- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ /ГЕГ-ын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ГЕГ-ын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны
А/236 дугаар тушаалын хавсралт
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД
ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино.
1.2.Гаалийн бүрдүүлэлтийн явцад бараа, тээврийн хэрэгслийн талаар үндэслэл бүхий мэдээлэл хүлээн авсан, сэжиг илэрвэл гаалийн улсын ахлах байцаагч, зөрчлийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын байцаагч мэдүүлгийн “Мэдээлэл” талбарын төрлүүдээс сонгон “Тайлбар” хэсэгт мэдээллийг тодорхой бичиж оруулна.
1.3.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тавих гаалийн хяналтын бүх шатанд ажиглалт хийнэ.
1.4.Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Түргэн муудах, аюултай, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг барааны шалгалтыг мэдүүлэгчээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өөр газарт, мэдүүлэгчийн зардлаар хийж болно.
1.5.Гаалийн хяналтад телекамерын систем, хяналт, шалгалтын техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой ашиглана.
1.6.Гаалийн байгууллагын бүтэц, орон тооноос шалтгаалан энэ журамд заагдсан албан тушаал байхгүй тохиолдолд ажлын байрны тодорхойлолтын дагуу тухайн асуудлыг хариуцаж байгаа албан тушаалтан хариуцаж асуудлыг шийдвэрлэнэ.
Хоёр.Төмөр замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг
гаалийн хяналтад авах
2.1.Бараа, тээврийн хэрэгсэл нь улсын хилээр оруулсан үеэс хилийн гаалийн хяналтад байна. Тээвэрлэгч нь гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн замаар тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын хяналтын бүсэд оруулна.
2.2.Тээвэрлэгч бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа, тогтоосон цагийн хуваарьтай тээврийн хэрэгслийг гаалийн хилээр оруулахаас 1 цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
2.3.Тээвэрлэгч нь улсын хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн тээврийн баримт болон дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестийг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
2.4.Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан бичиг баримтыг гаргуулан авч, дагалдах бичиг баримтад “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, огноог бичин, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
2.5.Тээвэрлэгчээс илгээсэн манифестын бичлэгийг хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч сүлжээгээр хянаж, барааны дагалдах бичиг баримттай нэг бүрчлэн тулган шалгана. Манифестыг алдаатай, буруу бичсэн тохиолдолд “Засварт буцаах” товч дарж, засварт буцаан, зөрчлийг арилгуулна.
2.6.Барааг битүү тээврийн хэрэгсэлд ачсан тохиолдолд гаалийн тэмдэглэгээг, задгай тээврийн хэрэгсэлд ачсан тохиолдолд барааны байрны тоог хилийн гаалийн байгууллага дагалдах бичиг баримттай тулган шалгаж, бүртгэлээр гаалийн хяналтад авна. Шаардлагатай тохиолдолд холбогдох тэмдэглэгээг нэмж хийж болно.
2.7.Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээрийг дагалдах бичиг баримтад тавьсан гаалийн тэмдэглэгээ гэмтсэн тохиолдолд тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж, бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогоос шалтгаалан тохирох гаалийн тэмдэглэгээг шинээр хэрэглэнэ.
2.8.Манифестыг алдаагүй үнэн зөв бичсэн, шалгалт дууссан тохиолдолд бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч “Баталгаажуулах” товч дарж, мэдээллийг гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээнэ.
2.9.Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” товч дарж, бараанд эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад манифестыг сүлжээгээр илгээнэ.
2.10.Гаалийн улсын байцаагч нь гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг дугаарлаж, дугтуйлан гаалийн тэмдэглэгээ хийж, тээвэрлэгчид шилжүүлэн, гаалийн хяналтын дор илгээнэ.
Дагалдах бичиг баримтыг дугаарлахдаа нийт хуудасны тоо, тухайн хуудасны дугаарыг хуудас бүр дээр бичнэ. Жишээ нь: 5 хуудас баримтын нэгдүгээр хуудсыг 1/5 гэх мэт.
2.11.Хилийн гаалийн байгууллага нь гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийг дагалдах бичиг баримтыг гаалийн хяналтад авсан үеэс эхлэн гүний гаалийн байгууллагын хяналтад орох хүртэлх хугацаанд хяналт тавина.
2.12.Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагын хяналтад тээвэрлэсэн барааг тээвэрлэгч гаалийн хяналтын бүсэд оруулж, гаалийн тэмдэглэгээ бүхий битүүмжлэгдсэн дугтуйг /дагалдах бичиг баримт бүхий/ гаалийн хяналтын бүс эзэмшигчид хүлээлгэн өгнө.
2.13.Гаалийн хяналтын бүс эзэмшигч барааг бүртгэн, гаалийн тэмдэглэгээ бүхий дугтуйг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид хүлээлгэн өгч, тухайн барааг гаалийн хяналтын бүсэд оруулах хүсэлт сүлжээгээр илгээнэ.
2.14.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дугтуйны битүүмжлэл алдагдсан эсэх, гаалийн тэмдэглэгээ гэмтсэн эсэхийг хянаж, зөрчилгүй тохиолдолд дугтуйг задлан, дагалдах бичиг баримтыг шалгана. Гаалийн хяналтын бүс эзэмшигчээс сүлжээгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авч, “Бүртгэх” товч дарж бүртгэн, “Зөвшөөрөх” товч дарж барааг гаалийн хяналтын бүсэд орох зөвшөөрөл өгснөөр бараа, тээврийн хэрэгсэл гүний гаалийн байгууллагын хяналтад орно.
2.15.Гаалийн тэмдэглэгээ гэмтсэн болон ачааны манифестэд бичигдсэн дагалдах бичиг баримт алга болсон, солигдсон, засварлагдсан тохиолдолд хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч холбогдох арга хэмжээ авна.
Гурав. Авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн
хэрэгслийг гаалийн хяналтад авах
3.1.Бараа, тээврийн хэрэгсэл нь улсын хилээр оруулсан үеэс хилийн гаалийн хяналтад байна. Тээвэрлэгч нь гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн замаар тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсэд оруулна.
3.2.Тээвэрлэгч бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
3.3.Тээвэрлэгч бараа, автотээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулаад Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан бичиг баримтыг гаалийн байгууллагад гарган өгч, гаалийн байгууллагын бүртгэлийн системд бүртгүүлнэ.
