A

A

A

Бүлэг: 1979

ХЗДХС, ШЕЗ-ийн даргын хамтарсан 2021 оны А/116/65 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхийзөвлөлийн даргын
2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

1.3.Шүүх, цагдаагийн байгууллага энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

Хоёр.Шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах

2.1.Бүх шатны шүүхийн байнгын болон нүүдэллэн ажиллах байр, шүүхийн захиргааны байр, шүүхийн төрөлжсөн архивын байр болон шүүхийн барилга байгууламжийн харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага бүрэн хариуцаж, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу гүйцэтгэнэ

2.2.Цагдаагийн байгууллага нь шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдал, хамгаалалтыг хариуцах, шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэх хөдөлгөөнд нь хяналт тавих үүрэг бүхий шүүхийн байрны харуулын цагдааг томилон, үйл ажиллагаанд нь өдөр тутмын хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах;

2.2.2.шүүх, шүүхийн барилга байгууламжийг 24 цагаар харуул хамгаалалтад байхаар зохион байгуулж, харуулын цагдаагийн ажиллах дэг горимыг тогтоох;

2.2.3.шүүхийн харуулын цагдаагийн өдөр тутмын ажил хүлээлцэх, тусгай хэрэгсэл, эд зүйл хүлээлцэх, үүрэг гүйцэтгэлийн байдалд байнгын хяналт тавьж ажиллах;

2.2.4.шүүхийн харуулын цагдаагаас хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах, дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шалгах, арилгах арга хэмжээг зохион байгуулах;

2.2.5.шүүх хуралдааныг өөр газар явуулах /цагдан хорих байр, нүүдэллэн ажиллах г.м/ болон “Шүүхийн ёс зүйн хороо”-ны хуралдаанд шүүгч оролцох үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулах;

2.2.6.ажлын ачаалал үүссэн тохиолдолд шүүхийн харуулын цагдааг нэмж томилох, нэмэлт хүч авах.

