A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах, устгах журам
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын  2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А-63 тоот тушаалын хавсралт

 

Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх,

тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах,  устгах журам

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамал хамгаалах зорилгоор хэрэглэх биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, шаардлага хангахгүй бодисыг бүртгэлээс хасах, устгахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Биологийн гаралтай бодисыг туршиж, тэдгээрийг ашиглах хугацаа, тун, хэмжээ, хэрэглэх арга болон байгаль орчин, хүн, амьтан, ургамалд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тогтооно.

1.3. Биологийн гаралтай ургамал хамгааллын бодисыг турших ажлыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн (цаашид “холбогдох хүрээлэн” гэх) тус хариуцан гүйцэтгэнэ.

1.4. Холбогдох хүрээлэн нь ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг өөрөө сонгож туршихаас гадна импортлогч, үйлдвэрлэгчийн хүсэлтээр туршиж болно.

1.5. Холбогдох хүрээлэн нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ дэвшилтэт арга, техник ашиглан гадаад оронд болон дотоодод үйлдвэрлэсэн хүн, мал, амьтан, ургамалд хор хөнөөлгүй болох нь тогтоогдсон биологийн гаралтай ургамал хамгааллын бодисыг өөрийн хөрс, цаг уурын нөхцөлд ашиглах хугацаа, тун хэмжээ, хэрэглэх аргыг тогтоох зорилгоор туршиж болно.

1.6. Биологийн гаралтай бодисыг устгахад түүнийг туршсан холбогдох хүрээлэнгээс батлагдсан зөвлөмж, эсхүл үйлдвэрлэгч орон, олон улсад мөрдөж байгаа аргыг баримтална.

 

Хоёр. Журмын нэр томьёо

 

2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно:

2.1.1.“биологийн гаралтай бодис” гэдэгт ургамал хамгаалахад ашиглаж байгаа химийн гаралтай бодисоос бусад бүх төрлийн бэлдмэл, ургамлын өсөлт идэвхижүүлэгч, хөрсний ариутгал, халдваргүйтгэлийн бодис, ургамал ургамлын гаралтай бараа, бүтээгдэхүүний зоорь агуулахын ариутгал, халдваргүйтгэлийн бодис. 

 

Гурав. Биологийн гаралтай бодисыг турших

 

3.1. Биологийн гаралтай бодисыг турших газар болон арга зүйг туршилт явуулж байгаа холбогдох хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.2. Холбогдох хүрээлэн нь биологийн гаралтай бодис тус бүрийн хэрэглэх зохистой хугацаа, тун, хэмжээ, хэрэглэх арга, хүн, амьтан, ургамалд хор хөнөөлгүй болохыг талбайн болон лабораторийн туршилтын үр дүнд үндэслэн тогтооно.

3.3. Биологийн гаралтай бодисыг туршсан дүн, түүнийг хэрэглэх болон устгах арга, заавар, зөвлөмжийг туршилт хийсэн холбогдох хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, баталгаажуулан дүгнэлт гаргана.

3.4. Туршилт, судалгааны зориулалтаар импортлох биологийн гаралтай бодисын хэмжээ нь 100 кг, эсхүл 100 литрээс ихгүй байна.

3.5. Турших биологийн гаралтай бодис нь дараах шаардлагыг хангасан байна:

3.5.1.дотоодод үйлдвэрлэсэн биологийн гаралтай бодис нь үйлдвэрлэлийн технологийн заавар, стандарт буюу техникийн нөхцлийн талаар гаргасан тодорхойлолттой байх;

3.5.2.импортолсон биологийн гаралтай бодис нь олон улсын хэмжээнд хэрэглэхийг зөвшөөрсөн, үйлдвэрлэгч улсад бүртгэгдэж хоёроос доошгүй жил практикт хэрэглэж байгааг нотолсон баримт, тодорхойлолт болон хэрэглэх заавар, зөвлөмж дагалдсан байх.

3.6. Турших зориулалтаар биологийн гаралтай бодис импортлох зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

3.7. Энэ журмын 3.6-д заасан зөвшөөрлийг авахад дараах мэдээллийг монгол хэл дээр бүрдүүлж ирүүлнэ:

3.7.1.бүтээгдэхүүний нэр, найрлага дахь биологийн бодисын төрөл, зүйл;

3.7.2.бүтээгдэхүүн дэх биологийн бодисын нэр, төрөл, зүйлийн талаарх мэдээлэл;

3.7.3.ашиглах газар, зориулалт, хугацаа, тун, хэмжээ;

3.7.4.болзошгүй хор аюулын шинж чанар;

3.7.5.болзошгүй осол, эрсдлийн үед авах арга хэмжээ;

3.7.6.бодисыг таних, дээж авах, түүнийг шинжлэх арга зүй;

3.7.7.бодисыг тээвэрлэх, хадгалах, хэрэглэх, арга;

3.7.8.бодис, түүний хольц, (сав, баглаа боодол) хаягдлыг устгах арга.

