- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮНСНИЙ БУУДАЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАЛТЫН ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А-80 дугаар тушаалын хавсралт
ХҮНСНИЙ БУУДАЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАЛТЫН
ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү аргачлалаар улсын болон гурилын үйлдвэр, иргэн, аж ахуйн нэгжийн үр тарианы агуулах, элеваторт хүнсний буудайг хүлээн авах болон хадгалуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулна
Хоёр. Буудай хүлээн авах болон бэлтгэл ажил
2.1.Агуулах, элеваторын буудай хүлээн авах, ачих, буулгах, дамжуулах, агааржуулах төхөөрөмжийг цэвэрлэн засварлаж, ариутгасан байх;
2.2.Хүнсний буудайг сорт, чийглэг, гадны болон тарианы хольц, цавуулаг зэрэг үзүүлэлтээр ангилан тус тусад нь хадгалахаар хаягласан байна. Агуулах, элеватор бүрд хадгалах буудайн сорт, чанарын ангиллаар хөтлөх бүртгэл хаягийг бэлтгэх;
2.3.Агуулах, элеватар бүр жин хэмжүүртэй байна. Жин хэмжүүрийн хэрэгслийг эрх бүхий байгууллагаар хянуулж, баталгаажуулсан байх;
2.4.Стандартад тусгагдсан буудайн чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох баталгаажсан лаборатори, цардуул тодорхойлох орчин үеийн багажаар хангагдсан байх;
2.5.Буудайг тээвэрлэх хэрэгсэл нь нүх сүв, завсаргүй, цэвэр, хуурай, гадны өөр төрлийн үнэргүй, хортон шавжаар бохирдоогүй, ургамлын хорио цээр ариун цэврийн шаардлага хангасан байх ба цас борооноос хамгаалсан бүтээлэгтэй байна. Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хашлагыг өндөрлөсөн байна.
Гурав. Буудай хүлээн авах үеийн хорогдлын тооцоо
3.1.Буудайг хүлээн авах, чанарын шинжилгээ хийх явцад нийлүүлэгч талын төлөөлөгчийг байлцуулах, хяналт тавих нөхцлөөр хангах ба буудай хүлээн авах тухай бүрд жингийн тооцоолол, чанарын үзүүлэлт бүхий хорогдлыг тооцсон 2 тал хүлээн зөвшөөрсөн баримтыг олгоно.
3.2.Буудайн чанарын шинжилгээний үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүсэлт гарган шинжилгээ хийлгэх эрхтэй. Энэхүү шинжилгээний дүн нь эцсийнх байна.
3.3.Хүлээн авах буудай нь “Хүнсний буудай” MNS 0097-2010 стандартын шаардлагыг хангасан байна. Стандартын шаардлагаас зөрсөн үзүүлэлтэд хорогдлыг дараах байдлаар тооцно.Үүнд:
3.3.1.Буудайн чийглэг стандартын дагуу I, II ангиллын буудайд 14.5 хувь, харин III, IV ангиллын буудайд 15.0 хувиас ихгүй байна. Стандартын үзүүлэлтээс давсан чийглэгийн хувиар бохир жинг хорогдуулж тооцоот жинг гаргана.
3.3.2.Буудайн гадны хольцын хэмжээ стандартын дагуу 2.0 хувиас ихгүй байна. Стандартын үзүүлэлтээс давсан гадны хольцын хувиар буудайн бохир жинг хорогдуулж тооцоот жинг гаргана.
3.3.3.Буудайн тарианы хольцын хэмжээ стандартын дагуу 5.0 хувиас ихгүй байна. Стандартын үзүүлэлтээс давсан тарианы хольцын хувиар буудайн бохир жинг хорогдуулж тооцоот жинг гаргана.
3.3.4.Буудайн хөлдөж хайрагдсан буудайн хувь хэмжээ стандартын дагуу 1.0 хувиас ихгүй байна. Стандартын үзүүлэлтээс давсан гадны хольцын хувиар буудайн бохир жинг хорогдуулж тооцоот жинг гаргана.
3.3.5.Улсын нөөцөд хүлээн авах хүнсний буудай нь стандартын шаардлага хангасан байна.
Дөрөв. Буудайн хадгалалтын үеийн хэвийн хорогдлын тооцоо
4.1.Хадгалалтын явцад буудайн хэвийн хорогдлыг улирал бүр тогтооно.
4.2.Энэхүү аргачлалын 4.1-д заасан хэвийн хорогдлыг дараах хувь хэмжээгээр тооцно.
