A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 268 дугаар
          тогтоолын хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ  ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх) нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий байгууллага мөн.

1.2. Хороо чиг үүргээ бие даан хараат бусаар хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагаандаа Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг баримтална. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.3. Хорооны үндсэн зорилго нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, радио давтамжийн зурвасыг хуваарилах, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, үйлчлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

1.4. Хороо нийслэлд байрлах бөгөөд орон нутагт харьяа орон тооны бус гишүүдээс бүрдсэн салбар зөвлөл, эсхүл орон тооны бус төлөөлөгчтэй байж болно.

1.5. Хороо хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллана.

1.6. Хороо нь хууль тогтоомжид заасны дагуу албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэнэ.

Хоёр. Хорооны чиг үүрэг

2.1. Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Цахим гарын үсгийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйл, Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг  хэрэгжүүлнэ: (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.1.1. харилцаа холбооны салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

2.1.2. Хорооны үйл ажиллагааны стратеги, зорилго, зорилтыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;

2.1.3. энэ дүрмийн 5.2-т заасан төвийн дүрмийг батлах;

2.1.4. хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд холбогдох дүрэм, журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх;

2.1.5. харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт гаргуулан авах;

2.1.6. орон нутаг дахь харьяа салбар нэгжийн ажилтан болон төлөөлөгчийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

2.1.7. хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бусад чиг үүрэг.

Гурав. Хорооны дарга, гишүүдийн бүрэн эрх

3.1. Хорооны дарга дараах бүрэн эрхтэй:

3.1.1. Хороо, түүний нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

3.1.2. хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

3.1.3. Хорооны нэгжийн удирдлага болон гүйцэтгэх албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хариуцлага тооцох, цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулах;

3.1.4. Хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх;

3.1.5. хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд бүрэн эрхээ хорооны аль нэг гишүүнд шилжүүлэх;

3.1.6. чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зайлшгүй шаардлагатай зарим асуудлаар дүгнэлт, зөвлөмж боловсруулах, магадлан шинжилгээ хийлгэх зорилгоор гадаад, дотоодын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн,  мэргэжилтнийг татан оролцуулж, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулж ажиллах;

3.1.7. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлож даргалах;

3.1.8. тусгай зөвшөөрөл, радио давтамж ашиглах эрхийн бичиг, бүртгэл болон баталгаажуулалтын гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулах;

3.1.9. харилцаа холбооны салбарын зохицуулалт, үнэ тарифын талаар Засгийн газар болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг мэдээллээр хангах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.1.10. батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

3.1.11. Хорооны ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг зохион байгуулж, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.12. Хорооны үйл ажиллагаанд дотоод хяналт, аудитын тогтолцоог холбогдох хууль  тогтоомжийн дагуу бүрдүүлж хэрэгжүүлэх;

3.1.13. хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бусад  эрх, үүрэг.

3.2. Хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:

3.2.1. Хорооны нэгжийн удирдлагад үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих

3.2.2. Хорооны хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах;

3.2.3. Хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг шаардах буюу гаргуулан авах;

3.2.4. Хорооны хуралдаанд биечлэн оролцох, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд саналаа бичгээр Хорооны хуралдааны нарийн бичгийн даргад урьдчилан өгөх;

3.2.5. хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

3.3. Хорооны дарга, гишүүнийг дараах тохиодолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

3.3.1. томилсон хугацаа буюу бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

3.3.2. өөрөө хүсэлт гаргасан;

3.3.3. эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсныг магадлан итгэмжлэгдсэн  эрүүл мэндийн байгууллага тогтоосон;

3.3.4. Хорооны тухайн жилийн хуралдааны 50-иас илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан;

3.3.5. гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

3.4. Хорооны дарга, гишүүнийг энэ дүрмийн 3.3.2-3.3.5-д заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлсөн тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.


Дөрөв. Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт


  4.1. Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хорооны хуралдаанд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.2. Хорооны хуралдааныг сард 1-ээс доошгүй удаа хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд Хорооны даргын саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.

4.3. Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

4.3.1. Хорооны төсвийн төсөл болон төсвийн гүйцэтгэлийн тайлан;  (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) 

4.3.2. Хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмсэн)

4.3.3. хөрөнгө шилжүүлэх, худалдан авах, данснаас хасах;

4.3.4. хорооны хуралдааны урамшууллын хэмжээг тогтоох.

4.4. Хорооны хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.
4.5. Хорооны тогтоолд Хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

4.6. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

4.7. Хорооны дарга, гишүүд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллана.

