A

A

A

Бүлэг: 1979

     Засгийн газрын 2016 оны 229 дүгээр
                   тогтоолын 2 дугаар хавсралт

“САЙН ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙН
ЕРӨНХИЙ ЖУРАМ

/ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн, өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэн (цаашид “оюутан” гэх)-д сургалтын төлбөрийн зээл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

    1.2. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог дараах байдлаар ойлгоно:

           1.2.1. “оролцогч банк” гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан банкийг;

           1.2.2. “оролцогч сургууль” гэж хөтөлбөрт оролцохоор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий дээд боловсролын сургалтын байгууллагыг;

           1.2.3. “суралцах хугацаа” гэж Монгол Улсын Дээд боловсролын тухай хуульд заасан бакалаврын дээд боловсрол эзэмших сургалтын үндсэн                  4-6 жилийн хугацааг;

           1.2.4. “оюутны гэр бүлийн гишүүн” гэдэгт эцэг, эх, эмээ, өвөө, төрсөн ах, эгч, дүү, асран хамгаалагч;

           1.2.5. “дахин санхүүжилтийн зээл” гэж оюутны сургалтын төлбөрийн зориулалтаар өмнө нь олгогдсон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх үйл ажиллагааг;

           1.2.6. “богино хугацаатай зээл” гэж тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрт зориулан авсан зээлийг;

           1.2.7. “урт хугацаатай зээл” гэж суралцах үндсэн 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөрийн зориулалтаар хуримтлуулан авсан зээлийг.

    1.3. Хөтөлбөрийн зээлийн гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, тэдгээрийн хоорондын санхүүгийн хэлцлийн нөхцөлийг тус тусын гэрээгээр зохицуулна.

Хоёр. Зээл, зээлийн санхүүжилт

    2.1. Энэхүү журмын хүрээнд дараах 3 төрлийн зээлийг олгоно:

            2.1.1. дахин санхүүжилтийн зээл;

            2.1.2. богино хугацаатай зээл;

            2.1.3. урт хугацаатай зээл.

2.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын үнэт цаас гаргах замаар бүрдүүлсэн хөрөнгийг оролцогч банкинд хугацаатай мөнгөн хадгаламж, эсхүл зээл хэлбэрээр байршуулж, энэхүү журмын    2.1-д заасан зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

2.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дахин санхүүжилтэд зориулан гаргах үнэт цаас, байршуулах мөнгөн хадгаламж, эсхүл зээл нь дараах нөхцөлтэй байна:

         2.3.1. хүү (жилийн): 1 хувь;

         2.3.2. дүн: дахин санхүүжилтийн зээлийн дүн;

         2.3.3. хугацаа (жил): цалин, тэтгэврийн зээлийн дуусах хугацаагаар. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 314-р тогтоолоор өөрчилсөн/

2.4. Богино болон урт хугацаатай зээл олгоход зориулан гаргах үнэт цаас, байршуулах мөнгөн хадгаламж, эсхүл зээл нь дараах нөхцөлтэй байна:

         2.4.1. зориулалт: сургалтын төлбөрийн зээл олгох;

         2.4.2. хүү (жилийн): 1 хувь;

         2.4.3. дүн: тухайн санхүүгийн жилийн сургалтын төлбөрийн зээлийн
эрэлтээс хамаарна;

         2.4.4. хугацаа (жил): богино хугацаатай зээл: 1 жил хүртэлх

                   урт хугацаатай зээл: 10 жил хүртэлх

     2.5. Оролцогч банк энэхүү журмын 2.3-т заасан эх үүсвэрийг авч байгаа тохиолдолд санхүүжилт хүссэн албан тоот, дахин санхүүжилтийн зээлийн мэдээ, энэхүү журмын 2.4-т заасан эх үүсвэрийг анх удаа авч байгаа тохиолдолд зөвхөн санхүүжилт хүссэн албан тоот, 2 буюу түүнээс дээш удаа авч байгаа тохиолдолд энэхүү журмын 2.6-д заасан баримт бичгийг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

     2.6. Оролцогч банк нь хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг 2 буюу түүнээс дээш удаа авч байгаа тохиолдолд дараах баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

          
              2.6.1. санхүүжилт хүссэн албан бичиг;

              2.6.2. өмнө авсан эх үүсвэрийг ашигласан тухай тайлан;

              2.6.3. эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан зээл олгоход шаардагдах эх үүсвэрийн тооцоо;

              2.6.4. Засгийн газраас олгосон мөнгөн хадгаламж, эсхүл зээлийг хугацаандаа төлөхийг баталсан энгийн вексель;

              2.6.5. хөтөлбөрт оролцох шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэхийг нотлох бусад баримт бичиг.

