A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

 

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БОЛОВСРУУЛАХ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1.Хуулийн төслийн үзэл баримтлалын мөн чанарыг зөв ойлгож, түүнд боловсруулах гэж байгаа хуулийн төслийн агуулга, үзэл санааг оновчтой тодорхойлон зохицуулах асуудлын хамрах хүрээ, хязгаарыг тогтоож өгснөөр тухайн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан хууль нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж, хэрэгжих баталгааг хангах гол нөхцөл болно.

1.2.Хууль санаачлагч нь өөрийн санаачлах хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох, үзэл баримтлал боловсруулах ажлыг зохион байгуулж, боловсруулах этгээдийг сонгож ажиллуулахад онцгой анхаарах шаардлагатай.

Хоёр. Хуулийн төслийн үзэл баримтлалын гарчиг

2.1.Үзэл баримтлалын гарчиг нь үзэл баримтлалыг баталгаажуулсан тэмдэглэл, үзэл баримтлалын нэрээс бүрдэнэ.

2.2.Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу үзэл баримтлалыг хууль санаачлагч батална. Баталгаажуулсан тэмдэглэлд “Батлав” гэсэн үг хэрэглэн хууль санаачлагчийн албан тушаал, гарын үсгийн тайллыг том үсгээр тодоор бичнэ.

2.3.“Батлав” гэсэн үгийг үзэл баримтлалын эхний хуудасны зүүн дээд өнцөгт үзэл баримтлалын бичвэрийн эхний догол мөрнөөс ижил зайнаас эхлэхээр бичнэ. ”Батлав” гэсэн үгийн доод хэсэгт ижил зайнаас эхлүүлэн хууль санаачлагчийн албан тушаалыг бичиж, гарын үсэг зурах зай үлдээн гарын үсгийн тайллыг бичнэ. Гарын үсгийн тайллыг албан тушаалын нэрний сүүлийн мөртэй нэг шугаманд гарын үсэг зурах зайтайгаар байрлуулна. Тухайлбал:

БАТЛАВ.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД  .................................

2.4.Хууль тогтоомжийн тухай хуулийн 15.3, 15.4-т заасан үндэслэлээр үзэл баримтлалыг 2 болон түүнээс дээш албан тушаалтан хамтран батлах тохиолдолд албан тушаал болгоны өмнө “Батлав” гэсэн үгийг бичих бөгөөд ингэж бичихдээ нэг эгнээнд зэрэгцүүлэн зайг нь тохируулсан байна.

2.5.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газраас санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах тохиолдолд эрхлэх асуудлынхаа дагуу тухайн хуулийн төслийг санаачилсан Засгийн газрын гишүүний нэр эхэнд бичигдэх бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэр дараа нь бичигдэнэ. Тухайлбал:

БАТЛАВ.                               БАТЛАВ.                                           БАТЛАВ.

САНГИЙН САЙД                УУЛ УУРХАЙН САЙД                    ХУУЛЬ ЗҮЙН САЙД

............................                    ....................................                        .................................

2.6.Тухайн үзэл баримтлалын нэр нь түүнд нийцүүлэн боловсруулах хуулийн төслийн нэртэй ижил байна. Тухайлбал: Галт зэвсгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал гэх мэт.

2.7.Хууль тогтоомжийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу боловсруулах үзэл баримтлалыг өөрчлөлт оруулж байгаа хэд хэдэн хуулийн нэрээр нэгтгэн нэрлэж болно.

2.8.Үзэл баримтлалын нэрийг баталгаажуулсан тэмдэглэлийн дор голлуулан байрлуулж, том үсгээр бичнэ.

Гурав. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгах асуудал

3.1.Хуулийн төслийн үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгана:

3.1.1.хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага;

3.1.2.хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;

3.1.3.хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, хүрэх үр дүн, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал;

3.1.4.хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай уялдсан байдал, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаарх санал.

3.2.Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлагыг тодорхойлоход:

3.2.1.Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.1-д заасны дагуу хуулийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалж, тухайн асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байх нь үзэл баримтлалын төсөл боловсруулах үндэслэл болно. Хуулийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан судалгааны дүгнэлтээс дараахь асуудлыг энэ хэсэгт товч тусгана:

3.2.1.1.хууль тогтоомж гаргах шаардлага, хэрэгцээ үүдэн гарч байгаа (хууль зүйн болон шинжлэх ухаан, техник, нийгэм, эдийн засгийн) үндэслэл;

3.2.1.2.тухайн асуудлыг зохицуулсан эрх зүйн орчин, практикт уг асуудалтай холбоотой ямар зөрчил, дутагдал, шийдвэрлэх нийтлэг асуудал байгаа, эсхүл үүнтэй холбоотой хичнээн тохиолдол гарсан;

3.2.1.3.тухайн асуудлыг хуулиар зохицуулахгүй бол ямар үр дагавар гарч болох. (Жишээ нь: Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг аль нэг байгууллагаас гаргасан журам, заавраар зөрчих, хязгаарлах гэх мэт).

3.2.2.хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлагыг заахдаа тухайн хуулийг гаргах хэрэгцээ, шаардлага байгааг нотолсон эрдэмтэн, судлаачдын хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон холбогдох байгууллагуудаас гаргасан санал, дүгнэлтийг харгалзан тусгаж болно.

3.2.3.хууль тогтоох чиглэлээр төрийн дээд байгууллагаас гаргасан бодлогын баримт бичгийн заалтыг дурдаж болно.

Жишээ:

Эрүүгийн хуулийн төслийн үзэл баримтлалаас:

 

    Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох” зорилт дэвшүүлсэн.

 

3.2.4.Монгол Улсын олон улсын гэрээний хэм хэмжээнд нийцүүлэх шаардлага гарсныг зааж болно.

Жишээ:

Зөрчлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалаас:

 

    Манай Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, журмыг дотоодын хууль тогтоомжийн хүрээнд хуульчлан тогтоохдоо Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид заасан суурь зарчимд нийцүүлэх үүрэгтэй.

 

3.2.5.хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийснээр тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлсон санал, зөвлөмжийг үзэл баримтлалын төсөл боловсруулахад үндэслэж болно.

3.3.Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тодорхойлоход:

3.3.1.тухайн хуулиар зохицуулах харилцааны хүрээг тогтооно. Зохицуулах харилцааны хүрээ, хэмжээг оновчтой тодорхойлсноор хуулийн төслийн агуулга зөв гарч ирнэ.

Жишээ:

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

хуулийн төслийн үзэл баримтлалаас:

 

    Том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогын зөвлөмжийн дагуу бизнесийн нэн таатай, тэгш, тогтвортой, тунгалаг орчинг бүрдүүлэх замаар бүртгэл, санхүү, татварын тайлагналын үр дүн, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг хөндөж, илүү өргөн хүрээгээр эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлно.

 

3.3.2.хуулийн төслийн төрлийг заана. Уг хуулийн төсөл нь шинээр гаргах хуулийн төсөл буюу анхдагч хуулийн төсөл эсэх, эсхүл одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгын төсөл эсэхийг тодорхойлно.

Жишээ:

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх,

албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төслийн үзэл баримтлалаас:

 

    Албадан хөдөлмөрийн тухай конвенцид хуулийн заалтыг нийцүүлэх, нөгөө талаар согтуурах донтой өвчтэй хүнийг албадан эмчлэхийн хажуугаар албадан хөдөлмөр хийлгэх нь эмчилгээний горимд харшлах учир хуульд заасан албадан хөдөлмөр хийлгэх зохицуулалтыг өөрчилнө.

 

    Албадан эмчлүүлж буй хүний эрх, үүргийн тухай зүйл, заалт нэмж, тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргахаас эхлээд бүх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх үүднээс согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэх тухай үзлэг, шинжилгээ хийж, эмнэлгийн дүгнэлт гаргах, албадан эмчлэх шийдвэр гаргах ажиллагаа, албадан эмчлэх газарт хүлээж авах тухай зүйл, заалтыг илүү нарийвчлан тусгаж, албадан эмчлэх газарт эмчлүүлээд гарсан хүний асуудлыг хэрхэн анхаарах талаар зохицуулалт нэмнэ.

 

    Эдгээр өөрчлөлтийн цар хүрээг үзэхэд Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хуулийн төслийн үзэл баримтлалаас:

 

    Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг нийцүүлэх зорилгоор судалж үзээд тус хуулийн зүйл, хэсэг, заалтын хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулна:

1)иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах;

2)шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах;

3)хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн байх;

4)шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх.

 

3.3.3.хуулийн төслийн бүтцийг тогтооно. Хуулийн төслийн бүтэц нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.1-д заасны дагуу эрэмбэлэгдэнэ.

3.3.4.бүтцийг тогтоохдоо ерөнхийгөөс тусгай руу болон анги, хэсэг, бүлэг, зүйл, зүйлийн доторх хэсэг, заалт гэсэн дарааллыг баримтална. Энэ нь хуулийн төсөл боловсруулахад баримтлах бүтцийн дараалал болохыг анхаарах нь зүйтэй. Хууль болгон “бүлэг”, “анги”, “хэсэг”-тэй байх шаардлагагүй бөгөөд энэ нь тухайн хуулиар зохицуулах асуудлын хүрээ, хэмжээнээс шалтгаална. Хууль нэг буюу түүнээс дээш тооны зүйлээс бүрдэж болно.

3.3.5.хуулийн төслийн үзэл баримтлалд урьдчилан төсөөлж болох хамгийн ерөнхий бүтцийг гаргаж, түүнд хамрах асуудлыг товч томьёолж болно.

3.3.6.хуулийн төслийн үзэл баримтлалд тухайн хуулиар зохицуулагдахгүй асуудлыг (өөр хуулиар зохицуулагдах) буюу хуулиар зохицуулах шаардлагагүй хөтөлбөр, тунхаглалын шинжтэй зүйлийг тусгаж болохгүй.

3.3.7.тухайн асуудлыг хуулиар зохицуулах үндсэн шаардлага юунд оршиж байгааг тодорхойлж, хуулийн зорилгыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг төсөөлөн төлөвлөсөн байна.

3.3.8.хуулийн төслийн үзэл баримтлалын хэл зүй, найруулгад тавигдах шаардлага нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 30.1-д заасан хуулийн төсөлд тавигдах шаардлагатай ижил байна.

3.4.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, хүрэх үр дүн, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналд:

3.4.1.хуулийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан судалгаагаар тухайн хуулийг хэрэгжүүлснээр үүсэх нийгэм, эдийн засгийн үр дагаврыг судалж тооцсон байх тул тэдгээрийг тусгана.

3.4.2.хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хувьд нэмэлт эх үүсвэр шаардагдах эсэх, ажлын байр нэмэгдэх, шинээр байгууллага байгуулах, эсхүл байгууллага дотор шинээр нэгж, алба бий болох эсэх, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэх зэрэг эдийн засгийн хувьд нэмэлт зардал гарах эсэх, тухайн асуудлыг хуулиар зохицуулах хэрэгцээ нь нийгэмд хүлээлт үүсгэсэн эсэх, нийгмийн тодорхой харилцааг үүсгэх, өөрчлөх, илүү нарийвчлан зохицуулах эсэх зэргийг тусгана.

3.4.3.боломжтой бол хуулийн зохицуулалтад хамрагдах тодорхой мэргэжлийн болон салбарын ажилтан, албан хаагчид, эсхүл хуулийн зохицуулалтаар аливаа эрх олгож, үүрэг хүлээлгэж байгаа хүмүүсийн талаар дурдаж хамрагдах хүний тоог заана.

3.4.4.хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг нарийвчлан тооцож дурдах боломжгүй тохиолдолд эдгээр асуудлууд байгаа эсэхийг ерөнхий байдлаар тусгаж болно.

Жишээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төслийн үзэл баримтлалаас:

 

   Гэрийн хорионд байлгах шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр хорих ял эдлэгсдийн тоо буурч, хорих ял эдлүүлэх үйл ажиллагааны зардал багасна. Нөгөө талаар гэрийн хорионд байлгах ялаар шийтгүүлсэн ялтанд хяналт тавих зориулалтаар эхний ээлжинд программ хангамж, компьютер, техник хэрэгсэл, электрон гавны иж бүрдэл худалдан авах болон хяналтын төв байгуулахад тодорхой хөрөнгө шаардана.

 

3.4.5.үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсны дараа уг төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр гарах зардлыг тооцох аргачлалын дагуу үнэлгээ хийж тооцсон тодорхой тоо, мэдээлэл гарна.

3.4.6.хуулийн төслийг баталж хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг тусгайлан заана:

3.4.6.1.хүрэх үр дүнг заахдаа хэт ерөнхий байдлаар бичихээс зайлсхийх. Учир нь хүрэх үр дүнг тодорхой зааж өгснөөр тухайн хуулийг дагаж мөрдсөний дараа үзэл баримтлалаар тодорхойлсон үр дүндээ хүрсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломж бүрдэнэ;

3.4.6.2.Хууль тогтоомжийн тухай хуулийн 50.1.2-т хууль тогтоомжийн үзэл баримтлалд тодорхойлсон үр дүнд хүрэх байдлыг тогтоох чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхээр заасныг үзэл баримтлал боловсруулахдаа анхаарах шаардлагатай болно.

Жишээ:

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай

хуулийн төслийн үзэл баримтлалаас:

 

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж баталснаар дараахь үр дүнд хүрнэ гэж тооцож байна:

 

1)шүүхэд мөрдөн байцаалтын шатны шүүгчийн бүтэц бий болж, хүний эрхийн баталгаа дээшилнэ;

2)шүүхээс гадуур хүний эрхийг хязгаарлаж, эрүүгийн хэргийг байцаан шалгадаг тогтолцоог халж, шүүхийн хяналтад эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бий болно;

3)хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхцөлийг өөрчилснөөр энэ журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах хүний тоо нэмэгдэж, байцаан шийтгэх ажиллагааны зардал буурна.

 

3.5.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай уялдсан байдал, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаарх саналд:

3.5.1.хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон даган мөрдөж байгаа хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээтэй хэрхэн уялдаж байгааг тодорхойлно.

Жишээ:

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай

хуулийн төслийн үзэл баримтлалаас:

 

    Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлж боловсруулах бөгөөд ялангуяа Үндсэн хуулийн Монгол Улсын иргэн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний тухай Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах ...” зэрэг эрхээ эдлэх боломж, нөхцөлийг хуулийн төсөлд нарийвчлан тогтооно.

 

3.5.2.эрх зүйн тогтолцоонд тухайн хуулийн эзлэх байр суурь, ямар хуулийн салбарт хамаарах, хуулийн төсөл батлагдан гарснаар тухайн салбарын хууль тогтоомжид гарах үр нөлөө, ач холбогдол зэргийг тусгана.

Жишээ:

Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн

төслийн үзэл баримтлалаас:

 

    Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл нь төрийн бус байгууллагын салбарын хуульд хамаарах бөгөөд энэхүү хууль гарснаар төрийн бус байгууллагаас явуулдаг нийтэд тустай үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хуулийн төрийн бус байгууллагад эрх хэмжээ олгосон зохицуулалтын үргэлжлэл болж, эрх зүйн механизм сайжирна.

 

3.5.3.хуулийн төсөлтэй уялдуулан нийцүүлэх зорилгоор ямар хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, ямар хуулийг хүчингүй болсонд тооцох шаардлагатай байгааг судалж, хуулийг нэрээр нь тодорхой заана.

Жишээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төслийн үзэл баримтлалаас:

 

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулна.

 

Дөрөв. Үзэл баримтлал батлах

4.1.Үзэл баримтлалын төслийг боловсруулж дууссаны дараа Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу үзэл баримтлалын төслийг хянуулан санал авч, батлуулах асуудлыг шийдвэрлүүлнэ.

4.2.Хуулийн төсөл боловсруулахаас өмнө үзэл баримтлалын төслийг боловсруулж, хуульд заасан журмын дагуу батлуулах дарааллыг хатуу баримталвал зохино.

4.3.Үзэл баримтлал болон хуулийн төсөл боловсруулах ажиллагааны дараалал алдагдах, хуульд заасан журмыг зөрчих нь хуулийн төслийн чанар, үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, хуулийн төсөл боловсруулах ажлын үр дүнг бууруулах эрсдэлтэй болохыг анхаарвал зохино.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1.Хуулийн төсөл боловсруулах ажиллагаа нь төсөл боловсруулагчаас хуулийн төсөл боловсруулах технологийг эзэмшиж ашиглах, хуулиар зохицуулах гэж байгаа асуудлын талаар өргөн мэдлэгтэй байх, нийгмийн тухайн харилцааны мөн чанарыг мэдсэн байхыг шаарддаг бөгөөд хуулийн төслийн эх бичвэрийн үг хэллэг, найруулга нь уг төсөл боловсруулагчийн боловсруулах ур чадвар, мэргэшсэн түвшинг тодорхойлдог.

1.2.Хуулийн төслийн үг хэллэг оновчтой биш илэрхийлэгдсэн бол хуулийг нийтээр нэг мөр ойлгож хэрэглэхэд хүндрэл гарах, буруу, хагас дутуу хэрэгжүүлэх, үүнээс шалтгаалан хүний эрх, байгууллагын үйл ажиллагаанд хохирол учруулах, сөрөг нөлөө үзүүлэх зэрэг үр дагавартай тул хуулийг хэн ч уншсан нэг утгаар ойлгохоор бичсэн байх шаардлагатай.

1.3.Хуулийн төслийг боловсруулж дууссаны дараа хуулийн төслийн төрлөөс үл хамааран төсөл болгонд танилцуулга бичнэ. Тухайн хуулийн төсөлтэй уялдуулан нийцүүлэх зорилгоор хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах тохиолдолд эдгээр хуулийн төсөлд тусад нь танилцуулга бичих шаардлагагүй.

Хоёр. Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих шаардлага

2.1.Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад дараахь шаардлага тавина:

2.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх;

2.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгах;

2.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;

2.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болсонд тооцох тухай заалт тусгахгүй байх;

2.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;

2.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх.

2.2.Шаардлагатай тохиолдолд бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр түүнийг иш татна. Энэ тохиолдолд ишлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байна.

2.3.Тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хуулийн үйлчлэх хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, уг зохицуулалтад удирдлага болгох, харгалзан үзэх нөхцөл байдал, нийтийн эрх зүйн этгээдийн чиг үүрэг, эрх хэмжээ болон тэдгээрийг биелүүлэх журмыг тодорхойлно.

2.4.Шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох, хасах заалтыг тусгана.

2.5.Шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулсан байна.

2.6.Хуулийн төсөл нь хуулийн зорилго гэсэн зүйлтэй байж болно. Зорилгод уг хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг тусгана.

