A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 290 дүгээр
          тогтоолын  хавсралт

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, бүрэн эрхийг тодорхойлох, түүний удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн хараат бус, бие даасан, орон тооны бус байгууллага мөн.

1.3. Үндэсний зөвлөл үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

  1.3.1. хууль дээдлэх;
                      
  1.3.2. ил тод, нээлттэй байдлыг хангах;
 
  1.3.3. талуудын адил тэнцүү, эрх тэгш байдлыг хангах;
 
  1.3.4. асуудал шийдвэрлэхэд зөвшилцлийг эрхэмлэх;
  
  1.3.5. хариуцлага хүлээх чадвартай байх;
  
  1.3.6. төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

1.4. Үндэсний зөвлөл тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.5. Үндэсний зөвлөл үйл ажиллагаагаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбар зөвлөл (цаашид “салбар зөвлөл” гэх)-өөр дамжуулан хэрэгжүүлнэ.

Хоёр. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх

2.1. Үндэсний зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд дараах бүрэн эрхтэй байна:

  2.1.1. мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж, хөтөлбөр, төслийн биелэлтэд хяналт тавих, төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлэх;

  2.1.2. мэргэжлийн боловсрол, сургалтыг ажиллах хүчний талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан зохион байгуулахад холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх;

  2.1.3. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх, мэргэжлийн чиглэл, зах зээлийн эрэлтэд үндэслэсэн элсэлтийн хяналтын тоог тогтоох талаар зөвлөмж гаргах;
  
  2.1.4. нутгийн өөрөө удирдах болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага,  ажил олгогч,  хөдөлмөрийн албад, аж ахуйн нэгж, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодтой хамтран мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой зах зээлийн эрэлт, хэрэгцээний талаар судалгаа хийх;

  2.1.5. яам, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогч зэрэг талуудын үйл ажиллагааг уялдуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим  болон бусад сонирхогч этгээдийн оролцоог хангаж зохицуулах;

  2.1.6. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох саналыг санхүү, боловсрол, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тавьж шийдвэрлүүлэх;

  2.1.7. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тайлан, мэдээллийг сонсож, зөвлөмж гаргах;

  2.1.8. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах, багш, удирдах ажилтны чадавхийг дээшлүүлэх, сургалтад хамруулах асуудлаар зөвлөмж өгөх;

  2.1.9. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлтийг судлах, сурталчлах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр гүйцэтгэх зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан саналд зөвлөмж өгөх;

  2.1.10. ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагын цалингийн сангаас салбар, үйлдвэрийн онцлогийг харгалзан Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулах хувь хэмжээг тогтоох;

  2.1.11. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан салбар зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, тайлан, мэдээллийг хэлэлцэх, санал, дүгнэлт гарган зөвлөмж өгөх;

  2.1.12. мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, судалгаа хий, дүгнэлт гаргах, тэдгээрийн үр нөлөөг сайжруулах талаар зөвлөмж өгөх;

  2.1.13. ажил олгогч болон салбар зөвлөлийн хамтарсан дүгнэлтийг үндэслэн мэргэшлийн түвшний хүрээ, ажил, мэргэжлийн лавлахыг батлах;

  2.1.14. гаргасан шийдвэр, зөвлөмж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих;

  2.1.15. хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх.

Гурав. Үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Үндэсний зөвлөл Засгийн газар, түүний байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

3.2. Үндэсний зөвлөл  Засгийн газрыг төлөөлөх 9, хувийн хэвшлийг төлөөлөх 9, нийт 18 гишүүнтэй байна.

3.3. Үндэсний зөвлөлийн гишүүн албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн албан тушаалд томилогдсон дараагийн эрх бүхий этгээд Үндэсний зөвлөлийн гишүүний үүргийг залгамжлан гүйцэтгэнэ.

3.4. Үндэсний зөвлөлийн дарга нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Дэд даргыг зөвлөлийн хуралдаанаас төрийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс ээлжлэн 2 жилийн хугацаагаар сонгоно.

3.5. Үндэсний зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдааныг удирдана. Үндэсний зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг дэд дарга гүйцэтгэнэ.

3.6. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын залгамж чанарыг хадгалах, салбар зөвлөлийн үйл ажиллагааны шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх, Үндэсний зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.7. Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.

3.8. Үндэсний зөвлөл нь ажил, үүргийн чиглэлээр байгуулсан харьяа салбар зөвлөлтэй байна. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.

3.9. Үндэсний зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргад урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Дөрөв. Үндэсний зөвлөлийн хуралдаан

4.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн хуралдааны дэгийг хэлэлцэн батална. Үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаар зөвлөмж, тогтоол, дүгнэлт гаргах бөгөөд шийдвэрт Үндэсний зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

4.2. Үндэсний зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн дарга, эсхүл зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.

4.3. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга тогтооно. Хэлэлцэх асуудлын бэлтгэлийг тухайн асуудлыг оруулж байгаа байгууллага, албан тушаалтан болон зөвлөлийн ажлын алба хангана.

4.4. Төр, хувийн хэвшлийн төлөөлөл тус бүрээс 5-аас доошгүй гишүүн оролцсон тохиолдолд Үндэсний зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцно.

4.5. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар талууд санал зөрсөн тохиолдолд асуудлыг зөвшилцөх зарчмаар шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй бол тухайн асуудлаар шийдвэр гаргахгүй. Энэ тохиолдолд санал оруулсан тал үндэслэл, тооцоог хянаж үзсэний үндсэн дээр асуудлыг зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлнэ.

4.6. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч томилох, ажлын хэсэг байгуулах асуудлыг Үндэсний зөвлөлийн дарга шийдвэрлэнэ.

4.7. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийг Үндэсний зөвлөлийн дэд дарга болон нарийн бичгийн дарга хянаж, хуралдаанд оруулах саналын хамт зөвлөлийн даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.8. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулга, тооцоо, судалгаа, шаардлагатай бусад материалын хамт хурал эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.

Тав. Үндэсний зөвлөлийн санхүүжилт, тайлан

5.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.

5.2. Үндэсний  зөвлөл  жил бүрийн үйл ажиллагааны тайланг дараа  оны 1  дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулна.

 

---o0o---