4.8. Хорооны хуралдаанд холбогдох албан тушаалтнаас гадна шаардлагатай тохиолдолд бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, иргэдийг байлцуулж болно.

4.9. Хорооны шийдвэрийг холбогдох байгууллага, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Тав. Хорооны зохион байгуулалтын бүтэц

5.1. Хороо зохицуулалтын; радио давтамжийн зохицуулалт, хяналтын; өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын;  зах зээл, үнэ тарифын; эрх зүй, мэдээлэл, захиргааны болон шуудангийн асуудал хариуцсан нэгжтэй байна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.2. Хорооны дэргэд радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “төв” ажиллана. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.3. Зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.3.1. тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.3.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдний үйл ажиллагааны талаарх баримт материалыг хадгалах, баяжуулах;

5.3.3. сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, шаардлага,  зааглах цэгийг тогтоох, гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих;

5.3.4. харилцаа холбооны салбарын олон улсын стандарт, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцүүлэн үндэсний стандарт, зөвлөмж боловсруулж зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;

5.3.5. гадаад орны болон өөрийн орны дугаарлалтын төлөв байдалд судалгаа хийж, үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах, батлагдсан дугаарлалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

5.3.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж зохицуулах;

5.3.7. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг заавар, зөвлөмжөөр хангах;

5.3.8. дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.3.9. домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон зохицуулалт хийх, домэйн нэрийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зохицуулалтын журам, баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмсэн)

5.3.10. интернэтэд суурилсан үйлчилгээ, цахим орчин дахь контентын талаар зохицуулалтын арга хэмжээ авах, судалгаа хийх, заавар, зөвлөмж боловсруулах. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмсэн)

5.4. Радио давтамжийн зохицуулалт, хяналтын асуудал хариуцсан нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.4.1. радио давтамжийн тусгай зөвшөөрөл болон эрхийн бичиг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад  өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.4.2. радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшихэд тавих шаардлагыг тогтоож,  хэрэгжилтийг хянах;

5.4.3. харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын журам, холбогдох баримт бичгийн төсөл боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.4.4. радио давтамжийн хуваарилалтын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бий болгож баяжуулах;

5.4.5. тусгай хэрэглээний ангилалд ашиглах радио давтамжийн зурвасын хэрэгцээ, шаардлагыг холбогдох байгууллагатай хамтран судалж тодорхойлох;

5.4.6. тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг хуваарилах болон зохицуулах;

5.4.7. радио төхөөрөмж, радио давтамжийн ашиглалтын эрэлт хэрэгцээг судалж, үнийн судалгаа хийх, радио долгионы тархалт, цахилгаан соронзон зохицолдоо, түүнийг тооцоолох аргачлалыг боловсруулж, судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;

5.4.8. радио давтамжийн зурвасыг Үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгтийн дагуу дахин төлөвлөх, шилжүүлэх, чөлөөлөх, хуваарилах;

5.4.9. харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах, сорилт туршилт хийж, тайлан, шалгалт тохируулгын гэрчилгээг стандартын дагуу боловсруулж гаргах;

5.4.10. харилцаа холбооны сүлжээ болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид шаардлагатай тохиолдолд дотоод, гадаадын байгууллагаар баталгаажуулалт хийлгэх;

5.4.11. зохицуулалт, стандарт, бусад норматив баримт бичиг, сорилт туршилт, шалгалт тохируулгын арга техникийн нөхцөл, журам, заавар, гарын авлага боловсруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах;

5.4.12. тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал, дүгнэлт гаргах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.4.12. хил орчмын бүс нутагт радио давтамжийн зохицуулалт хийх;

5.4.13. Монгол Улсын нутаг дэвсгэрт радио долгионы хяналт, шалгалт явуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, зохион байгуулах;

5.4.14. радио давтамжийн ашиглалтын хяналт, мониторинг, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудын хэрэгжилтийг хангуулах асуудлаар энэ дүрмийн 5.2-т заасан төвд дэмжлэг үзүүлж ажиллах.