Гурав. Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавигдах шаардлага

3.1.Хуулийн төслийн үг хэллэг өгүүлбэрийг хэл зүйн, найруулга, өгүүлбэр зүйн монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй, товч тодорхой, ойлгоход хялбараар бичнэ. Хуулийн төслийн хэллэгийг яруу, төгс төгөлдөр болгох зорилгоор хүч оруулсан нэр томьёо хэрэглэхээс зайлсхийнэ. Хуулийн төсөл боловсруулах ажиллагааны зорилго нь дүрэм, найруулгын төгс байдлыг харуулсан өгүүлбэр бүтээхэд оршдоггүй тул хуулийн төслийн зүйл, заалтыг зөвхөн ийм зорилгоор дахин дахин өөрчлөх нь үзэл баримтлал зөрчигдөх, зохицуулалтын жинхэнэ агуулга алдагдах эрсдэлтэй болохыг анхаарах.

3.2.Судалгаанаас үзэхэд хүний ой санамж 22 хүртэл үгээс бүрдсэн өгүүлбэрийн агуулгыг хүлээн авахад илүү байдаг тул эрх зүйн хэм хэмжээний бичвэрт дундаж урттай өгүүлбэр ашиглах нь зохистой. Учир нь богино өгүүлбэрийн утгыг сэргээн санахад хялбар байдаг.

3.3.Нэг өгүүлбэрээр нэг агуулгыг илэрхийлж бичнэ. Урт хавсарсан нийлмэл өгүүлбэрийг агуулга нь алдагдахааргүй бол хэд хэдэн богино өгүүлбэр болгон хэсэгчилж, дэс дарааллыг нь зөв байршуулснаар эх бичвэр ойлгомжтой болно. Энэ нь хавсарсан нийлмэл өгүүлбэр хэрэглэж болохгүй гэж ойлгож болохгүй.

3.4.Хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтын өгүүлбэрийн бүтэц нь энгийн буюу зэрэгцсэн нийлмэл хэлбэртэй байна. Хуулийн төслийн эх бичвэрийн өгүүлбэр нь нэг бүрэлдэхүүнтэй буюу нэрлэсэн, эсхүл эзэн биегүй байхаас зайлсхийх хэрэгтэй.

3.5.Нэг өгүүлбэрт хэтэрхий олон нэр үг бүхий нийлмэл өгүүлбэрийг оруулах нь тухайн өгүүлбэрийг ойлгоход хүндрэлтэй болгодог тул олон нэр үг бүхий өгүүлбэрийг хэд хэдэн өгүүлбэр болгон бичих нь зохимжтой.

3.6.Тус бүртээ задаргаа бүрдэл хэсэг бүхий олон зүйлийг бичвэрт тусгах шаардлага гарсан тохиолдолд жагсаалт, эсхүл хүснэгтийг ашиглана.

Жишээ:

Онцгой албан татварын тухай хуулиас:

 

5 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

 

5.1.Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:

 

Онцгой албан татвар ногдуулах барааны

нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Бүх төрлийн согтууруулах ундаа

1 литр

2

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

4

Автобензин, дизелийн түлш

1 тонн

5

Суудлын автомашин

1 ширхэг

 

 

3.7.Логик дараалалтай, тодорхой бүтэцтэй эх бичвэрийг ойлгоход хялбар байдаг тул нэг сэдвийг илэрхийлж байгаа бичвэр нь үндсэн агуулгаас хоёрдогч ач холбогдол бүхий ерөнхийгөөс тусгай руу, нийтлэг журмаас тусгай руу гэсэн хэлбэртэй байна. Үүнд нийцүүлэн зүйл, хэсэг, заалт, дэд заалтыг хэрэглэнэ. Нийтлэг зарчим, зохицуулалтаас онцлог зүйлийг хуульчлах, эсхүл аль нэг хэсгийг нарийвчлан зохицуулах тохиолдолд уг онцгойлох, нарийвчлах зохицуулалтыг тодорхойлсон заалтыг нийтлэг зохицуулалтын хойноос залгуулан байршуулах нь зохимжтой.

Дөрөв. Хуулийн төслийн эх бичвэрт хэрэглэх арга ажиллагаа

4.1.Нэр томьёо хэрэглэх

4.2.Хуулийн төслийн үг хэллэг сонгох

4.3.Товчлол хийх

4.4.Ишлэл хийх

 

4.1.Хуулийн төслийн нэр томьёо

4.1.1.нэр томьёо нь хуулийн төсөл боловсруулахад хуулийн үзэл санааг илэрхийлэх гол хэрэгсэл болдог бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна:

4.1.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх;

4.1.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг, нэг ойлголтыг өөр өөр нэр томьёогоор илэрхийлэхгүй байх;

4.1.1.3.нэр томьёог монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих;

4.1.1.4.монгол хэлэнд тохирох үг байгаа тохиолдолд гадаад хэлний нэр томьёо хэрэглэхгүй байх.

4.1.2.хуулийн төсөлд гадаад хэлний нэр томьёог дараахь тохиолдолд хэрэглэнэ:

4.1.2.1.уг нэр томьёог оноосон нэр томьёо монгол хэлэнд байхгүй (кадастр, прокурор, аудит, концесс г.м);

4.1.2.2.уг нэр томьёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн (ипотек, арбитр, сервитут, узуфрукт г.м);

4.1.2.3.уг нэр томьёог Монгол Улсын олон улсын гэрээнд хэрэглэж хэвшсэн (терроризм, жендэр г.м).

4.1.2.4.ажил, мэргэжил (арбитр, менежер)-ийн үг; цол, зэрэг (профессор, доктор)-ийн нэр; байгууллагын нэр (прокурор, институт); жин хэмжээний нэр (килограмм, метр); эдийн засгийн үг хэллэг (бирж, компани)-ийг гадаад үг, нэр томьёогоор илэрхийлж болно.

4.1.3.хуулийн төсөлд нэр томьёоны тайлбарыг дараахь тохиолдолд хийнэ:

4.1.3.1.нэр томьёо нь олон утгатай бөгөөд хуулийг нэг утгаар ойлгох боломжгүй байдал үүсэх;

4.1.3.2.нэр томьёо нь өргөн утгатай бөгөөд түүнийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай;

4.1.3.3.шинээр бий болсон ойлголт буюу тухайн нэр томьёо нийтэд ойлгомжгүй;

4.1.3.4.нэр томьёоны мэргэжлийн утга нь өдөр тутам хэрэглэдэг ижил үгээс өөр, эсхүл нэр томьёог тогтсон утгаас нь өөр утгаар хэрэглэх.

Зөвлөмж: Хэрэглэж хэвшсэн нэр томьёонд тайлбар хийхгүй бөгөөд дагаж мөрдөж байгаа бусад хуульд тайлбарласан нэр томьёог уг хуульд ишлэл хийх замаар хэрэглэнэ.

4.1.4.хуулийн төсөлд нэр томьёоны тайлбарыг дараахь байдлаар байрлуулна:

4.1.4.1.хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо нь нэг утга агуулгаар ойлгогдон хэрэглэх тохиолдолд түүний тайлбарыг уг хуулийн төслийн “Нийтлэг үндэслэл” бүлэгт “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” гэсэн гарчигтай зүйлд нэр томьёоны цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулна.

Жишээ:

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиас:

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

Нийтлэг үндэслэл

 

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“баталгаажилт” гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг;

4.1.2.“барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого” гэж барьцаа хөрөнгийг худалдан борлуулах болон бусад байдлаар гүйлгээнд оруулснаас олсон эд хөрөнгө, мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгө, барьцаа хөрөнгө гэмтсэн, устсантай холбоотой гэм хор учруулсны төлбөр, дайчлан гаргуулсны нөхөх олговор болон даатгалын нөхөн төлбөрийг;

4.1.3.“барьцаалан барих эрх” гэж эд хөрөнгийн доголдол, гэмтлийг арилгах, тээвэрлэх, хадгалах үйлчилгээ үзүүлсэн, засварласан, сайжруулсан этгээдэд ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөөх хөлс, төлбөрийг шилжүүлэх хүртэл хугацаанд тухайн эд хөрөнгийг хуульд заасан эрх бүхий этгээд эзэмшилдээ байлгахыг.

 

4.1.4.2.хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо нь олон утгаар ойлгогдох тохиолдолд тухайн бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх тайлбарыг холбогдох бүлэг, зүйлийн дор байрлуулна.

Жишээ:

Эрүүгийн хуулиас:

 

265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах

 

265.1.төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

265.2.энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан гэдэгт төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.

 

4.1.5.хуулийн нэр томьёоны тайлбарыг дараахь байдлаар хийнэ:

4.1.5.1.нэр томьёоны тайлбарыг төгс байдлаар хийх. Тухайлбал, “”зохиогч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг” гэсэн нь төгс тодорхойлолт юм.

4.1.5.2.нэр томьёоны тайлбарыг хамааруулсан байдлаар хийх. Тухайлбал, ““санхүүгийн баримт” гэж хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн асуудалтай холбоо бүхий нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, түүний тайлбар, тодотгол, өмч, хөрөнгө, авлага, зээл, өр төлбөр, албан татвар, хураамж, шимтгэл зэрэгтэй холбоотой баримтыг ойлгоно.” гэсэн нь санхүүгийн баримтад ойлгох зүйлийн хүрээг хашиж тодорхойлоогүй бөгөөд түүнд хуульд заасантай ижил төрлийн бусад зүйлийг хамааруулж ойлгох боломжтой юм.

Зөвлөмж: Хуулийн нэр томьёоны утга агуулгыг хуулиас доогуур түвшний актаар тайлбарлаж, тодорхойлолт хийж болохгүй.

4.2.Хуулийн төслийн үг хэллэг

4.2.1.хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн хэл зүй, найруулга зүйн шаардлагыг хангахын тулд үг хэллэгийг зөв сонгоход анхаарах шаардлагатай:

4.2.1.1.үг хэллэг нь энгийн, ойлгомжтой, тодорхой томьёологдсон байна. Ахуйн харилцаанд хэрэглэгддэг үг хууль зүйн шинжлэх ухаанд өөр агуулгатай байж болно. Тухайлбал, “эзэмшил”, “илрүүлэх”, “орон сууц”, “шөнийн цаг” зэрэг үг ахуйн харилцаанд хэрэглэгддэгээс өөр агуулгатай байдаг. Зарим нэр томьёо, үг хэллэг ахуйн харилцаанд олон утгаар хэрэглэгдэх тохиолдол байдаг тул хуулийн эх бичвэрийг ойлгомжгүй болгож болзошгүйг анхаарч, олон салаа утга бүхий үг аль болох хэрэглэхгүй байх;

4.2.1.2.утга бүрхэг, эргэлзээтэй, салаа утга гарахаас болгоомжилж, үгийг шууд буюу анхдагч утгаар нь хэрэглэж, үгийг өөр, шилжсэн, дэлгэрүүлсэн, далд, хоёрдмол утгаар хэрэглэж болохгүй. Хуулийг нийтээр дагаж мөрддөг тул зөвхөн хуульч биш, өөр мэргэжил, боловсролтой хүмүүс ойлгох, хууль боловсруулахын тулд хуулийн үг хэллэгийн онцлогийг байнга анхаарч байх хэрэгтэй. Хуулийг хүн болгонд ойлгомжтой байлгахын тулд гэвэл мэргэжлийн нэр томьёо, ойлголтыг ойлгомжтой байдлаар тодорхойлох;

4.2.1.3.үгийг сонгохдоо хуучирсан, хэрэглэгддэггүй үгийн сангаас татгалзах. Тухайлбал, “цагдаагийн байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулж, алба хаагчийг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;” (”боловсон хүчний” гэсний орон “хүний нөөц” гэж сонгох);

4.2.1.4.ижил үг хэллэг хэрэглэхэд анхаарна. Энэ нь анхдагч хуулийн төсөл болон хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд ч мөн адил хамаарна. Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь тухайн хуулийн үндсэн, анхдагч эх бичвэртэй үг хэллэг, нэр томьёоны хувьд адил байна. Хуулийн төслийн эх бичвэрт нэг үгийг давтан хэрэглэнэ. Буруу хэрэглэсэн жишээ:

 

Иргэний хуулиас:

 

172.9.шаардах эрх эдэлж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө адил хэмжээний үүрэг хүлээсэн бол тэдгээрийн шаардлага харилцан хангагдсанд тооцож болно.

 

482.5.гишүүд өөрөөр тохиролцоогүй бол дундын хөрөнгө шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд холбоо, нөхөрлөлийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрх бүхий этгээдүүд ижил хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ.

 

4.2.1.5.монгол хэлний үгийн санд нэгэнт хэвшсэн гадаад үгийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдолд монгол хэл, бичгийн дүрмийг баримтлан харьяалах, заахын тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржүүлэх.

4.2.2.хуулийн төслийн эх бичвэрт үг сонгохдоо үгийн аймаг тус бүрийн онцлогийг харгалзан хэрэглэнэ. Монгол хэлний үгийн аймаг (жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг, үйл үг, дайвар үг, дагавар үг, сул үг, холбоос үг, аялга үг) тус бүр хуулийн төслийн эх бичвэрт өөр өөрийн онцлогтой хэрэглэгдэнэ:

 

 4.2.2.1.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх. Жинхэнэ нэрийг хуулийн бичвэрт дангаар нь хэрэглэхээс гадна хоршоо үгээр хэрэглэнэ. Тухайлбал, орон нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуй, арга хэмжээ, ач холбогдол гэх мэт.

Жишээ:

 “Засгийн газраас санаачилсан хуулийн төслүүд нь Монгол Улсын Үндсэн хууль ... нийцсэн эсэхийг ...” (буруу хэрэглэсэн)

 

 “Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль ... нийцсэн эсэхийг ...” (зөв хэрэглэсэн)

 

 “Хуулийн төсөл боловсруулахдаа дараахь нийтлэг шаардлагуудыг хангана.” (буруу хэрэглэсэн)

 

 “Хуулийн төсөл боловсруулахдаа дараахьь нийтлэг шаардлагыг хангана.” (зөв хэрэглэсэн)

 

4.2.2.2.тооны нэрийг хуулийн төслийн эх бичвэрт оруулахдаа араб тоогоор тэмдэглэх (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 0). Хуулийн төслийн эх бичвэрт тооны нэр нь тоо, хэмжээ, цаг хугацаа, дэс дугаар зэргийг илэрхийлэхдээ үндсэн тооны нэрийг зонхилон хэрэглэх бөгөөд түм (10 000), бум (100 000), живаа (10 000 000), дүнчүүр (100 000 000), тэрбум (1 000 000 000) гэхийг арван мянга буюу 10 мянга, зуун сая буюу 100 сая, миллиард гэж бичнэ. Харин дэс дараа, дугаар, сар зэргийг тэмдэглэхэд дэс тоог хэрэглэнэ.

Олон тоог хэрэглэх тохиолдолд “-ууд, (-үүд)”, “д”, “-чууд (-чүүд)” залгавар бүтээврийг хэрэглэх бөгөөд “-чуул (-чүүл)”-ийг хэрэглэхгүй. “Бусад”, “ихэнх” гэсэн үгийн дараа орсон үгийг ганц тоон дээр хэрэглэнэ. Тухайлбал: бусад хүн, ихэнх тохиолдол гэх мэт.

4.2.2.3.хуульд төлөөний үгийг аль болох хэрэглэхгүй байх.

4.2.3.дараахь үг хэллэгийг оновчтой хэрэглэхэд анхаарах нь зүйтэй:

4.2.3.1.хийсвэр шинж бүхий утгатай, биет бус, шууд хэмжигдэхгүй ойлголтыг илэрхийлж байгаа үг хэллэгийг зөв хэрэглэх. Тухайлбал, “шударга”, “үндэслэлтэй”, “тохирох”, “эрх бүхий”, “их хэмжээний”, “зохих”, “нийт”, “хэвийн”, “хэвийн бус”, “даруй” гэх мэт;

4.2.3.2.ёгт, хошин шог, егөөдсөн, шилжсэн, далд утгатай үг хэрэглэхгүй байх.

Жишээ:

 “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьс өнгө, нас шүд, жендэр, нийгмийн гарал, байдал, бэл бэнчин, эрхэлсэн ажил, албан тушаал, мухар сүсэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” (буруу хэрэглэсэн)

 

 “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” (зөв хэрэглэсэн)

 

 4.2.3.3.уран сайхны болон чимэг үг хэрэглэхгүй байх.

Жишээ:

 “Тэнгэрт хальсан хүний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.” (буруу хэрэглэсэн)

 

 “Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.” (зөв хэрэглэсэн, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 7 дахь хэсгээс)

 

 “Монгол хэл болвоос төрийн албан ёсны хэл мөн.” (буруу хэрэглэсэн)

 

 “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.” (зөв хэрэглэсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсгээс)

 

4.2.3.4.хүч оруулсан үг хэллэг хэрэглэхгүй байх. Тухайлбал: “маш”, “заавал”, “зөвхөн” гэх мэт.

Жишээ:

 “Монгол Улсад төр нь шашнаа маш хүндэтгэж, шашин нь төрөө ихээр дээдэлнэ.” (буруу хэрэглэсэн)

 

 “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.” (зөв хэрэглэсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсгээс)

 

4.2.3.5.этгээд, бүдүүлэг, хар ярианы болон нутгийн аялга оруулсан үг хэллэг оруулж болохгүй бөгөөд нийтийн түгээмэл үг хэллэгийг хэрэглэх.

 Жишээ:

 ““сувиллын цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны биеийн өсөлт, оюун ухааны гажигтай хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;” (буруу хэрэглэсэн)

 

 “4.1.3.“сувиллын цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны биеийн өсөлт, оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;” (зөв хэрэглэсэн, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиас)

 

4.2.3.6.хүний сэтгэл хөдлөлийн өнгө аясыг тусгасан үг хэрэглэхгүй байх.

Жишээ:

 “2.1.Бага, дунд боловсролын зорилго нь алдрай, бяцхан үрсэд ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал­цахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино.” (буруу хэрэглэсэн)

 

 “2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал­цахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино.” (зөв хэрэглэсэн, Бага боловсролын тухай хуулиас)

 

 4.2.3.7.үйл үгийг идэвхтэй хэлбэрт хэрэглэнэ. Хуулийн төсөлд үйл үгийн бусдаар үйлдэгдэх хэв маяг (идэвхгүй хэлбэр)-ийг хэрэглэснээр тухайн үүргийг хэн хэрэгжүүлэх нь тодорхой бус болох тул үйл үгийг заавал идэвхтэй хэлбэрт хэрэглэнэ.

Жишээ:

 “газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваагдах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;” (буруу хэрэглэсэн)

 

 “18.1.2. газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;” (зөв хэрэглэсэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиас)

 

4.2.4.хуулийн төсөлд дараахь холбоос үгийг хэрэглэнэ:

4.2.4.1.“бөгөөд” холбоос үгийг аливаа хоёр болон түүнээс дээш зүйлийг нэг зүйлд хамаатуулах тохиолдолд хэрэглэнэ. Тухайлбал, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гэсэн нь дээрх болзлыг зэрэг хангасан гэсэн утга агуулна.

