлээс хассанаас хойш ашиглалтын хугацаа дуусах хүртэлх хугацаанд, хэрэв ийм хугацаа заагаагүй бол худалдаанд нийлүүлснээс хойш 5 хүртэл жилийн хугацаанд холбогдох сэлбэг хэрэгслийг худалдаанд нийлүүлж байх.

4.3.Ашиглалтын материалаар хангах байгууллагад хориглох зүйл.

4.3.1.гарал үүслийн гэрчилгээгүй, үйлдвэрлэгчээс тогтоосон баталгаат болон хадгалах хугацаа дууссан, мөн чанарын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх;

4.3.2.хууран мэхлэх аргаар бараа, бүтээгдэхүүн борлуулан хэрэглэгчийг хохироох.

4.3.3.зохих журмын дагуу тохирлын үнэлгээнд хамрагдаагүй, эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгоогүйгээр үйлчилгээ эрхлэх.

 

Тав. Тээврийн хэрэгслийн хадгалалтын үйлчилгээ

5.1.Тээврийн хэрэгслийн хадгалалтын үйлчилгээнд тээврийн хэрэгслийг урт, богино хугацаагаар хадгалах авто зогсоол, түүнтэй нийцсэн бусад үйлчилгээг төлбөртэйгөөр үзүүлэхэд хамаарна.

5.2.Тээврийн хэрэгслийн хадгалалтын  үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын үүрэг.

5.3.авто зогсоол нь “Авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага” MNS 5342:2007 стандартын шаардлагад бүрэн нийцсэн байх;

5.3.1.тээврийнхэрэгслийг хадгалалтад хүлээн авах, хүлээлгэн өгсөн тухай цахим бүртгэл хөтлөх;

5.3.2.тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд тухай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;

5.3.3.авто зогсоолын аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцах;

5.3.4.аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулан мөрдөх;

5.3.5.Тээврийн хэрэгслийн хадгалалтын  үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад хориглох зүйл;

5.3.6.зогсоолын тоо, үйлчилгээний хүчин чадлаас илүү тээврийн хэрэгсэл хүлээн авах;

5.3.7.хадгалалтад хүлээн авсан тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох, бусад байдлаар ашиглах.

 

Зургаа. Тохирлын үнэлгээ хийх үйл ажиллагаа

 

6.1.Тохирлын үнэлгээг “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуульд заасны дагуу Стандартчиллын төв байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага гүйцэтгэнэ.

6.2.Тохирлын үнэлгээг “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 17 дугаар зүйлд заасан “Техникийн хяналт”-ын төрлөөр хийнэ.

6.3.“Техникийн хяналт”-ыг “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд хийнэ.

6.4.Авто үйлчилгээний байгууллага нь тохирлын үнэлгээнд хамрагдах хүсэлтээ мэдээллийн сан дах батлагдсан маягтын дагуу тохирлын үнэлгээний байгууллагад  гаргана.

6.5.Тохирлын үнэлгээний байгууллага нь тохирлын үнэлгээнд хамрагдах хүсэлтийг хүлээн авснаар ажлын 5 хоногийн дотор шинжээчийн дүгнэлт гаргана.

6.7.Техникийн хяналтын шинжээч нь автотээврийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавраас доошгүй зэрэгтэй, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, мэргэшсэн, эсвэл зөвлөх инженерийн зэрэгтэй, тохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байна.

 

Долоо. Авто үйлчилгээний мэдээллийн сан

7.1.“Авто үйлчилгээний мэдээллийн сан” нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн төрөлжсөн бусад сантай холбогдон ажилладаг, мэдээлэл солилцдог байна.

7.2.Мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон зааврыг зохих байгууллагуудтай зөвшилцөн  ангилал тогтоох эрх бүхий байгууллага боловсруулан хэрэгжүүлнэ.

7.3.Мэдээллийн санд тохирлын үнэлгээ хийх, ангилал тогтоох, засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад мэдээлэл хамаарна.

7.4.Ашиглалтын бусад мэдээлэлд тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд холбогдсон зам тээврийн осол, гал түймэр, байгалийн гамшиг, техникийн хяналтын үзлэг, даатгал болон марк, зориулалт өөрчилсөн мэдээлэл хамаарна.

7.5.Энэхүү журмын 7.4-т заасан мэдээллийг тухайн асуудлыг хариуцсан эрх бүхий байгууллагууд тухай бүрд нь оруулах ба тэдгээр мэдээллийн сангуудтай холбогдсон байна.

7.6.Мэдээллийн сангийн аюулгүй байдал, нууцлал, түүнийг хөгжүүлэх асуудлыг авто үйлчилгээний ангилал тогтоох эрх бүхий байгууллага хариуцна.

7.7.Тохирлын үнэлгээнд хамрагдах, ангилал тогтоолгох хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг мэдээллийн сангийн программ хангамжаар дамжин хийгдэнэ.

7.8.Мэдээллийн сангийн засвар үйлчилгээний хэсэгт оруулсан мэдээллийг өөрчлөх эрх зөвхөн мэдээллийн сангийн эрх бүхий тушаалтанд байна.

 

Найм. ХАРИУЦЛАГА

 

8.1.Авто үйлчилгээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Патентын тухай хууль”, “Өрсөлдөөний тухай хууль” болон холбогдох бусад хууль, эрх зүйн баримт бичгийг мөрдөн шийдвэрлэнэ.

8.2.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.3.Авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх нь зөвхөн хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтанд хамаарна.

8.4.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд энэ тухай олон нийтэд мэдээлнэ.

 

 

 

-----оОо-----