2.2.7.шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулахаар оролдсон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах.
2.2.8.хамтарч ажиллах чиглэлээр шүүхийн тамгын газартай харилцан санал солилцож, хариу мэдэгдэх.
2.3.Шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэж буй хамгаалалтын офицер, хамгаалалтын болон харуулын цагдаа /цаашид “цагдаагийн алба хаагч” гэх/ дараах үүрэг гүйцэтгэнэ:
2.3.1.шүүхийн байранд нэвтрэх иргэдийн биеийн байцаалт, холбогдох баримт бичгийг шалгаж оруулахдаа шатах, тослох, тэсэрч дэлбэрэх материал, хорт бодис, зэвсгийн чанартай эд зүйлс байгаа эсэх, гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа сэжиг бүхий этгээд, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийн бие, эд зүйлд үзлэг хийх, согтуурлын зэрэг тогтоох багаж /драгер/-ааршалгаж согтуурлын зэрэг нь 0.20-с их байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оруулахгүй, шүүхээр үйлчлүүлэхгүй байх арга хэмжээ авах;
2.3.2.тухайн шүүхийн байрны барилгын бүтэц, онцлог, зохион байгуулалтын талаар болон техник хэрэгсэл ажиллуулах мэдлэгтэй байж аливаа эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд шүүхийн тамгын газар, хамгаалалтын офицерт нэн даруй мэдэгдэнэ. Хамгаалалтын офицер гэж шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогч, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг журам сахиулах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх, учирч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамгаалалтын болон харуулын цагдааг мэргэжлийн удирдлагаар шууд удирдан зохион байгуулах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчийг ойлгоно.
2.3.3.нээлттэй шүүх хуралдааныг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас урьдчилан өгсөн нэрсийн жагсаалтын дагуу тулган шалгаж, дотогш нэвтрүүлэх;
2.3.4.шүүх хуралдаанд оролцогч болон сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид шүүхийн байранд энэхүү журмаар /дуу чимээ гаргах, чанга ярих, хашгирах, дүрс бичлэгийн болон хөгжмийн хэрэгсэл ажиллуулах, хог хаях, эд зүйл эвдлэх, гэмтээх, зарлал, мэдээлэл наах, зураг зурах, дайрч орох, хууль бус аргаар нэвтрэх, бусад зөрчил г.м/ хориглосон үйлдэл гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг авах, шүүхийн эзэмшлийн нутаг дэвсгэрт шүүх хуралдаантай холбогдуулан жагсаал, цуглаан, аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг шаардах, таслан зогсоох талаар арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;
2.3.5.шүүхийн байранд үүрэг гүйцэтгэхдээ шүүхийн дотоод дэг журам, хөдөлмөр хамгааллын болон галын аюулгүй байдлын дүрэм, зааврыг чанд мөрдөж ажиллах.
2.4.Шүүхийн барилга байгууламжийг хамгаалах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангахдаа харуулын цагдаа дараах эрх эдлэнэ:
2.4.1.хамгаалалтын үүрэг гүйцэтгэхтэй холбоотой шаардлагатай мэдээллийг шүүхийн тамгын газраас гаргуулан авах;
2.4.2.шүүгч, ажилтан, шүүхэд нэвтэрч буй бусад этгээдээс шүүхийн дотоод дэг журмыг дагаж мөрдөхийг шаардах;
2.4.3.шүүхийн барилга, байгууламжийн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай санал гаргаж, шийдвэрлүүлэх.
2.5.Шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын бүсийг эрх бүхий байгууллагаас олгосон газрын кадастрын зураглал, газрыг тогтоосон хашаа болон бусад тэмдэглэгээгээр шүүхийн тамгын газар баталгаажуулна. Хамгаалалтын бүс, түүний аюулгүй байдлыг хангах ажлыг Цагдаагийн байгууллага, Шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулна. Шүүхийн аюулгүй байдал гэдэгт шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдал, шүүх хуралдааны журам сахиулах, шүүхийн харуул хамгаалалт, барилга байгууламж, түүний орчны аюулгүй байдлыг хангахыг ойлгоно.
2.6.Шүүхийн байранд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах техник хэрэгсэл /дохиолол, холбооны болон гал унтраах хэрэгсэл, хяналтын камер, металл илрүүлэгч хаалга, гар металл илрүүлэгч, ачаа тээш шалгах рентген төхөөрөмж г.м/ -ээр хангах ажлыг цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Шүүхийн төсөвт тусгуулж, зохион байгуулах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна.
2.7.Ачаа тээш шалгах рентген төхөөрөмжид сэжигтэй дүрс илрэх болон дуут дохиогоор мэдээлэл өгвөл харуулын цагдаа нарийвчилсан үзлэгийг биечлэн, эсхүл гар металл хайгчаар хийж, ноцтой зөрчил /галт зэвсэг, галт хэрэглэл, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, түргэн шатамхай шингэн г.м/ илэрсэн тохиолдолд түр саатуулж шүүхийн тамгын газар, хамгаалалтын офицер, нэгжийн даргадаа нэн даруй мэдэгдэнэ.
2.8.Шүүхийн байрны үүдний хэсэгт ачаа тээш түр хадгалах хайрцаг бүхий төмөр шүүгээ байрлуулж, иргэд түүнд гар цүнх, бусад овор ихтэй эд зүйлсээ хадгалуулан дотогш нэвтэрнэ. Шүүхийн байранд нэвтрэгсэд нь биеийн байцаалт, баримт бичгээ харуулын цагдаад шалгуулж дотогш нэвтрэх бөгөөд гар тээш, сав, баглаа боодол, бусад зүйлд шаардлагатай гэж үзвэл харуулын цагдаа үзлэг хийнэ. Шүүгч, шүүхийн ажилтнуудаас бусад этгээд нэвтэрч байгаа тохиолдолд энгэрийн зүүлт зүүлгэнэ.
2.9.Шүүхийн серверийн өрөө, хэргийн эд мөрийн баримт хадгалах өрөө, архивын өрөөнүүд нь галын аюулгүй байдал, архивын баримт бичгийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлын стандартын дагуу тоноглогдсон байна. Дээрх өрөөнүүдийг Шүүхийн тамгын газрын холбогдох ажилтан ажлын цаг дууссаны дараа түгжин, лацдаж, лац хүлээлцсэн тухай бүртгэл үйлдэн харуулын цагдаад хүлээлгэн өгнө.
2.10.Шүүхийн байрны нэгдүгээр давхар, шүүх хуралдааны танхим, шүүгдэгчийг түр саатуулах өрөө, хонгил, шат хоорондын цонх дотроосоо онгойх цоожтой төмөр хаалттай байх ба түлхүүрийг харуулын цагдаа хадгална.
2.11.Шүүгчийн өрөө, шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгаа дуу чимээ нэвтрэхээс хязгаарласан 2 давхар хаалгатай байна. Мөн шүүгч, шүүхийн ажилтан орох, гарах тусгай хаалгатай байж болно.