3.4.Автомашины бүртгэл хариуцсан гаалийн улсын байцаагч тухайн тээврийн хэрэгслийг CAIS програмын карго-тээвэр хэсэгт унификацийн дагуу үнэн зөв бүртгэнэ. Бүртгэхдээ амаар нэмэлт мэдээлэл авна.
3.5.Хилийн гаалийн байгууллага бараа, автотээврийн хэрэгслийг пүүлж, автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд пүүний мэдээллийг оруулна.
3.6.Пүүний хэсэгт хяналт тавьж буй гаалийн улсын байцаагч авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримт, пүүний жинг үндэслэн барааны мэдээллүүдийг нэмж оруулан “Хадгалах” товч дарж, хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээнэ. Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмын мэдээлэл нь манифестыг орлоно.
3.7.Тээвэрлэгч гүний гаалийн байгууллагад гаалийн бүрдүүлэлт хийх бараа, автотээврийн хэрэгсэлд ачааны манифест бичиж гаалийн байгууллагад илгээнэ.
3.8.Пүүний хэсэгт хяналт тавьж буй гаалийн улсын байцаагч манифестыг хэвлэн, манифестын 14 дүгээр хүснэгтэд “Гаалийн хяналтанд байгаа” тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулан тээвэрлэгчид өгнө.
3.9.Гаалийн байгууллага манифестыг хүлээн авч, хянахад энэ журмын 2.5-2.9-д заасныг мөрдөнө.
3.10.Гаалийн улсын байцаагч нь гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг дугаарлаж, дугтуйлан гаалийн тэмдэглэгээ хийж, тээвэрлэгчид шилжүүлэн, гаалийн хяналтын дор илгээнэ.
Дагалдах бичиг баримтыг дугаарлахдаа нийт хуудасны тоо, тухайн хуудасны дугаарыг хуудас бүр дээр бичнэ. Жишээ нь: 5 хуудас баримтын нэгдүгээр хуудсыг 1/5 гэх мэт.
3.11.Хилийн гаалийн байгууллага нь гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийг дагалдах бичиг баримтыг гаалийн хяналтад авсан үеэс эхлэн гүний гаалийн байгууллагын хяналтад орох хүртэлх хугацаанд хяналт тавина.
Дөрөв. Агаараар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн
хэрэгслийг гаалийн хяналтад авах
4.1.Тогтоосон цагийн хуваарьтай тээврийн хэрэгслийг гаалийн хилээр оруулахаас 1 цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
4.2.Хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагч гаалийн хилээр оруулах барааны бичиг баримтыг тээвэрлэгчээс хүлээн авч, ачааны байрыг дагалдах бичиг баримттай тулган тоолж, гаалийн хяналтад авна.
4.3.Хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагч дагалдах бичиг баримтыг дугаарлан, хяналтын тэмдэг дарж баталгаажуулан тээвэрлэгчид буцаан өгнө.
4.4.Тээвэрлэгч агаарын тээврийн баримт болон дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
4.5.Тээвэрлэгчээс илгээсэн манифестын бичлэгийг хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч сүлжээгээр хянаж, дагалдах бичиг баримттай нэг бүрчлэн тулган шалгана. Манифестыг алдаатай, буруу бичсэн тохиолдолд “Засварт буцаах” товч дарж, засварт буцаан, зөрчлийг арилгуулна.
4.6.Манифестыг алдаагүй үнэн зөв бичсэн тохиолдолд гаалийн улсын байцаагч “Баталгаажуулах” товч дарж, манифестыг гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээнэ.
4.7.Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” товч дарж, барааг гаалийн хяналтын бүсэд орохыг зөвшөөрнө. Гүний гаалийн байгууллагад эцсийн бүрдүүлэлт хийх тохиодолд хүрэх хяналтын бүсэд сүлжээгээр илгээнэ.
4.8.Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллага руу тээвэрлэсэн барааг тээвэрлэгч гаалийн хяналтын бүсэд оруулж, гаалийн тэмдэглэгээ бүхий битүүмжлэгдсэн дугтуйг /дагалдах бичиг баримт бүхий/ гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид өгнө.
4.9.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дугтуйны битүүмжлэл алдагдсан эсэх, гаалийн тэмдэглэгээ гэмтсэн эсэхийг хянаж, зөрчилгүй тохиолдолд дугтуйг задлан, дагалдах бичиг баримтыг шалгана. Гаалийн хяналтын бүс эзэмшигчээс сүлжээгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авч, “Бүртгэх” товч дарж бүртгэн, “Зөвшөөрөх” товч дарж барааг гаалийн хяналтын бүсэд орох зөвшөөрөл өгөх бөгөөд энэ үеэс бараа, тээврийн хэрэгсэл гүний гаалийн байгууллагын хяналтад орно.
Тав. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлэх,
гаалийн хяналт тавих
5.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад гаалийн мэдүүлгээр мэдүүлэхээс өмнө гаалийн хяналтад авахад ачааны манифестыг хэрэглэнэ.
5.2.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд 3 хоног хүртэл хугацаагаар хадгалж болох бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн горим сонгож, гаалийн байгууллагад мэдүүлнэ.
5.3.Гаалийн тухай хуулийн 236.3-т заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн түр агуулахад шилжүүлнэ.
5.4.Бараа тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад шилжүүлэхэд тухайн гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тээврийн байгууллагын төлөөлөгч, агуулахын нярав, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гаалийн түр агуулахын бүртгэлд бүртгэж оруулна.
Энэ тохиолдолд тээврийн баримт болон дагалдах бичиг баримтад “Гаалийн түр агуулахад шилжүүлэв” хяналтын тэмдэг дарж, огноог бичиж, гарын үсэг зураад хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
5.5.Гаалийн хилээр оруулах барааг байршуулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно.
5.6.Мэдүүлэгч барааг мэдүүлэхэд Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийг нөхөн бичих заавар, гаалийн байгууллага гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг хүлээн авч, шалгахад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ыг тус тус мөрдөнө.