Жишээ:

Эрүүгийн хуулиас:

 

“15.2.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял эдлүүлэхээр Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсад шилжүүлж болно.” гэсэн нь тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн байх, түүн дээр нэмээд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа (оршин суугаа) гэсэн хоёр болзлыг зэрэг хангасан байх шаардлага юм.

 

 

 4.2.4.2.“болон”, “эсхүл”, “буюу” гэсэн холбоос үг нь нэг бол, үгүй бол, аль нэг нь гэсэн утгаар өгүүлбэрийн гишүүдийг зэрэгцүүлэн холбоно.

Жишээ:

Эрүүгийн хуулиас:

 

“12.1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн нь дээр дурдсанаас аль нэг нөхцөлийг хангасан байхыг ойлгоно.

 

 “22.1.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл, сэтгэцийн архаг өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд ял оногдуулахгүй.” гэсэн нь “буюу” холбоос үгийг дээр дурдсанаас гадна өмнө нь тодотгосон тухайн зүйлийг тодруулах байдлаар хэрэглэгдэх тохиолдол байдгаас хууль хэрэглэх явцад төөрөгдөл үүсгэдэг тул “буюу” холбоосыг хэрэглэхээс зайлсхийх, хэрэглэсэн нөхцөлд оновчтой байршуулах шаардлагатай.

 

4.2.4.3.“хүртэл” гэсэн холбоос үгийг хуулийн бичвэрт ашиглах явдал түгээмэл байдаг бөгөөд түүнийг зөрүүтэй байдлаар ойлгодог. Тухайлбал, “5000-гаас 10 000 хүртэл төгрөгөөр торгох” гэсэн нь 10 000 гэсэн тухайн тоо өөрөө ороод 10 001 нь багтахгүй гэсэн санаа боловч амьдрал дээр энэ тохиолдолд 10 000 гэсэн тоо өөрөө орохгүй гэж үзэх явдал байдаг.

Зөвлөмж: “хүртэл” холбоос үгийг Эрүүгийн хууль болон бусад хуулийн хариуцлагын хэм хэмжээг томьёолох хэсэгт ашигласнаар хууль хэрэглэгчид зөрүүтэй ойлгодог тул уг холбоосыг илүү ойлгомжтой, тодорхой холбох үгээр орлуулан хэрэглэхэд анхаарах нь зүйтэй.

Жишээ:

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулиас:

 

6.2 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлага оногдуулах насны хязгаар

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.

 

4.3.Товчлол хийх

4.3.1.хуулийн төсөлд олон дахин давтагдаж байгаа нэг ойлголт, нэр томьёог хэд хэдэн үгээр илэрхийлэх тохиолдолд тэдгээрийг товчлон цөөн үгээр илэрхийлэх зорилгоор товчлол хэрэглэнэ.

4.3.2.товчлол хийхдээ тухайн тодотгож байгаа бусад үгийг хасч, агуулгыг голлон илэрхийлсэн үгийг бичих замаар товчлол хийнэ.

4.3.3.хуулийн төсөл боловсруулах явцад товчлолыг хэрэглэхдээ эхэлж дурдагдсан зүйл, хэсэг, заалтад байгаа тухайн олон давтагдах ойлголт, нэр томьёоны хойно хаалтанд “цаашид” гэсэн бичвэрийг оруулах бөгөөд түүний дараа товчилсон үгийг “гэх” гэсэн бичвэрийн хамт хэрэглэнэ. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх) ...” гэж зааснаар уг хуульд цаашид энэ байгууллагын нэрийг “Хороо” гэж товчлон хэрэглэсэн. Хуулийн төсөлд товчлолыг хэрэглэхээс өмнө тухайн ойлголтыг дэлгэрэнгүйгээр хэрэглэж, товчлохоор зааснаас хойшхи хэсэгт товчилсон үгийг хэрэглэнэ.

Жишээ:

Эрчим хүчний тухай хуулиас:

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.4.”эрчим хүчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах газраас (цаашид “Зохицуулах газар” гэх) баталж нийтэлсэн тариф (цаашид “зохицуулалттай тариф” гэх)-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;

 

4.3.4.дараахь тохиолдолд товчлол хэрэглэхгүй:

4.3.4.1.хуулийн нэр, бүлэг, зүйлийн гарчигт;

4.3.4.2.тухайн үг хуулийн төслийн гарчигт орсныг тооцохгүйгээр хоёр болон түүнээс дээш удаа давтагдаагүй бол;

4.3.4.3.бусад хуульд хэрэглэсэн нэр томьёотой андуурахуйц байгаа бол.

4.3.5.хуулийн төслийн эх бичвэрт үг зүйн товчлол (үгийн эхний үсгийг томоор бичих замаар хийсэн товчлол)-ыг хэрэглэхгүй. Тухайлбал, Улсын Их Хурал гэснийг УИХ, Тагнуулын ерөнхий газар гэснийг ТЕГ гэх мэт.

4.4. Ишлэл хийх

4.4.1.хуулийн төсөлд тухайн харилцааг зохицуулах бүх нөхцөл, үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн тусгах боломжгүй бөгөөд тийм шаардлага байхгүй тохиолдолд бусад хуулийг заах замаар зохицуулалтын бүрэн байдлыг хангаж болно.

4.4.2.ишлэл нь хууль тогтоомжийн давхардал, зөрчил гарахаас сэргийлэх, хууль тогтоомжийг ойлгож хэрэглэхэд илүү хялбар болгох арга хэрэгсэл бөгөөд өөр хуульд зохицуулсан, эсхүл тухайн хуульд нэгэнт тусгасан асуудлыг дахин дурдах зэрэг тохиолдолд түүнийг түгээмэл хэрэглэдэг.

4.4.3.ишлэлийг бусад хуулиас дараахь байдлаар хийж болно:

4.4.3.1.бусад хуулиас ишлэл хийх нь хуулийн төсөлд бусад хуульд заасныг дахин давтан бичихээс зайлсхийх, хуулиудын харилцан уялдаатай байдлыг тодотгох ач холбогдолтой. Бусад хуулиас ишлэл хийхдээ өөр хуулийг бүхэлд нь буюу хэд хэдэн хуулийг, эсхүл өөр хуулийн зүйл, хэсэг, заалтыг иш татаж болно.

4.4.3.2.бусад хуулиас иш татахдаа ишлэл хийж байгаа хуулийн нэрийг тухайн зүйл, хэсэг, заалтын дугаарын хамт бичиж, ишлэлийн төгсгөлд “заасан”, “заасны дагуу”, “зааснаар”, “заасан журмаар” зэрэг үгийг хэрэглэнэ.

Жишээ:

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиас:

 

10.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын загварыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.

 

Захиргааны хариуцлагын тухай хуулиас:

 

18.6.Зөрчил гаргасан этгээдийн учруулсан гэм хорыг арилгуулах асуудлыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэнэ.

 

 

4.4.3.3.эрх зүйн зохицуулалтын давхардлыг үүсгэхээс зайлсхийх зорилгоор хуулийн төсөлд бусад хуулиас ишлэл хийхдээ тухайн заалтыг эх бичвэрээр нь хуулбарлан оруулахгүй байх нь зүйтэй. Бусад хуулиас заалтыг нь эх бичвэрээр хуулбарлан иш татахдаа техникийн алдаа гарган хуулийн анхдагч зохицуулалтыг өөрөөр томьёолох, эсхүл ишлэл авсан хуулийн зүйл, заалт өөрчлөгдсөн, хүчингүй болсон тохиолдолд хууль хоорондын зөрчил үүсч, тэдгээрийг хооронд нь дахин уялдуулж нийцүүлэх шаардлага гарна.

Жишээ:

 Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. (буруу хэрэглэсэн)

 

 Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. (зөв хэрэглэсэн)

 

 

Зөвлөмж: Дараахь байдлаар тухайн зүйл, заалтыг хуулбарлан ишлэхээс зайлсхийнэ:

Жишээ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээс:

 

1.Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлээс:

 

2.Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.

 

 

4.4.3.4.бусад хуулиас ишлэл хийх нь дараахь давуу талтай:

4.4.3.4.а.эх бичвэрийн томьёоллыг цэгцтэй, давтахгүйгээр, энгийн болгодог;

4.4.3.4.б.нэг зорилго бүхий хэд хэдэн хэм хэмжээг хоорондын зөрчилгүйгээр ашиглах боломж олгодог;

4.4.3.4.в.хэм хэмжээний системчлэл хийхэд хялбар болдог;

4.4.3.4.г.газар зүйн карт, зураг зэрэг бичгээр илэрхийлэх боломжгүй зүйлийг эрх зүйн актын бүрдэлд оруулахад хэрэглэдэг.

4.4.3.5.бусад хуулиас ишлэл хийхдээ дараахь дутагдалтай талыг анхаарах нь зүйтэй:

4.4.3.5.а.ишлэл авсан хэм хэмжээг уншаад шууд ойлгох боломжгүй, заавал иш татаж байгаа хуулийг олж унших шаардлагатай болдог;

4.4.3.5.б. ишлэлийг олон удаа авбал тухайн хууль бүтцийн хувьд дутагдалтай, зохицуулалт нь ойлгомжгүй болох талтай.

4.4.4.иш татахад хуулийн нэрийг товчлохгүй.

4.4.5.ерөнхийлөн ишлэл хийхдээ хууль тогтоомжийн нэрийг дурдан тоочихгүйгээр “холбогдох хууль тогтоомжийн дагуу”, “холбогдох хууль тогтоомжоор зохицуулна” гэх, эсхүл “Иргэний хуульд заасны дагуу тодорхойлно“, “газрын тухай хууль тогтоомжоор зохицуулна”, “хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид зааснаар” гэх мэтээр томьёолно. Ерөнхий байдлаар ишлэл хийхээс аль болох зайлсхийх нь зүйтэй.

4.4.6.тухайн хуулийн төслийн бусад зүйл, хэсэг, заалтыг зааж хуулийн төсөл дотроо ишлэл хийж болно:

4.4.6.1.тухайн хуулиас ишлэл хийхдээ ишлэлийн эхэнд “энэ хуулийн” гэсэн бичвэрийг хэрэглэх бөгөөд түүний дараа тухайн иш татаж байгаа зүйл, хэсэг, заалтын дугаарыг тавьж, ишлэлийн төгсгөлд “заасан”, “заасны дагуу”, “заасан журмаар” зэрэг үгийг хэрэглэнэ.

Жишээ:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас:

 

12.6.Улсын Их Хурал тойргийг өөрчлөх тухай асуудлыг энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ.

 

Гаалийн тухай хуулиас:

 

51.1.Тээврийн хэрэгслийн төрлийг харгалзаж, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг гаалийн нутаг дэвсгэрээс олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор гаргана.

 

4.4.6.2.тухайн хуулиас ишлэл хийхдээ хуулийн дугаарлалтыг анхаарч, зөв бичих шаардлагатай:

4.4.6.2.а.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль батлагдахаас өмнө батлагдсан хуулийн хувьд зүйлийн дугаарыг дангаар нь бичиж түүний ард “дугаар”, “дүгээр” гэсэн бичвэрийг хэрэглэн хэсгийн дугаарыг дангаар нь, заалтын дугаарыг хэсгийн дугаарын хамт араб тоогоор бичиж ишилнэ.

Жишээ:

“Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу” гэж

 

4.4.6.2.б.2001 онд батлагдсан Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан бичилттэй хуулийн хувьд зүйлийн дугаарын ард хэсэг, заалтын дугаарыг зүйлийн дугаарын хамт бичиж ишилнэ.

Жишээ:

 “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу” гэж

 

4.4.6.2.в.2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.7-д заасны дагуу дугаарлагдах хуулийн хувьд түүнээс ишлэхдээ зүйлийн дугаарыг бүлгийн дугаарын хамт баруун талдаа цэгтэй араб тоогоор бичиж, “дугаар зүйл”, “дүгээр зүйл” гэсэн бичвэрийг хэрэглэн, хэсгийн дугаарыг дангаар нь тоогоор бичиж, заалтын дугаарыг хэсгийн дугаарын хамт бичих замаар ишлэл хийнэ.

Жишээ:

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗОРИЛТ, ЗАРЧИМ

 

1.1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн зорилт

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

 

    Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж ишлэл хийнэ.

 

Тав. Хуулийн төсөлд хэрэглэх онцлог бичвэр

5.1.Эх сурвалжийг заах

5.2.Оноосон нэр

5.3.Тоон бичвэр

5.4.Огнооны бичилт

5.5.Тэмдэгтийн бичилт

5.1.Эх сурвалжийг заах

5.1.1.эх сурвалжийг заах техникийг гол төлөв хуулийн нэрийг иш татахад хэрэглэдэг. Энэ тохиолдолд хуулийн төсөлд ишлэл хийж байгаа хуулийн нэрийг бүтнээр бичиж, нэрийн сүүлийн үгийн баруун дээд өнцөгт зай авалгүйгээр араб тоог 1-ээс эхлэн өсөх дарааллаар дугаарлана.

5.1.2.хуулийн нэрийг ишлэл хийсэн хуулийн төслийн хуудасны доод хэсэгт тусгаарлагч шугам ашиглан иш татаж байгаа хуулийн хойно хэрэглэсэн араб тооны ард хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заана.

Жишээ:

 

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиас:

 

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

 

2.1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль1, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

 

1Эрчим хүчний тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

 

5.2.Оноосон нэрийн бичвэр

5.2.1.хуулийн төсөлд оноосон нэрийн бичвэрийг дараахь байдлаар хэрэглэнэ:

5.2.1.1.оноосон нэрийн эхний үсгийг томоор бичнэ. Тухайлбал, “Эрүүл мэндийн яам”, “Засгийн газар” гэх мэт.

5.2.1.2.газар зүйн нэрийн эхний үсгийг том үсгээр бичнэ. Тухайлбал, “Архангай аймаг”, “Богд уул”, “Туул гол” гэх мэт.

5.2.1.3.аливаа улсын болон олон улсын байгууллагын нэрийн үг бүрийн эхний үсгийг том үсгээр бичнэ; Тухайлбал, “Монгол Улс”, “Оросын Холбооны Улс”, “Америкийн Нэгдсэн Улс”, “Нэгдсэн Үндэстний Байгууллага” гэх мэт.

5.2.1.4.оноосон нэр хоёр үгээс бүтсэн бол салгахгүй нийлүүлэн бичнэ; Тухайлбал, Сонгинохайрхан, Өвөрхангай гэх мэт. Хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол зураас татаж хоёр дахь үгийг мөн том үсгээр эхлэн бичнэ. Тухайлбал, “Дархан-Уул”, “Баян-Өндөр” гэх мэт.

5.2.1.5.хуульд заасан байгууллагын оноосон нэр өөрчлөгдсөн тохиолдол бүрт хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох тул үүнээс зайлсхийж байгууллагын болон албан тушаалын оноосон нэрийг хэрэглэхгүйгээр ерөнхий зорилго, чиг үүргээр нэрлэх нь зохимжтой. Тухайлбал, “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, “санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэх мэт.

5.3.Тоон бичвэр

5.3.1.хуулийн төсөлд тоон бичвэрийг дараахь байдлаар тэмдэглэнэ:

5.3.1.1. 0-9 хүртэл нэг оронтой тоог үсгээр, харин 10 болон түүнээс дээш тоог тоогоор;

5.3.1.2.цаг, хувь, техникийн нөхцөл, схемчилсэн тооцоо, хүснэгт дэх тоон мэдээллийг тоогоор. Тухайлбал, 5 минут, 48 цаг, 09.00 цаг, 10 хувь гэх мэт.

Жишээ:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас:

 

19.3.Нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг дараахьь журмаар явуулна:

19.3.1.хууль санаачлагч 15 минутад багтаан төслийн талаар илтгэл тавихf

 

5.3.1.3.бутархай тоог үсгээр. Тухайлбал, хоёрны нэг, дөрөвний гурав, тавны хоёр гэх мэт.

Жишээ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлээс:

 

 “2. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно ...”

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлээс:

 

5.2.Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг Улсын Их Хурал баталсан бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

 

5.3.1.4.гурваас дээш оронтой тоог сүүлийн оронгоос нь гурав гурван оронгоор зай авна. Тухайлбал, 100 000 (нэг зуун мянга), 80 000 (наян мянга), 1 000 (нэг мянга) гэх мэт.

5.3.1.5.мөнгөн дүнг тоогоор. Тухайлбал, сая, тэрбум гэх мэт бүхэлтийн нэгжийг илэрхийлэхдээ тооны ард “1 сая”, “10 тэрбум” гэсэн үгийг хэрэглэж болно.

Жишээ:

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 281 дүгээр зүйлээс:

 

2.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл авах журмыг зөрчсөн буюу хуурамч баримт бичиг бүрдүүлж зөвшөөрөл авсан бол 100 000-250 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

 

5.3.1.6.уртын хэмжээ, жин болон бусад хэмжээсийг товчлохгүйгээр бичнэ. Тухайлбал, метр, сантиметр, километр, гектар, грамм, килограмм, тонн гэх мэт. Схем, хүснэгтэд тооны ард хэмжээний албан ёсны товчлол, тэмдэгтийг эрх бүхий байгууллагын тогтоосон журмын дагуу бичнэ.

5.3.1.7.аливаа тоон үзүүлэлтийг томьёолохдоо дээд, доод хязгаарыг нарийн гаргаж бичих. Тухайлбал, 16-г хамааруулахаар бол “16-гаас дээш” гэхгүйгээр “16 буюу түүнээс дээш” гэж, “16-гаас доош” гэхгүйгээр “16 хүрээгүй” гэх мэт.

5.3.1.8.нас заахдаа тухайн заасан нас зохицуулалтад хамаарах, эсхүл хамаарахгүй болохыг тодорхой заана. Тухайлбал, 16 насыг хамааруулахаар бол “16-гаас дээш нас” гэхгүйгээр “16 буюу түүнээс дээш нас” гэж, насны дээд хязгаарыг заах бол “21-ээс доош насны” гэхгүйгээр “21 нас хүрээгүй”, “14-өөс доош насны” гэхгүйгээр “14 нас хүрээгүй” гэх мэт. Эсхүл “хүүхэд”, “ахмад настан” гэж хуульд нэгэнт тодорхойлсон ойлголтоор илэрхийлж болно.

5.4.Огнооны бичилт

5.4.1.хуулийн төсөлд огноог үсэг, тооны холимог байдлаар тэмдэглэж болно. Тухайлбал, оныг 4 оронтой тоогоор, сар, өдрийг тухайн сар, өдрийн тоогоор бичнэ. Тухайлбал, “1990 оны 5 дугаар сарын 1-ний өдөр” гэж ганц тоогоор илэрхийлэгдэх сар, өдөр байвал тэдгээрийн өмнө “0” хэрэглэхгүй.