     2.7. Оролцогч банк нь энэхүү хөтөлбөрт зориулан гаргасан өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасыг худалдаж эх үүсвэрийг бүрдүүлнэ. 

     2.8. Оролцогч банк боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах үйл ажиллагааг өөрийн зардлаар зохион байгуулна:

             2.8.1. хөтөлбөр хэрэгжүүлэх зар сурталчилгаа явуулах;

             2.8.2. төгсөгчдийн ажил эрхлэлт, орлогын түвшин, төгссөн мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэх асуудлыг хамарсан судалгаа хийлгэх;

             2.8.3. хөтөлбөрийн нийгэм, эдийн засгийн үр ашиг, зардлын шинжилгээ, дүгнэлт хийлгэх.

     2.9. Оролцогч сургууль нь энэхүү хөтөлбөрийн урт хугацаатай зээлээр төлөгдсөн оюутны сургалтын төлбөрийн 2 хувийг оролцогч банкинд байршуулж, оюутны зээлийн үүргийн гүйцэтгэлийн 10 хувийг хариуцна.

     2.10. Оролцогч банк болон оролцогч сургууль энэхүү журмын 2.9-т заасан хөрөнгийг хадгалах, эрсдэл үүссэн тохиолдолд уг хөрөнгийг зарцуулах харилцааг зохицуулах гэрээ байгуулна.

Гурав. Дахин санхүүжилтийн зээлийн
нөхцөл, шаардлага

3.1. Оюутны сургалтын төлбөр төлөх зориулалтаар банкнаас авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээг зөвхөн 1 удаа авна.

3.2. Дахин санхүүжилтийн хүсэлт хүлээн авах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд зарлана.

3.3. Дахин санхүүжилтийн зээлд хамрагдах оюутан энэхүү журмын 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.

3.4. Дахин санхүүжилтэд хамрагдах цалин, тэтгэврийн зээлд дараах шаардлагыг тавина:

       3.4.1. оюутны сургалтын төлбөрт зориулан авсан зээлийг, олгосон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор сургуульд нь төлсөн байх;

       3.4.2. зээлийг банкнаас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө авсан байх; /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 314-р тогтоолоор өөрчилсөн/

3.5. Энэхүү журмын 3.4-т заасан шаардлагыг хангасан зээлийг үндсэн төлбөрийн үлдэгдэл болон зээлээр төлсөн сургалтын төлбөрийн аль бага дүнгээр нь тооцож дараах нөхцөлтэй зээлд шилжүүлнэ:

       3.5.1. зээлийн хүү жилийн 5 хувь байна.

       3.5.2. цалин, тэтгэврийн зээлд тавигдаж байсан бусад нөхцөл хэвээр хадгалагдана.

3.6. Дахин санхүүжилтэд хамрагдах хүсэлтэй оюутны гэр бүлийн гишүүн дараах материалыг бүрдүүлэн оролцогч банкинд хандана:

        3.6.1. дахин санхүүжилтийн зээлд хамрагдах хүсэлт;

        3.6.2. сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримт; /ЗГ-ын 2016 оны 314-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

        3.6.3. сургалтын төлбөр төлснийг нотлох оролцогч сургуулийн тодорхойлолт болон сургуулийн дансны хуулга;

        3.6.4. гэр бүлийн гишүүн мөн болохыг нотлох баримт, эсхүл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын лавлагаа;

        3.6.5. оюутан нь энэхүү журмын 4.2-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бүрдүүлэх.

3.7. Банк дахин санхүүжилтийн зээлийг олгохдоо дараах зарчмыг баримтална:

        3.7.1. дахин санхүүжилтийн зээлийн буцаан төлөлтийг гэр бүлийн гишүүн хариуцсан хэвээр байх;

        3.7.2. дахин санхүүжилтийн зээлийг “оюутны зээл” ангилалд бүртгэх.

Дөрөв. Богино хугацаатай зээлийн
нөхцөл, шаардлага

4.1. Энэхүү журмын дагуу олгох богино хугацаатай зээл дараах нөхцөлтэй байна:

       4.1.1. зээлийн дүн: оролцогч сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй;

       4.1.2. зээлийн хүү (жилийн): 5 хувь;

       4.1.3. зээлийн хугацаа (сар): 12 сар хүртэлх;

       4.1.4. зээлийн эргэн төлөлт: зээлдэгчийн орлогод суурилсан, сар бүр тэнцүү төлбөрийн хуваарьтай;

       4.1.5. үйлчилгээний шимтгэл: оролцогч банкны дотоод журамд заасны дагуу.