5.7.Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг шалгаж, бүрдүүлэлт хийнэ. Гаалийн үнэ, барааны ангиллыг нарийвчлан тодорхойлох боломжгүй тохиолдолд барааны ангилал хариуцсан нэгж, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлнэ.
5.8.Эрсдэлийн удирдлагын програмд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ:
5.8.1.Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийнэ.
5.8.2 Улбар шар төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримтын шалгалт хийнэ.
5.8.3 Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийхгүйгээр мэдүүлсэн горимд байршуулна.
5.9.Энэ журмын 5.8-д заасан гаалийн хяналтын төлөвийн талаар мэдүүлэгчид мэдээлэл очно.
5.10.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлвийн дагуу гаалийн хяналт тавина.
5.11.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч өөрийн мэдрэмж, энэ журмын 1.2-т заасан эрх бүхий албан тушаалтны оруулсан анхааруулга, бусад эх сурвалжуудын бодитой мэдээлэлд үндэслэн хяналтын улбар шар төлөвийг улаан төлөвт шилжүүлж болно.
5.12.Гаалийн шалгалт хийгдэж байгаа эсхүл шалгагдах бараа, тээврийн хэрэгсэлд холбогдох гаалийн зөрчлийн талаарх мэдээллийг зөрчлийн асуудал хариуцсан албан тушаалтан тухайн бараа, тээврийн хэрэгслийг шалгаж буй гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн дарга, эсхүл гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид өгнө.
5.13.Мэдээлэл хүлээн авсан нэгжийн дарга, ГУАБ мэдээлэл бүхий бараа, тээврийн хэрэгслийг шалгахаар томилогдсон гаалийн улсын байцаагчид бараа, тээврийн хэрэгсэл шалгахдаа анхаарах заавар зөвлөмж өгнө.
5.14.Гаалийн шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч нь шалгалт эхлэхээс өмнө тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэл, бараа агуулахад хадгалагдаж байгаа тохиолдолд агуулахын ерөнхий байдлыг болон тэдгээрт тавьсан гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг шалгана.
5.15.Гаалийн тэмдэглэгээ гэмтэлтэй байвал гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэн, тээврийн байгууллагын төлөөлөгч, агуулах эзэмшигч, мэдүүлэгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын акт /коммерын акт/-ыг хавсаргана.
5.16.Бараанд гаалийн шалгалт хийхээс өмнө, эсхүл шалгалтын явцад нуувч болгон ашиглаж болзошгүй тээврийн хэрэгслийн эд анги, зай хөндийг шалгана. Шаардлагатай бол тээврийн хэрэгслийн эд ангийг задлуулж шалгана.
5.17.Автотээврийн хэрэгсэлд ачсан барааг шалгах ГУБ автотээврийн хэрэгслийн арлын дугаар болон бусад үзүүлэлтүүдийг тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тулган шалгана.
5.18.Улаан төлөвт сонгогдсон бараа, тээврийн хэрэгслийг шалгахад гаалийн улсын ахлах байцаагч гаалийн шалгалтад оролцож болно.
5.19.Барааг шалгахын өмнө гаалийн шалгалт хийх нөхцлийг бүрдүүлж, ачаагаа буулгахыг мэдүүлэгчид мэдэгдэнэ.
5.20.Барааны хайрцаг, сав баглаа, боодлыг онгойлгох, задлуулах зэрэг аргаар шалгахаас гадна гаалийн хяналт, шалгалтын техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой ашиглана.
5.21.Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшинг нарийвчлан шалгана.
5.22.Барааг шалгах явцад мэдүүлэгчээс амаар мэдүүлэг авах, эсхүл тайлбар гаргуулж болно.
5.23.Бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг ажлын өдөрт багтаан дуусгах бөгөөд тухайн өдөрт багтахгүй бол энэ тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.
5.24.Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.
5.25.Гаалийн тухай хуулийн 252.6.1-д зааснаас бусад тохиолдолд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараанаас холбогдох стандартын дагуу дээж, сорьц авч болно.
5.26.Хяналт, шалгалтын явцад бодит тоо хэмжээ мэдүүлсэн тоо хэмжээнээс зөрвөл гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, мэдүүлгийн бичлэгийн F хүснэгтэд тодотгох тоо хэмжээг дараах байдлаар оруулна:
-тоо хэмжээнээс бодит тоо хэмжээ илүү байгаа тохиолдолд илүү гарсан тоо хэмжээг ангиллын хэмжих нэгжээр илэрхийлэн (+) тэмдэгтэй,
-дутсан тохиолдолд дутсан тоо хэмжээг ангиллын хэмжих нэгжээр илэрхийлэн (-) тэмдэгтэй тоогоор.
5.27.Барааны тоо хэмжээ дутсан, жин багассан, хагарсан, гэмтсэн болох нь гаалийн шалгалтаар илэрсэн тохиолдолд экспертийн дүгнэлтийг гаргуулан авч, тодотгох тоо хэмжээг мэдүүлгийн F хүснэгтэд оруулна.
Тодотгох тоо хэмжээ оруулсан байдалд гаалийн улсын ахлах байцаагч хяналт тавина.
5.28.Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй бол гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлэгт дарж, гаалийн байгууллагын нэр, огноог бичин, гарын үсэг зурж, хяналтын тэмдгийн баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулан, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ.
5.29.Үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийх асуудлыг хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, дахин шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг томилно. Бараа, тээврийн хэрэгслийг дахин шалгахад зөрчилтэй тэмцэх асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчийг оролцуулж болно.
5.30.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийсэн тохиолдолд дахин шалгасан албан тушаалтан гаалийн мэдүүлгийн “G” хүснэгтэд огноо бичиж, гарын үсэг зураад хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна. Мэдүүлэг хэвлэхгүй тохиолдолд гаалийн мэдүүлгийн “G” хүснэгтэд огноо бичиж, дахин шалгасан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчийн хувийн дугаарыг бичнэ.
5.31.Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан, дахин шалгасан гаалийн улсын байцаагч нь шалгалтын үр дүнг гаалийн бүрдүүлэлтийн програмын “Шалгалтын үр дүн” талбарт тодорхой бичиж оруулна. Шалгалтын үр дүнг бүрэн гүйцэд оруулсан эсэхэд гаалийн хяналт шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан хяналт тавина.