5.5.Тэмдгийн бичилт

5.5.1.цэг

5.5.2.давхар цэг

5.5.3.таслал

5.5.4.цэгтэй таслал

5.5.5.хашилт

5.5.6.хаалт

 

5.5.1.цэг (.)-ийг дараахь тохиолдолд тавина:

5.5.1.1.хуулийн төслийн эх бичвэрийн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Өгүүлбэрийн эцэст цэг тавьсны дараа зай аваад дараагийн өгүүлбэрийн эхний үсгийг томоор бичнэ;

5.5.1.2.зүйлийн дугаарыг бичээд зүйл гэж бичсэний ард цэг тавина. Зүйл гэж бичсэний ард цэг тавьж, зай авахгүйгээр зүйлийн эх бичвэрийг бичнэ. Тухайлбал, “25 дугаар зүйл.Хуулийн этгээд”

5.5.1.3.хэсэг, заалт, дэд заалтын дугаарыг илэрхийлэх тооны ард цэг тавьж, эх бичвэрийг зай авахгүйгээр бичнэ. Тухайлбал, “236.1.1.үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;”

5.5.2.давхар цэг (:)-ийг дараахь тохиолдолд тавина:

5.5.2.1.хуулийн төслийн эх бичвэрт аливаа тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай байвал давхар цэг тавина. Тухайлбал, “дор дурдсаны дагуу ангилна:”, “дараахьь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэх мэт.

5.5.2.2.хуулийн төслийн хэсэг нь заалтад хуваагдах бол хэсгийн бичвэрийн төгсгөлд давхар цэг тавина.

Жишээ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас:

 

 “15.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 15.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

 15.2.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах;

 15.2.3.харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах.”

 

5.5.3.таслал (,)-ыг дараахь тохиолдолд тавина:

5.5.3.1.өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээс бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдэх тохиолдолд хооронд нь таслал тавина.

Жишээ:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас:

 

 “10.1.1.сонгогч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, түүнчлэн саналын хуудас, бие даан нэр дэвшигчийг дэмжигч-сонгогчдын гарын үсэг зуруулах маягт, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн дүн, мэдээний маягт, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл болон тэдгээрийг хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх зардал”

 

5.5.3.2.өгүүлбэрийн зарим дэд гишүүн нь дараагийн үгтэй шууд холбогдохгүй, нэг буюу хэдэн үгийг алгасч өөр үгтэй холбогдох тохиолдолд таслал тавина;

Жишээ:

Иргэний хуулиас:

 

 “25.1.Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”

 

5.5.3.3.нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байгаа тохиолдолд дараагийн үгийн тодотгол мэт ойлгогдох тул таслал тавина.

Жишээ:

Иргэний хуулиас:

 

 “12.1.Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.”

 

5.5.3.4.өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина;

Жишээ:

Иргэний хуулиас:

 

 “26.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.”

 

5.5.3.5.зүйлийн нэг хэсэг дотор орсон хэд хэдэн үйлдэл нь бие даасан цогц үйлдэл биш тохиолдолд тэдгээрийн хооронд таслал тавина. Хуулийн зүйлийн нэг хэсэгт хэд хэдэн үйлдэл, шаардлагыг хооронд нь таслалгүйгээр бичсэн тохиолдолд тэдгээр үйлдлийг бүгдийг хийх, шаардлагуудыг нэгэн зэрэг бүгдийг хангасан байх ёстой гэж ойлгогдоно. Харин таслалтайгаар бичсэн тохиолдолд аль нэг үйлдлийг хийх эрх олгосон буюу аль нэг шаардлагыг хангаж болно гэж ойлгогдоно.

Жишээ:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиас:

 

 “6.16.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд гишүүд асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.”

 

5.5.3.6.хуулийн төслийн эх бичвэрт таслал тавихдаа агуулгыг сайтар ойлгож хэрэглэнэ. Тухайлбал, хуулийн төслийн зүйлийн нэг хэсэг дотор хэд хэдэн үйлдэл орсон бөгөөд эдгээр нь бүхэлдээ нэг цогц ажиллагааг илэрхийлж байгаа бол үйлдэл хооронд таслал тавихгүй.

Жишээ:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиас:

 

 6.12.Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

5.5.3.7.таслал нь хуулийн төслийн эх бичвэрийн утга агуулгыг тодорхойлоход чухал үүрэгтэй болохыг анхаарах нь зүйтэй. Хуулийн төслийн эх бичвэрт таслал хэрэглэсний дараа зай авч дараагийн үгийг бичнэ.

5.5.4.цэгтэй таслал (;)-ыг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

5.5.4.1.таслалтай олон зэрэгцсэн гишүүнийг утгаар нь ангилах зорилгоор;

5.5.4.2.өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш буюу зүйл нь заалтад хуваагдаж байгаа тохиолдолд заалт тус бүрийн эцэст.

Жишээ:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиас:

 

 “5.2.Дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:

 

 5.2.1.нийтэд дэлгэрсэн нэр томьёо, дүрс, үл ялгагдах үсэг, тоо, тэмдэгт;

 5.2.2.бараа, үйлчилгээний үндсэн нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;

 5.2.3.барааны гаднах хэв маяг, сав, баглаа боодлын ердийн хэлбэр;

 5.2.4.газрын зураг болон газрын зураг дээр заасан байрлал.”

 

5.5.5.Хашилт (“ ”)-ыг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

5.5.5.1.хуулийн төслийн эх бичвэрт нэр томьёоны тодорхойлолт хийхдээ тодорхойлогдох тухайн ойлголтыг хашилтад бичнэ.

Жишээ:

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд

хяналт тавих тухай хуулиас:

 

 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

  4.1.1.“тэсэрч дэлбэрэх бодис” гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг;

  4.1.2.“тэсэлгээний хэрэгсэл” гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг;

 

5.5.5.2.хуулийн төслийн эх бичвэрт агуулгын товчлол хийх тохиолдолд хашилт хэрэглэнэ. Тухайлбал, Банк, банк бус санхүүгийн байгууллага (цаашид “зээлдүүлэгч” гэх) гэх мэт.

Жишээ:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр

тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиас:

 

3 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн тухай ойлголт

 

1.Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд (цаашид "хадгалуулагч" гэх)-ийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд (цаашид "хадгалагч" гэх)-д хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг мөнгөн хадгаламж (цаашид "мөнгөн хадгаламж" гэх) гэнэ.

 

5.5.6.хаалт (/…/, (…))

Хуулийн төслийн эх бичвэрт ихэнх тохиолдолд ташуу зураасан хаалт (/…/)-ыг хэрэглэдэг. Олон улсын гэрээний төсөлд дугуй хаалт (...)-ыг хэрэглэнэ.

Жишээ:

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиас:

 

4.1.2.“факторингийн үйлчилгээ” гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах (шилжүүлэх), энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг;

 

Зургаа. Хуулийн төслийн эх бичвэрийг компьютерт боловсруулахад тавих шаардлага

6.1.Хуулийн төслийн эх бичвэрийг компьютерт боловсруулахдаа нэгэн хэв загвараар бичнэ. Энэ нь бичилтээс болж үүсдэг агуулгын зөрчилтэй мэт харагдах, хуулийн төслийн бүтэц алдагдах зэрэг сөрөг үр дагаврыг арилгах, хуулийн төслийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг сайжруулах ач холбогдолтой.

6.2.Эх бичвэрийг компьютерт боловсруулахад дараахь эрх зүйн баримт бичгийг баримтална:

6.2.1.Үндэсний архивын газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”;

6.2.2.Стандартчилал, хэмжил зүйн үндэсний Зөвлөлийн 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт”.

6.3.Үндэсний архивын газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.5 буюу “Баримт бичгийг компьютерт боловсруулах” гэсэн хэсэгт зааснаас хуулийн төслийн эх бичвэрт хамааруулан хэрэглэнэ:

6.3.1.хуулийн төслийн эх бичвэрийг Windows, Word программыг ашиглан “Монгол хэлний компьютерийн үсгийн тогтолцоо. Кирилл ба Монгол үсгийн нэгдсэн код” MNS 5552:2005 стандартаар үйлдэнэ.

6.3.2.баримт бичгийг Arial, Times new roman зэрэг үсгийн фонтыг ашиглан бичиж, бичвэрийн мэдээллийн үсгийн хэмжээ нь 12-14, хүснэгтийн мэдээллийг 10-12 хэмжээгээр бичнэ. Бичгийн мөр хоорондын зайг 1.0-1.5-аар авна. Олшруулах шаардлагатай текстэн мэдээллийг компьютерт боловсруулахдаа мөр хоорондын зайг 2.0-оор авч бичнэ.

6.3.3.баримт бичгийг боловсруулах компьютер нь Unicode-ийг дэмждэг үйлдлийн системтэй байна. Компьютерт эх бичвэрийг бичиж эхлэхээс өмнө цаасны хэмжээг сонгож, хуудасны захын хэмжээг тохируулна.

6.3.4.баримт бичгийн бүрдлүүд хэд хэдэн мөрөөр бичигдэх тохиолдолд мөр хоорондын зайг 1.0-ээр авна. “Баримт бичгийн тэргүү”, “Гарын үсэг” зэрэг бүрдлийг эх бичвэрээс 2.0-3.0-аар зай авч бичнэ.

6.3.5.баримт бичгийн бичвэрийн агуулга, сэдэв өөрчлөгдөх тохиолдолд догол мөрнөөс 2.0-оор зай авч бичнэ.

6.3.6.хоёр болон түүнээс дээш хуудастай баримт бичгийг хоёрдугаар хуудаснаас эхлэн араб тоогоор дугаарлана.

6.4.Стандартчилал, хэмжил зүйн үндэсний Зөвлөлийн 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт”-ын 6.15-д “Бичвэрийн эхний мөрийг хуудасны зүүн захаас 5 үсгийн тэмдэгтээр зай авч догол мөрнөөс эхлэн бичнэ. Түүний зүүн, баруун зах тэгш байна. Бичвэрийн агуулга, сэдэв өөрчлөгдөх тохиолдолд дараагийн өгүүлбэрийг догол мөрнөөс шинээр эхлэн бичнэ” гэснийг мөрдөнө.

6.5.Хуулийн төслийн эх бичвэрийг компьютерт боловсруулахад тавих шаардлага нь хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулахад мөн адил хамаарна.

Долоо. Хуулийн төслийн танилцуулга

7.1.Хуулийн төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл боловсруулахын өмнө бэлтгэдэг бөгөөд танилцуулгыг хуулийн төсөл боловсруулсны дараа бичдэг тул үг хэллэгийг өнгөрсөн цагт бичнэ. Танилцуулга нь тухайн хуулийн төслийн талаар ерөнхий ойлголт өгөхөд чиглэгдэнэ.

7.2.Хуулийн төслийн танилцуулгад Хууль тогтоомжийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төсөл боловсруулах зорилго, ач холбогдол, тухайн харилцааг урьд нь хууль, эрх зүйн бусад актаар зохицуулж ирсэн байдал, хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан хууль санаачлагчаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүн, гадаад орны туршлага, бусад судалгаа шинжилгээний ажлын тайлангийн дүгнэлт зэргийг хуулийн төслийн агуулгатай уялдуулан товч дурдана.

7.3.Танилцуулгад тухайн төсөлд тусгасан зарчмын шинэлэг зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарлана. Хуулийн төсөл дотор энэхүү тайлбарыг хийх боломжгүй тул зарчмын шинэлэг зохицуулалтыг хийх болсон шалтгаан нөхцөл, хийсэн хэлбэр, хэмжээг тодруулан тайлбарлах нь хуулийг ойлгуулахад чухал ач холбогдолтой болохыг анхаарвал зохино.

7.4.Хуулийн төслийн танилцуулгыг боловсруулахад үзэл баримтлалыг хуулбарлан давхардуулж бичих, хамаарахгүй асуудлыг оруулах, хэт нурших зэрэг алдаанаас зайлсхийх нь зүйтэй. Танилцуулга нь хуулийн төслийн үзэл баримтлалын тухай биш харин хуулийн төслийн тухай гэдгийг анхаарвал зохино.

7.5.Хуулийн төслийн тухай танилцуулгын эхний хуудсанд “ТАНИЛЦУУЛГА” гэсэн үгийг танилцуулгын бичвэрийн дээд талд том үсгээр голлуулан бичнэ. Дараагийн мөрний зүүн доод өнцөгт хуулийн нэрийг тухайлсан хэлбэрээр бичиж, танилцуулгын төгсгөлд хууль санаачлагчийн нэрийг тавина.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1.Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хуулийн төсөл дараахьь төрөлтэй байна:

1.1.1.анхдагч хуулийн төсөл;

1.1.2.хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

1.1.3.хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

1.1.4.багц хуулийн төсөл.

1.2.Боловсруулах хуулийн төслийн төрлийг тухайн хуулийн төслийн үзэл баримтлалд заасны дагуу сонгоно.

1.3.Бие даасан шинэ хууль (анхдагч хууль) гаргах нь тухайн нийгмийн харилцааны хүрээ, түүнийг хуулиар зохицуулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр хоорондоо харилцан уялдаатай хэм хэмжээг нэг хуульд нэгтгэн иж бүрэн зохицуулалтыг бий болгох зорилгыг агуулна.

1.4.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай болон Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг ихэвчлэн анхдагч хуулийн төслөөр боловсруулна.

Хоёр. Хуулийн төслийн бүтэц

Хуулийн төсөл нь дараахь бүтэцтэй байна:

2.1.Хуулийн төслийн гарчиг;

2.2.Хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

2.3.Зүйлийн доторх хэсэг;

2.4.Хэсгийн доторх заалт;

2.5.Заалтын доторх дэд заалт;

2.6.Шаардлагатай бол бүлэг, дэд бүлэг, хэсэг, дэд хэсэг, анги.

Зөвлөмж: Хуулийн төслийн бүтцийн эдгээр нэгжийг төсөл бүрт бүгдийг хэрэглэх шаардлагагүй бөгөөд хуулийн төслийн онцлогт тохируулан аль нэгийг нь сонгож хэрэглэхийг төсөл боловсруулагч шийдвэрлэнэ. Хуулийн төслийн бүтэц хуулийг системтэй ойлгоход хялбар байдаг бөгөөд бүтцийн нэгжийг хэрэглэхдээ дэс дугаарлана.

Жишээ:

 

 

Гарчиг

 

Анхдагч хуулийн төслийн бүтэц

 

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2002 оны 1 дүгээр Улаанбаатар

Line Callout 3: Хуулийн нэрсарын 10-ны өдөр хот

 

 

 

ИРГЭНИЙ ХУУЛЬ

 

 
 

 

I ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

 

I ДЭД ХЭСЭГ

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА, ХУУЛЬ ТОГТООМЖ

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА ҮҮСЭХ ҮНДЭСЛЭЛ, ХАМГААЛАЛТ, ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНД ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

 

8 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл

 

 8.1.Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:

 

 8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;

 

 8.1.2.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл:

 

 8.1.8.а/…

 8.1.8.б/…

Line Callout 3: •	Дэд заалтLine Callout 3: •	Бүлгийн дугаар
•	Бүлгийн нэр
Line Callout 3: •	Дэд хэсгийн дугаарLine Callout 3: •	ХэсэгLine Callout 3: •	Зүйлийн нэрLine Callout 3: Дэд хэсгийн нэрLine Callout 3: •	Хэсгийн дугаар
•	Хэсгийн нэр
Line Callout 3: •	Заалт

 

 

 

2.1.Хуулийн төслийн гарчиг

2.1.1.хуулийн төслийн гарчиг нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу “Монгол Улсын хууль” гэсэн толгой, хуулийг баталсан он, сар, өдөр, хуулийг баталсан газрын нэр, агуулгыг товч тодорхой илэрхийлсэн хуулийн төслийн нэрээс бүрдэнэ.

2.1.2.хуулийн төслийн нэрийг хуулийн төслийн үзэл баримтлалд урьдчилсан байдлаар зааж болно. Нэр нь төсөл боловсруулалтын явцын дунд эсхүл төсөл боловсруулж дууссаны дараа өөрчлөгдөж болно. Хуулийн төслийн нэр нь “тухайлсан” (”тухай” гэсэн үгээр төгссөн), оноосон (”...ийн хууль” гэсэн үгээр төгссөн) төрөлтэй байна.

2.1.3.хуулийн төслийн нэр нь хуулийн төслийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байна. (агуулгыг хагас дутуу, эсхүл хэтрүүлж илэрхийлж болохгүй)

2.1.4.хуулийн төсөл нэг талаас хэт урт, олон утгаар ойлгогдохоор байж болохгүй бөгөөд түүнийг санах, тогтооход хялбар байх зорилгоор богино товч байна. Нөгөө талаас хангалттай ерөнхий шинж агуулахгүй бол хуулийн төсөлд өөрчлөлт орох тутамд нэрийг тодруулж өөрчлөх шаардлага гарахыг анхаарах нь зүйтэй.

2.1.5.бусад хуулийн нэртэй давхардсан байж болохгүй.

2.2.Хуулийн төслийн зүйл:

2.2.1.хуулийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл нь хуулийг системтэй болгох, шаардлагатай зохицуулалтыг нарийвчлан заах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.2.2.зүйл нь хоорондоо уялдаа холбоо, логик дэс дараалалтай, нэгдсэн дугаартай байна.

2.2.3.зүйл агуулгыг нь товч илэрхийлсэн гарчигтай байна.

2.2.4.хуульчилж байгаа бие даасан санаа бүрийг зүйлд тусгах тул гарчиг нь утгын хувьд тухайн зүйлийн агуулгыг илэрхийлсэн байна. Зүйлийн гарчиг нь тухайн зүйлд заасан санаанаас илүү өргөн, эсхүл өөр агуулгатай байж болохгүй. Зүйл тус бүрт гарчиг өгөх нь хууль хэрэглэх ажиллагааг хялбар болгоно.

2.2.5.зүйлийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу зохицуулах харилцааны онцлогоос хамаарч дор дурдсан байдлаар дугаарлаж, бичвэр тус бүрийг догол мөрнөөс эхэлнэ:

2.2.5.1.зүйлийг араб тоогоор дугаарлаж, ард нь “дүгээр”, эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр бичин цэг тавьж, зай авалгүйгээр зүйлийн гарчгийг бичнэ.

Жишээ:

Иргэний хуулиас:

 

 “34 дүгээр зүйл. Компани

 

34.1.Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.

34.2.Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.”

 

 2.2.5.2.зүйлийн дугаарын өмнө бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж цэг тавина.

Жишээ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас:

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэл

 

3.1 дүгээр зүйл.Хянан шийдвэрлэх ажиллагаа заавал явуулах

 

3.2 дугаар зүйл.Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг илрүүлэх

 

2.2.6.зохицуулж байгаа харилцаанаас хамааран хуулийн төсөл зөвхөн зүйлээс бүрдэж болно. Тухайлбал, 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 4 зүйлтэй, 1997 онд батлагдсан Улс төрийн зарим албан тушаалтанд тэтгэмж олгох тухай хууль 2 зүйлтэй байна.

2.3.Зүйлийн доторх хэсэг

2.3.1.зүйлд тусгасан санааг хоорондоо уялдаа бүхий хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэх тохиолдолд зүйлийг хэсэгт хуваана. Зүйлийн доторх хэсгийн бичвэр тус бүрийг догол мөрнөөс эхэлнэ.

