- Нүүр
- Сайдын тушаал
- Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам
ХЗДХС, ШЕЗ-ийн даргын хамтарсан 2021 оны А/116/65 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхийзөвлөлийн даргын
2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
ЯЛЛАГДАГЧИЙГ ХУЯГЛАН ХҮРГЭХ, АЛБАДАН ИРҮҮЛЭХ, ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор яллагдагчийг хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
1.3.Шүүх, цагдаагийн байгууллага энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
Хоёр.Хуяглан хүргэх ажиллагаа
2.1.Хуяглан хүргэх ажиллагааг цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ. Ялтанг хуяглан хүргэх ажиллагаанд энэ журам хамаарахгүй. Хуяглан хүргэх ажиллагаа гэж яллагдагч, шүүгдэгчийг нэг обьектоос нөгөө обьектод харуул хамгаалалтын хяналт дор явганаар болон тээврийн хэрэгсэл ашиглаж хүргэх ажиллагааг ойлгоно.
2.2.Хуяглан хүргэх ажиллагаа нь ердийн, хүч нэмэгдүүлсэн, тусгай гэсэн гурван төрөлтэй байна.
2.3.Нийгэмд учруулах аюулын эрсдэл багатай, нэгээс илүүгүй яллагдагч, шүүгдэгчийг шүүхээс ирүүлсэн шийдвэр, мэдэгдэх хуудсыг үндэслэн хуяглан хүргэх, албадан ирүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа хоёр, эсхүл түүнээс дээш алба хаагчийн гүйцэтгэж байгаа ажиллагааг ердийн хуяглан хүргэх ажиллагаа гэнэ.
2.4.Хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагааг энэ журмын 3 дугаар зүйлд заасны дагуу явуулна.
2.5.Хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай яллагдагч, шүүгдэгчийг зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэхийг тусгай нөхцөлөөр хуяглан хүргэх гэнэ. Энэ тохиолдолд хорих байгууллагын эмнэлгийн эмч, эсхүл эмнэлгийн ажилтан байлцуулж болно.
2.6.Цагдаагийн байгууллага шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллийг үндэслэн хүн, хүч, техник хэрэгсэл, газар орны болон цаг уурын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарийг гаргана.
2.7.Хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарьт дараах зүйлсийг тусгана:
2.7.1.төлөвлөгдөж буй ажлын мэдээлэл;
2.7.2.явах замын чиглэл, хэмжээ, хугацаа;
2.7.3.үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо;
2.7.4.хуяглан хүргэх ажиллагааны төрөл;
2.7.5.холбоо, техник, тээврийн хэрэгсэл;
2.7.6.галт зэвсэг, тусгай хэрэгсэл;
2.7.7.мэдээлэл дамжуулах, холбоо барих горим;
2.7.8.техникийн бүрэн бүтэн байдал;
2.7.9.аюулгүй ажиллагааны зааварчилгаа;
2.7.10.төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тайлагнах;
2.7.11.хуяглан хүргэх ажиллагааны төрөл, онцлогоос /ердийн, тусгай/ хамаарч төлөвлөгөөнд хавсралт хуваарь гаргаж болно.
2.8.Холбогдох шүүхийн тамгын газраас ирүүлсэн шүүх хуралдааны товыг үндэслэн цагдаагийн байгууллага хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэх хамгаалалтын офицер, хамгаалалтын болон харуулын цагдаа /цаашид “алба хаагч” гэх/, бүрэлдэхүүн, тээврийн хэрэгслийн ажиллах хуваарийг гаргана.
2.9.Яллагдагч, шүүгдэгчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай шийдвэрийг шүүхийн тамгын газраас цагдан хорих төв байр, цагдан хорих байр, цагдаагийн байгууллагад урьдчилан хүргүүлнэ.
2.10.Хуяглан хүргэх ажиллагаанд хэрэглэх холбоо, техник, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг бүртгэлээр хүлээлцэж аюулгүй ажиллагааны зааварчилгааг хуяглан хүргэх алба хаагчид танилцуулж баталгаажуулна.
