A

A

A

  • Нүүр
  • Хууль, хяналтын байгууллага
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОХ, ТҮҮНД БАТЛАН ДААЛТ ГАРГАХ, ХҮҮГ НӨХӨН ТӨЛӨХ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 276 дугаар
          тогтоолын хавсралт

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ
ОЛГОХ, ТҮҮНД БАТЛАН ДААЛТ ГАРГАХ, ХҮҮГ НӨХӨН ТӨЛӨХ,
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.4, 12.6, 12.8.4, 12.9-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, зээлийн хүүг нөхөн төлөх болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Хоёр. Жижиг зээл олгох

2.1. Жижиг зээлийг бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид олгоно. 

Иргэн бусадтай хамтран нөхөрлөл, хоршоо, 8-10 гишүүнтэй бүлэг байгуулж аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж болно.

2.2. Энэ журмын 2.1-д заасан иргэдийн бүлэг жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаанд бүлгийн гишүүдийн хурлаас томилсон эрх бүхий төлөөлөгчөөр дамжуулан оролцоно.

2.3. Иргэн, аж ахуйн нэгж жижиг зээл хүссэн өргөдлөө холбогдох төслийн хамт аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд хүргүүлнэ. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд төслийг сонгон шалгаруулах удирдамжийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ заалтын 2 дахь өгүүлбэрийг Засгийн газрын 2018 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.3.1. хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

2.3.2. ажиллах хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөц, боломж болон үйл ажиллагаа явуулах ажлын байр, орчныг сайтар тооцсон байх;

2.3.3. төслийн хүрээнд орон нутгийн онцлог, давуу талд түшиглэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөсөн байх;

2.3.4. зээлийн мөнгөн дүнгийн 40 болон түүнээс дээш хувьд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

2.3.5. төслийн хүрээнд байнгын ажлын байр бий болгож, цаашид хадгалах боломжтой байх.

2.4. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан нь иргэн, аж ахуйн нэгжийн зээл хүссэн өргөдлийг судалж, энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгох саналаа тодорхойлолтын хамт банкинд хүргүүлнэ.

2.5. Банкнаас жижиг зээл олгох шийдвэр гарсны дараа аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан зээлдэгчтэй ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах талаар гэрээ байгуулж, зээлдэгчийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх сургалт, уулзалтыг зохион байгуулах бөгөөд бизнес, аж ахуйн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллана.

2.6. Жижиг зээл олгох банкийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан банктай гэрээ байгуулж, тухайн жилд төсөвлөсөн зээл, зээлийн батлан даалтын хөрөнгийг дансанд нь байршуулна. Жижиг зээл олгох банкинд тавих шаардлага, түүнийг сонгон шалгаруулах удирдамж, банктай байгуулах гэрээний загвар, жижиг зээлийн санхүүжилтийг аймаг, дүүрэгт хуваарилах аргачлалыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 70 дугаар тогтоолоор 2 дахь өгүүлбэрийг нэмсэн/

Гэрээнд зээлийн хөрөнгийг банкны дансанд байршуулах болон зээл олгох нөхцөл, зээлийн хөрөнгийн үлдэгдлийг эргүүлэн татах хугацаа, хариуцлагыг тодорхой заана.

2.7. Жижиг зээл олгох банк дараах нөхцөлийг хангасан байна:

  2.7.1. Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 10 сард хангасан байх бөгөөд энэ талаар Монголбанкны дүгнэлтийг хавсаргасан байна;

  2.7.2. зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн өмнө хариуцах баталгаа гаргасан байх;

  2.7.3. жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх;

  2.7.4. энэ журмын 2.6-д заасан сонгон шалгаруулалтын үеэр тавьсан бусад шаардлагыг хангасан байх.

2.8. Банкинд байршуулсан зээлийн хөрөнгөд аливаа хүү, төлбөр төлөхгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.9. Банк иргэн, аж ахуйн нэгжийн зээл авах болон зээлийн батлан даалтад хамрагдах хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан судалж шийдвэрлэнэ.

2.10.  Жижиг зээлийг 24 сарын хугацаатай олгох бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөх  хугацаа 6 сар хүртэл байна.

2.11. Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10.0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2.0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20.0 сая хүртэл төгрөг байна.

2.12.  Зээлийг хуваарийн дагуу төлж, зориулалтын дагуу зарцуулсан, үйл ажиллагаа нь тогтворжиж, гэрээнд заасны дагуу ажлын байр шинээр бий болгож тогтвортой хадгалсан, ажилчдаа нийгмийн даатгалд даатгуулсан зээлдэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин  зээл  авах  тохиолдолд  зээлийн  хугацааг  36 сар, үндсэн зээлээс чөлөөлөх хугацааг 12 сар хүртэл болгон нэмэгдүүлж, зээлийн хүүд    хөнгөлөлт үзүүлнэ. 

Зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жижиг зээл олгох банктай тохирч, энэ журмын 2.6-д заасан гэрээнд тусгана.

2.13.  Зээлийн хөрөнгөөр өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхэлж, нэмүү өртгийн сүлжээнд хамрагдсан зээлдэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин зээл авах тохиолдолд зээлийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж болно.