2.3.2.зүйлийн доторх хэсгийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дор дурдсан байдлаар дугаарлаж болно:

2.3.2.1.хэсгийг баруун талд цэг бүхий, зүйл, хэсгийн дугаарыг тусгасан араб тоогоор эрэмбэлэн дугаарлана. Тухайлбал, “1.1.” гэх мэт.

Жишээ:

Гаалийн тухай хуулиас:

 

13 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээлэл

 

 13.1.Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, төсвийн орлогын бүрдүүлэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллага статистикийн мэдээлэл гаргана.

  13.2.Энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын код, нэр төрлөөр гаргана.

  13.3.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг гаргах зорилгоор гаалийн мэдүүлэгт үндэслэсэн гаалийн мэдээллийн санг бүрдүүлж, хөтөлнө.”

 

  2.3.2.2.хэсгийн дугаарыг баруун талдаа цэг бүхий араб тоогоор бичнэ.

Жишээ:

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслөөс:

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Шүүхийн зардал, баримт бичиг

 

3.1 дүгээр зүйл.Шүүхийн зардал

 

1.Шүүхийн зардал нь дор дурдсан зардлаас бүрдэнэ:

1.1.гэрч, шинжээч, хэлмэрч, орчуулагчид төлөх зардал;

1.2.баримтыг хадгалах, шилжүүлэн явуулах, шинжилгээ хийлгэхэд гарсан зардал;

1.3.тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдож гарсан бусад зардал.

 

2.4.Хэсгийн доторх заалт

2.4.1.зүйлийн хэсэг доторх бүлэг санааг хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэх тохиолдолд хэсгийг заалтад хуваана. Эрх, үүрэг, нөхцөл, эрх зүйн үр дагавар, тухайн хэм хэмжээнд хамаарах этгээд, нөхцөл байдлыг тоочих бол хэсгийг заалт болгон бичих шаардлагатай.

2.4.2.хэсгийн доторх заалт нь аль болох нэг өгүүлбэрээс бүрдсэн байна. Заалт нь нэг нь нөгөөгөөсөө урган гарсан хоёр өгүүлбэрээс бүтэх бол тэдгээрт “бөгөөд” гэсэн холбоос үгийн аль нэгийг хэрэглэнэ.

2.4.3.хэсгийн доторх заалтын бичвэр тус бүрийг хоёр догол мөрийн зай авч бичнэ.

2.4.4.хэсгийн доторх заалтыг дор дурдсан байдлаар дугаарлаж болно:

2.4.4.1.заалтыг баруун талдаа цэг бүхий, зүйл, хэсгийн дугаарыг тусгасан араб тоогоор (1.1.1. гэж) дугаарлана;

Жишээ:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиас:

 

21 дүгээр зүйл. Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

 21.1.Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 21.1.11.озон задалдаг бодисын хольц агуулсан дараахь тоног төхөөрөмж импортлох, худалдах зөвшөөрөл олгоход:

 

2.4.4.2.заалтыг баруун талдаа цэг бүхий хэсэг заалтын дугаарыг тусгасан араб тоогоор дугаарлана.

Жишээ:

Зөрчлийн тухай хуулиас:

 

 5.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргахдаа дор дурдсан нөхцөлийг тогтооно:

 5.1.тухайн байгууллага албан тушаалтны эрх хэмжээ, харьяаллын асуудал мөн эсэх;

 5.2.шийтгэлээс чөлөөлөгдсөн үндэслэл тогтоогдсон эсэх;

 

2.5.Заалтын доторх дэд заалт

2.5.1.хэсгийн доторх заалт нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэхээр бол заалтыг дэд заалтад хуваана. Дэд заалт нь хуулийн утга санааг нарийвчлан тодорхойлоход чухал ач холбогдолтой.

2.5.2.зүйл, хэсэг, заалтын дугаарлалтаас хамааран дэд заалтыг дараахь байдлаар дугаарлана. Тухайлбал, “1.1.1.а.”, эсхүл “1.1.а.” гэх мэт.

Жишээ 1:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиас:

 

 21.1.11.а.гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч 10000-25 000 төгрөг;

 21.1.11.б.иргэн, олон нийтийн барилга, орон сууцны агааржуулагч, хөргөх хэрэгсэл 20 000-50 000 төгрөг;

 21.1.11.в.үйлдвэр болон томоохон зочид буудлын хөргөх систем 40000-100 000 төгрөг;

 

Жишээ 2:

 1.11.а.гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч 10000-25 000 төгрөг;

 1.11.б.иргэн, олон нийтийн барилга, орон сууцны агааржуулагч, хөргөх хэрэгсэл 20 000-50 000 төгрөг;

 1.11.в.үйлдвэр болон томоохон зочид буудлын хөргөх систем 40000-100 000 төгрөг

 

Зөвлөмж: Зүйл, хэсэг, заалт, дэд заалтыг хуулийн төсөлд хэрэглэхдээ хоёр нэгжийн хооронд аль нэг нэгжийг алгасч хэрэглэж болохгүй.

2.6.Анги, хэсэг, дэд хэсэг, бүлэг, дэд бүлэг

2.6.1.хуулийн төсөл нь зүйл, зүйлийн доторхи хэсэг, хэсгийн доторхи заалт, дэд заалт гэсэн бүтэцтэй байх бөгөөд зохицуулах асуудлын цар хүрээнээс хамааран анги, хэсэг, дэд хэсэг, бүлэг, дэд бүлгийг хэрэглэж болно.

2.6.2.анги, хэсэг, дэд хэсэг, бүлэг, дэд бүлгийн дугаарыг том үсгээр тодоор бичиж, голлуулан байрлуулах бөгөөд дараагийн мөрнөөс нь тэдгээрийн гарчгийг мөн адил бичнэ.

2.6.3.хэсэг, дэд хэсгийн дугаарыг ром тоогоор тэмдэглэх бөгөөд агуулгыг нь илэрхийлсэн нэртэй байна. Бүлгийн дугаарыг үсгээр бичиж тэмдэглэнэ. Харин ангийг Ерөнхий анги, Тусгай анги гэж бичиж тэмдэглэнэ.

2.6.4.хуулийн төсөлд нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн “ерөнхий анги” эсхүл “нийтлэг үндэслэл” гэсэн хэсэг, бүлэг байж болно. Мөн тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн тусгай анги, бүлэг, хэсэг байж болно. Хуулийн төслийн онцлогоос нь шалтгаалан бага хуваагдлын нэгжээс эхлэн дээшлэх аргаар логик дараалалд захирагдан бүтцийн нэгжийг сонгох бөгөөд ингэхдээ зүйлийг сэдвээр нь бүлэглэж, бүлгийг хэсэг, ангид нэгтгэх шаардлагатайг анхаарах ёстой.

Гурав. Хуулийн төслийн хэлбэр

3.1.Хуулийн төслийн бүтцийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.3-т заасан хэлбэрийн дагуу байрлуулна:

3.1.1.хуулийн төслийн гарчиг;

3.1.2.нийтлэг хэм хэмжээ;

3.1.3.нэр томьёоны тайлбар;

3.1.4.тусгайлан тогтоож байгаа эрх зүйн хэм хэмжээ;

3.1.5.иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулах журам, тэдгээрийн эрх, үүрэг;

3.1.6.онцгойлон үзэх нөхцөл байдал;

3.1.7.хариуцлага тогтоож байгаа хэм хэмжээ;

3.1.8.хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт;

3.1.9.шаардлагатай бол хууль хүчин төгөлдөр болох тухай хэм хэмжээ;

3.1.10.бусад зүйл.

3.2.Хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29.1.11-д заасны дагуу хуулийн зорилго гэсэн зүйлтэй байж болох бөгөөд зорилгод уг хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүн, зохицуулах харилцааг тусгана:

3.2.1.хуулийн зорилгыг тодорхойлохдоо хуулиар зохицуулах харилцааны хүрээ, хязгаарыг бодитойгоор харгалзан үзэж, хариуцлагатай хандах шаардлагатай. Хуулийн хэрэгжилтийг үнэлэхэд тавьсан зорилгодоо хүрч байгаа эсэхийг харьцуулан дүгнэх тул зорилгоо буруу, дутуу, эсхүл хуулийн агуулгаас хальсан өргөн утгаар томьёолсон тохиолдолд хууль нь зорилгодоо хүрч хэрэгжээгүй мэт харагдах, эсхүл хуулийн зохицуулалт хангалтгүй болсон мэт үнэлэгдэхээс гадна шаардлагагүй нэмэлт, өөрчлөлтийг оруулах үндэслэл болох сөрөг үр дагавартай.

3.2.2.Хууль тогтоомжийн тухай хуулийн 50.1.1-д хууль тогтоомжийн зорилгыг хангаж байгаа түвшинг тодорхойлох чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхээр заасныг хуулийн зорилгыг томьёолохдоо анхаарах нь зүйтэй.

3.2.3.хуулийн зорилгыг хараад уг хууль нь хүний эрхийг хангах чиглэлээр хэрхэн үйлчлэх нь ойлгомжтой байх ёстой.

3.2.4.практикт хуулийн зорилго, хуулийн зорилт гэж өөр өөрөөр бичих тохиолдол байдаг тул хууль тогтоомжийн тухай хуульд хуулийн зорилго гэж тодорхойлсныг мөрдөх нь зүйтэй.

3.3.Хуулийн зарчмыг зөв томьёолох нь дараахь ач холбогдолтой:

3.3.1.хуулийн зарчим нь түүний зорилго, агуулгыг хэрэгжүүлэхэд нөлөөлдөг хөшүүрэг тул хуулийн зүйл, заалтыг хэрэглэхэд эргэлзээ гарсан тохиолдолд асуудлыг тухайн хуулийн зарчмын хүрээнд авч үздэг.

3.3.2.хуулийн зарчим нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг тусгаж, тухайн чиглэлээр төрөөс баримтлах бодлогод нийцэж, уг хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн ухагдахуун болно.

3.3.3.хуульд заасан зарчмууд нь хоорондоо харилцан холбоотой байдгийг үндэслэн эрх зүйн харилцаа болон түүнээс үүдэлтэй ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд эдгээр зарчмууд хамтдаа буюу зарим нь голлох нөлөөтэй үйлчилнэ.

3.3.4.хууль болгонд зарчим заах шаардлагагүй бөгөөд тухайн хуулийн онцлогоос хамаарна.

3.3.5.тухайн асуудлаар Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчсөн, давсан агуулгатай байхыг хориглоно.

3.3.6.тухайн хуулийн зохицуулалтад хамаарахгүй, агуулгатай нь нийцээгүй асуудлаар бусад хуульд тусгасныг дуурайх зорилгоор хуулийн төсөлд зарчим заахгүй байхыг анхаарвал зохино.

3.3.7.хуулийн зарчмын утгыг бүрхэгдүүлсэн цөөн үгээр, эсхүл хэд хэдэн зарчимд хамаарах утгыг нэг зарчим болгох, хэтэрхий нуршсан олон үгээр томьёолохоос зайлсхийнэ.

3.4.Хууль тогтоох байгууллага хуульд тусгайлан заан эрх олгох замаар илүү нарийвчилсан зохицуулалт хийх бүрэн эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад байгууллага, албан тушаалтанд олгож болно. Энэ тохиолдолд тухайн байгууллага, албан тушаалтан нь нийтлэг дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий эрх зүйн акт гаргах эрх эдэлнэ.

3.4.1.эрх олгох заалтыг томьёолохдоо дараахь асуудлыг анхаарах шаардлагатай:

3.4.1.1.эрх олгох заалтыг нарийвчлан томьёолоогүйгээс нийтлэг эрх хэмжээтэй андуурагддаг. Тухайлбал, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.1-д Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж, мөрдүүлэх бүрэн эрхтэй байхаар заасан нь Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээг тодорхойлж байгаагаас бус нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны акт гаргах эрх олгосон заалт биш юм.

3.4.1.2.захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгож байгаа заалтад тухайн актаар зохицуулах асуудлын хүрээг тодорхой заана. Зохицуулах асуудлын хүрээг дутуу зааснаас зохицуулалтгүй асуудал үлдэж, хариуцах эзэнгүй болдог. Тухайлбал, “цол олгох журмыг ... асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн нь цол бууруулах, хураан авах асуудлыг хэрхэн зохицуулах, хэн хариуцах нь тодорхойгүй болсон байна.

Жишээ:

Хөрөнгө оруулалтын тухай хуулиас:

 

 “20.6.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.”

 

Агаарын тухай хуулиас:

 

 “25 дугаар зүйл.Озоны үе давхаргыг хамгаалах

 

 25.1.Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт болон тэдгээрийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.”

 

3.4.2.хууль тогтоогч нэг эрхийг хэд хэдэн этгээдэд зэрэг олгох зохицуулалтыг тусгаж байгаа тохиолдолд дараахь байдлаар ялгамжтайгаар томьёолно:

3.4.2.1.хэрэв нэг эрхийг хэд хэдэн этгээдэд тэгш эрх, оролцоотойгоор олгож байгаа бол “хамтран” гэж;

3.4.2.2.хэрэв нэг этгээдэд тухайн эрхийг бусдын саналаар давамгай оролцоотойгоор олгож байгаа бол “санал болгосноор” гэж.

3.4.3.эрх олгож байгаа тухай заалтаар өөр хуулийг хэрэгжүүлэх талаар зааж болохгүй.

Жишээ:

Гаалийн тухай хуулиас:

 

 “55 дугаар зүйл. Барааг гаалийн байгууллагад мэдүүлэх

 

 55.5.Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.”

 

 

Ойн тухай хуулиас:

 

“4 дүгээр зүйл. Таримал ойг өмчлөх, ойг эзэмшүүлэх

 

4.9.Ойн сангийн тодорхой хэсгийг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.”

 

3.4.4.эрх олгох бичвэрийг “батална”, “баталж мөрдүүлнэ”, “тогтооно” зэрэг тусгайлан эрх олгогдсон этгээд нь тухайн эрхийг хэрэгжүүлэх эсэх талаар өөрөө сонголт хийх боломжгүй байдлаар томьёолно.

3.5.Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт

3.5.1.хуучин байсан харилцаанд тулгуурлан шинээр эрх зүйн зохицуулалтыг хуульчлах тохиолдолд тухайн шинэ зохицуулалтыг баримтлах зарчим үйлчилнэ. Хэрэв тухайн харилцаанд хуучин зохицуулалтыг баримтлах бол энэ тухай хуулийн төсөлд тусгайлан заах шаардлагатай. Дараахь тохиолдолд нэгэнт үүссэн бөгөөд үргэлжилж байгаа харилцааг хэрхэн зохицуулах тухай буюу шилжилтийн зохицуулалтыг томьёолох хэрэгтэй болно:

3.5.1.1.шинээр мөрдөх хуулийн зохицуулалт хууль хүчин төгөлдөр болмогц шууд бүрэн хэмжээгээр хэрэгжих боломжгүй;

3.5.1.2.хуулийн төсөлд зарим харилцааг ирээдүй цагт зохицуулах байдлаар тусгасан бол ирээдүйд үйлчлэх зохицуулалт болон одоо цагт үүссэн харилцааг уялдуулан нийцүүлэх;

3.5.1.3.Үндсэн хуульд баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах шаардлагад нийцүүлэх.

3.5.2.шилжилтийн зохицуулалтыг томьёолохдоо ихэнх тохиолдолд шинэ хуулийн заалт зарим харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгаарлах, эсхүл зөвхөн хууль батлагдсаны дараа үүсэх харилцаанд хамаарахаар заана.

3.5.3.шинэ хууль нь түүнийг хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд тусгай нөхцөл, хязгаарлалтаас хамаарч үйлчлэх бол шилжилтийн зохицуулалт хийнэ.

3.5.4.шилжилтийн зохицуулалтыг хуулийн төсөлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг заасан зүйлийн өмнө тусгана. Хуулийн төслийг боловсруулахдаа хэрэгжүүлснээс үүдэн гарах үр дагаврыг нарийвчлан тооцоогүйгээс шилжилтийн зохицуулалтыг батлагдсан хуулийн араас тусад нь хууль болгон баталж гаргах тохиолдол байдаг тул үүнээс аль болох зайлсхийж хуулийн төсөлд тусган боловсруулах нь зүйтэй юм.

3.6.Хууль хүчин төгөлдөр болох тухай

3.6.1.хууль санаачлагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хуулийн төсөлд түүнийг хүчин төгөлдөр болох хугацааны тухай зохицуулалт тусгана.

3.6.2.хуулийн төсөлд хуулийг дагаж мөрдөх хугацааны тухай тусгайлан заагаагүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал албан ёсоор нийтэлснээс (Хууль тогтоомжийн эмхэтгэлд) хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

3.6.3.хуулийг дагаж мөрдөх хугацааг заахад тодорхой огноо байх нь илүү тохиромжтой.

3.6.4.хэрэгжүүлж эхлэхэд бэлтгэл шаардсан, эсхүл гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд хамааралтай хууль гарч байгаа тохиолдолд дагаж мөрдөх хугацааг батлагдсан өдрөөс нь хойш шаардлагатай хугацаагаар хойшлуулан зааж болно.

3.6.5.хуулийг дагаж мөрдөх тухай заалт хуулийн төслийн эцэст байрлана.

3.6.6.хууль хүчин төгөлдөр болох тухай зохицуулалтыг дараахь байдлаар томьёолно:

3.6.6.1.хууль түүнийг баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бол “Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө”, “Энэ хуулийг баталсан өдрөөс нь буюу … оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж бичих бөгөөд энэ тохиолдолд тухайн өдрийн 00 цагаас эхлэн хууль үйлчилж эхэлнэ гэдгийг анхаарах нь зүйтэй.

3.6.6.2.хууль хүчин төгөлдөр болох хугацааг тодорхой заах тохиолдолд “Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж бичнэ.

3.6.6.3.нэг харилцааг зохицуулахтай холбогдон хэд хэдэн хуулийг нэгэн зэрэг батлах тохиолдолд дагалдах хуулиудын хүчин төгөлдөр болох хугацаа нь гол хуулийн хүчин төгөлдөр болох хугацаатай ижил байх бөгөөд энэ тохиолдолд “Энэ хуулийг … тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж бичнэ;

3.6.6.4.хуулийг тодорхой хугацаа өнгөрсний дараа зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр дагаж мөрдөх тохиолдолд “Энэ хуулийг … эхлэн дагаж мөрдөнө.”, “Энэ хуулийг 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”;

3.6.6.5.хууль зөвхөн тодорхой хугацаанд үйлчлэхээр байвал түүний хүчин төгөлдөр болох болон хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусгавар болох огноог хуульд заана.

Жишээ:

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас:

 

 3 дугаар зүйл. Ил болгож мэдээлэх хугацаа

 

 3.1.Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.

 

3.6.6.6.тухайн зохицуулалтын онцлогоос хамаарч хүчин төгөлдөр болох хугацааг хэсэгчлэн тогтоох тохиолдолд “Энэ хуулийн … зүйлийг … оны … дугаар сарын …-ны өдрөөс, бусад зүйл, заалтыг … оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.” гэж бичнэ.