2.11.Хуяглан хүргэхээр томилогдсон алба хаагчийн хувийн болон албаны бэлтгэлийг шалгасны дараа дараах мэдээллийг шууд удирдах даргаас авна. Үүнд:
2.11.1.яллагдагч, шүүгдэгчийн овог, нэр, хэргийн зүйл, хэсэг;
2.11.2.яллагдагч, шүүгдэгчийг хүлээлгэж өгөх, хүлээн авах алба хаагч, явах чиглэл, хугацаа, мэдээлэл дамжуулах, холбоо барих горим;
2.11.3.хуяглан хүргэлтийн тээврийн хэрэгслийн байршил тогтоох багаж (GPS), дуу, дүрс бичлэгийн болон холбооны хэрэгслийн бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгах.
2.12.Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагааны хамрах хүрээ:
2.12.1.цагдан хорих байрнаас шүүхэд;
2.12.2.шүүхээс цагдан хорих байранд;
2.12.3.иргэний шүүх хуралдааны оролцогч /яллагдагч/-ийг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд;
2.12.4.иргэний шүүх хуралдааны оролцогч /яллагдагч/-ийг шүүхээс цагдан хорих байранд;
2.12.5.нэг цагдан хорих байрнаас нөгөө цагдан хорих байранд;
2.12.6.шүүхээс сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд;
2.12.7.сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шүүхэд;
2.13.Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагааны үед аюулгүй байдлыг хангаж, нууцлалыг чанд хадгална.
2.14.Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагаанд дуу, дуу дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглаж болно.
2.15.Хуяглан хүргэх ажиллагаанд ашиглагдаж байгаа автомашин нь дуут дохио, стандартын дагуу тусгаарлах кабин, бэхлэгдсэн сандал, бэхэлгээний тоноглол, цонх, хаалга, хамгаалалтын тортой байна.
2.16.Хуяглан хүргэлтийг ахалж буй алба хаагч цагдан хорих байр, шүүхийн дуудах хуудсаар баталгаажсан нэрсээр яллагдагч, шүүгдэгчийг хүлээн авахдаа бие болон эд зүйлд үзлэг хийж ээлжийн бүрэлдэхүүнд тэмдэглэл үйлдэн хүлээлцэнэ. Үзлэгээр хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөнөөс бусад эд зүйл илэрвэл хураан авч, цагдан хорих байрны ээлжийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгнө.
2.17.Яллагдагч, шүүгдэгчийн овог нэр, бичиг баримт зөрүүтэй тохиолдолд хүлээлцэхээс татгалзана.
2.18.Шаардлагатай үед хуяглан хүргэх бүрэлдэхүүн яллагдагч, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалд эмчийн магадлагаа гаргуулна.
2.19.Яллагдагч, шүүгдэгчид нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг цагдан хорих байр хамгаалалтын бүсэд байрлуулсны дараа нэг нэгээр нь хянан харгалзаж суулгаж, буулгана.
2.20.Эмэгтэй яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх тохиолдолд уг ажиллагааг эсрэг хүйсийн яллагдагч, шүүгдэгчээс тусгаарлаж хуяглан хүргэнэ.
2.21.Насанд хүрээгүй болон сэтгэцийн өвчтэй яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх үед шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйч алба хаагч, эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж болно.
2.22.Амьсгалын замын цочмог халдварт өвчтэй яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэж байгаа тохиолдолд хуяглан хүргэх бүрэлдэхүүн болон бусад этгээдүүдийг амны хаалт, хамгаалах бээлийгээр хангасан байна. Энэ талаар шүүхэд урьдчилан мэдэгдэнэ.
2.23.Хуяглан хүргэх ажиллагаанд яллагдагч, шүүгдэгчийг хооронд нь болон гадаад орчинтой харьцахыг хориглох бөгөөд тэдний харах орчинг хязгаарлаж болно.