5.32.Гаалийн бүрдүүлэлтийн явцад зөрчил, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
5.33.Гаалийн шалгалтаар Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй байвал хариуцлага ногдуулж, мэдүүлээгүй бараанд холбогдох горимын дагуу гаалийн мэдүүлэг нөхөж бичүүлж, гаалийн болон бусад албан татварыг төлүүлэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.
5.34.Гаалийн бүрдүүлэлт хийгдэж баталгаажсаны дараа гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид илгээх бөгөөд гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарж, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгоно.
5.35.Бараа,тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт тухайн ажлын өдөрт гаалийн мэдүүлэг хүлээн авах ажилтанд хүлээлгэж өгнө.
5.36.Төмөр замаар тээвэрлэж байгаа бараа, тээврийн хэрэгслийн хүрэх өртөө нь хилийн гаалийн байгууллагын хариуцах нутаг дэвсгэрт орших, эсхүл барааг автомашин, агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэн оруулж байгаа тохиолдолд эцсийн бүрдүүлэлтийг хилийн гаалийн байгууллагад хийх бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхдээ энэ журмын 5.2-5.35-д заасныг мөрдөнө.
5.37.Авто болон агаарын тээврээр тээвэрлэгдэн гаалийн хилээр оруулсан бөгөөд өөр гаалийн байгууллагын хариуцах нутаг дэвсгэрт байрлах гаалийн хяналтын бүс, баталгаат болон чөлөөт бүсэд оруулах барааг гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчийн гаалийн тэмдэглэгээ хийх боломж бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэх тохиолдолд гаалийн хяналтад илгээж, ачааны манифестаар хяналт тавина.
Зургаа. Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд хийх
гаалийн хяналт, бүрдүүлэлт
6.1.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх, мөн гаалийн байгууллага гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг хүлээн авч, шалгахад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ыг мөрдөнө.
6.2.Гаалийн байгууллагад мэдүүлсэн гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан үеэс гаалийн хяналтад авна.
6.3.Гаалийн хяналтын бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, хилийн гаалийн байгууллагын бүртгэл хариуцсан гаалийн улсын байцаагч бүртгэнэ.
6.4.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг энэ журмын 5.3.-5.13, 5.16-5.33-т заасны дагуу шалгаж, гаалийн бүрдүүлэлт хийнэ.
6.5.Гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн хяналтын талбайд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг шалгах явцад мэдүүлэгчийн хүсэлтээр гаалийн хяналтын талбайгаас буцаан гаргахыг хориглоно.
6.6.Гаалийн шалгалт хийж, гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалан гаалийн тэмдэглэгээний аль тохирохыг сонгон хэрэглэж, мэдүүлгийн D хүснэгтэд тэмдэглэгээний дугаарыг бичнэ.
6.7.Ногоон, улбар шар төлөвт сонгогдсон, гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн тэмдэглэгээ хийнэ.
6.8.Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гүний гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлэгт “гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн огноог бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг хяналтын тэмдгийн баруун доод буланд тод дарна.
6.9.Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гаалийн улсын байцаагч дагалдах бичиг баримтад тэмдэглэл хийж, дугаарлан хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гаалийн мэдүүлэгт дагалдах бичиг баримтын тоо, дугаарыг тэмдэглэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтын хамт гаалийн хяналтад илгээнэ.
6.10.Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт тухайн ажлын өдөрт багтаан гаалийн мэдүүлэг хариуцсан гаалийн улсын байцаагчид өгнө.
6.11.Тээвэрлэгч нь төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, гаалийн хилээр гаргах барааны гаалийн мэдүүлгийг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
6.12.“Эргэлтийн” буюу буцаан гаргах чингэлэгт бараа, тээврийн хэрэгслийг ачсан бол манифестад бичигдсэн чингэлгийн дугаарыг оруулахад “Чингэлгийн сан” дахь тухайн чингэлгийн мэдээлэл “Гарах” төлөвт шилжинэ.
6.13.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд манифестыг нөхөн бичих, бичлэгийг хянахад “Манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам”-ын холбогдох заалтыг мөрдөнө.
6.14.Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” товч дарж, манифестыг бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт хийх хилийн гаалийн хяналтын бүсэд сүлжээгээр илгээнэ.
6.15.Эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг гаалийн улсын ахлах байцаагч тээвэрлэгчээс хүлээн авч, бүртгэн, бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно.
6.16.Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд ирмэгц тээвэрлэгчтэй хамтран гүний гаалийн байгууллагын тэмдэглэгээг тулган шалгаж, бараа тээврийн хэрэгслийн дагалдах баримтыг бүртгэлд авна. Энэ үеэс бараа, тээврийн хэрэгсэл хилийн гаалийн байгууллагын хяналтад орно. Гаалийн тэмдэглэгээ гэмтэж ирсэн тохиолдолд тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын акт /коммерын акт/-ыг хавсаргана.
6.17.Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн тэмдэглэгээ гэмтсэн, эсхүл шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийнэ.
6.18.Хилийн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгслийн лац, ломбыг гаалийн мэдүүлэгтэй тулган шалгаж, зөрчилгүй тохиолдолд манифестад “Баталгаажуулах” товч дарж, сүлжээгээр гаалийн улсын ахлах байцаагчид илгээнэ.
6.19.Гаалийн шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй, гүний гаалийн байгууллагын тэмдэглэгээ гэмтээгүй, хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг шалгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимд хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд дарж, огноог бичин, гарын үсэг зурах бөгөөд хяналтын тэмдгийн баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарна.
6.20.Гаалийн улсын байцаагч гаалийн бүрдүүлэлт хийж дууссан талаар гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ. Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол дахин шалгалт хийх, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг хилээр гаргах шийдвэрийн аль нэгийг гаргана.
6.21.Гаалийн улсын байцаагч замын хүснэгтэд “Монголын гааль зөвшөөрөв” гэсэн хяналтын тэмдэг дарна.
6.22.Гаалийн улсын ахлах байцаагч сүлжээнд “Зөвшөөрөх” товч дарж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгнө.
6.23.Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргасан талаар бүртгэлд бүртгэнэ.
6.24.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг энэ журмын 6.1-6.7, 6.19-6.23-д заасны дагуу хилийн гаалийн байгууллага хийнэ.