Дөрөв. Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл боловсруулах

4.1.Монгол Улс гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан хоёр буюу олон талт гэрээ, эсхүл олон талт гэрээнд нэгдэн ороход соёрхон батлах тухай хууль гарна.

4.2.Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан олон улсын гэрээг заавал соёрхон батлахаар заасан:

4.2.1.Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;

4.2.2.Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээ;

4.2.3.батлагдсан улсын төсвөөс гадуур нэмэлт хөрөнгө шаардах заалт бүхий олон улсын гэрээ;

4.2.4.гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай гэрээ болон Улсын Их Хурлаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн зээлийн бусад гэрээ;

4.2.5.олон улсын гэрээ байгуулахдаа талууд соёрхон батлуулахаар тохиролцсон гэрээ.

4.3.Соёрхон баталвал зохих хоёр болон олон талт гэрээг Монгол Улс байгуулах, эсхүл нэгдэн ороход Улсын Их Хурал хууль гаргана. Засгийн газар заавал соёрхон батлах гэрээний төсөл, эсхүл олон талт гэрээнд нэгдэн орох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөж эрх авсны үндсэн дээр тухайн гэрээнд гарын үсэг зурна. Улсын Их Хуралтай зөвшилцөх шатанд гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй юм. Улсын Их Хуралтай зөвшилцөж тухайн гэрээнд гарын үсэг зурсан нь тухайн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах үндэслэл болно.

4.4.Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөлд үзэл баримтлалыг боловсруулах бөгөөд уг үзэл баримтлалыг энэ аргачлалын 1 дүгээр бүлгийн “Хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулах” хэсэгт заасны дагуу боловсруулна.

4.5.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл ихэнх тохиолдолд анхдагч хуулийн төсөл байна. Хуулийн төсөл нь нэг зүйлтэй, зүйл нь тусгайлсан гарчиггүй байх бөгөөд түүнд олон улсын эрх зүйн ямар субьекттэй, хэзээ байгуулсан, ямар төрлийн гэрээг соёрхон батлах тухай тусгана. Зарим тохиолдолд тухайн гэрээг соёрхон баталснаар хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зааж болно.

4.6.Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөлд олон улсын гэрээний нэрийг товчлох, өөрөөр нэрлэхийг хориглоно.

4.7.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн эх бичвэрийг “... соёрхон баталсугай” гэсэн бичилт хийж төгсгөнө.

Жишээ:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 05 дугаар                                                                                 Улаанбаатар

сарын 05-ны өдөр                                                                                             хот

 

ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээг соёрхон баталсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 10 дугаар                                                                                     Улаанбаатар

сарын 09-ны өдөр                                                                                                 хот

 

“УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИ”-ИЙГ

СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Нэгдсэн Yндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 1951 онд баталсан “Ургамал хамгааллын олон улсын конвенци”-ийг соёрхон баталсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 10 дугаар                                                                                     Улаанбаатар

сарын 18-ны өдөр                                                                                                 хот

 

МОНРЕАЛЫН ПРОТОКОЛД ОРУУЛСАН НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай 1987 оны Монреалын протоколд Бээжин хотноо 1999 онд болсон 11 дүгээр хуралдаанаас оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 11 дүгээр                                                                                    Улаанбаатар

сарын 17-ны өдөр                                                                                               хот

 

ЖЕНЕВИЙН КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛУУДЫГ

СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

Нэгдүгээр зүйл. "Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай" 1949 оны Женевийн Конвенцуудын нэмэлт баримт бичиг болох 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Женев хотноо байгуулж, гарын үсэг зурсан "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол" болон "Олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай нэмэлт хоёрдугаар Протокол"-ыг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.

 

Хоёрдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг иш үндэс болгон "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 88 дугаар зүйлийн 2 дахь заалтын талаар Монгол Улс зохих тайлбар хийх нь зүйтэй гэж үзсүгэй.

 

Гуравдугаар зүйл. "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 90 дүгээр зүйлд заасан "Хэрэг явдлыг тогтоох олон улсын комисс"-ын эрх хэмжээг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.

 

4.8.Шаардлагатай тохиолдолд хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлахдаа тухайн гэрээг хэрэгжүүлэх үндэсний байгууллагыг тогтоох, эсхүл олон талт олон улсын гэрээнд нэгдэн орохдоо тайлбар хийж болно.

Жишээ:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 12 дугаар                                                                                         Улаанбаатар

сарын 25-ны өдөр                                                                                                    хот

 

ГАДААДЫН АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

ШААРДЛАГЫГ ХАЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙГ

СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

 1 дүгээр зүйл. Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-ийг соёрхон баталсугай.

 

 2 дугаар зүйл. Конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоно.

 

4.9.Олон улсын гэрээний орчуулгад дараахь шаардлага тавигдана:

4.9.1.олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд соёрхон батлах гэрээний монгол хэл дээрх хянан баталгаажуулсан орчуулгыг хавсаргах нэмэлт шаардлага тавина.

4.9.2.олон улсын гэрээг монгол хэл дээр байгуулсан тохиолдолд гэрээний орчуулга хийх, орчуулгыг хянан баталгаажуулах шаардлагагүй тул орчуулга хавсаргах хуулийн шаардлага үйлчлэхгүй. Олон улсын гэрээг байгуулсан хэлний талаарх заалт ихэнх тохиолдолд гэрээний төгсгөлийн хэсэгт байна.

Жишээ:

2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр соёрхон баталсан

Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын

Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын

Засгийн газар хоорондын гэрээнээс:

 

50 дугаар зүйл

 

Энэхүү Гэрээг 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотноо монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

 

 4.9.3.олон улсын практикт хоёр талт гэрээг тухайн гэрээг байгуулсан орнуудын албан ёсны хэл дээр үйлддэг тул ихэнх тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг монгол хэл дээр байгуулна. Зарим тохиолдолд гэрээ байгуулж байгаа нөгөө талын бусадтай гэрээ байгуулдаг тогтсон жишгийг харгалзан тухайн талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг зөвхөн нэг түгээмэл хэл буюу англи хэл дээр байгуулдаг. Манай улс зээл, тусламжийн гэрээг тухайлбал, Азийн хөгжлийн банк, Нордикийн хөгжлийн сан зэрэг олон улсын болон зээлдэгч улсын банк, санхүүгийн байгууллагатай байгуулах зээлийн гэрээг англи хэл дээр байгуулдаг.

Жишээ:

2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр соёрхон баталсан

300.0 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн

ашиглалтын талаарх Зээлийн ерөнхий хэлэлцээрээс:

 

7 дугаар зүйл

 

Энэхүү Гэрээг англи хэлээр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 3 дугаар зүйлд заасан хууль зүйн дүгнэлтийг гаргасан өдөр хүчин төгөлдөр болно.

 

4.9.4.олон талт гэрээг тухайн гэрээг хэлэлцэн тохиролцож байгуулсан орнуудын хэлээр, НҮБ-ын хүрээнд байгуулагддаг олон талт гэрээг НҮБ-ын албан ёсны 6 хэлээр байгуулна. Хүчин төгөлдөр болсон олон талт олон улсын гэрээний тухайд тухайн гэрээг монгол хэл дээр нэмж үйлдэх боломж байдаггүй.

Жишээ:

2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр соёрхон баталсан

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг

бусаар буюу хүний нэр төрийг доромжлон

харьцаж шийтгэхийн эсрэг конвенциос:

 

 33 дугаар зүйл

 

Энэхүү Конвенцийг англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

 

4.10.Олон улсын гэрээний орчуулгыг дараахь журмаар хянан баталгаажуулна:

4.10.1.зээл, тусламжийн гэрээнээс бусад гадаад улсын хэлээр байгуулсан хоёр болон олон талт гэрээний орчуулгыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг орчуулгыг хянан баталгаажуулна;

4.10.2.гэрээ соёрхон батлах хуулийн төслийг боловсруулж байгаа тухайн төрийн захиргааны байгууллага уг гэрээний орчуулгыг хийж, хянуулахаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ;

4.10.3.хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн гэрээнд хэрэглэсэн нэр томьёо Монгол Улсад хэрэглэгддэг хууль зүйн нэр томьёотой нийцэж байгаа эсэх, шинэ нэр томьёо орсон тохиолдолд тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орчуулагдсан эсэх, гэрээний орчуулга найруулгын хувьд хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаас нь гэрээний орчуулгыг хянаж тухайн байгууллагад буцаан албан бичгээр хүргүүлнэ;

4.10.4.хуулийн төслийг боловсруулж байгаа төрийн захиргааны байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулсан гэрээний орчуулгыг эцэслэн хянуулж баталгаажуулахаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээний орчуулгыг эцэслэн хянаж, орчуулгыг хянан баталгаажуулсан тухай тусгай тэмдэг дарж албан бичгээр буцаан хүргүүлнэ. Хянан баталгаажуулсан тухай тусгай тэмдэг дарсан орчуулгыг тухайн гэрээний хянан баталгаажуулагдсан орчуулгад тооцно:

4.10.5.зээл, тусламжийн олон улсын гэрээний орчуулгыг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж, өөрөө хянан баталгаажуулна. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд зааснаар зээл, тусламжийн нэгдсэн бодлого Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул зээл, тусламжийн гэрээний орчуулга болон түүнийг хянан баталгаажуулах асуудлыг Сангийн яам хариуцан гүйцэтгэнэ. Сангийн яам орчуулгыг хянан баталгаажуулсан тухай тусгай тэмдгийг нэгэн адил хэрэглэнэ.

4.11.Олон улсын гэрээг соёрхон баталснаар уг олон улсын гэрээний заалтад нийцүүлэн Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах тохиолдолд тухайн хуулийн төслийг хамтад нь боловсруулах шаардлага тавина. Хуулийн энэ шаардлагыг дараахь байдлаар ойлгож хэрэглэнэ:

4.11.1.олон улсын гэрээг байгуулах хэрэгцээ, шаардлага, зорилго олон талтай бөгөөд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, гэрээ байгуулж байгаа хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн харилцан адилгүй зохицуулалтаас хамаарч тухайн харилцааг хуулийн адил үйлчлэх олон улсын гэрээгээр зохицуулах зорилгоор байгуулж, дотоодын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоосон зохицуулалтыг бий болгодог. Олон улсын гэрээний тухай хуулиар ийм төрлийн гэрээг соёрхон батлахаар зохицуулсан бөгөөд ийм гэрээ бүрийг дагалдаж холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шинээр хууль батлах шаардлагагүй;

4.11.2.соёрхон батлах олон улсын гэрээгээр хүлээх үүргийн дагуу дотоодын хууль тогтоомжид тухайн гэрээг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр, эсхүл шинээр хууль батлахгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд холбогдох хуулийн төслийг хамт боловсруулах шаардлагатай. Хамт батлуулаагүй тохиолдолд тухайн гэрээг хэрэгжүүлэхэд практикт хүндрэл үүсдэг тул тодорхой үйлдэл, эс үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох, эрх зүйн хариуцлага хүлээлгэх, нийгмийн харилцааны тодорхой асуудлаар тухайлсан хууль гаргах, эсхүл хүчин төгөлдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах зохицуулалт бүхий хуулийн төслийг олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөлтэй хамт боловсруулах нь зүйтэй;

4.11.3.олон улсын гэрээг соёрхон баталснаар, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай эсэхийг тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа төрийн захиргааны төв байгууллага судалж тодорхойлон холбогдох хуулийн төслийг боловсруулна.

Тав. Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөл боловсруулах

5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар улсын төсвийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудал нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд хамаарна.

5.2.Төсвийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвөөс бүрддэг бөгөөд жил бүр Улсын Их Хурал Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж, хуульчлан баталдаг.

5.3.Төсвийн тухай хуулийн 8.4-т зааснаар Засгийн газраас өргөн мэдүүлэх тухайн жилийн төсвийн төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн боловсруулна.

5.4.Төсвийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлт, төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсөвт тусгах асуудал болон төсөв боловсруулах ажлын зохион байгуулалтыг Төсвийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт хуульчлан зохицуулсан.

5.5.Тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахад Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.1 болон энэхүү аргачлалын нэгдүгээр хавсралтын 2.1-д заасан хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан байх шаардлагагүй.

5.6.Тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн эх бичвэр дараахь онцлогтой байна:

5.6.1.тухайн жилийн төсвийн тухай хуулийн нэрийг “Монгол Улсын ... оны төсвийн тухай хууль” гэж бичнэ;

5.6.2.хуулийн төслийн бүтэц нь хуулийн нийтлэг бүтцийн нэг адил бүлэг, зүйл, хэсэг, заалттай байх бөгөөд хэлбэрийн хувьд бусад хуулийн төсөлтэй ижил байдлаар боловсруулах боловч хуульчилж байгаа асуудал нь тоон хэлбэрээр илэрхийлэгддэг тул өвөрмөц бүтэц бүхий хүснэгтийг хуулийн зүйл, заалтад шууд оруулж бичдэг тул хэсэг, заалт нь хүснэгтийн дугаарлалт байдлаар бичигдэнэ;

5.6.3.хуулийн төсөл нь хавсралттай байна;

5.6.4.зүйл нь үгээр илэрхийлсэн бичвэртэй бол “... дугаар зүйл.” гэсний дараа зүйлийн гарчиг тавихгүйгээр зүйлийн эх бичвэрийг шууд залгуулан бичнэ;

Жишээ:

 8 дугаар зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 20 ... онд төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29,799.6 сая төгрөгөөр тогтоосугай.

 

5.6.5.хүснэгтийн бичвэртэй тохиолдолд “... дугаар зүйл.” гэсний дараа ерөнхий заалтыг тусгаж, улмаар хүснэгтээр тухайн хэсэг, заалтын агуулгыг тоочин задална;

Жишээ:

 5 дугаар зүйл.Монгол Улсын төсвөөс 20... онд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

 

Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч  Дүн /сая төгрөгөөр/

 

 1Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын 9,651.8

газрын дарга

 

5.7.Төсвийн тухай хуулийн төслийн эх бичвэрт төсөв, төсөл, арга хэмжээ, хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүн, үзүүлэлтийг тусгах бөгөөд дор дурдсан шаардлагыг хангасан байна:

5.7.1.төсвийн ерөнхийлөн захирагч нарыг нэрлэн заахад дараахь дарааллыг баримтлах:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар;

-Улсын Их Хурлын Тамгын газар;

-Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллага;

-Ерөнхий сайд;

-Шадар сайд;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

-ерөнхий чиг үүргийн яам (цагаан толгойн үсгийн дарааллаар);

-чиглэлийн яам (цагаан толгойн үсгийн дарааллаар);

-аймаг болон нийслэл (цагаан толгойн үсгийн дарааллаар).

5.7.2.байгууллага, төсөл, арга хэмжээний нэрийг товчлохгүй. Тухайлбал, ”УТҮГ”, “БГД” гэсэн товчлол хэрэглэхгүй. “Улсын төсөвт үйлдвэрийн газар”, “Баянгол дүүрэг” гэж бичнэ;

5.7.3.тоон үзүүлэлтийг бүх оронгоор нь илэрхийлэхгүй бөгөөд саячилж, аравны оронгоор таслах;

5.7.4.сая, тэрбумын хооронд, тэрбум, их наядын хооронд шилжих орныг таслалаар зааглана. Тухайлбал, Сангийн сайдын зарцуулах төсвийн хэмжээ “1834026600000 төгрөг” байх тохиолдолд “1,834,026.6 сая төгрөг” гэж зааглана.

5.7.5.хуулийн төслийн хавсралтаар батлах хүснэгтийн үзүүлэлтийг дугаарлахдаа ерөнхийгээс нарийвчлах эрэмбээр, дарааллыг араб тоогоор дугаарлана. Тухайлбал, “1.”, “1.1.”, “1.1.1.” гэх мэт.

5.8.Улсын төсвийн тухай хуулийн төсөлд тухайн оны улсын төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өрийн удирдлагатай холбоотой зүйл, заалт, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, түүнээс орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийг тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын тухайн онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн чанарын болон тоон үзүүлэлт, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг боловсруулж хавсаргана.

5.9.Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулийн төсөлд тухайн сангийн төсөвт төвлөрүүлэх орлого, сангаас зарцуулах хөрөнгийн зардлын хэмжээ, санд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг зүйлчлэн тусгаж, тус сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсаргана.

5.10.Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төсөлд сангийн орлого, зарлагын хэмжээг зүйлчлэн тусгаж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр тухайн жилд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсаргана.

5.11.Тухайн жилийн төсөвт тодотгол хийх тохиолдолд тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1.Хууль тогтоох үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулахад чиглэж байгаа тул хуулийг хэрэгжүүлэх явцад анхдагч хуулийн төслийг санаачилсан болон боловсруулснаас өөр этгээд тухайн хуульд өөрчлөлт оруулдаг бөгөөд оруулж байгаа өөрчлөлт нь бодлого, үзэл баримтлал, хуулийн хэлбэр, техник, хэлзүйн хувьд анхдагч хуулийн үзэл баримтлал, хэлбэр, агуулгад нийцсэн байхад анхаарах шаардлагатай.

1.2.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл үндсэн хэлбэр, бүтцийн хувьд ялгаатай (дагаж мөрдөж байгаа хуулийг хүчингүй болгох, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, г.м.) байна. Энэ нь өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн хэмжээнээс шалтгаална. Хуулийн төслийн үндсэн хэлбэрээс зөвийг сонгохын тулд төсөл боловсруулагч эхлээд тухайн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэмжээг тодорхой болгох шаардлагатай. Хуулийн төсөлд оруулах өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуультай зөрчилдөх тохиолдолд хуулийн төсөлд нийцүүлэн тэдгээр хууль тус бүрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, тухайн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлнэ.

1.3.Хуульд оруулах өөрчлөлтийн цар хэмжээг харгалзан хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөл болгон боловсруулж болно.

Хоёр. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлага

2.1.Хууль тогтоомжийн тухай хуулийн 24.11-д зааснаас бусад тохиолдолд хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр зөвхөн тухайн хуульд өөрчлөлт оруулж, хуулийн төслийн нэрийг өөрчлөлт орж байгаа хуулийн нэрээр бичих бөгөөд зүйл, хэсэг, заалтын дугаарыг тодорхой бичнэ.

2.2.Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зүйлийн гарчиг тавихгүйгээр зүйлийн бичвэрийг дугаарын хойноос шууд бичнэ.

2.3.Хуульд оруулах өөрчлөлтийг хуулийн төслийн зүйлд тусгахдаа анхдагч хуулийн зүйлийн дугаарын бичилтийг баримтална.

2.4.Хуульд өөрчлөлт оруулахаар зааж байгаа хуулийн төслийн зүйлийн бичвэр нь “-сугай (-сүгэй)” нөхцөлөөр хэлбэржүүлсэн үйл үгээр төгсгөнө.