2.24.Хуяглан хүргэх ажиллагааны явцын талаарх мэдээллийг бүрэлдэхүүн ахалж байгаа алба хаагч тухай бүр харьяалах нэгжийн жижүүрт мэдээлнэ.
2.25.Хуяглан хүргэх жолооч тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж зөвшөөрөгдсөн чиглэлээр хуяглан хүргэлтийг явуулна.
2.26.Хуяглан хүргэлтийн ажиллагааны явцад дараах нөхцөл үүсвэл түр зогсолт хийж болох ба энэ тохиолдолд энэхүү журмын 2.24-д заасныг баримтална:
2.26.1.яллагдагч, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орох;
2.26.2.тээврийн хэрэгслийнтехникийн эвдрэл, гэмтэл;
2.26.4.байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл;
2.26.5.халдлага болсон тохиолдолд.
2.27.Хуяглан хүргэх жолооч зайлшгүй шаардлагын улмаас тээврийн хэрэгслийг зогсоох үед хөдөлгүүрийг унтрааж, түлхүүрийг биедээ авах бөгөөд жолоог бусдад шилжүүлэх, бүхээгээс гарахгүй байх үүрэг хүлээнэ.
2.28.Байгалийн хүчин зүйлийн нөлөөллийн үед харьяалах бусад алба, онцгой байдлын албатай харилцан хамтран ажиллана.
2.29.Хуяглан хүргэх ажиллагааны үед халдлага гарсан тохиолдолд дараах журмын дагуу ажиллана:
2.29.1.Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штабт халдлага үүссэн нөхцөл байдлын талаар нэн даруй мэдэгдэх;
2.29.2.хуяглан хүргэх бүрэлдэхүүн нь халдлагын нөхцөл байдалд үнэлэлт өгч гэмт үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах;
2.30.Халдлагын явцад гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлж хуяглан хүргэлтийг үргэлжлүүлнэ.
2.31.Яллагдагч, шүүгдэгчийг шүүхэд тогтоосон хугацаанд хуяглан хүргэх боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа шүүхийн тамгын газарт мэдэгдэнэ.
2.32.Хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, хуяглан харгалзахад дараах зүйлийг хориглоно:
2.32.1.галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хамгаалалтын үүргийг бусдад шилжүүлэх;
2.32.2.зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд галт зэвсгийг сумлах;
2.32.3.зориулалтын бус, техникийн аюулгүй байдал хангагдаагүй тээврийн хэрэгсэл ашиглах;
2.32.4.хуяглан хүргэж байгаа тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд гадны хүн, ачаа тээвэрлэх,
2.32.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргэх чиглэл, байршлыг өөрчлөх;
2.32.6.хуяглан хүргэх болон хуяглан харгалзаж байгаа этгээдийг хяналтгүй орхих, гадны хүнтэй уулзуулах;
2.32.7.зурвас, захиа, холбооны хэрэгсэл, эд зүйлс дамжуулж өгөх, авах;
2.32.8.хуяглан хүргэх ажиллагааны нууцлалыг задруулах;
2.32.9.хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааг зохих журам, батлагдсан хуваарь, төлөвлөгөөнөөс гадуур зохион байгуулах;
2.32.10.техникийн гэмтэл, саатал болон байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарснаас бусад тохиолдолд хуяглан хүргэх үед зөвшөөрөгдөөгүй газарт зогсох;
2.32.11.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглүүлэх.
Гурав.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаа
3.1.Дор дурдсан этгээдийг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэнэ:
3.1.1.олон удаагийн ял шийтгэлтэй, онц аюултай гэмт хэрэгтэн;
3.1.2.олон улсын террорист байгууллага, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, зохион байгуулалттай гэмт хэрэгт шалгагдаж байгаа;
3.1.3.шүүгдэгч, яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд өөрчлөлт орсон;
3.1.4.амиа хорлох болон удаа дараа оргож байсан, оргохыг завдсан;
3.1.5.хууль сахиулах байгууллагын ажилтны эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлсэн;
3.1.6.хүндрүүлэх нөхцөл байдалтай бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн;
3.1.7.олны анхаарал татсан, олон хохирогчтой болон нэг хэргийн хамтран оролцогчид;
3.2.Энэ журмын 3.1-д заасан хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаа явуулах тушаалыг эрх бүхий албан тушаалтан батална.