5.5. Зах зээл, үнэ тарифын асуудал хариуцсан нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.5.1. тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.5.2. харилцаа холбооны зах зээлийн өрсөлдөөний байдал, хандлагад судалгаа, шинжилгээ хийж санал, зөвлөмж боловсруулах;

5.5.3. зах зээлийн судалгаа хийж, эрэлт хэрэгцээг тодорхойлох, шинээр гарч байгаа техник, технологийг судалж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

5.5.4. харилцан холболтын хөлс тогтоох аргачлал, орлого хуваарилах журам боловсруулах;

5.5.5. харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  харилцан холболтын хөлс, орлогын хэмжээнд судалгаа, шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах;

5.5.6. харилцаа холбооны салбарын статистик тайлан мэдээг нэгтгэх, тайлан мэдээг дотоодын болон олон улсын байгууллагад хүргүүлэх;

5.5.7. тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авах;

5.5.8. харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал боловсруулах;

5.5.9. зах зээлд шинээр үйлчилгээ эрхлэгч болон зүй ёсны монополь, давамгай  байдалтай аж ахуйн нэгжийн үйлчилгээний тарифыг хянах, зохицуулалт хийх талаар санал боловсруулах;

5.5.10. харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  үйлчилгээний үнэ тарифын хэмжээнд судалгаа, шинжилгээ хийх;

5.5.11. олон улсын жишигт нийцсэн аргачлал, журмын дагуу үйл ажиллагааныхаа зардлыг тодорхойлох, бүртгэх шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих;

5.5.12. зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг өөрчлөх, тогтоох талаар санал боловсруулах ;

5.5.13. энэ дүрмийн 5.2-т заасан төвийн ашиглалт, үйлчилгээний үнэ тарифыг тогтоох талаар санал боловсруулах;

5.5.14. бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр хуульд заасан арга хэмжээг авч ажиллах.

5.5.15. олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянах, зохицуулалт хийх. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмсэн)

5.6. Эрх зүй, мэдээлэл, захиргааны асуудал хариуцсан нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.6.1. Хорооны үйл ажиллагааны болон үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөлийн талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж гаргах;

5.6.2. тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар Хорооны холбогдох бусад нэгжээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн,  Хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.6.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний хууль зүйн үндэслэлийг хянаж, гэрээ байгуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

5.6.4. тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар дотоод мэдээллийн сан байгуулж, байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангах;

5.6.5. Хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр Хорооны удирдлага, холбогдох бусад албан тушаалтныг хангах, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах;

5.6.6. тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан болон хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн бусад маргаантай асуудлыг судлан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, санал боловсруулж зохих журмын дагуу Хорооны хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;

5.6.7. хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон төрийн болон төрийн бус бусад байгууллагатай харилцаа холбооны асуудлаар хамтран ажиллах;

5.6.8. Хорооны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилтын хзүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулна:

5.6.8.1. байгууллагын албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж тайлагнах;

5.6.8.2. Хорооны цахим хуудсыг хөтлөх;

5.6.8.3. Хорооны үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчлах ажлыг зохион байгуулах.

5.6.9. Хорооны төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, төсвийг бүрдүүлж, зарцуулалтад хяналт тавих;

5.6.10. нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэл гаргах аудитаар баталгаажуулж нийтлэх;

5.6.11. Хорооны хүний нөөцийг бэлтгэх талаар санал боловсруулж, эрх бүхий этгээдэд танилцуулж шийдвэрлүүлэн, гарсан шийдвэрийг  хэрэгжүүлэх;

5.6.12. Хорооны ажилтнуудыг сургалтад хамруулан мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах;

5.6.13. олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллагаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөлгөөнд Хорооны ажилтнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулах;

5.6.14. байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллага, гадаад улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах талаар санал боловсруулан, тэдгээрийн туршлагыг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

5.6.15. байгууллагын архив, бичиг хэргийг зохих журмын дагуу хөтлөх;

5.6.16. байгууллагын дотоод сүлжээ болон мэдээллийн аюулгүй үйл ажиллагааг хангах асуудлыг хариуцаж ажиллах;

5.6.17. байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал боловсруулан санаачилгатай ажиллаж,   хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх.