2.12.Шүүх хуралдааны танхим дахь шүүгдэгчийн суух хэсгийг 200х80 см харьцаатай хаалга бүхий 220 см хүртэл өндөр, яллагдагч, ялтны бие харагдах, яриа сонсогдох зай завсартай, сум нэвтэрдэггүй шилэн материалаар хийгдсэн хаалттай байхаар байрлуулна.
2.13.Шүүх хуралдааны танхим, шүүгчийн өрөө, шүүгдэгчийг түр саатуулах өрөөнд аюулын дохио өгөх тусгай төхөөрөмж суурилуулна. Шүүгдэгчийг түр саатуулах өрөөнд хяналтын камер суурилуулсан байх бөгөөд сандал нь шаланд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байна.
2.14.Шүүх хуралдааны танхимд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, өмгөөлөгч болон хэргийн оролцогч, зохигчийг тус тусын хаалгаар орох, гарах нөхцөлөөр хангасан байх бөгөөд шүүх бүрэлдэхүүний индрийн хэсгийг шүүх хуралдаанд оролцогчдын сууж буй хэсгээс 150 см-ээс доошгүй өндөртэй хаалтаар тусгаарлахаас гадна танхимд үүрэн утасны сүлжээ сарниулагч байрлуулна.
2.15.Шүүгч, шүүхийн ажилтан, хэргийн оролцогч, зохигч бусад оролцогчийг шаардлагатай тохиолдолд ослын болон нөөц хаалгаар оруулж, гаргана. Тухайн шүүхийн тамгын газрын даргын болон хамгаалалтын офицерийн зөвшөөрснөөс бусад тохиолдолд ослын болон нөөц хаалгаар аливаа этгээд болон эд зүйлс оруулж, гаргахыг хориглоно.
2.16.Шүүгч, шүүхийн ажилтан амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдөр ажиллахаар бол энэ талаар тамгын газраас харуулын цагдаад урьдчилан мэдэгдэж, тэдгээрийн нэрсийн жагсаалтыг хүргүүлнэ.
2.17.Шүүхийн байранд холбооны хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилгын засвар, үйлчилгээг ажлын бус цагаар гүйцэтгэхдээ тухайн байгууллага, аж ахуйн нэгжээс ажиллах хүмүүсийн нэрс, цагийн хуваарийг шүүхийн тамгын газар, харуулын цагдаад урьдчилан өгсөн байна.
2.18.Шүүхэд аливаа эд зүйл, техник хэрэгслийг оруулж, гаргах тухай холбогдох байгууллага, албан тушаалтны албан бичиг, зөвшөөрлийн хуудсыг үндэслэн харуулын цагдаа тоо ширхэг, дугаарыг бүртгэлтэй нь тулган шалгаж, энэ тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
2.19.Цагдаагийн байгууллага нь шүүхийн барилга байгууламж болон түүний гадна орчинд аюулт үзэгдэл, гамшиг үүссэн үед ажиллах төлөвлөгөөг баталж, шүүхийн тамгын газар, онцгой байдлын алба болон холбогдох бусад байгууллагатай баталсан төлөвлөгөөний дагуу дадлага сургуулилтыг тодорхой хугацаанд хийж, бэлэн байдлыг хангана.
2.20.Шүүхийн байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн тухай дэлгэрэнгүй илтгэх хуудас бичих дэвтэртэй байна. Энэ дэвтэрт ажиллах үед болсон үйл явдал шүүх хуралдааны явц, нөхцөл байдал, анхаарал татсан зүйл, гарсан зөрчил дутагдал, саналыг тодорхой тусгаж өгнө. Ээлж хүлээлцэх үедээ илтгэх хуудсаа дараагийн ээлжийн харуулын цагдаа, хамгаалалтын офицерт танилцуулах бөгөөд хамгаалалтын офицер анхаарах асуудлыг шүүхийн тамгын газрын даргад мэдээлнэ.
2.21.Харуулын цагдаа галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник тоног, төхөөрөмж, холбооны хэрэгсэл хүлээлцсэн, барилга байгууламж шалгасан, эд зүйл, аж ахуйн бүтэн байдал, лац, тэмдэг хүлээн авсан, гаднаас орсон, гадагш гаргасан эд зүйлийн талаарх бүртгэл хөтөлнө.
2.22.Цагдаагийн байгууллага шүүхийн байр, хамгаалалтын бүсийн талаарх судалгаа, зураглалтай байна.
2.23.Цагдаагийн алба хаагч нь шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэх үедээ дараах зүйлийг хориглоно:
2.23.1.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс ирүүлсэн аливаа шуудан, илгээмж, албан бичиг, өргөдөл, урилга, мэндчилгээ, дурсгалын болон бусад зүйлсийг хүлээн авах, түүнийг шүүгч, ажилтанд дамжуулан өгөх;
2.23.2.ажлын байранд өөрт хариуцуулан олгосон тусгай хэрэгсэл, галт зэвсгийг ил орхих, бусдад шилжүүлэх, ажлын байрнаас гадуур авч явах, зориулалтын бусаар ашиглах, хадгалах, зэвсгийн чанартайгаар хэрэглэж болохуйц, галын аюултай эд болон шингэн зүйлийг ил тавих, хяналтгүй орхих;
2.23.3.шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, шүүн таслах болон бусад үйл ажиллагаа, шүүх хуралдааны зар, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаарх аливаа мэдээлэл, шүүгч, ажилтнуудын утас /ажил, гэр, гар/, тээврийн хэрэгслийн дугаар, гэрийн хаягийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн оролцогчид, бусад этгээдэд мэдээлэх;
2.23.4.хамгаалж байгаа байр, обьект, пост, хэсгийг орхиж явах, шүүх хуралдааны журам сахиулж буй алба хаагчид хариуцуулан орхих;
2.23.5.үүрэг гүйцэтгэж байх үедээ унтах, байгууллагын утсаар болон үүрэн холбооны утсаар ажил үүрэгт холбогдолгүй зүйлийг бусадтай ярих;
2.23.6.албан үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад үед шүүхийн байрны өрөө тасалгаа, танхим, агуулах, автомашины зогсоолд дур мэдэн нэвтрэх, тэдгээрийг албаны бус зорилгоор ашиглах, эд зүйлийг хувьдаа завших, хэрэглэх.
2.24.Шүүхийн тамгын газар шүүхийн харуул, хамгаалалттай холбогдуулан дараахь  эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
2.24.1.цагдаагийн алба хаагчаас хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах, хэрэгжилтэд хяналт тавих;
2.24.2.цагдаагийн алба хаагчийг шагнаж, урамшуулах болон сахилгын зөрчлийн талаар шууд удирдах байгууллагад санал өгөх;
2.24.3.шүүхийн байр, шүүх хуралдааны танхимийн зохион байгуулалт, онцлог, гадна орчны талаарх мэдээллээр цагдаагийн алба хаагч /офицер, ахлагч/-ийг хангах;
2.24.4.шаардлага хангасан техник хэрэгсэл суурилуулж, тэдгээрийг ажиллуулах техникийн нөхцөлийг бүрдүүлэх, онцгой нөхцөлд ажиллах ажилтнуудын нэрс, ажлын зааврыг баталж, харуулын цагдаа болон шүүгч, ажилтнуудад урьдчилан танилцуулах;
2.24.5.хуулийн хүрээнд цагдаагийн алба хаагчаас ажиллах нөхцөлөө хангуулах, зөрчил дутагдлын үр дагаврыг арилгуулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, энэ талаар цагдаагийн байгууллагын удирдлагад мэдээлэх;