3.3.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарьт энэ зүйлийн 2.7-д зааснаас гадна ажиллагааг удирдах албан тушаалтан, алба хаагчийн тоо, хүн нэг бүрийн гүйцэтгэх үүргийг тусгана.
3.4.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэж байгаа албан хаагчдын тоо, яллагдагч, шүүгдэгчийн тооны хоёрны нэгээс багагүй байна.
3.5.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаанд яллагдагч, шүүгдэгч саад учруулсан, эсэргүүцсэн, оргохыг завдсан, хуяглан хүргэлтэд гаднаас халдан довтолсон тохиолдолд биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ.
3.6.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчийн аюулгүй байдал, ажиллагааны нууцлал, хэвийн нөхцөлийг хуяглан хүргэх бүрэлдэхүүн хангана.
3.7.Хуяглан хүргэх бүрэлдэхүүний албаны болон хувийн бэлтгэлийг хангах талаар шууд удирдах дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ:
3.7.1.хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны нууцлалыг хангах талаар үүрэг, чиглэл өгөх;
3.7.2.хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, явах замын нөхцөлд тохирох эсэхийг шалгах;
3.7.3.үүрэг гүйцэтгэх алба хаагчийн хувийн болон албаны бэлтгэлийг биечлэн шалгах.
3.8.Яллагдагч, шүүгдэгчийг галт тэрэг, нисэх онгоцоор хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх бол очих газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, жижүүрт урьдчилан мэдэгдэнэ.
3.9.Яллагдагч, шүүгдэгчийг хүлээн авах цагдаагийн байгууллага шаардлагатай тээврийн хэрэгсэл, хүч, хэрэгсэлтэйгээр галт тэрэг, нисэх онгоцны буудал, нисдэг тэрэг буух газарт урьдчилан очиж, аюулгүй байдлыг ханган цагдан хорих байранд хуяглан хүргэх алба хаагчдыг томилон үүрэг гүйцэтгүүлнэ.
3.10.Яллагдагч, шүүгдэгчийг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэхдээ болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор явах замын чиглэлийг 2-оос доошгүй хувилбараар боловсруулж, чиглэлийн дагуу тээвэрлэнэ.
3.11.Хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаанд албаны нохой ашиглаж болно.
Дөрөв.Албадан ирүүлэх ажиллагаа
4.1.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг үндэслэн яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ.
4.2.Албадан ирүүлэх ажиллагааг дараах нөхцөлд гүйцэтгэсэнд тооцно:
4.2.1.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу нэр дурдагдсан иргэнийг албадан ирүүлсэн эсхүл сайн дураараа шүүхэд ирсэн;
4.2.2.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчингүй болсон;
4.2.3.тогтоол, захирамжид нэр дурдагдсан иргэн нас барсан.
4.3.Албадан ирүүлэх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид нэр дурдагдсан иргэн тухайн хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдвол ажлын 3 өдөрт багтаан тогтоол, захирамжийг холбогдох материал /тайлбар, тодорхойлолт, илтгэх хуудас г.м/-ын хамт харьяалах шүүхэд буцаан хүргүүлнэ.
4.4.Албадан ирүүлэх ажиллагааны үед хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтална.
4.5.Албадан ирүүлэх ажиллагаанд оролцох алба хаагчийн тоо, техник хэрэгслийг цагдаагийн байгууллага тогтооно.