6.25.Гаалийн хяналтын бүс эзэмшигч төмөр зам болон авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж гаалийн хилээр гаргах хоосон чингэлгийн мэдээллийг “Чингэлгийн сан”-гаас татаж, тээврийн бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, мэдээллийг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээнэ.
6.26.Манифестын мэдээллийг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тээврийн бичиг баримттай тулган шалгаж, манифестыг алдаатай, буруу бичсэн тохиолдолд “Засварт буцаах” товч дарж, засварт буцаан, зөрчлийг арилгуулна.
6.27.Гаалийн хилээр хоосон чингэлэг гаргах тохиолдолд байцаагч манифестэд бичигдсэн чингэлгийн дугаарыг тулган шалгаж, ногоон өнгийн ломбо тавьж, тээврийн бичиг баримтад нь “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн огноог бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг хяналтын тэмдгийн баруун доод буланд тод дарна.
6.28.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч манифестад “Зөвшөөрөх” товч дарж, чингэлгийг гаргах хилийн гаалийн хяналтын бүсэд сүлжээгээр илгээнэ.
6.29.Хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн хоосон чингэлгийн дагалдах бичиг баримтыг гаалийн улсын ахлах байцаагч тээвэрлэгчээс хүлээн авч, бүртгэн, чингэлэгт шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно.
6.30.Хилийн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч чингэлгийн ломбыг тээврийн баримттай тулган шалгаж, зөрчилгүй тохиолдолд манифестад “Баталгаажуулах” товч дарж, сүлжээгээр гаалийн улсын ахлах байцаагчид илгээнэ.
6.31.Гүний гаалийн байгууллагаас тавьсан ногоон ломботой хоосон чингэлгийг автотээврийн хэрэгслээр хилээр гаргах тохиолдолд хилийн гаалийн байгууллагын томилогдсон гаалийн улсын байцаагч ломбыг авч, шалгана.
6.32.Гаалийн улсын байцаагч замын хүснэгтэд “Монголын гааль зөвшөөрөв” гэсэн хяналтын тэмдэг дарна.
6.33.Гаалийн улсын ахлах байцаагч сүлжээнд “Зөвшөөрөх” товч дарж, чингэлгийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгснөөр импортын ачааны манифест болон хоосон чингэлгийн манифест хаагдана.
Долоо. Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих
7.1.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулах болон гаргах боомт дахь гаалийн байгууллага тээврийн баримтаар гаалийн хяналтад авч, манифестаар бүрдүүлэлт хийнэ.
7.2.Тээвэрлэгч нь авто, төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
7.3.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх барааны манифестыг нөхөн бичих, бичлэгийг хянахад энэ журмын “Манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам”-ын холбогдох заалтыг мөрдөнө.
7.4.Гаалийн байгууллага нь дамжуулан өнгөрүүлэх бараанд илгээгч улсын гаалийн байгууллагын тавьсан тэмдэглэгээг хүлээн зөвшөөрнө.
7.5.Дамжуулан өнгөрүүлэх барааг гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгсэл солих үйл ажиллагааг гаалийн хяналтын дор гүйцэтгэнэ.
7.6.Шаардлагатай тохиолдолд барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхэд тухайн бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагын хяналтад орсон үеэс гаалийн хилээр буцаан гарах хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагч дагалдуулж болно.
7.7.Дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримт нь хилийн гаалийн нэг байгууллага хяналтад авсан үеэс нөгөө хилийн гаалийн байгууллагын хяналтад орох хүртэлх хугацаанд эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагын хяналтад байна.
7.8.Шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах баримт нь барааг шилжүүлэн ачих хилийн байгууллагын хяналтад байна.
7.9.Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага дараахь тохиолдолд шалгана:
7.9.1.гаалийн битүүмжлэлийг хангалттай биш гэж үзсэн;
7.9.2.гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгслийг нягтлан шалгах тодорхой үндэслэл байсан.
7.10.Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгслийг шалгахдаа тээвэрлэгч зуучлагч байгууллагын төлөөлөгчийг заавал оролцуулах ба шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагаас төлөөлөгч байлцуулна.
7.11.Дотоодод дамжуулан өнгөрүүлэх бараанд энэ журмын холбогдох заалтуудын дагуу гаалийн хяналт тавьж бүрдүүлэлт хийнэ.
Найм. Гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд хяналт тавих
8.1.Гаалийн байгууллага нь өөрийн хариуцах нутаг дэвсгэрт байгуулагдсан гаалийн баталгаат бүс, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж, гаалийн улсын байцаагчийг томилон ажиллуулна.
8.2.Баталгаат болон чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын бараа, ажил үйлчилгээ нь гаалийн хяналтад байна.
8.3.Гаалийн баталгаат бүсэд гаалийн тэмдэглэгээнээс аль тохирохыг хийж, гаалийн тэмдэглэгээний дугаарыг тухайн баталгаат бүсэд хяналт тавьж байгаа гаалийн улсын ахлах байцаагч бүртгэнэ. Бараа оруулах, гаргах үед гаалийн тэмдэглэгээг авч, дахин хийсэн тэмдэглэгээний дугаарыг бүртгэнэ.
8.4.Гаалийн баталгаат бүс, чөлөөт бүсэд Гаалийн тухай хуулийн 248 дугаар зүйлийг баримтлан шалгалт хийнэ.
8.5.Гаалийн мэдүүлэг, бүртгэл нь гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд гаалийн хяналт тавих үндсэн баримт болно. Гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийг холбогдох програмын дагуу хөтлөх бөгөөд баталгаат болон чөлөөт бүсэд тооллого, шалгалт хийхдээ бүртгэлтэй тулган шалгаж баталгаажуулна.
8.6.Гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд хяналтын камер ажиллуулж, гаалийн хяналтын зорилгоор ашиглана.
8.7.Хяналтын камерын бичлэгийг сар бүрийн 30-ны өдөр архивлаж, 2 жилийн хугацаатай хадгална.
8.8.Хяналтын камерын бичлэгийг компьютерт улирлаар хадгалж, улирлын сүүлийн сарын 30-ны өдөр архивлаж, 3 сарын хугацаатай хугацаатай хадгална.
