- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2016 оны 80 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН
ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавих шаардлага, түүний эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.
1.2. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд дараах хуулийн этгээд
хамаарна:
1.2.1. нийт гаргасан энгийн хувьцааг нь 100 хувь төр эзэмшдэг компани;
1.2.2. нийт гаргасан энгийн хувьцааны тодорхой хувийг нь төр эзэмшдэг, энэ журмын 1.2.1-д зааснаас бусад компани.
1.3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг төр тухайн хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнээр томилсон этгээдээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Хоёр. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх
этгээд, түүнийг томилох
2.1. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг томилохдоо дараах зарчмыг баримтална:
2.1.1. тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, онцлогийг харгалзах;
2.1.2. тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл хамаарах салбарын төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулах;
2.1.3. шаардлагатай тохиолдолд бусад төрийн захиргааны байгууллагын төлөөллийг хангах.
2.2. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу дараах болзлыг хангасан байна:
2.2.1. тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;
2.2.2. тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
2.2.3. төрийн захиргааны албан хаагч байх;
2.2.4. Санхүүгийн зохицуулах хорооноос эрх олгосон сургалтын байгууллагаас зохион байгуулсан компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
2.3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг томилох шийдвэрт төрийг төлөөлөн эзэмших хувьцааны хэмжээ, хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, явуулах үйл ажиллагааны чиглэл зэргийг зааж болно.
2.4. ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм’’-ийн 7.1, 8.2-т заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.5. “Оюу толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын чиглэл болгосны дагуу “Эрдэнэс Оюу толгой” ХК нэр дэвшүүлж, “Оюу толгой“ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал томилж, чөлөөлнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.6. ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэс Таван толгой” ХК болон “Эрдэнэс Оюу толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК зэрэг төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм”-ийн 11.8-д заасан журмын дагуу томилж, чөлөөлнө. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоол, 2021 оны 367 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон ба Засгийн газрын 2022 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.7. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Хөгжлийн банкны тухай хуулийн 19.2, 19.3-т заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлнө. (Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.8. Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Банкны тухай хуулийн 29.1, Засгийн газрын 2009 оны 348 дугаар тогтоолд заасны дагуу томилж, чөлөөлнө.
2.9. “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, “Монголросцветмет’’ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл болгосны дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага томилж, чөлөөлнө.
2.91.Эрчим хүчний салбарын “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-иас бусад төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус эзэмшиж, компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийг төлөөлөх этгээдийг томилж, чөлөөлнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолоор нэмсэн. Мөн энэ заалтад Засгийн газрын 2020 оны 175 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2.92.“Тавантолгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийн төлөөллийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 39 хувийн төлөөллийг Эрчим хүчний яам, 10 хувийн төлөөллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус хэрэгжүүлж, компанийн Хувьцаа эзэмшигчийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийг төлөөлөх этгээдийг томилж, чөлөөлнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 316 дугаар тогтоолоор нэмсэн)
2.10. Энэ журмын 2.4-2.92-д заасан болон Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ХХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Биокомбинат” ХХК, Хөдөө аж ахуйн корпораци ХХК-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага томилж, чөлөөлнө. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 47, 234, 237 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 316, 394 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
2.11. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа этгээдээс томилно.
2.12. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.10-т заасны дагуу төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг томилохдоо тухайн асуудлыг эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын саналыг авч, холбогдох төрийн байгууллагын төлөөллийн зохистой харьцааг харгалзсан байна.
Гурав. Төрийн өмчийн төлөөллийн хэрэгжүүлэх
этгээдийн эрх үүрэг
3.1. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;
3.1.2. төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад оруулах;
3.1.3. төрийн өмчийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдээс баталсан удирдамж, заавар, олгосон эрх хэмжээ хүрээнд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх;
3.1.4. хуульд заасан бусад эрх, үүрэг.
3.2. Энэ журмын 3.1.3-т заасан удирдамж, заавар нь хуульд нийцсэн байна.
3.3. Хуулийн этгээдийн хувьцааг төр дангаар эзэмшдэг тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийн эрх, үүргийг хуулийн этгээдийн дүрмээр тусгайлан тогтоож болно.
3.4. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд биечлэн оролцоно.
3.5. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээд нь төрийн өмчийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдээс баталсан удирдамж, зааврын биелэлтийг төрийн өмчийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдэд болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад танилцуулна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
3.6. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхээр томилогдсон этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу цалин хөлс авна.
3.7. Энэ журмын 3.6-д заасан цалин хөлсний хэмжээг тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, санхүү, эдийн засгийн байдлыг харгалзан Хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно. Цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.
3.8. Энэ журамд заасны дагуу төрийн өмчийн төлөөллийн хэрэгжүүлэхээр томилогдсон төрийн захиргааны албан хаагч 2-оос илүү төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд орж ажиллахыг хориглоно.
Дөрөв. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал
хариуцсан төрийн захиргааны
байгууллагын чиг үүрэг
4.1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн төлөөллийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд төрийг төлөөлж оролцох этгээдийг томилох;
4.1.2. энэ журмын 4.1.1-д заасан этгээдэд Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал бүрээр гарах шийдвэрт өгөх саналд удирдамж, заавар өгөх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэлэлцэх асуудлын талаар Засгийн газраас тодорхой чиглэл авах;
4.1.3. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн мэдлийн хувьцааны хэмжээнд тохирох тооны гишүүдийг томилох;
4.1.4. энэ журмын 4.1.3-т заасан этгээдээр дамжуулан төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар санал оруулах;
4.1.5. энэ журмын 4.1.3-т заасан этгээдэд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал бүрээр гарах шийдвэрт өгөх саналд удирдамж, заавар өгөх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэлэлцэх асуудлын талаар Засгийн газраас тодорхой чиглэл авах.
4.2. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд удирдамж болон заавар өгөх, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийн ажлын тайлан, төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг дүгнэх нийтлэг журмыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Тав. Хариуцлага
5.1. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцох төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс өгсөн удирдамж, зааврын дагуу ажиллана.
5.2. Хуульд нийцсэн удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь энэ журмын 5.1-д заасан этгээдийн төрийг төлөөлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болно.
5.3. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд биечлэн оролцоогүй, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй бол тухайн сарын цалин хөлсийг олгохгүй.
5.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш удаа оролцоогүй төрийн өмчийн төлөөллийг
хэрэгжүүлэх этгээдийн төрийг төлөөлөх эрхийг дуусгавар болгоно.
5.5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагаас баталсан удирдамжийн дагуу гарсан Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээс үүсэх үр дагаврыг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээд хариуцахгүй.
5.6. Энэ журмын 5.1-д заасан хуульд нийцсэн удирдамж, зааврыг зөрчсөн, удирдамж, заавар авахгүйгээр Хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож, шийдвэр гаргасны улмаас учирсан хохирлыг тухайн буруутай этгээд хариуцан арилгана.
Зургаа. Бусад зүйл
6.1. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаар жил бүр тайлан гаргаж, төрийн өмчийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдэд болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, дүгнэлт гаргуулж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
---o0o---
Текст томруулах
A
A
A