4.2. “Сайн оюутан” хөтөлбөрийн богино хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байна:

           4.2.1. эрх зүйн бүрэн чадамжтай байх;

           4.2.2. оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн эрхийн бичигтэй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх;

           4.2.3. шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд  сурлагын  голч дүн нь 2.5 болон түүнээс дээш  байх;

           4.2.4. зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь түүний гэр бүлийн гишүүн байх;

           4.2.5. үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

           4.2.6. үндсэн болон хамтран зээлдэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.

  4.3. Оюутан нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн оролцогч банкинд хандана:

         4.3.1. зээл хүссэн өргөдөл;

         4.3.2. иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

         4.3.3. сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);

         4.3.4. гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

         4.3.5. бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

         4.3.6. сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

         4.3.7. гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;

         4.3.8. банкнаас шаардсан бусад баримт.

   4.4. Оролцогч банк тухайн оюутанд олгосон зээлийг оролцогч сургуульд бүрэн шилжүүлж, зээлээр сургалтын төлбөр төлөгдсөн болохыг оюутанд мэдэгдэнэ.


Тав. Урт хугацаатай зээлийн нөхцөл, шаардлага

   5.1. Энэхүү журмын дагуу олгох урт хугацаатай зээл дараах нөхцөлтэй байна:

          5.1.1. зээлийн дүн: оролцогч сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон    1 жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй;

          5.1.2. зээлийн хүү жилийн: 5 хувь;

          5.1.2. зээлийн хугацаа: сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртэлх хугацаанд эргэн төлнө;

          5.1.3. зээлийн эргэн төлөлт: оюутны ирээдүйн орлогод суурилсан;

          5.1.4. зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3 жилийн хугацаанд;

          5.1.5. үйлчилгээний шимтгэл: оролцогч банкны дотоод журамд заасны дагуу;

          5.1.6. зээлийн давтамж: үндсэн 4-6 жилийн суралцах хугацаанд жилд 2 хүртэлх удаа.

   5.2. “Сайн оюутан” хөтөлбөрийн урт хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байна:

          5.2.1. эрх зүйн бүрэн чадамжтай байх;

          5.2.2. оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн эрхийн бичигтэй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх;

          5.2.3. шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд  сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш байх;

          5.2.4. энэхүү журмын 2.9-т заасан оролцогч сургуулийн батлан даалттай байх;

          5.2.5. гэр бүлийн гишүүн нь батлан даагч байх;

          5.2.6. оюутан нь зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу амь насны даатгалд хамрагдсан байх;

          5.2.7. үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

          5.2.8. үндсэн болон хамтран зээлдэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;

          5.2.9. оюутан нь хөтөлбөрийн зээлийг бүрэн төлж дуусталх хугацаанд энэхүү журамд зааснаас бусад төрлийн банкны зээл авахгүй байх нөхцөлийг зөвшөөрсөн байх;
  
          5.2.10. банкны зээлийн нэмэлт шалгуурыг хангасан байх.

   5.3. Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлэн оролцогч банкинд хандана:

           5.3.1. зээл хүссэн өргөдөл;

           5.3.2. иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

           5.3.3. сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);

           5.3.4. бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

           5.3.5. оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

    5.4. Оролцогч банк нь олгосон зээлийн 98 хувийг оролцогч сургуулийн дансанд, 2 хувийг энэхүү журмын 2.9-т заасан зориулалтаар тухайн банкин дахь оролцогч сургуулийн дансанд шилжүүлж, энэ тухайгаа оролцогч сургууль болон оюутанд мэдэгдэнэ.

Зургаа. Мэдээлэл, тайлан

     6.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зээлийн мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтэд мэдээлнэ.

     6.2. Оролцогч банк зээлийн мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкинд хүргүүлнэ.

     6.3. Оролцогч банк зээлдэгчийн зээлийн мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсролын нэгдсэн мэдээллийн сан болон Монголбанкны зээлийн мэдээллийн нэгдсэн санд оруулна.

     6.4. Оролцогч банк зээлийн мэдээг хөтөлбөр эхэлсэн эхний сард 7 хоног тутамд, 2 дахь сараас эхлэн сар бүр боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Долоо. Хяналт, хариуцлага

     7.1. Оролцогч банкинд олгосон “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийн  зориулалт, эргэн төлөлтөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

     7.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогч банкнаас оюутанд сургалтын зээл олгох үйл ажиллагаа энэхүү журам, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавина.
     7.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, ашиглалтад хяналт, шалгалт хийнэ.

     7.4. Оролцогч банк оюутанд олгосон сургалтын төлбөрийн зээлийн зориулалт, эргэн төлөлтийг хариуцна.

    7.5. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---