8.9.Татваргүй барааны дэлгүүр, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажиллах цаг дуусах үед дэлгүүрийн танхим, байр, агуулах, туслах байгууламжид гаалийн тэмдэглэгээ хийж, нээхэд нь гаалийн тэмдэглэгээ, хяналтын камерын хэвийн ажиллагааг шалгаж ажиллах зөвшөөрөл олгоно.
8.10.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг шалгахдаа хилийн боомтод байрладаг дэлгүүрийн кассын талоныг зорчигчийн суугчийн талон, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний алба, нутгийн гүнд байрлах дэлгүүрийн кассын талоныг дипломат эрх ямба эдлэх байгууллага, ажилтны жагсаалт, үнэмлэхтэй тулгаж шалгана.
8.11.Гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд оруулах, гаргах бараа, тээврийн хэрэгсэлд энэ журмын дагуу гаалийн хяналт, шалгалт хийнэ.
8.12.Гаалийн баталгаат болон чөлөөт бүс хооронд барааг гаалийн итгэмжлэл авсан тээвэрлэгч тээвэрлэнэ.
8.13.Барааг гаалийн баталгаат болон чөлөөт бүсээс өөр гаалийн байгууллагын хяналтад байгаа гаалийн баталгаат болон чөлөөт бүс рүү шилжүүлэх тохиолдолд эхний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийг хийж, бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлэгт “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн огноог бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг хяналтын тэмдгийн баруун доод буланд тод дарна.
8.14.Бараанд эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллага тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шалгаж, барааг мэдүүлэгтэй тулган шалгаж, гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд оруулаад гаалийн мэдүүлэгт “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлэгт дарж, гаалийн байгууллагын нэр, огноог бичин, гарын үсэг зурж, хяналтын тэмдгийн баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулан, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ.
8.15.Нэг гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсэд оруулсан импортын манифесттай барааг гаалийн байгууллага хооронд бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж, гаалийн баталгаат, чөлөөт бүсэд оруулах тохиолдолд хаяг солих хүсэлтийг тээвэрлэгч тээврийн хэрэгслийн төрөл солигдох эсэхээс үл хамааран Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан нэгжид гаргаж шийдвэрлүүлнэ.
8.16.Гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, бүсийн байр, агуулахад гаалийн хяналтад хадгална. Бүсийн байр агуулахад хадгалагдаж буй барааг гаалийн түр агуулахад байгаад тооцох ба түр агуулахад хадгалах хугацаа дуусгавар болохоос өмнө гаалийн хууль тогтоомжийн дагуу холбогдох горимд шилжүүлнэ.
8.17.Гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, бүсийн байр, агуулахад гаалийн хяналтад хадгалан, ажлын 7 хоногийн дотор гаалийн хууль тогтоомжийн дагуу холбогдох горимд шилжүүлнэ.
Ес. Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн хяналт тавих
9.1.Улс хоорондын шуудангийн илгээмжийг улсын хилээр орсон үеэс хилийн гаалийн байгууллага хяналтад авна.
9.2.Хилийн гаалийн байгууллага нь гаалийн хилээр оруулах шуудангийн ачааны дагалдах бичиг баримтыг гаалийн хяналтад авч, шуудан илгээмжид бүрдүүлэлт хийх гаалийн хяналтын бүс рүү манифестыг сүлжээгээр илгээнэ.
9.3.Хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагч илгээмжийн богцны шошго дээрх мэдээлэл, гадуур дагалдах маягт (Монгол улсын стандарт ”Шуудангийн хэрэглэгдэхүүн” 2 дугаар хэсэг, MNS 5380-2:2004 ) болон манифест зэргийг хооронд нь тулган шалгаж, “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, дээрх маягтыг гүний гаалийн байгууллагад хүргүүлнэ.
9.4.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч хилийн гаалийн байгууллагаас сүлжээгээр илгээсэн манифестын мэдээллийг шалгаж, “Бүртгэх” товч дарж бүртгэн, “Зөвшөөрөх” товч дарж шуудан илгээмжийг гаалийн хяналтын бүсэд орох зөвшөөрөл өгөх бөгөөд энэ үеэс шуудан илгээмж гүний гаалийн байгууллагын хяналтад орно.
9.5.Гаалийн байгууллага хяналтад ирсэн илгээмжийн гадуур, дотуур дагалдах маягт болон бусад бичиг баримтыг үндэслэн битүүмжлэлийг шалгаж, баглаа боодлыг задлан, “Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүртгэл”-д бүртгэнэ.
9.6.Шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага шуудан илгээмжид гаалийн хяналт шалгалт хийлгэхээр U-POST програмыг ашиглан агаарын тээврийн баримтын 12 оронтой дугаарыг бичиж, шуудангийн гаалийн байгууллагад манифестын задаргааг сүлжээгээр илгээнэ.
9.7.Шуудан илгээмжид бүрдүүлэлт хийх гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын байцаагч манифестыг хүлээн авч, тээврийн баримтын дугаарыг үндэслэн U-POST системээс манифестын задаргааг татаж шууданг рентген аппаратаар шалгаж, дагалдах бичиг баримтыг үндэслэн, саатуулах шуудангийн манифестын задаргаа бүрийг “YES”, шуудангийн үйлчилгээ эрхлэх байгууллагад олгох шуудангийн манифестийн задаргааг “NO” төлөвт оруулна.
9.8.Гаалийн бүрдүүлэлт хийхдээ гаалийн мэдүүлгийн 51 дүгээр хүснэгтэд манифестын 12 орон бүхий тоон дугаарыг үсгэн тэмдэглэгээний хамт бичих бөгөөд зөв бичсэн эсэхэд гаалийн улсын байцаагч хяналт тавина.
9.9.Илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхэд рентген, металл илрүүлэгч зэрэг техник хэрэгсэл, эрэлч нохой, наркотест ашиглахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамруулж, ангиллын кодыг тодорхойлуулж болно.
9.10.Гаалийн хилээр нэвтрүүлэх илгээмжид тарифын бус хязгаарлалттай бараа байхгүйг баттай тогтоосон тохиолдолд дараахь төрлийн илгээмжид шалгалт хийхээс татгалзаж болно:
9.10.1.хувийн ил болон битүүмжилсэн захидал,
9.10.2.хараагүй хүмүүст зориулсан ном зохиол.
