- Нүүр
- Сайдын тушаал
- ИРГЭНИЙГ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТЭНЦҮҮЛЭХ БОЛОН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛД ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ /БХЯ, ХЗДХЯ, ЭМС-ын 2017-А/210,А/193-А/287 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/БХЯ, ХЗДХЯ, ЭМС-ын 2017-А/210,А/193-А/287 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн А/115А/174А/194 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
ИРГЭНИЙГ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТЭНЦҮҮЛЭХ БОЛОН ЦЭРГИЙН
АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛД ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
1.1.Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх, цэргийн алба хаагчийг цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах болон офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2.Журмын зорилго нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон цэргийн алба хаахтай холбоотой харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төрийн цэргийн байгууллагуудыг эрүүл, чийрэг бие бялдартай бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад оршино.
Хоёр. Эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах
2.1. Цэргийн жинхэнэ албанд татагдагч болон гэрээгээр цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах
2.1.1.Цэргийн алба хаах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн иргэнийг тайван цагт хугацаат болон гэрээт цэргийн албанд тэнцүүлэхэд эрүүл мэндийн байдлыг үндсэн шалгуур үзүүлэлт болгоно.
2.1.2.Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /цаашид “Цэргийн штаб” гэх/ нь харьяа орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран цэргийн жинхэнэ алба хаах насны иргэдэд эрүүл мэндийн сургалт явуулж, иргэний эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
2.1.3.Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс нь жил бүрийн ээлжит цэрэг татлага явагдахаас өмнө Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хугацаат цэргийн алба хаах насны иргэдийн ар гэр, эрүүл мэнд, хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх зэргийг судлан алба хаах боломжтой иргэдийг сонгох ба удамшлын, архаг, суурь өвчтэй болон судалгаанд хамрагдаагүй иргэнийг цэргийн албанд татахгүй байх талаар цэрэг татлагын товчоонд санал гаргана.
2.1.4.Цэргийн жинхэнэ албанд татагдагч нь оршин суугаа аймаг, нийслэл /дүүрэг/-ийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, уушигны флюр, хэвлийн чанд авиан оношлогоо, шүдний эмчилгээг хийлгэсэн байх ба энэ талаар зарлан дуудах хуудаст хавсаргагдсан эрүүл мэндийн маягтад тэмдэглэл хийлгэсэн байна.
2.1.5.Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэрэг татлагын товчооны эмч нарын комисс нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын дотор, чих, хамар хоолой, сэтгэц, арьс харшил, мэдрэл, дүрс оношлогоо, гэмтэл, мэс засал, нүд, шүд, зүрх судас, сүрьеэ, халдварт зэрэг нарийн мэргэжлийн эмч нараас бүрдэх ба цэргийн жинхэнэ албанд татагдагч болон гэрээгээр цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэнд үзлэг хийж, “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад харгалзах өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг үндэслэн цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргана.
2.1.6.Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэхэд “Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэхэд мөрдөх биеийн жингийн харьцаа”-г дагаж мөрдөнө.
2.1.7.Үзлэг хийсэн эмч нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцээгүй иргэний "Цэргийн албанд татагдагчийн анкет /№4/”-д өвчнийг олон улсын кодоор эсвэл оношийг монгол хэлээр бичиж, "Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэхгүй", тэнцсэн бол "Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэнэ" гэж тэмдэглэн цэрэг татлагын товчооны эмч нарын комиссын даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.
2.1.8.Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас чөлөөлөгдсөн иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн байгууллагууд хяналтад авч, эрүүлжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.1.9.Цэргийн анги, байгууллагын цэрэг хүлээн авах комисс нь аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэрэг татлагын товчоотой хамтран ажиллаж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгдээгүй, шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, нарийвчилсан оношлогоо хийлгэж, оношийг дахин тодруулах шаардлагатай иргэнийг харьяа аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Цэргийн штабт буцаана.
2.1.10.“Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн, цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалт”-д заагдсан өвчин, эмгэгтэй иргэний тухай аймаг, нийслэл /дүүрэг/-ийн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн эмч нарын комисс /цаашид “Цэргийн эмч нарын комисс” гэх/ эцэслэн хянаж, тайван цагт хугацаат цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэрийг гаргана. Тухайн иргэний цэргийн үүрэгтний үнэмлэх дээр цэргийн албанд бүрмөсөн тэнцэхгүй болсон талаарх өвчний оношийг тусгаж, тэмдэглэгээг хийж баталгаажуулна.
2.1.11.Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулага нь аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар иргэнийг тайван цагт хугацаат цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлж байгаад хяналт, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авна.
2.2. Цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид эрүүл мэндийн дүгнэлт гаргах
2.2.1. Цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, шинжилгээ өгнө.
2.2.2. Цэргийн эмч нарын комисс “Цэргийн сургуульд элсэгч, зарим төрөл мэргэжлийн цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд тавих нэмэлт шаардлага”, “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад харгалзах өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг үндэслэн дүгнэлт гаргаж, дүнг элсэлтийн шалгалтын болон сонгон шалгаруулах комисст хүргүүлнэ.
2.3. Офицер, ахлагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах
2.3.1.Офицер, ахлагчийг жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заавал хамруулж, Цэргийн эмч нарын комисс “Цэргийн сургуульд элсэгч, зарим төрөл мэргэжлийн цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд тавих нэмэлт шаардлага”, “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад харгалзах өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг үндэслэн эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргана.
2.3.2.Офицер, ахлагч нь эрүүл мэндийн үзлэгээр “Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн, цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалт”-д заагдсан өвчин, эмгэгтэй нь тогтоогдвол цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр "Тэнцэхгүй" талаарх Цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлнэ.
2.3.3.Эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан офицер, ахлагчийг цэргийн албанд эргүүлэн авах, иргэнийг офицер, ахлагчийн албан тушаалд томилоход эрүүл мэндийн үзлэг хийж, энэ журмын дагуу дүгнэлт гаргана.
2.4. Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах
2.4.1. Цэргийн эмч нарын комисс нь хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндийн шалтгаанаар бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргахдаа “Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн, цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалт”-д заагдсан өвчин, эмгэгээр цэрэгт байх хугацаанд оношлогдсон эсэхийг заавал тусгана.
2.4.2. Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан бол харьяа аймаг, нийслэл /дүүрэг/-ийн эрүүл мэндийн байгууллага иргэнийг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна.
2.4.3. Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчийн архаг суурь өвчин нь цэргийн жинхэнэ алба хаах хугацаанд сэдэрсэн тохиолдолд тухайн анги, байгууллагаас гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Гурав. Бусад зүйл
3.1. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, иргэнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----- оОо -----
Текст томруулах
A
A
A