2.24.6.тухайн шүүхэд сахилга хариуцлага, дэг журам, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, эргүүлийг шүүгч, ажилтнаас томилон ажиллуулах, тэдгээрт хяналт тавих;
2.24.7.архивын болон хэргийн эд мөрийн баримт хадгалах өрөө, тасалгааг түгжиж, лацдаж бүртгэлээр хүлээлцэх болон бусад өрөө тасалгааг түгжиж, лацдаж, харуулын цагдаад хүлээлгэн өгөх ажилд хяналт тавих;
2.24.8.Шүүхийн тамгын газрын дарга нь дараа долоо хоногийн шүүх хуралдааны товыг тухайн долоо хоногийн “Баасан” гарагийн ажлын цаг дуусахаас өмнө албан бичгээр цагдаагийн байгууллагад хүргүүлэх;
2.24.9.Шүүхийн тамгын газрын дарга, ажилтнаас цагдаагийн алба хаагчийг хууль, энэ журамд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэх, албан шаардлага, хүсэлт гаргахыг хориглоно.
2.25.Харуулын цагдаа шүүхийн хамгаалалтын бүсэд хавтаст хэрэгтэй богцны цоож лацыг шалган хүлээлцэхэд аюулгүй байдлыг хангана. Шаардлагатай тохиолдолд шүүхийн тамгын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу цагдаагийн байгууллага хавтаст хэрэгтэй богцыг шүүх, шууданд хүргэх үеийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба хаагчийг томилж болно.
2.26.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох нэгжийн удирдлага, албан хаагчид энэ журмын хэрэгжилтийн талаар улирал бүр уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллана.
2.27.Цагдаагийн ерөнхий газар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан тухай мэдээллийг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
2.28.Цагдаагийн байгууллага, Шүүхийн тамгын газар жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор хийх ажлын төлөвлөгөөг хамтран баталж, үр дүнгийн мэдээг харилцан солилцоно.