9.11.Илгээмжид биет шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан, энэ тухай “Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл” үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулна.
9.12.Илгээмжийг хүлээн авах хаягт эзэнд олгох, хаягаар гардуулах, эсхүл хилийн чанадад илгээх хүртэлх хугацаанд тэдгээрийг шуудангийн үйлчилгээний стандартын дагуу битүүмжилсэн хэлбэрээр гаалийн хяналтын төвлөрсөн буюу тухайн шуудангийн байгууллагын зарлуулсан гаалийн хяналтын бүсэд хадгална.
9.13.Илгээмжийг гаалийн хяналт дор тээвэрлэхэд гаалийн байгууллага тээврийн хэрэгсэл, эсхүл богцонд гаалийн тэмдэглэгээ хийх бөгөөд боломжтой гэж үзсэн тохиолдолд илгээгч буюу дамжуулан өнгөрүүлсэн орны гаалийн байгууллагын тэмдэглэгээг ашиглаж болно.
9.14.Илгээмжийг нэг тээврийн хэрэгслээс нөгөө тээврийн хэрэгсэлд зөвхөн гаалийн хяналт дор шилжүүлэн ачина.
9.15.Улаанбаатар хотоос бусад аймаг, сум, дүүрэгт байрлах гаалийн байгууллага өөрийн хариуцах нутаг дэвсгэрт хүлээн авах, илгээх шуудангийн илгээмжид энэ журмын дагуу гаалийн хяналт, бүрдүүлэлт хийнэ.
9.16.Гаалийн байгууллагагүй аймаг, сум, дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан гадаадад илгээх болон хүлээн авагчид нь олгох илгээмжийг улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төвд гаалийн байгууллага шуудангийн ажилтныг байлцуулан рентген аппаратаар шалгана.
9.17.Гаалийн байгууллагагүй аймаг, сум, дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан хилийн чанадад илгээх улс хоорондын шуудангийн илгээмжид тухайн шуудангийн салбарын эрхлэгч шалгалт хийж, улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төвд ирүүлнэ.
9.18.Гаалийн байгууллагагүй аймаг, сум, дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбарын эрхлэгч, илгээмжийг хүлээн авагчид олгох үед гаалийн байгууллагын ногдуулсан татвар, хураамжийг төлүүлэн, шуудангийн гаалийн байгууллагын татварын харилцах дансанд тушааж, татвар, хураамжийг барагдуулсан тухай мэдээг шуудангийн гаалийн байгууллагад ирүүлнэ.
9.19.Илгээмжийг гаалийн хяналтаас гаргахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан гүйцэтгэнэ.
9.20.Хүлээн авагчид хаягаар нь гардуулах эсвэл гаалийн байгууллагагүй аймаг, сум, дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбарт хүргэх илгээмжид шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан гаалийн улсын байцаагч биет шалгалт хийсэн тохиолдолд холбогдох татвар, хураамжийг ногдуулан, маягтын дагуу нэхэмжлэх, тэмдэглэл бичиж шуудангийн ажилтанд гардуулна.
9.21.Гаалийн улсын байцаагч шуудан илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийж, сүлжээнд баталгаажуулах бөгөөд гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарж, шуудан илгээмжийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл өгнө.
9.22.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илгээмжид гаалийн байгууллага хяналт тавина.
Арав. Зорчигчийн бараанд гаалийн хяналт тавих
10.1.Зорчигч “Зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийг нөхөн бичиж, гаалийн улсын байцаагчид өгсөн үеэс зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн шалгалт хийж эхлэх бөгөөд зорчигч хилээр орох, гарах хүртэлх хугацаанд гаалийн хяналтад байна.
10.2.Зорчигчийн бараанд гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримтыг үндэслэн бүрдүүлэлт хийж, хяналт тавина.
10.3.Зорчигчийн бараанд гаалийн хяналт тавихдаа Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлд заасан хяналтын хэлбэрүүдээс аль тохиромжтойг сонгон хэрэглэнэ.
10.4.Улаан, ногоон гарц бүхий гаалийн хяналтын бүсэд зорчигч улаан, ногоон гарцыг сонгоно.
10.5.Зорчигч ногоон гарцыг сонгосон бол хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ.
10.6.Гаалийн хилээр нэвтрэх этгээд барааг биедээ нуусан гэх тодорхой сэжиг байгаа бол биед нь үзлэг хийнэ.
10.7.Хүний биед үзлэг хийхдээ Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлийг баримтална.
Арван нэг. Зорчигчийн тээврийн хэрэгсэлд хяналт тавих
11.1.Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлд заасан зорчигчийн авто тээврийн хэрэгслийг гадаадын иргэн гаалийн хилээр нэвтрүүлэхэд дараах дарааллыг баримтлана:
11.1.1.Гадаадын иргэн автотээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
11.1.2.Хилийн гаалийн байгууллага авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмын “Зорилго” хэсгийн “Түр (Аялал жуучлал)” төрлийг сонгон бүртгэж, баталгаажуулж хэвлээд, “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг тод дарж, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид олгоно. “Тээврийн хэрэгслийн дагалдах хуудас”-ны дугаар нь авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмын “Нотолгооны дугаар” байна.
11.1.3.Авто тээврийн хэрэгслийг шалгахаар томилогдсон ГУБ автомашины арлын дугаар болон бусад үзүүлэлтүүдийг тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тулган шалгаж, авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд баталгаажуулж, гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээнэ.
11.1.4.Гаалийн улсын ахлах байцаагч гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл өгнө.
11.1.5.Хилийн гаалийн байгууллага түр хугацаагаар оруулсан тээврийн хэрэгслийг улсын хилээр гарах, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн зохих горимд байрших хүртэл хяналт тавина.
11.1.6.Түр хугацаагаар оруулсан автотээврийн хэрэгслийг буцаан гаргахад гаалийн байгууллага автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмаас “Нотолгооны дугаар”-ыг татаж бүртгээд баталгаажуулан, хаалт хийнэ. “Тээврийн хэрэгслийн дагалдах хуудас”-ыг хураан авч тэмдэглэгээ хийнэ.