2.14.  Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд зээлээ төлж дууссан боловч ашиглалтын явцад зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд тухайн зээлдэгчийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин жижиг зээл авах эрхийг 36 сар хүртэл хугацаагаар хязгаарлана. 

Гурав. Зээлд батлан даалт гаргах

3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалтаар олгосон жижиг зээлд батлан даалт гаргана.

3.2. Энэ журмын 3.1-д заасан батлан даалтыг банкны зээл олгох бусад шалгуур үзүүлэлтийг хангасан ч барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, аж ахуй нэгжийн авч байгаа жижиг зээлд гаргах бөгөөд нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээ олгох зээлийн 60 хүртэлх хувьтай тэнцүү байна.  

3.3. Зээлийн батлан даалтын хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ: 

3.3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;

3.3.2. гадаад, дотоодын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө; 

3.3.3. бусад. 

3.4. Зээлд батлан даалт гаргах нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, батлан даалтын төлбөр төлөх, батлан даалтыг түдгэлзүүлэх, зогсоох, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг “Батлан даалтын гэрээ”-нд тусган хэрэгжүүлнэ. 
“Батлан даалтын гэрээ”-ний загварыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 

Дөрөв. Зээлийн хүүг нөхөн төлөх

4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.4-т заасан ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлөх бөгөөд ийнхүү төлөхдөө иргэний хүсэлт, зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт болон санхүүгийн бусад баримтыг үндэслэнэ.

4.2. Энэ журмын 4.1-д заасан иргэний хүсэлтийг мөн журмын 2.9-т заасан хугацаанд судалж шийдвэрлэнэ.

4.3. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага (сан) энэ журмын 4.1-д заасан зээлийн хүүгийн төлбөрийн тухайн жилд ногдох хэсгийг жил бүрийн эхний улиралд багтаан зээлдэгчид нөхөн төлнө.

Тав. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх

5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгоно.

5.2. Энэ журмын 5.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөх хуваарийг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд тус тус тусгана.

5.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх бөгөөд зорилтот бүлгүүдийн онцлогт тохируулж эргэн төлөлтийн хэмжээг 50-иас дээш хувь байхаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд тогтоон хэрэгжүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 

5.4. Хүн амын зорилтот бүлгийн иргэдэд олгох санхүүгийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 6 дахь сараас эхэлж 48 хүртэлх сарын хугацаанд сар бүр эргэн төлөх нөхцөлтэй байна. /Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 70 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/

5.5. Энэ журмын 5.3-т заасан этгээдийн санхүүгийн дэмжлэгт дахин хамрагдах хугацаа 24 ба түүнээс дээш сарын дараа байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

5.5.1. гэрээний хугацаа бүрэн дууссан байх;

5.5.2. санхүүгийн дэмжлэгийн үр дүнг тооцсон байх;

5.5.3. санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу бүрэн зарцуулсан болон эргэн төлөлтийг төлж барагдуулсан байх.

5.6. Энэ журмын 5.3-т заасан этгээдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтийг мөн журмын 2.9-т заасан хугацаанд судалж шийдвэрлэнэ.

5.7. Санхүүгийн дэмжлэгийн төрөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7-д заасан төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах хөдөлмөрт бэлтгэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийн сургалтын тэтгэлэг болон хувьсах зардлыг оруулж болох бөгөөд түүнийг эргэн төлөх эсэх болон бусад нөхцөл, шаардлагыг тухайн төсөл хөтөлбөрт тодорхой тусгана. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 57 дугаар тогтоолоор нэмсэн)

5.8. Энэ журмын 5.7-д заасан төсөл, хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлгийн иргэнд сургалтын тэтгэлэг хэлбэрээр олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь 1.0 сая хүртэл төгрөг байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 57 дугаар тогтоолоор нэмсэн)

 

Зургаа. Хяналт тавих, тайлагнах

6.1. Энэ журамд заасны дагуу жижиг зээл олгосон, батлан даалт гаргасан, хүүг нөхөн төлсөн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талаарх мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 17.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгүүлж, мэдээллийн сан үүсгэнэ. Бүртгэлийн маягтыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

6.2. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага энэ журмын 6.1-д заасан мэдээллийн санд тулгуурлан сар бүр тайлан бэлтгэж дараа сарын 3-ны  өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн мөн сарын 10-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Тайлангийн маягтыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.3. Энэ журмын 6.1, 6.2 дахь заалтын хүрээнд банк аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтныг тогтоосон хугацаанд мэдээллээр тогтмол хангаж, хамтарч ажиллана.

6.4. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан улирал тутам нийт зээлдэгчийг хамруулан зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийнэ. Хяналт, шалгалтын дүнг тухай бүр хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.5. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан банкны жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх үйл ажиллагааны гүйцэтгэл болон банкинд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас байршуулсан хөрөнгийн зарцуулалтад улирал тутам хяналт тавьж ажиллана. Хяналтын тайлан, дүгнэлтийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл болон аймаг, дүүргийн салбар зөвлөл хяналт тавьж ажиллана. Шаардлагатай тохиолдолд уг үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгэж болно. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор нэмэлт орсон/

6.7. Энэ журмын 6.4-6.6-д заасан хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүргийг гэрээ байгуулсан талууд хариуцна.

6.8. Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон бол хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

6.9. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан гэж буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---o0o---