Гурав.Шүүх хуралдааны дэг журам сахиулах

3.1.Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.2.Шүүх хуралдааны журам гэдэгт хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үед шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг хангаж шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд орж ирэх үеэс эхлэн шүүх хуралдаан хаах хүртэлх хугацаанд явагдаж байгаа хянан харгалзах журам сахиулахтай холбогдсон цогц ажиллагааг ойлгоно.
3.3.Шүүхийн тамгын газрын эрх бүхий ажилтны амаар болон бичгээр гаргасан хүсэлтийн дагуу ажлын цаг дууссанаас хойш шүүх хуралдаан зайлшгүй үргэлжлэх тохиолдолд болон олны анхаарал татсан, олон үйлдэл, оролцогчтой гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг цагдаа, шүүхийн албан ажлын болон үйлчилгээний автомашинаар гэрт нь хүргэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.
3.4.Цагдаагийн алба хаагчийг цагдаагийн байгууллага томилж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд тухайн шүүхийн тамгын газартай хамтран  ажиллана.
3.5.Цагдаагийн алба хаагч нь шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдана.
3.6.Шүүх хуралдааны журмыг сахиулах ажиллагаа нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажиллагаагаар хязгаарлагдана.
3.7.Цагдаагийн алба хаагч нь шүүх хуралдааны танхимд шүүгч /шүүх бүрэлдэхүүн/-ийг орж ирэх, гарч явах үед “Эрхэм шүүгч /шүүх бүрэлдэхүүн/-ийг хүндэтгэн босохыг хүсье” гэж хэлнэ.
3.8.Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны журам сахиулах талаар хамгаалалтын офицер, хамгаалалтын цагдаа дараахь ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.8.1.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, ялтныг хуяглан хүргэгчээс хүлээн авч, яллагдагч, ялтны хувийн байдлыг магадлан холбогдох бичиг баримттай нь тулган шалгах, бие, эд зүйлд нь үзлэг хийх;

