A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 334 дүгээр
          тогтоолын  хавсралт

“САЙН ХУВЬЦАА” АРГА ХЭМЖЭЭГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

/ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна. 

1.2. “Сайн хувьцаа” арга хэмжээний зорилго нь Улсын Их Хурлын 2011 оны        57 дугаар тогтоол, “Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшүүлэх тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоол, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд  эзэмшүүлэх, аж ахуйн  нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт худалдах хүсэлтээ илэрхийлсэн иргэдээс хувьцааг нь тодорхой үе шаттайгаар худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулахад оршино.       

Хоёр. Засгийн газраас эхний ээлжинд иргэдийн
хувьцааг худалдан авах

2.1. Дараах шалгуурыг хангасан иргэдийн 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авна:

2.1.1. хувьцаа худалдах хүсэлт гаргасан өдрөө 18 насанд хүрсэн байх;

2.1.2. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааны         30 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа.

2.2. Энэ журмын 2.1.1-д заасан 18 болон түүнээс дээш насны иргэдийн талаарх мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай хамтран тулгаж баталгаажуулна.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК энэ журмын 2.1-д заасан иргэдийн талаарх үнэн зөв мэдээллийг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт тогтоосон хугацаанд цахим хэлбэрээр хүргүүлнэ. 

2.3. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өөрийн эзэмшиж байгаа хувьцааны талаарх мэдээллийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн мэдээллийн сангаас цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлнэ.

2.4. Хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэний хүсэлтийг арилжааны банкаар дамжуулан авна. Банк иргэдийн хүсэлтийг бүртгэж, Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжуулан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д өдөр бүр цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.5. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар нь банкнаас ирүүлсэн хувьцаа   худалдах   тухай   иргэний   хүсэлтийг   хүлээн   авч   “Үнэт цаасны   төвлөрсөн

хадгаламжийн төв” ХХК-иас ирүүлсэн мэдээлэлтэй тухай бүр тулган баталгаажуулж, ажлын 2 (хоёр) өдрийн дотор энэ журмын 2.1-д заасан шаардлага хангасан хувьцааны төлбөр авах эрхтэй иргэдийн жагсаалтыг Сангийн яам, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.6. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь хувьцааны төлбөр авах эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалт, дансны мэдээллийг үндэслэн нийт мөнгөн төлбөрийн хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам энэ журмын 2.5-д заасан жагсаалтын дагуу Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжуулан төлбөрийг тухай бүр арилжааны банкууд дахь иргэний хувьцааны төлбөр хүлээн авах дансанд шилжүүлнэ.

2.7. Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв хувьцааны төлбөрийг банкинд шилжүүлсэн өдөртөө багтаан гүйлгээ хийсэн цахим мэдээллийг Сангийн яам, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт тус тус хүргүүлнэ.

2.8. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК хувьцааны төлбөр авсан иргэний хувьцааны бүртгэлээс холбогдох хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулна.

2.9. Арилжааны банкны үйлчилгээний шимтгэл нь хүлээн авсан гүйлгээ тус бүрийн үнийн дүнгийн 3 хувьтай тэнцүү хэмжээтэй байна. Арилжааны банк үйлчилгээний шимтгэлийг Сангийн яамнаас нэхэмжилнэ.

2.10. Иргэний хувьцаа худалдан авахаар гаргасан хүсэлтийн маягтыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК батална.

2.11. Сангийн яам хувьцаа худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг үнэт цаас гаргах замаар бүрдүүлж, санхүүжилтийг Монголбанкинд шилжүүлнэ.

2.12. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв болон арилжааны банкны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан аливаа хохирлыг тухайн байгууллага хариуцан арилгана.

Гурав. Засгийн газраас иргэдийн хувьцааны үлдэх хэсгийг худалдан авах

3.1. Эдийн засгийн байдал сайжирсан нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны үлдэх хэсгийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авах ажлыг Засгийн газар хариуцан зохион байгуулна.

3.2. Энэ журмын 3.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран зохион байгуулна.

Дөрөв. Хувьцааг иргэдэд буцаан худалдах

4.1. Энэ журмын 3.1-д заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны үлдэх хэсгийг Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалсан тохиолдолд тухайн иргэн худалдсан хувьцаагаа анх худалдсан үнээрээ буцаан худалдан авах журмыг Засгийн газар батална.

---о0о---