3.8. Биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх үйл ажиллагаатай холбогдсон зардлыг тухайн бодисыг туршуулж байгаа иргэн, хуулийн этгээд хариуцна.

 

Дөрөв. Биологийн гаралтай бодисыг улсын бүртгэлд

бүртгүүлэхэд тавих шаардлага

 

4.1. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус  зөвлөл (цаашид “Зөвлөл" гэх) биологийн гаралтай бодисыг туршсан байдлыг улиралд хоёроос доошгүй удаа хэлэлцэж, түүнийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Зөвлөлийн ажиллах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.2. Биологийн гаралтай бодисыг бүртгүүлэхэд дараах материалыг  монгол хэл дээр бүрдүүлсэн байна:

4.2.1.биологийн гаралтай бодисыг бүртгүүлэгч иргэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, танилцуулга;

4.2.2.туршилт хийсэн холбогдох хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлын дүгнэлт;

4.2.3.сорилт, туршилтын дүнгийн дэлгэрэнгүй тайлан;

4.2.4.биологийн гаралтай бодисыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах тухай туршилт хийсэн холбогдох хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар баталгаажуулсан заавар зөвлөмж;

4.2.5.биологийн гаралтай бодисын шинж чанар, биологийн төрөл зүйл, түүний эзлэх хувь, хэмжээ, найрлагыг нарийвчлан тогтоосон  тодорхойлолт;

4.2.6.биологийн гаралтай бодисыг хэрэглэх хугацаа, тун, хэмжээ, тунгийн хязгаар, сөрөг нөлөө, үйлчлэлийн талаар лабораторийн болон талбайн сорилтын үр дүнг үндэслэн тогтоож, баталгаажуулсан заавар, зөвлөмж;

4.2.7.биологийн гаралтай бодисыг үйлдвэрлэх нөхцөл нь олон улсын болон тухайн орны үйлдвэрлэлийн практикт тавигддаг стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан болохыг нотолсон баримт, тодорхойлолт.

4.3. Туршилт хийсэн холбогдох хүрээлэн энэ журмын 4.2-д заасан нөхцлүүдийг хангасан биологийн гаралтай бодисыг Зөвлөлийн хуралдаанд оруулж танилцуулна.

4.4. Биологийн гаралтай бодисыг бүртгэх тухай Зөвлөлийн хуралдааны шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан бүртгэж, жагсаалтад оруулж, цахим хуудаст байршуулна.

4.5. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсад хэрэглэх биологийн гаралтай бодисын бүртгэл  /цаашид “бүртгэл” гэх/-ийг эрхлэн хөтөлнө.

4.6. Бүртгэлд орсон биологийн гаралтай бодисын жагсаалтыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудаст байршуулан шинэчилж байна.

 

Тав. Биологийн гаралтай бодисыг хэрэглэх

 

5.1. Биологийн гаралтай бодисыг бүртгэж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудаст байршуулсан өдрөөс эхлэн импортлох, үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрнө.

5.2. Иргэн, хуулийн этгээд нь биологийн гаралтай бодисыг батлагдсан заавар, зөвлөмжийн дагуу зориулалтаар нь хэрэглэнэ.

5.3. Бүртгэлд ороогүй биологийн гаралтай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, дотооддоо тээвэрлэх, хэрэглэхийг хориглоно.

 

Зургаа. Биологийн гаралтай бодисыг бүртгэлээс хасах

 

6.1. Биологийн гаралтай бодисыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон холбогдох хүрээлэнгийн хүсэлтээр бүртгэлээс хасна.

6.2. Биологийн гаралтай бодисыг дор дурьдсан нөхцөлд бүртгэлээс хасна:

6.2.1.биологийн гаралтай бодисыг хэрэглэх явцад хүн, мал, амьтан, ургамал болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон;

6.2.2.уг бодисыг олон улсын болон гадаад улсын байгууллагаас ашиглахыг хориглосон;

6.2.3.биологийн гаралтай бодисыг хуурамчаар үйлдвэрлэсэн нь тогтоогдсон.

6.3. Биологийн гаралтай бодисыг бүртгэлээс хасах тухай асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдаанд уг бодис, бордоог бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийг заавал байлцуулна.

6.4. Биологийн гаралтай бодисыг бүртгэлээс хасах тухай Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан бүртгэлээс хасч, цахим хуудаст байршуулна.

6.5. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь биологийн гаралтай бодисыг бүртгэлээс хассан тухай Зөвлөлийн хуралдааны шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан бүртгүүлэгч иргэн, хуулийн этгээдэд албан ёсоор мэдэгдэнэ.

6.6. Бүртгэлд орсон бодисыг батлагдсан зааврын дагуу хэрэглэх, хадгалах, тээвэрлэх, устгах явцад гарсан гомдол, эрсдэл, аюулыг тухайн бодисыг туршиж баталгаажуулсан холбогдох хүрээлэн хариуцна.

 

----оОо---