3.8.2.шүүх хуралдааны явцад яллагдагч, ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон тохиолдолд шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх;
3.8.3.яллагдагч, ялтан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай биеэ авч яваа, энэ тухай гомдол, мэдээлэл, шаардлага ирсэн тохиолдолд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж, төхөөрөмж /нэг удаагийн сорилын тест, тандагч, согтуурлын зэрэг тогтоогч багаж /драгер/ г.м/ашиглан шалгах;
3.8.4.холбогдох журмын дагуу үзлэг шалгалт хийсний дараа хамгаалалтын офицер, цагдаа яллагдагч, ялтныг хүлээн авсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж хүлээн авах;
3.8.5.шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг шалган, гарсан зөрчлийг арилгах талаар хуралдаан даргалагчид нэн даруй танилцуулж, шууд захирах хамгаалалтын офицерт мэдэгдэх;
3.8.6.шүүх хуралдааны танхимд шүүгч, шүүх бүрэлдэхүүн орж ирэхээс өмнө шүүх хуралдаанд оролцогчдод хамгаалалтын офицер, цагдаа хуралдааны журам сахих зөвлөмж өгөх ба уг зөвлөмжийг хуралдааны танхимын гадна байрлуулсан байх;
3.8.7.шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд оролцогчид болон хурлын танхимд ирсэн бусад хүмүүсийн биедээ авч яваа зүйлийг шалган галт болон хүйтэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад эд зүйл илэрсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэн түр хураан авч, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн, хүлээлгэж өгөх;

3.8.8.яллагдагч, ялтанд шүүх хуралдааны явц, завсарлагааны үед зөвхөн цагдан хорих байрнаас ирүүлсэн хоолыг олгох ажлыг зохион байгуулах, шүүх хуралдааны дараа тусгаарлах өрөөнд байнгын хяналтанд харгалзах;

3.8.9.цагдан хоригдсон яллагдагч, ялтны гар, хөл, хурууны гав болон бусад тусгай хэрэгслийг тухайн хамгаалалтын офицерийн зөвшөөрлөөр тайлж салгах;

3.8.10.шүүх хуралдааны явцад оролцогчдын зүгээс шүүгч, шүүх бүрэлдэхүүн рүү аюултай байдлаар халдсан, довтолсон бол уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор хуралдаан даргалагчийн шийдвэргүйгээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг түр танхимаас авч гарах.

3.9.Хамгаалалтын офицер, цагдаа нь шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг сахин хамгаалж, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн яллагдагч, шүүгдэгч, ялтан, бусад оролцогчийг шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийн дагуу хуралдааны танхимаас гаргана.

3.10.Хамгаалалтын цагдаа гэж шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг журам сахиулах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх, түр саатуулах өрөөнд яллагдагч, шүүгдэгч, ялтанг харгалзах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчийг ойлгоно

3.11.Хамгаалалтын офицер, цагдаа нь яллагдагч, шүүгдэгч, ялтныг шүүх хуралдааны завсарлага болон шүүх хуралдаан дууссаны дараа дараах байдлаар түр саатуулах өрөөнд тусгаарлана:

3.11.1.насанд хүрээгүй яллагдагчийг, насанд хүрсэн яллагдагч, ялтнаас;

3.11.2.эмэгтэй яллагдагч, ялтныг эрэгтэй яллагдагч, ялтнаас;

3.11.3.онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа шийтгүүлсэн яллагдагч, ялтныг анх удаа гэмт хэрэг үйлдсэн яллагдагч, ялтнаас;

3.11.4.нэг гэмт хэрэгт холбоотой яллагдагч, ялтныг.

3.12.Тусгаарлан харгалзаж байгаа яллагдагч, шүүгдэгч, ялтанг бусад этгээдтэй харилцах, аливаа эд зүйл дамжуулахгүй байх арга хэмжээг авна.

3.13.Шүүх хуралдааны явц, завсарлах, дуусах үед яллагдагч, шүүгдэгч, ялтанг өмгөөлөгчөөс бусад хүмүүстэй уулзуулах, эд зүйл дамжуулах, оруулахгүй байхад хяналт тавина.

3.14.Шүүх хуралдаан завсарлах, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох үед хуралдаан даргалагч тусгайлан дэг тогтоогоогүй бол шүүх хуралдааны өмнө танилцуулсан дэгийг хамгаалалтын цагдаа үргэлжлүүлэн сахиулна.

