- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ КАРТАД ХАДГАЛАГДАХ МЭДЭЭЛЭЛ БОЛОН ЦАХИМ КАРТЫГ АШИГЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2016 оны 279 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ КАРТАД ХАДГАЛАГДАХ МЭДЭЭЛЭЛ БОЛОН ЦАХИМ КАРТЫГ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Эрүүл мэндийн даатгалын цахим карт (цаашид “цахим карт” гэх)-д мэдээлэл хадгалах, цахим картыг олгох, ашиглахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Цахим карт болон даатгуулагч-иргэний биеийн давтагдашгүй өгөгдөл (хурууны хээ) нь эрүүл мэндийн даатгалын мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болно.
1.3.Цахим картыг даатгуулагчид олгох, цахим картад мэдээлэл оруулах, шинэчлэх ажиллагааг эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар нэгж, байцаагч хариуцан гүйцэтгэнэ.
1.4.Даатгуулагчийн цахим картын мэдээлэлд хандах эмнэлгийн мэргэжилтний эрхийг зориулалтын цахим картаар баталгаажуулна. Эмнэлгийн мэргэжилтний зориулалтын цахим картад хадгалагдах мэдээлэл, уг картыг ашиглах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батална.
Хоёр. Цахим картад хадгалах мэдээлэл
2.1.Цахим картад даатгуулагчийн иргэний улсын бүртгэлийн, шимтгэл төлөлтийн, эрүүл мэндийн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг хадгална.
2.2.Даатгуулагчийн иргэний бүртгэлийн мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:
2.2.1.цахим картын дугаар;
2.2.2.ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;
2.2.3.регистрийн дугаар;
2.2.4.төрсөн он, сар, өдөр;
2.2.5.хүйс;
2.2.6.иргэний биеийн давтагдашгүй өгөгдөл (хурууны хээ);
2.2.7.оршин суугаа хаяг;
2.2.8.фото зураг;
2.2.9.цахим карт олгосон он, сар, өдөр;
2.2.10.цахим картын хүчинтэй хугацаа.
2.3.Даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэлд даатгуулагчийн төрөл, төлсөн шимтгэлийн талаарх мэдээлэл хамаарна.
2.4.Даатгуулагчийн эрүүл мэндийн мэдээлэлд даатгуулагчийн цусны бүлэг, харшилдаг эм тариа, бодис, дархлаажуулалтад хамрагдсан байдал, архаг өвчтэй эсэх зэрэг мэдээлэл хамаарна.
2.5.Даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:
2.5.1.тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллага, тасаг, нэгжийн нэр, бүртгэлийн дугаар;
2.5.2.үзүүлсэн тусламж, үйлчилгээний төрөл, он, сар, өдөр;
2.5.3.өвчний онош;
2.5.4.даатгуулагчид үзүүлсэн оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, хийсэн эм, тариа зэрэг;
2.5.5.эмчийн дүгнэлт;
2.5.6.эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөрийн хэмжээ (төгрөгөөр).
2.6.Цахим картад даатгуулагчийн сүүлийн 24 сарын шимтгэл төлөлтийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас үзүүлсэн сүүлийн
6 удаагийн тусламж, үйлчилгээний мэдээллийг хадгална.
2.7.Цахим картад дараах этгээд дор дурдсан мэдээллийг хариуцан оруулж хадгална:
2.7.1.энэ журмын 2.4, 2.5.2-2.5.5-д заасан мэдээллийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага;
2.7.2.энэ журмын 2.2-т заасан мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, 2.3-т заасан мэдээллийг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тус тус хүлээн авч эрүүл мэндийн даатгалын байгууллага;
2.7.3.энэ журмын 2.5.1, 2.5.6-д заасан мэдээллийг эрүүл мэндийн даатгалын байгууллага.
2.8.Эрүүл мэндийн даатгалын болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь цахим картад оруулж байгаа мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
2.9.Цахим картад хадгалах мэдээллийн агуулга, мэдээллийг хадгалах, мэдээлэл илгээх байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан зааврыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батална.
Гурав. Даатгуулагчид цахим карт олгох
3.1.Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахим картыг даатгуулагчид эхний удаа үнэ төлбөргүй олгох бөгөөд даатгуулагч
16, 25, 45 насанд хүрэхэд тухай бүр шинэчлэн олгоно.
3.2.Цахим картыг даатгуулагчид эхний удаа дараах баримт бичгийг үндэслэн олгоно:
3.2.1.цахим карт авах хүсэлт;
3.2.2.иргэний үнэмлэх;
3.2.3. 0-15 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ болон эцэг (эх), асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын хүсэлт, шүүхийн шийдвэр, Засаг даргын захирамж, итгэмжлэл;
3.2.4.хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө ирэх боломжгүй даатгуулагчийн хувьд түүний итгэмжлэгдсэн хүний иргэний үнэмлэх;
3.2.5.оюутан, суралцагчийн үнэмлэх, эсхүл сургуулийн тодорхойлолт;
3.2.6.гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол нотлох баримт бичиг.
3.3.Даатгуулагч цахим картаа хаяж үрэгдүүлсэн, өөрийн буруугаас гэмтээсэн, иргэний бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн, эсхүл 16, 25, 45 насанд хүрсэн тохиолдолд энэ журмын 3.2-т заасан баримт бичиг болон картын үнийг төлсөн баримтыг үндэслэн цахим картыг түүнд дахин олгоно.
3.4.Цахим картын үнийг эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
3.5.Даатгуулагч нь цахим картыг шинээр, эсхүл дахин авах хүсэлтээ харьяа эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар нэгж, байцаагчид гаргана.
3.6.Эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар нэгж, байцаагч нь даатгуулагчийн цахим карт авах хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
3.7.Даатгуулагчийн цахим карт дахь мэдээлэл зөрсөн, эсхүл бүрэн бус, үг, үсгийн алдаатай бичигдсэн болон үйлдвэрлэлийн гэмтэл гарсан тохиолдолд цахим картыг үнэ төлбөргүй олгоно.
3.8.Эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгуулагчийн хаяж үрэгдүүлсэн, өөрийн буруугаас гэмтээсэн цахим картыг хүчингүй болгож, мэдээллийн санд бүртгэнэ.
3.9.Цахим картыг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээхийг хориглоно.
Дөрөв. Цахим картыг ашиглах
4.1.Даатгуулагч, эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь цахим картыг холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасны дагуу ашиглана.
4.2.Эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавих үйл ажиллагаанд цахим картыг ашиглана.
4.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага цахим картыг дараах тохиолдолд ашиглана:
4.3.1.даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбогдсон мэдээллийг шалгахад;
4.3.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан даатгуулагчийн энэ журмын 2.5.2-2.5.5-д заасан мэдээллийг бүртгэхэд;
4.3.3.даатгуулагчид яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд энэ журмын 2.4-т заасан мэдээллийг авах зорилгоор.
4.4.Даатгуулагчид хамгийн сүүлд үзүүлсэн 6 удаагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг даатгуулагчийн зөвшөөрлөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч бусад байгууллага ашиглаж болно.
4.5.Даатгуулагч цахим картыг дараах тохиолдолд ашиглана:
4.5.1.даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад;
4.5.2.эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөрийн хэмжээнд хяналт тавих, мэдээлэл авахад.
4.6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.2-6.1.4, 6.1.9, 6.1.12-т заасан даатгуулагч нь тухайн жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр цахим карт ашиглах эрх үүснэ.
4.7.Цахим карт нь даатгуулагчийн мэдээллийг хамгаалах зорилгоор нууцлалын кодтой байна.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A