Зөвлөмж: Хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь бие даасан хууль биш тул нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Гурав. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төрөл

3.1.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

3.2.Хуульд нэмэлт оруулах тухай

3.3.Хуульд өөрчлөлт оруулах тухай

3.4.Хууль, хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

 

3.1.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

3.1.1.тухайн хуульд “нэмэлт”, “өөрчлөлт”-ийн аль аль нь орж байгаа тохиолдолд уг төслийг “… ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төсөл гэж нэрлэнэ.

3.1.2.хуульд хэд хэдэн төрлийн өөрчлөлт (нэмэх, өөрчлөн найруулах, өөрчлөх, хасах, хүчингүй болгох) оруулж байгаа тохиолдолд өөрчлөлт тус бүрийг бие даасан зүйл болгон хуулийн төсөлд дараахь дарааллаар байрлуулна:

 

1 дүгээр зүйл. шинээр зүйл, хэсэг, заалт нэмэх;

 

2 дугаар зүйл. үг, өгүүлбэр нэмэх;

 

3 дугаар зүйл. бүлэг, зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах;

 

4 дүгээр зүйл. нэр томьёо, үг, өгүүлбэр өөрчлөх;

 

5 дугаар зүйл. үг, өгүүлбэр хасах;

 

6 дугаар зүйл. бүлэг, зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох;

 

7 дугаар зүйл. шаардлагатай тохиолдолд хуулийг дагаж мөрдөх хугацааг заах.

 

3.1.3.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахдаа зүйл, хэсэг, заалтын дугаарлалтыг дарааллаар бус харин өөрчлөлт оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн зүйлд хамаарахаас эхлээд дараа нь хэсэг, заалтад хамаарахыг бичнэ. Зүйл (заалт) дотор дугаарлалтын дарааллыг баримтлан бичнэ. Энэ зарчим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн бүх төрөлд адил байна.

Жишээ:

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

“1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

 

 1/З2 дугаар зүйл:

 

 “З2 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж

 

  32.1.Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна.”

 

 2/10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

 

“10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.”

 

 3/15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:

 

“15.1.14.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах.”

 

2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 5.4 дэх хэсгийн “зэрэглэлийг”, 28.9 дэх хэсгийн “доод хэмжээг” гэсний дараа “төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн” гэж, 12.1 дэх хэсгийн “Монгол Улсын” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж тус тус нэмсүгэй.

 

 3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

 1/40 дүгээр зүйл:

 

“40 дүгээр зүйл. Хориглох зүйл

 

 40.1.Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.”

 

 2/7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

 

“7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахьь албан тушаал хамаарна:”

 

 3/6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт:

 

“6.1.12. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, тэдгээрийн орлогч;”

 

 4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 17.4 дэх хэсгийн “шалгаруулж авна.” гэснийг “шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж, 33.4 дэх хэсгийн дугаарыг “33.6” гэж, 8.1.5 дахь заалтын “дипломат ажилтан” гэснийг “дипломат албан тушаал” гэж тус тус өөрчилсүгэй.

 

5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 23.5 дахь хэсгийн “23.2,” гэснийг, 34.9 дэх хэсгийн “Зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон хүний намын гишүүнийг түдгэлзүүлнэ.” гэсэн өгүүлбэрийг тус тус хассугай.

 

6 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 39.2 дахь хэсэг, 6.1.11, 6.1.13 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

7 дугаар зүйл. Энэ хуулийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

3.2.Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

3.2.1.анхдагч хуульд зөвхөн бүлэг, зүйл, хэсэг, заалт, үг, өгүүлбэр нэмж байгаа бөгөөд өөр ямар нэг өөрчлөлт оруулаагүй тохиолдолд уг төслийг “... ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төсөл гэж нэрлэнэ.

3.2.2.харин тухайн төсөлд шинээр нэмж байгаа зүйл нь анхдагч хуулийн зүйл, заалтаас салшгүй утга агуулгатай тохиолдолд түүнийг агуулгын хувьд шууд холбоотой зүйлийн ард байрлуулж, уг зүйлийг дугаарлахдаа нэмэлт орж байгаа зүйлийн дугаарыг давхар авч баруун дээд өнцөгт нь жижиг араб тоогоор (штрихээр) тэмдэглэнэ. Тухайлбал, Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн ард шинэ зүйл нэмж тусгаж байгаа бол түүнийг 1811 дүгээр зүйл гэж бичнэ.

3.2.3.тодорхой зүйлд хэсэг, заалт нэмж байгаа тохиолдолд энэхүү бүлгийн 3.2.2-т заасантай нэг адил агуулга нь шууд холбогдох хэсэг, заалтын ард нэмж байгаа тухайн хэсэг, заалтыг байрлуулж, дараагийн дугаар тус бүрээр дугаарлана.

3.2.4.шинээр зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар нэмнэ:

3.2.4.1.хуульд хэд хэдэн зүйл, хэсэг, заалт нэмэх тохиолдолд дараахь байдлаар томьёолж, зүйл, хэсэг, заалт гэсэн дарааллыг баримтлан дугаарлана.

Жишээ:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

 

 1/15 дугаар зүйл:

“15 дугаар зүйл. …”

 

2/161 дүгээр зүйл:

“161 дүгээр зүйл. ………….”

 

 3/5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“5.4. …”

 

4/9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалт:

“9.6.2. …”

 

3.2.4.2.хуулийн хэд хэдэн зүйлд хэд хэдэн хэсэг, заалт нэмэх тохиолдолд дараахь байдлаар томьёолж, хэсэг, заалт гэсэн дарааллыг баримтлан дугаарлана.

Жишээ:

 

 “1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараахь зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

 

 1/5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“5.4. …”

 

2/9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалт:

“9.6.2. …”

 

3.2.4.3.хуулийн нэг зүйлд хэд хэдэн хэсэг, заалт нэмэх тохиолдолд дараахь байдлаар томьёолж, хэсэг, заалт гэсэн дарааллыг баримтлан дугаарлана.

Жишээ:

 

а/ нэг зүйлд дараалсан бус хэд хэдэн хэсэг, заалт нэмж байгаа бол:

 

 “1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

 

 1/15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“5.4. …”

 

2/15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалт:

“15.6.2. …”

 

б/ нэг зүйлд дараалсан хэд хэдэн хэсэг, заалт нэмж байгаа бол:

 

“1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

 

 1/3 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэг:

“3.4. …

3.5. …”

 

 2/10 дугаар зүйлийн 6-8 дахь хэсэг:

“10.6. …

10.7. …

10.8. …”

 

 3/14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 4 дэх заалт:

“14.4.3.

14.4.4.”

 

4/18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2-5 дахь заалт:

“18.6.2. …

18.6.3. …

18.6.4. …

18.4.5. …”

 

3.2.4.4.хуулийн нэг зүйлд нэг хэсэг нэмэх тохиолдолд тухайн зүйлийг нэрлэн зааж, дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

 “1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.3 дахь хэсэг нэмсүгэй:

 

“15.3. …”

 

3.2.4.5.зүйлийн доторх хэд хэдэн хэсэгт хэд хэдэн заалт нэмэх тохиолдолд дараахь байдлаар томьёолж, хуулийн хэсэг, заалтын дарааллыг баримтлан дугаарлана.

Жишээ:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараахь хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

 

 1/5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт:

“5.4.3. …”

 

 2/5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 7, 8 дахь заалт:

“5.4.7. …

5.4.8. ….”

 

3/9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4-6 дахь заалт:

“9.6.4. …

9.6.5. …

 9.5.6. …”

 

3.2.4.6.зүйлийн доторх нэг хэсэгт хэд хэдэн заалт нэмэх тохиолдолд дараахь байдлаар томьёолж, хуулийн заалтын дарааллыг баримтлан дугаарлана.

Жишээ:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

 

 1/5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт:

“5.4.3. …”

 

 2/5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 7, 8 дахь заалт:

“5.4.7. …

5.4.8. ….”

 

3.2.4.7.зүйлийн доторх нэг хэсэгт нэг заалт нэмэх тохиолдолд тухайн зүйл, хэсэг, заалтыг нэрлэн зааж, дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

 

“1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4. дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 15.4.3 дахь заалт нэмсүгэй:

 

“15.4.3. …”

 

3.2.5.үг, өгүүлбэрийг дор дурдсан байдлаар нэмнэ:

3.2.5.1.хуулийн зүйл, хэсэг, заалтад үг, өгүүлбэр нэмэх тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

а/хуулийн зүйлийн доторх хэсэг болон хэсгийн доторх заалтын ямар нэг үг, өгүүлбэрийн өмнө, эсхүл дараа нь шинэ үг, өгүүлбэр нэмэх тохиолдолд:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4 дэх хэсгийн “…” гэсний дараа “…” гэж, 10.1 дэх хэсэгт “…” гэсэн 2 дахь өгүүлбэр, 9.6.2 дахь заалтын “…” гэсний өмнө “…” гэж тус тус нэмсүгэй.

 

б/хуулийн зүйлийн хэд хэдэн хэсэг, заалтад ижил үг, өгүүлбэр нэмэх тохиолдолд:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4 дэх хэсэг, 6.2 дахь хэсэг, 9.1.3 дахь заалтын “татвар” гэсний өмнө “албан” гэж, “татвар” гэсний дараа “, хураамж” гэж тус тус нэмсүгэй.

 

3.2.5.2.хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахдаа хуулийн зүйл, хэсгийн эх бичвэрийг том үсгээр эхэлж бичдэг ерөнхий зарчмыг баримтлан уг зүйл, хэсгийн эхний үгийн өмнө үг нэмэх бол том үсгээр эхлэх, мөн хуулийн нэрийг томоор бичдэг тул хуулийн нэрэнд үг нэмэхэд нэмж байгаа үгийг томоор бичих нь зүйтэй;

3.2.5.3.хуулийн зүйлийн хэсгийн доторх заалтад үг нэмж байгаа тохиолдолд шаардлагатай бол тухайн нэмж байгаа үгийн өмнө таслал тавина. Тухайлбал, ““сургалт” гэсний дараа “сурталчилгаа” гэж нэмсүгэй” гэх мэт.

3.3.Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

3.3.1.тухайн хуулийн аль нэг зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж байгаа, эсхүл зөвхөн тодорхой үг, өгүүлбэр, тоо хэмжээг өөрчилж байгаа тохиолдолд (өөр ямар нэг нэмэлт оруулахгүйгээр) уг төслийг “... ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төсөл гэж нэрлэнэ.

3.3.2.өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал уг зүйл, хэсэг, заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулна.

3.3.3.хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөн найруулах, өөрчлөх, үг, өгүүлбэр хасах, бүлэг, зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тус тус бие даасан зүйлд тусгана.

Жишээ:

Бага, дунд боловсролын тухай хуульд

өөрчлөлт оруулах тухай хуулиас:

 

 “1 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.1, 19.5 дахь хэсэг, 22.1.2 дахь заалтын “сургууль, цэцэрлэгийн” гэснийг “сургуулийн” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 1.1 дэх хэсгийн “сургуулийн өмнөх болон” гэснийг, ... 21.1, 21.4, 21.6 дахь хэсгийн “цэцэрлэг,” гэснийг, ... тус тус хассугай.

 

3 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйл, 11 дүгээр зүйл 7.1 дэх хэсэг, 16.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.”

 

3.3.4.зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулна:

3.3.4.1.хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

 “1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

1/5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“5.4. …”

 

2/9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалт:

“9.6.2. …”

 

3/15 дугаар зүйл:

“15 дугаар зүйл. …

 

3.3.4.2.хуулийн нэг зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

а/хуулийн зүйлийг өөрчлөн найруулах тохиолдолд:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“5 дугаар зүйл. …”

 

б/хуулийн зүйл доторх хэсгийг өөрчлөн найруулах тохиолдолд:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“5.4. …”

 

в/хуулийн зүйлийн хэсгийн доторхи заалтыг өөрчлөн найруулах тохиолдолд:

 

“1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“5.4.1. …”

 

Зөвлөмж: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахдаа дараахь зүйлийг анхаарвал зохино:

a) тухайн хууль болон бусад хуульд уг хуулиас ишлэл хийсэн тохиолдол цөөнгүй байдаг тул хуулиудын уялдаа холбоог хангах зорилгоор хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулахдаа тухайн зүйл, хэсэг, заалтын дугаарыг аль болох хэвээр хадгалах;

б) нэг зүйл, хэсэг, заалтад олон төрлийн өөрчлөлт оруулахаас зайлсхийх (үг нэмж, өөрчилж, хасахын оронд эх бичвэрийн их, багаас хамааран тухайн зүйл, хэсэг, заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулах).

3.3.5.нэр томьёо, үг, өгүүлбэр, дугаарыг дор дурдсанаар өөрчлөнө:

3.3.5.1.хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтын нэр томьёо, үг, өгүүлбэрийг өөрчлөх тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

 1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4 дэх хэсэг, 6.2 дахь хэсэг, 9.1.3 дахь заалтын “татвар” гэснийг “хураамж” гэж тус тус өөчилсүгэй.

 

3.3.5.2.хуулийн нэг зүйл, хэсэг, заалтын, нэр томьёо үг, өгүүлбэрийг өөрчлөх тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

 1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9.1.3 дахь заалтын “татвар” гэснийг “хураамж” гэж өөрчилсүгэй.

 

3.3.5.3.хуулийн зүйл, хэсэг, заалтын дугаарыг өөрчлөх тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дугаарыг “9.1.5” гэж өөрчилсүгэй.

 

3.3.5.4.хуулийн үгийг өөрчлөхдөө тухайн үг хуульд том үсгээр эхэлж бичигдсэн бол өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд том үсгээр, жижиг үсгээр эхэлж бичигдсэн бол жижиг үсгээр эхэлж бичнэ.

3.3.5.5.өөрчлөлт оруулахад зүйл, хэсэг, заалт гэсэн дарааллыг баримтлан бичнэ.

3.3.6.үг, өгүүлбэрийг дараахь байдлаар хасна:

3.3.6.1.хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтын ижил үг, өгүүлбэрийг хасах тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

 1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл, 10.5 дахь хэсэг, 9.1.3 дахь заалтын “…” гэснийг тус тус хассугай.

 

3.3.6.2.хуулийн нэг зүйл, хэсэг, заалтын үг, өгүүлбэрийг хасах тохиолдолд дараахь байдлаар томьёолно.

Жишээ:

1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9.1.3 дахь заалтын “…” гэснийг хассугай.

 

3.4.Хууль, хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл

Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл

3.4.1.хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцож байгаа тохиолдолд хуулийн нэрийг зааж, “... ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ” гэж нэрлэнэ.

3.4.2.хүчингүй болсонд тооцох хуулийн гол шинж нь өмнөх хуулийн үйлчлэлийг зогсоох зохицуултыг заасан байдаг.

3.4.3.хууль хүчингүй болсонд тооцох тухай заахдаа хэзээ батлагдсан, ямар хуулийг хүчингүй болгох тухай зааж “... хуулийг хүчингүй болсонд тооцсугай” гэж төгсгөнө.

3.4.4.хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль аливаа нэгэн зохицуулалтыг дуусгаж байдаг тул уг хуулийг хэзээнээс хүчин төгөлдөр болох тухай нарийвчлан заах нь ач холбогдолтой байдгийг анхаарвал зохино.

Жишээ:

 “1 дүгээр зүйл.2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”

 

Хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл

3.4.5.тухайн хуульд зөвхөн хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгож байгаа тохиолдолд хуулийн төслийг “... ХУУЛИЙН ЗАРИМ БҮЛЭГ, ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ”, “... ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ” гэх мэтээр нэрлэнэ.

3.4.6.бие даасан бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хасна гэсэн ойлголт байхгүй бөгөөд түүнийг хүчингүй болсонд тооцно. Энэ тохиолдолд хүчингүй болсонд тооцох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дараагийн дугаарыг өөрчлөхгүй хэвээр үлдээнэ.

Жишээ:

Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиас:

 

 “1 дүгээр зүйл. Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2-8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”

 

3.4.7.хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хүчингүй болсонд тооцдоггүй болохыг анхаарах нь зүйтэй.

Дөрөв. Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

4.1.Хууль тогтоомжийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд өөрчлөлт оруулж байгаа хуулийн төсөл тус бүрт үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй.

4.2.Хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийн бүтэц, боловсруулах аргачлал нь хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй адил байна.

Тав. Хэд хэдэн хуульд (нэр томьёоны) өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

5.1.Хууль, тогтоомжийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу тухайн хуулийн төсөлтэй холбогдон хэд хэдэн хуульд нэр томьёоны өөрчлөлт оруулах тохиолдолд хууль бүрт оруулах өөрчлөлтийг тусгасан нэг хуулийн төсөл боловсруулж болно.

5.2.Гурав хүртэл хуульд өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд хуулийн төслийн нэрэнд хууль тус бүрийг нэрлэн заана. Дөрөв болон түүнээс дээш хуульд өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд хуулийн төслийг “Зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хууль гэж нэрлэнэ.

5.3.Хуулийн төслийг өөрчилж байгаа нэр томьёо тус бүрээр нь зүйл болгож бичих бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ.

Жишээ:

ЗАРИМ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Компанийн тухай хуулийн 9.1.3 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 11.2 дахь хэсэг, 6.2.1 дэх заалтын “төрийн болон орон нутгийн өмчит” гэснийг “төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой” гэж тус тус өөрчилсүгэй.

 

5.4.Эх бичвэрийг бичихдээ хуулийн нэрийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу, зүйл, хэсэг, заалт гэсэн дарааллыг баримтлан дугаарлаж бичнэ.

Зургаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

6.1.Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараахь тохиолдолд боловсруулна:

6.1.1.өмнө нь тухайн хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орсон бол;

6.1.2.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох бол;

6.1.3.хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөх бол;

6.1.4.тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон бол.

6.2.Шинэчлэн найруулах хуулийн төслийн эх бичвэр нь анхдагч хуулийн төслийн эх бичвэртэй адил байна. Харин тухайн хуулийн нэрийн дараагийн мөрөнд хаалтанд “/шинэчилсэн найруулга/” гэж тэмдэглэл хийнэ. Шинэчилсэн найруулга хийхдээ тухайн хуулийн төслийн нэрийг өөрчилж болно. Энэ тохиолдолд “/шинэчилсэн найруулга/” гэсэн тэмдэглэл мөн хийгдэнэ.

6.3.Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах тохиолдолд анхдагч хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг хамт боловсруулна. Шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа өмнөх хуульд байсан хэл зүй, найруулгын дутагдлыг аль болох арилгах, зүйл, заалтын хоорондын уялдааг сайжруулах, бүтцийн хувьд боловсронгуй болгохыг хичээнэ.

6.4.Тухайн хуулийн зүйл, заалтыг иш татсан бусад хуулийн заалтыг нэг бүрчлэн нягталж, шинэчилсэн найруулгын төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулахад онцгой анхаарна. Үүнтэй уялдуулах шаардлагатай бол холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.

Долоо. Багц хуулийн төсөл

7.1.Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Засгийн газар тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төсөл нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багц хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд хуулийн төсөл тус бүрийн үзэл баримтлалыг тодорхойлно. Тухайлбал, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн, Зөрчлийн, Зөрчил хянан шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг тус тус боловсруулан нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан.