3.15.Шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүх хуралдаан даргалагч шүүгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгээр аюулгүй байдлыг хангасны дараа гэр бүл, төрөл садангийн хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна.

3.16.Хамгаалалтын офицер, цагдаа нь шүүх хуралдааны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн ялтан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг хуяглан хүргэгчид энэ журамд заасны дагуу хүлээлгэн өгнө.

3.17.Энэ журмын 3.14-т заасан уулзалтын үеэр хууль тогтоомжоор хориглосон зүйл, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд хамгаалалтын офицер, цагдаа уулзалтыг нэн даруй таслан зогсооно.

3.18.Яллагдагч, ялтны амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан, бусад этгээдийн зүгээс түүнд заналхийлсэн, довтолсон тохиолдолд хамгаалалтын офицер, цагдаа тухайн этгээдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.

3.19.Цагдаагийн алба хаагч нь шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

3.20.Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй тохиолдолд  тухайн шүүх дэх хамгаалалтын офицер, цагдаа болон Шүүхийн тамгын газрын дарга нэмэлт хамгаалалт хийх санал гаргах бөгөөд хамгаалалтын арга хэмжээг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

3.21.Хамгаалалтын офицер, цагдаа баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтныг болон баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх, хүлээн авах бүртгэлийг хөтөлнө.

3.22.Хамгаалалтын офицер, цагдаа нь иргэний хэргийн шүүх хуралдааны журам сахиулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.4, 102 дугаар зүйлийн 102.2, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хуралдаан даргалагчийн шийдвэрийг биелүүлж ажиллана.

3.23.Хамгаалалтын офицер, цагдаа нь захиргааны хэргийн шүүх хуралдааны журам сахиулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйл, 93 дугаар зүйлийн 93.2, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг биелүүлж ажиллана.

3.24.Шүүх хуралдаан дууссаны дараа хамгаалалтын офицер, цагдаа тэмдэглэл хөтөлнө.

3.25.Шүүх хурлын явцад гэрэл зураг авах, дуу, дуу дүрсний бичлэг хийх, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрээр явуулна.

3.26.Шүүх хуралдаан дууссаны дараа танхимаас оролцогчдыг гаргах, цагдан хоригдсон болон баривчлах, хорих ял шийтгүүлсэн этгээдийг хуяглан хүргэх чиг үүрэг бүхий алба хаагчид хүлээлгэн өгнө.

3.27.Цагдаагийн албаны алба хаагч шүүх хуралдааны журам сахиулах үед дараах зүйлийг хориглоно:

3.27.1.шүүхийн дотоод үйл ажиллагаатай холбоотой ажил үүрэг гүйцэтгэх;

3.27.2.албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах;

3.27.3.шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг задруулах;

3.27.4.яллагдагч, шүүгдэгч, ялтанг хяналтгүй орхих;

3.27.5.холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гар, хөл, хурууны гав, бусад тусгай хэрэгслийг тайлах, салгах;

3.27.6.яллагдагч, шүүгдэгч, ялтан нартай хувийн харьцаа тогтоох.

3.28.Шүүх хуралдааны дараа баривчлах, хорих ялаар шийтгүүлсэн ялтанг гэр бүлийн хүмүүстэй уулзуулах үед дараах эд зүйл дамжуулахыг хориглоно:

3.28.1.өөрийн бие, эрүүл мэндэд хохирол, гэмтэл учруулах буюу бусдын эсрэг зэвсгийн чанартай ашиглаж болох эд зүйл;

3.28.2.согтууруулах, мансууруулах үйлчилгээ бүхий бүх төрлийн ундаа, бодис;

3.28.3.мөнгөн дэвсгэрт;

3.28.4.зөвшөөрөлгүй эм, эмийн бүтээгдэхүүн;

3.28.5.гар утас болон бусад холбооны төхөөрөмж;

3.28.6.хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан ном хэвлэл, бичлэг;

3.28.7.гэрэл зургийн болон дуу, дуу дүрс бичлэгийн техник хэрэгсэл;

3.28.8.хоол, хүнсний бүтээгдэхүүн.