4.6.Албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд нь халдах, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгох, зохион байгуулалттайгаар албадан ирүүлэх арга хэмжээг хүч хэрэглэн эсэргүүцэх, нийтийн эзэмшлийн болон бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгосон, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж айлган сүрдүүлэх, заналхийлэх, техник хэрэгсэл ашиглах, хувийн орон байр, албан байгууллага, хилийн болон тусгай дэглэмтэй байгууллагын эзэмшил газар ашиглах зэрэг нөхцөл үүссэн үед хүч нэмэгдүүлэн гүйцэтгэж болно.
4.7.Албадан ирүүлэх ажиллагааг зөвхөн ажлын өдөр, өдрийн цаг буюу 06-22 цагийн хооронд гүйцэтгэнэ.
4.8.Албадан ирүүлэх ажиллагаанд биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хэрэглэнэ.
4.9.Албадан ирүүлэх ажиллагааг хүч нэмэгдүүлэн гүйцэтгэх тохиолдолд дуут дохио, стандартын дагуу тусгаарлах кабин, бэхлэгдсэн сандал, бэхэлгээний тоноглол, цонх, хаалга нь тусгай тоноглогдсон автомашин ашиглана.
4.10.Эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагаанд эмэгтэй алба хаагч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж болно.
4.11.Албадан ирүүлэх ажиллагаанд соронзон бичлэг, дүрс, дуу бичлэг, гэрэл зураг, чанга яригч техник хэрэгсэл ашиглан баримтжуулна.
4.12.Албадан ирүүлэх ажиллагааг хүч нэмэгдүүлэн явуулж байгаа тохиолдолд албаны нохой ашиглаж болно.
4.13.Албадан ирүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бусад хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагын хүн, хүч, техник хэрэгслийг татан оролцуулж болно.
4.14.Албадан ирүүлэх ажиллагааны талаар шүүхийн тамгын газар дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
4.14.1.шүүх, шүүгчийн гаргасан албадан ирүүлэх тогтоол, захирамжийг цагдаагийн байгууллагад нэн даруй хүргүүлэх;
4.14.2.цагдаагийн байгууллагын хүсэлтээр албадан ирүүлэх тогтоол, захирамжид дурдсан этгээдийн талаар шаардлагатай мэдээллээр хангах;
4.14.3.шүүх, шүүгчийн гаргасан тогтоол, захирамжийн биелэлтэд хяналт тавих.
4.15.Цагдаагийн байгууллага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
4.15.1.шүүхийн тамгын газраас ирүүлсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүлээн авч бүртгэл хөтлөх;
4.15.2.албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх алба хаагчийг томилох;
4.15.3.ажиллагаа гүйцэтгэх шийдвэрт шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн огноо, дугаар, хугацаа, тухайн этгээдийн овог нэр, гэр, ажлын хаяг, газар орон, байршил, ажиллагаанд хэрэглэгдэх хүч хэрэгсэл, техник хэрэгсэл, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдах;
4.15.4.ажиллагаа гүйцэтгэх шийдвэрийг нэгдсэн бүртгэлд оруулж, бүртгэлийн дугаар авч, ажиллагаа дуусгавар болсны дараа тэмдэглэл үйлдэж бүртгэлийг хаах;
4.15.5.ажиллагаа гүйцэтгэх шүүгчийн захирамжид дурдагдсан этгээдийн талаарх шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох нэгжээс авах;
4.16.Албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх цагдаагийн алба хаагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
4.16.1.албадан ирүүлэх захирамжид нэр дурдагдсан этгээдийн талаар мэдээлэл цуглуулах, төрийн болон холбогдох бусад байгууллагаас шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй гаргуулан авах;
4.16.2.албадан ирүүлэх ажиллагааны талаар илтгэх хуудсаар шууд удирдах даргад танилцуулах;
4.16.3.тухайн иргэнд өөрийн албан тушаал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, холбогдох хуулийн заалтыг танилцуулах;
4.16.4.ажиллагааны явцад алба хаагч нууцлалыг хангаж ажиллах бөгөөд албан үүрэг гүйцэтгэх үедээ олж мэдсэн хувийн болон хууль тогтоомжид заасан нууцыг задруулах, ашиглахыг хориглоно.