7.2.Багц хууль нь харилцан хамааралтай хэрэгжих тул эдгээр хуулийн төсөл болгоныг боловсруулж өргөн мэдүүлсэн байвал зохино. Багц хуулийн төслийг нэгэн зэрэг хэлэлцүүлж батлуулах нь тухайн салбарын зохицуулалт цаг хугацааны хувьд бүрэн хэмжээгээр явагдах ач холбогдолтой.

ТАВДУГААР БҮЛЭГ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1.Улсын Их Хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд Улсын Их Хурлын тогтоол (цаашид “тогтоол” гэх)-ын төслийг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан санаачилна.

1.2.Нийтлэг хэм хэмжээ тогтоох Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулахын өмнө түүний үзэл баримтлалыг тодорхойлно. Үзэл баримтлалыг энэхүү аргачлалын 1 дүгээр бүлгийн “Хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулах” хэсэгт заасны дагуу боловсруулна.

1.3.Улсын Их Хурлын анхдугаар болон бусад чуулганаар хэлэлцэх Улсын Их Хурлын зохион байгуулалтын асуудал (аливаа нэгэн албан тушаалтныг томилох, Улсын Их Хурлын бүтцийн байгууллагыг байгуулах г.м), Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тухай асуудал болон хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.

Хоёр. Тогтоолын төсөлд тавих шаардлага

2.1.Тогтоолын төсөлд дараахь шаардлагыг тавина:

2.1.1.Үндсэн хууль, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай нийцсэн байх;

2.1.2.хууль, тогтоолын заалтыг давтахгүй байх;

2.1.3.хоёрдмол утга агуулаагүй, ойлгомжтой байх;

2.1.4.хариуцлагын хэм хэмжээ заахгүй байх.

Гурав. Тогтоолын төслийн бүтэц

3.1.Тогтоолын төсөл нь дараахь бүтэцтэй байна:

3.1.1.тогтоолын төслийн гарчиг;

3.1.2. шаардлагатай тохиолдолд тэмдэглэх хэсэг;

3.1.3.тогтоох хэсэг;

3.1.4.шаардлагатай тохиолдолд урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай хэсэг;

3.1.5.шаардлагатай бол тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа.

 

3.1.1.Тогтоолын төслийн гарчиг

3.1.1.1.тогтоолын төслийн гарчиг нь дараахь хэсгээс бүрдэнэ:

-тогтоолын ”Монгол Улсын Их Хурлын тогтоол” гэсэн толгой;

-баталсан он, сар, өдөр (араб тоогоор);

-дугаар;

-тогтоол баталсан газар (хот)-ын нэр;

-тогтоолын нэр. Тогтоолын нэр нь “... тухай” гэж төгсөнө.

Жишээ:

Line Callout 3: Тогтоолын толгойМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 06 Улаанбаатар

 хот

Line Callout 3: Тогтоолын 
- огноо
- дугаар
- газар

 

Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Line Callout 3: Тогтоолын нэр

 

3.1.1.2.Тогтоолын төслийн гарчгийн бичвэрийг дараахь байдлаар бичнэ:

-тогтоолын толгойг ”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ” гэж голлуулж тод, том үсгээр бичнэ;

-огноог тогтоолын толгойн дараагийн мөрний зүүн хэсэгт тод үсэг, тоогоор бичнэ. Тухайлбал, “2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр”;

-дугаарыг тогтоолын толгойн дараагийн мөрний дунд хэсэгт тод үсгээр “Дугаар” гэсэн үгний ард тоогоор тэмдэглэж бичнэ. Тухайлбал, “Дугаар 06”;

-баталсан газрыг тогтоолын толгойн баруун хэсэгт тод үсгээр бичнэ. Тухайлбал, “Улаанбаатар хот”;

-тогтоолын нэрийг огноо, дугаар, баталсан газрын нэрийн дараагийн мөрөнд тод үсгээр голлуулж бичин “… тухай” гэж төгсөнө.

3.1.2.Тогтоолын төслийн тэмдэглэх хэсэг

3.1.2.1.тогтоолын тэмдэглэх хэсэгт уг тогтоол гарах болсон үндэслэл, шаардлага, эсхүл хуулийн заалтыг үндэслэсэн байна;

3.1.2.2.тэмдэглэх хэсэг нь тогтоолын нэрийн дараагийн догол мөрнөөс эхэлнэ;

3.1.2.3.тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн зүйл, заалтыг зааж “... Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:” гэж бичнэ.

Жишээ:

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2008 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 06 хот

 

 

 

 

 

Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Line Callout 3: Тогтоолын тэмдэглэх хэсэг

 

 

 Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

 

 3.1.3.Тогтоолын тогтоох хэсэг

3.1.3.1.тогтоолын тогтоох хэсэгт уг тогтоолоор шийдвэрлэх асуудлыг энгийн, ойлгомжтой байдлаар томьёолж бичнэ.

3.1.3.2.тогтоол захиран тушаах хэлбэртэй (-сугай). (даалгасугай, үүрэг болгосугай, баталсугай, нэмсүгэй, тооцсугай, тогтоосугай гэх мэт) байна.

Жишээ:

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

 

2008 оны 01 дугаар Дугаар 06 Төрийн ордон,

сарын 29-ний өдөр Улаанбаатар хот

 

 

Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Line Callout 3: Тогтоолын тогтоох хэсэг

 

 

 Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

 

 

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газарт /С.Баярт/ даалгасугай.

 

 

3.1.3.3.шаардлагатай тохиолдолд тогтоох хэсэгт дараахь асуудлыг тусгаж болно:

-урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хэсэг;

-тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа.

Жишээ:

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний

өдрийн 43 дугаар тогтоолоос:

 

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо,

бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралтаар баталсугай.

 

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

3.1.3.4.тогтоолын төсөлд эрх залгамжилж байгаа талаарх заалтыг тодорхой заах шаардлагатай. Тухайлбал, “... гарын үсэг зурахыг зөвшөөрсүгэй”, “... журам баталж ажиллахыг үүрэг болгосугай”.

3.1.3.5.тогтоолын төслийн бүтцийн үндсэн нэгж нь заалт байх бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг дэд заалтад хувааж болно. Заалтыг дараахь байдлаар дугаарлана:

-заалтыг догол мөрнөөс баруун талдаа цэгтэй араб тоогоор. Тухайлбал, (“1.” гэх мэт)

-заалтын доторх дэд заалтыг хоёр догол мөрнөөс баруун талдаа хаалт бүхий араб тоогоор. Тухайлбал, (“1” гэх мэт)

Жишээ:

Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 3-ны

өдрийн 22 дугаар тогтоолоос:

 

Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван

туулах арга хэмжээний тухай

 

Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

 1.“Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө”-г 1 дүгээр хавсралтаар, “Нэн тэргүүнд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр дараахьь арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар (С.Баяр), Монголбанк (Л.Пүрэвдорж)-нд үүрэг болгосугай:

 

1/Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах;

 

2/энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад тусгасан банк, санхүү, төсөв, бодит салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтворжуулахад шаардагдах 1.5 их наядаас доошгүй төгрөгтэй тэнцэхүйц хөрөнгийг гадаад, дотоод эх үүсвэрээс нэн даруй олох арга хэмжээг авч ажиллах;

 

 

Дөрөв. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох

4.1.Тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг дараахь төрөлд хуваана:

4.1.1.тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

4.1.2.тогтоолд нэмэлт оруулах тухай;

4.1.3.тогтоолд өөрчлөлт оруулах тухай;

4.1.4.тогтоол болон тогтоолын зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай.

4.2.Тогтоолд хэсэгчлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд төсөлд тухайн тогтоолын тодорхой заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар заана.

4.3.Тогтоолд оруулах өөрчлөлтөөс хамааран тогтоолын төслийн нэрийг “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэх мэтээр өгнө.

Тав. Тогтоолын төслийн хавсралт

5.1.Шаардлагатай тохиолдолд тогтоол нь хавсралттай байж болох бөгөөд энэ тухай заалтыг “… -ыг хавсралтаар баталсугай”, эсхүл “…-ыг 1, 2, 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай” гэж томьёолно.

5.2.Тогтоолын хавсралтын эхний хуудасны баруун дээд буланд “Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын хавсралт ”, эсхүл “Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын … дугаар хавсралт” гэж заана.

Жишээ:

Монгол Улсын Их Хурлын 2008 оны

 6 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН САРЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

 

 

¹

 

Албан тушаалын зэрэг, дэв

Албан тушаалын сарын цалингийн хэмжээ

 (төгрөгөөр)

1

ТӨ-I

1095720

2

ТӨ-II

825870

3

ТӨ-III

635818

4

ТӨ-IY, ТӨ- IY А

609861

5

ТӨ-Y, ТӨ- Y А

564886

6

ТӨ-YI, ТӨ- YI А

538801

 

 

 

Зургаа. Хугацаа

6.1.Тухайн тогтоолд тусгайлан хугацаа заагаагүй бол хүчин төгөлдөр болсны дараа “Хууль тогтоомжийн эмхэтгэл” сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа дагаж мөрдөнө.

6.2.Тогтоолыг дагаж мөрдөх журмын тухай заалт тодорхой цаг хугацаа, бэлтгэл ажил хангах зэрэг хүчин зүйлээс хамааралтай байж болох тул тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамааруулан хугацаа тогтоож болно. Тухайлбал, “... наадам зохион байгуулах ажлын хэсгийн түр журам батлах тухай”, “... айлчлалыг зохион байгуулах тухай” гэх мэт.

6.3.Тогтоолыг дагаж мөрдөх хугацааг шууд зааж болно. Тухайлбал, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЯНАХ, САНАЛ АВАХ

Нэг. Хуулийн төслийг хянах

1.1.Хуулийн төсөл боловсруулах ажиллагаа дууссаны дараа төсөл боловсруулагч хуулийн төсөл нь үзэл баримтлал болон зохих хууль тогтоомж, холбогдох журам, стандартад нийцэж байгаа эсэхийг хянан үзнэ. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахын өмнө энэхүү аргачлалыг нарийвчлан судалсан байвал зохино.

1.2.Хуулийн төслийг хянахдаа түүний иж бүрдэл, хуулийн нэр, хуулийн төрөл, бүтэц, хэлбэр, үг үсэг, цэг таслалыг нэг бүрчлэн хянаж үзнэ. Тухайн хуульд нийцүүлэн боловсруулсан дагалдан гарах хуулийн төслүүдийг нэгэн адил шаардлагаар хянана.

1.3.Төсөл боловсруулагч хуулийн төслийг хянаад шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд тухайн хуулийн төсөлтэй танилцах, хянах эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, эцэст нь хууль санаачлагчид өгч хянуулна. Хууль санаачлагч нь Засгийн газрын гишүүн буюу сайд бол төрийн захиргааны төв байгууллагын хувьд боловсруулсан хуулийн төслийг Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлcний үндсэн дээр холбогдох бусад баримт бичгийн хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар албан ёсоор хүргүүлнэ.

1.4.Хуулийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг төслийг үндэслэл бүхий тайлбарын хамт холбогдох төрийн захиргааны төв байгууллагад буцаана. Хууль тогтоомжийн төслийг буцаасан тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийг дахин боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

1.5.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөл энэхүү аргачлалд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.

Хоёр. Санал авах

2.1.Хуулийн төсөлд санал авах ажиллагааг эхлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 20, 21, 38, 39 дүгээр зүйлд хуулийн төсөлд санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх талаар заасныг судалж, мөрдвөл зохино.

2.2.Хууль тогтоомжийн төсөлд төрийн байгууллагаас дор дурдсаны дагуу бичгээр санал авна:

2.2.1.хууль санаачлагч санаачилж байгаа хууль тогтоомжийн төсөлд түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагаас санал авах;

2.2.2.төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжийн төсөлд харьяа болон холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг авч нэгтгэн хууль санаачлагчид хүргүүлэх;

2.2.3.Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд тусгасан асуудал Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тохиолдолд тухайн байгууллагаас санал авах.

2.3.Тухайн байгууллагад хандан явуулсан санал авах тухай албан бичигт санал авахаар хүргүүлж байгаа хуулийн төсөл болон холбогдох бусад материалыг хавсаргасан байна.

2.4.Хуулийн төсөлд өгсөн саналыг хүлээж авч судлах, нэгтгэх, төсөлд тусгах эсэхийг шийдвэрлэх, хуулийн төсөлд нэмж тусган найруулах ажиллагааг төсөл боловсруулагч гардан хийнэ. Шаардлагатай тохиолдолд төсөл боловсруулагч хууль санаачлагчаас зөвлөмж авч ажиллана.

2.5.Хуулийн төсөлд ирсэн санал болгоныг тусгах боломжгүй тул хуулийн төслийн үзэл баримтлалд нийцсэн, төслийн агуулгад тохирсон саналыг хэрхэн тусгахыг нарийвчлан судлан үзнэ. Хуулийн төслийн үзэл баримтлалд нийцээгүй, түүнийг зөрчсөн, үгүйсгэсэн саналыг хуулийн төсөлд тусгахгүй.

Гурав. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах

3.1.Санал авах ажиллагааны явцад хууль санаачлагч Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ.

3.2.Олон нийтийн хэлэлцүүлгийг дараахь хэлбэрээр явуулна:

3.2.1.бичгээр санал авах;

3.2.2.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

3.2.3.санал асуулга явуулах;

3.2.4.олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах;

3.2.5.бусад хэлбэр.

 

3.2.1.Бичгээр санал авах:

3.2.1.1.хууль санаачлагчийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн төсөл, түүний үр нөлөөний үнэлгээний тайлантай танилцаад иргэн, хуулийн этгээд саналаа хууль санаачлагчид бичгээр хүргүүлж болно;

3.2.1.2.бичгээр хүргүүлсэн саналыг шууд гарт нь, эсхүл захидал, албан бичиг, факс, цахим шуудан, цахим хуудсаар дамжуулан хүргүүлж болно;

3.2.1.3.бичгээр санал хүргүүлсэн иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг тодорхой, холбогдох этгээд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

3.2.2.Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах:

3.2.2.1.уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчийг урьдчилан сонгож болно. Тухайлбал, тухайн хуулийн төсөлд заасан зохицуулалтаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, эсхүл төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн хүрээнд гэх мэт;

3.2.2.2.уулзалт, хэлэлцүүлэгт оролцох оролцогчийг урьдчилан сонгоогүй тохиолдолд сонирхсон хүмүүсийг оролцох боломжоор хангана;

3.2.2.3.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах танхимын багтаамж, явуулах хугацаатай уялдуулан оролцогчийн тоог урьдчилан тооцсон байна.

3.2.3. Санал асуулга явуулах:

3.2.3.1.хууль санаачлагчаас хэвлэмэл, цахим, гар утасны мессеж болон бусад хэлбэрээр олон нийтийн санал асуулга явуулж болно;

3.2.3.2.санал асуулга зохион байгуулж байгаа тохиолдолд түүний зорилго болон ямар хэлбэрээр явуулахыг нийтэд тодорхой мэдээлнэ;

3.2.3.3.санал асуулгын асуулт, хариулт нь давхар утгагүй, ойлгомжтой, товч, тодорхой байна;

3.2.3.4.цахим хэлбэрээр санал асуулга явуулахад цахим (ID) хаягийг үндэслэн нэг оролцогч санал асуулгад нэг удаа оролцохоор зохион байгуулна.

3.2.4.Олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах:

3.2.4.1.олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах тохиолдолд хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн товч танилцуулгыг тавьж, дэлгэрүүлэн танилцах боломжтой цахим холбоосыг олон нийтэд мэдээлнэ.

3.2.4.2.олон нийтийн цахим хэлэлцүүлэгт оролцогчийн цахим хаяг (ID) тодорхой байхыг шаардана.

3.2.4.3.хууль тогтоомжийн төслийн талаар оролцогчоос асуусан асуултад хууль санаачлагч нэгтгэсэн байдлаар хариулж, тодруулга өгч болно.

3.2.5.Бусад хэлбэр:

3.2.5.1.хууль тогтоомжийн төсөлд санал авах бусад хэлбэр нь утсан холбоо, алсын зайны теле хурал, холбогдох этгээдтэй ярилцлага хийх зэрэг байж болно.

3.2.5.2.хууль тогтоомжийн төсөлд санал авах бусад хэлбэрээс аль нэгийг сонгосон тохиолдолд олон нийтээс саналаа өгөх хэлбэр, боломжийн талаар урьдчилан зарласан байна.

3.2.5.3.холбогдох этгээдтэй ярилцлага хийх хэлбэрийг сонгосон тохиолдолд ярилцлагын урилгыг урьдчилан хүргүүлнэ.

3.3.Олон нийтийн хэлэлцүүлгийг зарлах, мэдээлэх

3.3.1.хууль санаачлагч нь хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах тухай зарыг албан ёсны цахим хуудсаар болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана.

3.3.2.олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах тухай зарлалд хэлэлцүүлэг хийх хэлбэр, оролцогчийн хүрээ, саналаа хэрхэн ирүүлэх тухай удирдамж, санал авах эцсийн хугацаа, байгууллага, албан тушаалтны холбоо барих хаяг, утас, цахим шуудангийн хаяг, хууль тогтоомжийн төсөл болон холбогдох бусад материалтай танилцах цахим хуудасны холбоос, эсхүл хэвлэмэл байдлаар авах боломж зэрэг мэдээллийг багтаасан байна.

3.3.3.уулзалт, хэлэлцүүлгийн хэлбэртэй уялдуулан хэлэлцүүлгийг зохион байгуулах газар, цаг, танхимын байршлыг зааж, оролцогчийг урьдчилан бүртгэх шаардлага тавьсан тохиолдолд бүртгүүлэх журмыг тодорхой зарлана.

3.4.Олон нийтийн хэлэлцүүлэгт бэлтгэх

3.4.1.олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох оролцогчийг тодорхойлно.

3.4.2.уулзалт, хэлэлцүүлэг явуулах өрөө, тасалгаа бэлтгэнэ.

3.4.3.хэлэлцүүлгийн дэг тогтооно.

3.4.4.компьютер, микрофон, диктафон болон бусад шаардлагатай техник, дагалдах хэрэгслийн хэвийн байдлыг хангана.

3.4.5.хууль тогтоомжийн төслийн дэлгэрэнгүй болон хураангуй хэвлэмэл танилцуулга, видео, аудио болон бусад хэлбэрийн танилцуулга, дагалдах материалыг боловсруулж бэлтгэнэ.

3.5.Олон нийтийн хэлэлцүүлгийн дүнг мэдээлэх

3.5.1.хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хэлэлцүүлэгт ирүүлсэн саналыг тусгасан болон тусгаагүй үндэслэлийг тайлбарласан саналын товьёог өөрийн цахим хуудсанд байршуулах замаар олон нийтэд мэдээлнэ.

3.5.2.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд ирүүлсэн саналын товьёог хавсаргана.

 

 

---о0о---