A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 279 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2.Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан нь даатгуулагчийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний болон эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөрийн мэдээллийг нэгдсэн ангилал, код, арга зүй, стандарт баримт бичгийн дагуу цуглуулан боловсруулж хадгалсан цахим мэдээллийн бүрдэл байна.

1.3.Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан (цаашид “мэдээллийн сан” гэх)-г эзэмшигч нь эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хэрэглэгч нь эрүүл мэндийн даатгалын болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагч байна.

1.4.Мэдээллийн сан нь улсын бүртгэлийн, нийгмийн даатгалын, нийгмийн халамж, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мэдээллийн систем, холбогдох бусад сантай харилцан мэдээлэл солилцох боломжоор хангагдсан байна.

Хоёр. Мэдээллийн сангийн мэдээлэл, программ хангамж

2.1.Мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

2.1.1.даатгуулагчийн иргэний бүртгэлийн мэдээлэл (даатгуулагчийн ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс, биеийн давтагдашгүй өгөгдөл (хурууны хээ), фото зураг, оршин суугаа газрын хаяг);

2.1.2.даатгуулагчийн шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл (даатгалын төрөл, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээ);

2.1.3.эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэл (даатгалын сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны зардлын төсөв, гүйцэтгэл);

2.1.4.даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл (эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, тусламж, даатгалын сангаас төлсөн төлбөрийн хэмжээ);

2.1.5.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мэдээлэл (байгууллагын нэр, байршил, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл, эрүүл мэндийн даатгалын гэрээний биелэлтийн үнэлгээний дүн).

2.2.Мэдээллийн сан дараах программ хангамжтай байна:

2.2.1.эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтийн буюу даатгуулагч, ажил олгогчийн шимтгэлийн (онлайн бүртгэлийн гэх мэт);

2.2.2.тусламж, үйлчилгээний зардлын төлбөр тооцооны (нэхэмжлэл шалгах, эмийн үнийн хөнгөлөлтийн, төлбөр шилжүүлэлт гэх мэт);

2.2.3.эрүүл мэндийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн;

2.2.4.цахим картын удирдлагын системийн;

2.2.5.эрүүл мэндийн даатгалын сангийн тайлангийн.

Гурав. Мэдээллийн санг бүрдүүлэх

3.1.Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах мэдээллийг дор дурдсан байгууллагаас хүлээн авч бүртгэн мэдээллийн санг бүрдүүлнэ:

3.1.1.улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас даатгуулагчийн иргэний улсын бүртгэлтэй холбогдсон мэдээллийг;

3.1.2.нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас даатгуулагчийн шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг;

3.1.3.нийгмийн халамж, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагч, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний мэдээллийг;

3.1.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас эрүүл мэндийн даатгалын сан зардлыг нь хариуцсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг.

3.2.Энэ дүрмийн 3.1.4-т заасан мэдээлэл (эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн мэдээлэл, нэхэмжлэл) нь мэдээллийн сангийн программ хангамжийн шаардлагад нийцсэн байна.

Дөрөв. Мэдээллийн санг ашиглах, мэдээлэл солилцох

4.1.Мэдээллийн санг эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлэх, даатгуулагчийн өмнөөс тусламж, үйлчилгээг худалдан авах, төлбөр гүйцэтгэх, сангийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хэтийн тооцоолол хийх, мэдээлэл солилцоход ашиглана.

4.2.Мэдээллийн санг зориулалтын бусаар ашиглах, хуулбарлахыг хориглоно.

4.3.Мэдээллийн сангаас бусад төрийн байгууллагатай мэдээлэл солилцохдоо зохих журмын дагуу Үндэсний дата төвд байрших мэдээлэл солилцох системийг ашиглана.

Тав. Мэдээллийн санг хадгалах, хамгаалах

5.1.Мэдээллийн сангийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

5.2.Мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг хангах ажиллагаа Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Цахим гарын үсгийн тухай хууль болон холбогдох бусад журам, стандартад нийцсэн байна.

5.3.Тагнуулын ерөнхий газар болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалттай холбогдсон асуудлаар эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1.Мэдээллийн санг ашиглах явцад мэдээлэл алдагдах, устах зэрэг аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Мэдээллийн сангийн аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, программ болон техник хангамжийг шинэчлэх, нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, засвар, үйлчилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах зардлыг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөлд тусган батлуулна.

 

 

--- о0о ---