- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “САЙН ХАШАА” ХӨТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ /ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2016 оны 312 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
“САЙН ХАШАА” ХӨТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙН
ЕРӨНХИЙ ЖУРАМ
/ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Сайн хашаа” хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т заасан зорилтот бүсэд амьдарч байгаа иргэдийн амины орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй болгох зорилгоор хөнгөлөлттэй зээл (цаашид “зээл” гэх) олгохтой холбогдсон нийтлэг харилцааг зохицуулж, зээлийн ерөнхий нөхцөлийг тогтооход энэ журмын зорилго оршино.
Хоёр. Хөнгөлөлттэй зээл олгоход
тавих шаардлага
2.1. Хөтөлбөрт оролцогч банк (цаашид “банк” гэх) дараах шаардлага хангасан байна:
2.1.1. зорилтот бүсэд салбар, нэгжтэй байх;
2.1.2. Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 1 жил аливаа зөрчилгүй хангасан байх;
2.1.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг бизнес төлөвлөгөөндөө тусгасан байх;
2.1.4. хөтөлбөрт оролцох хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн байх;
2.1.5. зээлийн эрсдэлийг бүрэн хариуцдаг байх;
2.1.6. зээлийн эргэн төлөлтийг үнэт цаасаар баталгаажуулсан байх.
2.2. Зээлдэгч дараах үндсэн шалгуурыг хангасан байна:
2.2.1. газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх;
2.2.2. арилжааны банкнаас шаардах даатгалд хамрагдсан байх;
2.2.3. “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон хөнгөлөлттэй зээлийг энэхүү журмын 3.1-д заасан зориулалтын дагуу зарцуулах.
Гурав. Хөнгөлөлттэй зээлийн зориулалт
3.1. Хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийг дэд бүтцийн болон дахин санхүүжилтийн зориулалтаар шаардлага хангасан иргэнд олгоно.
3.1.1. дэд бүтцийн зээл нь зөвхөн бохир, дулаан, цэвэр усны хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдана. Энэхүү инженерийн дэд бүтцийн зориулалтаар зээлийг хэсэгчлэн олгох тохиолдолд дор дурдсан дарааллыг баримтлан зээл олгоно:
1) бохир
2) дулаан
3) цэвэр усны хангамж
3.1.2. дахин санхүүжилтийн зээлийг зөвхөн дэд бүтцийн зээлийн шаардлага хангасан иргэнд олгоно.
3.2. Иргэн “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ энэхүү журмын 3.1-д заасан зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд түүнийг Засгийн газраас хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөр, арга хэмжээнд 5 жилийн хугацаанд хамруулахгүй.
Дөрөв. Зээлийн нөхцөл
4.1. Дэд бүтцийн зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч нийт зээлийн 50 хувь, улсын төсөв 25 хувь, орон нутгийн төсөв 25 хувиар тус тус хариуцна.
4.2. Иргэнд банкнаас олгох дэд бүтцийн зээлийн хугацаа 60 сар хүртэл, жилийн хүүгийн хэмжээ 5 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 24 сар байна.
4.3. Дахин санхүүжилтийн зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч бүрэн хариуцна.
4.4. Иргэнд банкнаас олгох дахин санхүүжилтийн зээлийн хугацаа 60 сар хүртэл, жилийн хүүгийн хэмжээ 10 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 24 сар байна.
4.5. Энэхүү журмын 3.1.1-д заасан зээлийн хэмжээ нэг зээлдэгчид 10 сая төгрөг, 3.1.2-т заасан зээлийн хэмжээ 5 сая төгрөг хүртэлх хэмжээтэй байна.
4.6. Энэхүү журмын 4.1-д заасан зээлдэгчийн хариуцах зээлийн эргэн төлөлт хийгдсэний дараа улсын болон орон нутгийн төсвөөс хариуцах эргэн төлөлт хийгдэнэ.
4.7. Зээлдэгч зээлийг урьдчилан төлсөн тохиолдолд банкинд данс нээж, мөнгөн хөрөнгө байршуулан төлбөр хийх замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцах зээлийн төлбөрийн асуудлыг зохицуулж болно.
Тав. Зээлийн санхүүжилт
5.1. Банкнаас хөтөлбөрийн зээлд шаардлагатай хөрөнгийн тооцоо, зээлийн эх үүсвэрийн хүсэлтийг энэ журмын 4.1 болон 4.3-т заасан хувь хэмжээгээр гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.2. Энэ журмын 5.1-д заасан хүсэлтийг зээлийн хэмжээ, зээлдэгчийн тоо буюу тодорхой хугацааны давтамжтайгаар хүргүүлж болно.
5.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зээл олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор энэ журмын 5.2-т заасан хүсэлтийг үндэслэн Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаална.
5.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 5.3-т заасны дагуу Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн эх үүсвэрийг жилийн 1 хувийн хүүтэйгээр гэрээний үндсэн дээр оролцогч банкуудад зээл, эсхүл хадгаламж хэлбэрээр байршуулна.
5.5. Оролцогч банк энэ журмын 5.3-т заасан Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкинд арилжаалж, хөтөлбөрийн зээл олгоход шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлнэ.
5.6. Оролцогч банк энэ журмын 5.5-д заасны дагуу бүрдүүлсэн эх үүсвэрээс зөвхөн мөн журамд заасан зориулалтаар зээл олгоно.
Зургаа. Тайлан
6.1. Оролцогч банкнаас энэ журмын дагуу олгосон нийт зээл, зээлийн эх үүсвэрийн сарын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төсөлд оролцогч төсвийн ерөнхийлөн захирагчид дараа сарын эхний 5 хоногийн дотор хүргүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A