5.7. Шуудангийн асуудал хариуцсан нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.7.1. тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.7.2. шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоон санал боловсруулж, Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.7.2. шуудангийн нэгдсэн кодыг боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;

5.7.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;

5.7.4. аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийн талаар санал боловсруулах;

5.7.5. шуудангийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах;

5.7.6. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

5.8. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын асуудал хариуцсан нэгж дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмсэн)

           5.8.1. өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;

           5.8.2. хуульд заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ (төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад)-ний тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

           5.8.3. өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт, шалгалт хийх, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх баримт материалыг зохих нэгжид хүргүүлэх, баяжуулах;

           5.8.4. хуульд заасан дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

           5.8.5. өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт, шалгалттай холбоотойгоор хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг заавар, зөвлөмжөөр хангах;

           5.8.6. өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг ил тод болгох;

           5.8.7. хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон тооны бус зөвлөл байгуулах, хуралдуулах, хурлаас гарсан зөвлөмжийг үйлчилгээ эрхлэгч, олон нийтэд мэдээлэх, сурталчлах;

           5.8.8. хуульд заасан чиг үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, жил бүр үнэлгээ, дүгнэлт гаргах;

           5.8.9. өргөн нэвтрүүлгийн чиглэлээр шинэ технологи, үйлчилгээний талаар судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;

           5.8.10. стандарт, норматив баримт бичигт санал гаргах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулах;

           5.8.11. радио, телевизийн хөтөлбөрт болон дуу, дүрсийн стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

           5.8.12. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

5.9. Энэ дүрмийн 5.2-т заасан төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Радио долгионы хяналтын ажлын хүрээнд:

5.9.1. Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.10 болон Радио долгионы тухай хуулийн 51.1.2, 20 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд санал боловсруулах: (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.9.2. радио хэрэгслийн давтамжийн тархац, цацралт, байршлын төлөв байдлыг тодорхойлж, шинжилгээ хийх, техникийн болон ашиглалтын стандарт, нормд заасан  шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;

5.9.3. олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа радио долгионы хяналт тавих үйл ажиллагаанд оролцох;

5.9.4. радио давтамжийг ашиглагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор радио давтамжийг хууль бусаар ашиглаж байгаа хэрэглэгчдийг илрүүлж, зохих журмын дагуу  үйл ажиллагааг нь зогсоох;

5.9.5. импортоор оруулж байгаа радио төхөөрөмж олон улсын болон үндэсний стандартад нийцэж байгаа эсэхэд хэмжилт, шалгалт хийх;

5.9.6. радио долгионы тархалт хууль тогоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж байгааг нотлох зорилгоор радио төхөөрөмжийн эх үүсвэрээс гарч байгаа чимээ шуугианы бичлэг хийж, судалгаа, шинжилгээ явуулж, үнэлэлт, дүгнэлт гаргах;

5.9.7. хэрэглэгчийн гомдлын дагуу хэмжилт хийх, дүгнэлт гаргах.

Дугаартайгаа шилжих үйлчилгээний удирдлага, ашиглалт, үйлчилгээний хүрээнд: (Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хассан) 

5.8.8. дугаартайгаа шилжих хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэн тайлан мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.8.9. хэрэглэгчийн үйлчилгээнд зориулсан дуудлагын төв байгуулах, эсхүл уг үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгжид хариуцуулан гүйцэтгүүлэх.(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Радио, телевизийн хөтөлбөр, техникийн стандартын хэрэгжилтийг хангуулах хүрээнд: (Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор өөрчилсөн)

5.8.10. өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалт хийх;(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 5.8.11. дуу, дүрсийн стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 5.8.12. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих;(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 5.8.13. хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг цаг тухайд нь илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.9.8. Улаанбаатар хотын бүх телевиз, кабелийн суваг, радиогийн бичлэгийн архив үүсгэн ажиллуулах;

5.8.15. өргөн нэвтрүүлгийн тодорхой тооны телевиз, кабелийн суваг, радио контентийг түүвэрчлэн хянах;(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.9.9. олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн дамжуулж байгаа сувагт хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллах;

5.8.17. интернэт, телефон ярианы үйлчилгээний чанарт мониторинг хийж, олон улсын болон үндэсний стандарт, техникийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хэмжиж тогтоох.(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Дугаарлалтын “4.3.2” гэснийг “4.3.3” гэж, “4.3.3” гэснийг “4.3.4” гэж, “5.4.13” гэснийг “5.4.12” гэж, “5.4.14” гэснийг “5.4.13” гэж, “5.4.15” гэснийг “5.4.14” гэж, “5.7.3-5.7.7” гэснийг “5.7.2-5.7.6” гэж, “5.8” гэснийг   “5.9” гэж, “5.8.1-5.8.7” гэснийг “5.9.1-5.9.7” гэж, “5.8.14” гэснийг “5.9.8” гэж, “5.8.16” гэснийг “5.9.9” гэж өөрчилсөн.

 

---o0o---