№ |
Хадгалах хугацаа |
Хорогдол тооцох норм /хувиар/ |
|||||
Задгай хадгалахад |
Шуудайлж хадгалахад |
Элеваторт хадгалахад |
|||||
Хүнсний буудай |
Үрийн буудай |
Хүнсний буудай |
Үрийн буудай |
Хүнсний буудай |
Үрийн буудай |
||
1 |
0-3 сар |
0,16 |
0,11 |
0,14 |
0,09 |
0,16 |
0,11 |
2 |
4-6 сар |
0,23 |
0,19 |
0,21 |
0,17 |
0,23 |
0,19 |
3 |
7-12 сар |
0,30 |
0,26 |
0,23 |
0,20 |
0,30 |
0,26 |
4 |
1 жилээс дээш /жил тутам/ |
0,30 |
0,26 |
0,23 |
0,20 |
0.30 |
0,26 |
Тав. Буудайг хадгалах нөхцөл, үйл ажиллагаа
5.1.Хадгалуулах буудайн чанар байдлыг лабораторийн шинжилгээний дагуу үнэн зөв тодорхойлж, стандартын ангилал тус бүрээр тусгайлан бэлдсэн элеватор, агуулахад хадгална. Мөн буудай бүрийн дээжийг стандартын дагуу авч зориулалтын уут, саванд хадгална.
5.2.Хадгалах дээж бүр нь тухайн буудайг нийлүүлсэн аймаг, сум, иргэн, аж ахуйн нэр, хүлээн авсан буудайн хэмжээ, сорт, чанарын үзүүлэлт, огноо, нийлүүлэгч, дээж авагчийн гарын үсэг бүхий шошготой байна.
5.3.Хадгалах агуулах, элеваторыг дугаарлаж, дугаарыг түрээсийн гэрээн дээр тодорхой заах ба харилцагч тус бүрээр журнал хөтөлнө.
5.4.Чанар байдлын хувьд өөр ангилалд хамаарах болон өөр өөр хадгалуулагчийн буудайг нэг силост нийлүүлэн хадгалахыг хориглоно.
5.5.Хадгалах явцад буудайн алдагдал, тоо, чанарын хэвийн бус хорогдол гарсан тохиолдолд хохирлыг хэн буруутай этгээдээр төлүүлж, хорогдлыг барагдуулна.
5.6.Хадгалалтын явцад буудайн чанар байдлыг хадгалуулагчийн хүсэлт, зардлаар шинжилгээнд хамруулж болно.
5.7.Хадгалагдаж буй буудайны чанар байдал эрсдэлд орох нөхцөл үүсвэл шаардлагатай яаралтай сэлгэх, хатаах ажиллагааг хадгалуулагчаас зөвшөөрөл авахгүйгээр хийж холбогдох зардлыг хадгалуулагчаас гаргуулан авна.
5.8.Энэхүү аргачлалын 5.7-д заасан нөхцөл байдал үүссэн талаар тэмдэглэл хийн шинжилгээний дүгнэлтийг үйлдэж шаардлагатай тохиолдолд фото зургаар баталгаажуулсан байна. Мөн хадгалуулагч нь өөрийн хүсэлтээр цэвэрлэх, сэлгэх ажиллагааг хийлгүүлж болно.
5.9.Агуулахын түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулсан нөхцөлд хадгалуулагчийн эзэмшлийн буудайг хүлээлгэн өгнө.
5.10.Хадгалагч талын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тарианы хольцын цэвэрлэгээний явцад гарсан зайлагдлаас 50 хүртэл хувийг хадгалуулагчийн хүсэлтээр эргүүлэн олгож болно.
5.11.Хүнсний буудайг нэг жилээс дээш хугацаагаар хадгалах тохиолдолд 12 сар тутамд итгэмжлэгдсэн лаборатороор шинжилгээг хийлгэж дүгнэлт гаргуулна.
5.12.Буудайг хадгалуулагч нь тухайн эзэмшлийн газар, ажлын байранд түрээслүүлэгчийн боловсруулсан журам, холбогдох тушаал, шийдвэрийг мөрдлөг болгоно.
Зургаа. Хадгалалтын үеийн хяналт
6.1.Буудайн хадгалалтын явцад дараах үзүүлэлтээр хяналт тавьж тэмдэглэл хөтөлнө. Үүнд:
6.1.1.мэдэрхүйн эрхтний үзүүлэлт;
6.1.2.чийглэг;
6.1.3.орчны температур, харьцангуй чийглэг;
6.1.4.хортон шавжийн бохирдолт;
6.1.5.гадны болон тарианы хольцын хэмжээ;
6.1.6.өвчлөл;
Долоо. Бусад зүйл
7.1.Энэхүү аргачлалыг улсын болон гурилын үйлдвэр, иргэн, аж ахуйн нэгжийн үр тарианы агуулах, элеваторт хүнсний буудайг хүлээн авах болон хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцоход дагаж мөрдөнө.
--оОо--
Текст томруулах
A
A
A