Дөрөв.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах

4.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцна.

4.2.Хамгаалалтын арга хэмжээнд дараах шаардлага, нөхцөлийг харгалзана:

4.2.1.хамгаалалтын арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, аюулгүй байдалд харшлахгүй байх;

4.2.2.хамгаалалтын арга хэмжээний нэр, төрөл, нууцлалын нөхцөл, шуурхай байдал;

4.2.3.хамгаалалтын арга хэмжээ нь хууль сахиулах байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй харилцахдаа саад учруулахгүй, аюулгүй байдлыг хангасан байх;

4.2.4.хамгаалалтын арга хэмжээний гэрээ, төлөвлөгөөтэй байх;

4.3.Шүүн таслах ажиллагаатай холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан, эсхүл учирч болзошгүй бодит нөхцөл байдал үүсвэл шүүгч өөрийгөө болон гэр бүлийн гишүүн, эд хөрөнгөө хамгаалалтад авхуулах тухай хүсэлтээ шүүхийн тамгын газар болон цагдаагийн байгууллагад амаар, эсхүл бичгээр гаргана.

4.4.Улаанбаатар хотод Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, орон нутагт нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга хүсэлтийг хүлээн авч нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын арга хэмжээг нэн даруй зохион байгуулахаас гадна мэдээллийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ. 

4.5.Цагдаагийн байгууллага хамгаалалтад авах шийдвэр гарсны дараа энэ тухай шүүгчид мэдэгдэж, хамгаалалтад авах тухай гэрээ байгуулж, үйл ажиллагааны талаар төлөвлөгөөг боловсруулан нэгжийн даргаар батлуулна.

         Гэрээнд дараахь зүйлийг тусгана:

4.5.1.гэрээний үндсэн нөхцөл, талуудын эрх, үүрэг;

4.5.2.хамгаалалтын хамрах хүрээ, чиглэл, хугацаа;

4.5.3.хамгаалагчийн тоо, хамгаалагчийн гүйцэтгэх ажил, үүрэг, ашиглах техник, тусгай хэрэгсэл;

4.5.4.хамгаалалтын арга хэмжээний хугацааг сунгах, зогсоох нөхцөлийг дэлгэрэнгүй тусгах.

4.6.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлын хамгаалалтыг биечлэн дагах хэлбэрээр зохион байгуулна.

4.7.Цагдаагийн алба хаагч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор биеийн хүч, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

4.8.Хамгаалалтад авах шүүгч, шүүх бүрэлдэхүүнд ажлын байранд учирч болох аюул, эрсдлийг тооцож мэдэгдэх, урьдчилан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээний дэг горимыг мөрдөх сургалт явуулна.

4.8.Шүүхийн тамгын газар цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хамгаалалтад байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүхэд нэвтрэх ажилтнуудын картын нууцлалыг тухай бүр солих, шүүгч, шүүхийн ажилтны өрөө, шүүхийн барилга байгууламжид нэвтрэх, гарах хэсэг, эвлэрүүлэн зуучлах хэсэг, авто машины ил, далд зогсоол, лифт, коридор, уулзалтын өрөө зэргийг хамгаалалтын дохиолол, камерын хяналтад авах ажлыг зохион байгуулна.

4.9.Цагдаагийн байгууллага хамгаалалтыг зогсоохдоо тухайн шүүгч, шүүхийн тамгын газартай зөвшилцөнө.

4.10.Шүүгч хамгаалалтын талаар мэдээлэл авах эрхтэй бөгөөд хамгаалалтыг хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагч хууль бус шийдвэр, үйлдэл гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргах эрхтэй.

4.11.Заналхийлэл болон бодит аюул занал таслан зогсоогдсон эсхүл арилсан нь бүрэн тогтоогдохоос өмнө хамгаалуулахаас татгалзвал үүнээс учирч болох эрсдлийг шүүгч өөрөө бүрэн хариуцна.

4.12.Хамгаалалтад байгаа шүүгчийн хамгаалалттай холбогдон тавьсан хууль ёсны хүсэлт, шаардлагыг цагдаагийн алба хаагч биелүүлэх үүрэгтэй.