11.1.7.Түр хугацаагаар нэвтрүүлсэн авто тээврийн хэрэгслийг эзэмшигч гадаадын иргэн бусдад шилжүүлэх, худалдах, гаалийн баталгаат агуулахад хадгалах тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн зохих горимд байршуулна.
11.1.8.Гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хаалт хийж, “Тээврийн хэрэгслийг дагалдах хуудас”-ны “Тодорхойлолт” хэсгийг бөглөн гаалийн улсын байцаагч хувийн дугаар бүхий тэмдэг дарж, тээврийн хэрэгслийн эзэмшигчид олгоно.
11.1.9.Түр хугацаагаар оруулсан тээврийн хэрэгслийг анх хяналтад хамруулсан гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 3.1.5-д заасан хугацаанд буцааж гаргаагүй, автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хаагаагүй тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авна.
11.1.10.Авто тээврийн хэрэгслийг улсын хилээр буцаан гаргаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигч гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийж, гаалийн болон бусад татварыг барагдуулах бөгөөд зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
11.2. Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг Монгол Улсын иргэн гаалийн хилээр гаргахад дараах дарааллыг баримтлана:
11.2.1.Монгол Улсын иргэн авто тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортыг гаалийн байгууллагад гарган өгнө.
11.2.2.Хилийн гаалийн байгууллага авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмын “Зорилго” хэсгийн “Түр (Аялал жуучлал)” төрлийг сонгон бүртгэж, баталгаажуулна.
11.2.3. Авто тээврийн хэрэгслийг шалгахаар хуваарилагдсан ГУБ автомашины арлын дугаар болон бусад үзүүлэлтүүдийг тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тулган шалгаж, авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд баталгаажуулж, гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээнэ.
11.2.4.Гаалийн улсын ахлах байцаагч гаалийн гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгнө.
11.2.5.Хилээр гаргах зөвшөөрөл олгосон гаалийн байгууллага түр хугацаагаар гаргасан тээврийн хэрэгслийг улсын хилээр буцаж орох, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн зохих горимд байрших хүртэл хяналт тавина.
11.2.6.Түр хугацаагаар гаргасан автотээврийн хэрэгслийг буцаан оруулах тохиолдолд гаалийн байгууллага автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмаас “Нотолгооны дугаар”-ыг татаж бүртгээд баталгаажуулан, хаалт хийнэ.
11.3.Монгол улсын иргэн гадаад улсын бүртгэлийн дугаартай автотээврийн хэрэгсэлтэй улсын хилээр орох тохиолдолд хилийн гаалийн байгууллага автотээврийн хэрэгслийн програмд бүртгэж, гаалийн бүрдүүлэлтийн зохих горимд байршуулна.
Арван хоёр. Бусад
12.1.Зорчигч тээвэрлэн, эсхүл хоосон улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүртгэн, гаалийн хяналтад авч, гаалийн шалгалт хийнэ. Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн нуувч болгон ашиглаж болзошгүй эд анги, зай хөндийг шалгана. Шаардлагатай бол тээврийн хэрэгслийн эд ангийг задлуулж шалгана.
12.2.Хувь хүний нэр дээр илгээсэн болон зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааны үнийн дүн 3.000.000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош бол “Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.Гаалийн хилээр оруулах нэр төрөл тус бүрээс нэг ширхэгээс илүүгүй гэрийн тавилгад үнийн дүн харгалзахгүй “Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ.
12.3.Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, техник хэрэгсэл, механизм, барилгын материал, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, түүхий эд, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, химийн болон цацраг идэвхит бодис, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд “Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар гаалийн бүрдүүлэлт хийхгүй.
12.4.Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болох нь тогтоогдсон тохиолдолд бараа устгах горимыг хэрэгжүүлэх журмын дагуу устгана.
12.5.Гаалийн хяналтын төлөвийг үндэслэлгүй өөрчилсөн,шалгалтын үр дүнг гаалийн бүрдүүлэлтийн програмын “шалгалтын үр дүн” талбарт бүрэн гүйцэд оруулаагүй, гаалийн мэдүүлэгт хяналтын тэмдэг болон хувийн дугаар бүхий тэмдгийг тод дараагүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг баталгаажаагүйд тооцож, тухайн гаалийн улсын байцаагчид ажлын хариуцлага тооцно.
12.6.Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, татварын тооцоо, гаалийн шалгалт хийсэнээс үүдэн гарах хариуцлагыг тухайн ажлыг гүйцэтгэж системд баталгаажуулалт хийсэн, зөвшөөрөл олгосон, гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулсан гаалийн улсын байцаагч хүлээнэ.
12.7.Гаалийн бүрдүүлэлтийг баталгаажуулж байгаа хяналтын дардасыг өөрчлөх, огноог засварлахыг хориглоно.
12.8.Энэ журмын 12.5.-д заасныг зөрчсөн тохиолдолд гаалийн болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
12.9.Гаалийн түр агуулах, баталгаат бүсэд хадгалах хугацаа дууссан барааг Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ.
12.10.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
----оОо--
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны
А/236 дугаар тушаалаар батлагдсан журмын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ТҮР ХУГАЦААГААР НЭВТРҮҮЛСЭН АВТОТЭЭВРИЙН
ХЭРЭГСЭЛД ДАГАЛДАХ ХУУДАС
/Endorsement Sheet for Means of Transport Temporarily Admitted into Customs Territory of Mongolia/
1.Хилээр нэвтэрсэн нотолгооны дугаар: |
2.Хилээр орсон огноо: |
3.Хилээр орсон боомт:
|
|
4.Хилээр нэвтэрсэн зорилго:
|
5.Буцаж гарах огноо: |
6.Буцаж гарах боомтын нэр: |
|
7.Тээврийн хэрэгслийн дугаар: |
8.Арлын дугаар |
9.Харъяалагдах улс: |
|
10.Тээврийн хэрэгслийн төрөл: |
11.Гэрчилгээний дугаар: |
12.Марк, модель: |
|
13.Жолоочийн овог нэр: |
14.Паспортын дугаар: |
15.Иргэншил |
|
Хилээр орохыг зөвшөөрсөн гаалийн байгууллагын тэмдэг |
Хилээр гарахыг зөвшөөрсөн гаалийн байгууллагын тэмдэг |
||
Текст томруулах
A
A
A