A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨӨ АЖ АХУЙН “ХАЛХ ГОЛ” ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БҮСИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОЛОН ГАЗАР АШИГЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Засгийн газрын 2016 оны 328 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт


ХӨДӨӨ АЖ АХУЙН “ХАЛХ ГОЛ” ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН
БҮСИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОЛОН ГАЗАР
АШИГЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс (цаашид “бүс” гэх)-ийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалттай холбогдон  үүссэн нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүсэд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. бүсийн хөгжлийн талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах;

2.1.2. бүсийн захиргааны бүтцийг баталж, орон тоо, зардлын хязгаарыг тогтоох, захирлыг томилж, чөлөөлөх;

2.1.3. бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдамж, чиглэлээр хангах;

2.1.4. бүсийг хөгжүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих;

2.1.5. бүсийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

2.1.6. бүсийн үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;

2.2. Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа (цаашид бүсийн “захиргаа” гэх) бүсэд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.2.1. бүсийн хөгжлийн хөтөлбөр, хөрөнгө оруулалт, төсвийн төслийг боловсруулж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

2.2.2. бүсийн ажиллах хүчний болон хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, хэрэгцээг тодорхойлж, зохицуулах арга хэмжээ авах;

2.2.3. бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг захиалах, үр дүнг хүлээж авах, асуудлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

2.2.4. бүсэд хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах;

2.2.5. бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зохих журмын дагуу бүртгэх, бүртгэлээс хасах;

2.2.6. бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах;

2.2.7. бүсэд хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

2.2.8. бүсийн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг сахиулах, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах;

2.2.9. бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн талаар санал боловсруулж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

2.2.10. газрын болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тариалангийн зориулалтаар атар газрыг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах;

2.2.11 бүсийн захиргаанаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хагас жил тутам тайлагнах.

Гурав. Бүсийн газар ашиглалт

3.1. Бүсийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана. Шийдвэрт газрын хэмжээ, ашиглах хугацааг тусгасан байна.

3.2. Бүсийн захиргааны газрын асуудал хариуцсан даамал бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журам, мал эмнэлгийн хяналтын цэгийн журам болон бусад эрх зүйн актыг үндэслэн газар ашиглагчтай гэрээ байгуулна.

3.3. Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө.

3.4. Бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бүсийн захирлын шийдвэрээр олгоно.  

3.5. Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулагдахаас өмнө тухайн нутаг дэвсгэрт хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдтэй бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журмын дагуу шинээр гэрээ байгуулж, газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгоно.

3.6. Бүсэд газар эзэмшиж, ашиглахтай холбогдон үүсэх бусад харилцааг газрын тухай хууль тогтоомжоор зохицуулна.


---о0о---