A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 341 дүгээр
                тогтоолын  хавсралт

“САЙН ДАДЛАГАЖИГЧ” ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн зорилго

1.1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн дадлагажигч ажилтны мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвартай залуучууд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн иргэдийг өндөр хөгжилтэй оронд мэргэжлийн дагуу дадлагажуулж мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, дадлагын хугацаа дууссаны дараа эх орондоо үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хоёр. Хөтөлбөрийн зорилт

2.1. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.1.1. хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлоготой уялдуулан мэргэжлийн ур чадвартай залуучууд, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн иргэдийг өндөр хөгжилтэй оронд дадлагажуулж, хөдөлмөрийн таатай нөхцөл бүхий ажлын байранд ур чадвар эзэмшүүлэх;

2.1.2. дадлагажигч ажилтныг эх орондоо эргэн ирсэний дараа хөтөлбөрт хамрагдсан иргэний гадаад улсад эзэмшсэн ур чадварыг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.

2.2. Хөтөлбөрт 18-39 насны мэргэжлийн ур чадвартай залуучууд, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн иргэд хамрагдана.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Хөтөлбөрийн 2.1.1-д заасан зорилтын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

3.1.1. хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлоготой уялдуулан иргэдийг дадлагажуулах эрэлт хэрэгцээ, мэргэжлийн чиглэлийг тодорхой болгох;

3.1.2. хөтөлбөрт хамрагдах иргэдийг дадлагажигч ажилтан хүлээн авах орноос тавьж байгаа шаардлагад нийцүүлэн бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;

3.1.3. хөтөлбөрт хамрагдах иргэдэд тухайн орны хэл, түүх соёл, зан заншил, нийгмийн ёс журам, хууль, эрх зүйн талаар зохих түвшний  мэдлэг эзэмшүүлэх  сургалтыг үе шаттай зохион байгуулах;

3.1.4. хөтөлбөрт хамрагдах иргэдийн ажиллах орчин, нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбогдох гэрээ, хэлэлцээрийг хүлээн авагч оронтой байгуулах, хамтран ажиллах;

3.1.5. хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч хүлээн авах оронтой байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн орны онцлогийг харгалзан дэд хөтөлбөр хэрэгжүүлэх;

3.1.6. дадлагажигч ажилтан илгээх чиглэлээр хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;

3.2. Хөтөлбөрийн 2.1.3-т заасан зорилтын хүрээнд хөтөлбөрт хамрагдсан иргэдийг эх орондоо эргэн ирсний дараа тухайн иргэний гадаад улсад эзэмшсэн ур чадварыг хүлээн зөвшөөрч, бизнес эрхлэх санал, санаачилгыг дэмжих ажлыг зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдан зохион байгуулна.

4.2. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг  дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;

5.1.3. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр дараах үр дүнд хүрсэн байна:

6.1.1. өндөр хөгжилтэй оронд  дадлагажигчаар  ажилласан мэргэжилтнүүдийн тоо өссөн байна; 

6.1.2. өндөр хөгжилтэй оронд дадлагажигч монгол иргэдийн мэргэжлийн ур чадвар дээшилж,  өрсөлдөх чадвар нэмэгдэнэ;

6.1.3. хөтөлбөрт хамрагдсан иргэн дадлагын хугацаа дуусаад эх орондоо эргэн ирж тухайн улсын ноу-хау, техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлж өөрийн орны  хөгжилд зохих хувь нэмрийг оруулах боломж нэмэгдэнэ;

6.1.4. гадаад орнуудтай хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ. 

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлж дүгнэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийг харгалзана.

6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.


--- o0o ---