4.17.Албадлагын арга хэмжээ гүйцэтгэх талаар мэдэгдэж шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхийг зөвшөөрвөл аюулгүй байдлыг ханган, биед нь болон эд зүйлд үзлэг хийж, шүүхэд хүргэнэ.
4.18.Энэ зүйлийн 4.17 дахь хэсэгт заасан шаардлагыг үл биелүүлбэл дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.18.1.орон байр, эзэмшил газар, автомашин, албан байгууллагад нэвтрэх;
4.18.2.албадан ирүүлэх ажиллагааны явцад тулгарсан саадыг холдуулах, зайлуулах, хаалга, хаалт, цонхыг онгойлгох, нэвтрэх зам чөлөөлөх;
4.18.3.ажиллагааны явцад эсэргүүцсэн этгээдийн довтолгооныг няцаах, баривчлах, бичиг баримт шалгах, хүний бие болон эд зүйлд үзлэг хийх, хуулиар хориглосон эд зүйлийг хураан авах, түр саатуулагдсан хүмүүсийн хувийн байдлыг тогтоох, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах;
4.18.4.ажиллагааны явцад оргон зайлах үйлдэл гаргавал хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл болон харилцаа холбооны хэрэгслийг дайчлан ашиглах;
4.18.5.ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг бүлэглэн эсэргүүцэх, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд уриалах, бүлэглэн довтлох, эмх замбараагүй байдал үүсгэх, техник хэрэгсэл, зэвсгийн чанартай болон тусгай зориулалтын хэрэгсэл ашиглан саад учруулах, галт болон бусад зэвсэг хэрэглэн эсэргүүцэх үед таслан зогсоох арга хэмжээг авч шаардлагатай тохиолдолд хууль сахиулах байгууллагаас нэмэлт хүн, хүч, техник, хэрэгслийг дайчлан ажиллуулах;
4.18.6.ажиллагаа дуусгавар болсны дараа ажиллагааны үед нийтийн эзэмшлийн барилга байгууламж, эд зүйл, техник хэрэгсэлд учирсан хохирлыг тооцох, арилгах, нөхөн сэргээх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулах;
4.18.7.албадан ирүүлэх ажиллагааны зардлыг гаргаж тооцон, холбогдох хуульд заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлөх ажлыг гүйцэтгэх.
4.19.Дараахь тохиолдолд албадан ирүүлэхийг хориглоно:
4.19.1.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бодит нөхцөл үүссэн, оргон зугатах үйлдэл гаргасан зэргээс бусад тохиолдолд шөнийн цагт албадан ирүүлэх;
4.19.2.жирэмсэн эмэгтэй, сэтгэцийн өвчтэй, 14 нас хүрээгүй этгээд, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон хүнд өвчтэй оролцогчийг.
4.20.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг үндэслэн албадан ирүүлэх ажиллагааг хэрэгжүүлсэн мэдээллийг цагдаагийн байгууллага нэгтгэн, тухайн шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд сар бүр хүргүүлнэ.
Тав.Эрэн сурвалжлах ажиллагаа
5.1.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага холбогдох хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.
5.2.Цагдаагийн байгууллага тодорхой этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааны мэдээллийг харьяалах шүүх, шүүхийн тамгын газарт 14 хоног тутам хүргүүлнэ.
5.3.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн тухай мэдээг цагдаагийн байгууллага сар бүр тухайн шүүхийн тамгын газарт, улсын хэмжээний мэдээг улирал тутам Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус хүргүүлнэ.
Зургаа.Бусад зүйл
6.1.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.
6.2.Энэ журамд хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөлт оруулж болно.
6.3.Шүүхийн байгууллагаас цагдаагийн байгууллагад өгөх ёстой мэдээллийг өгөөгүйгээс үүсэн гарсан үр дагаврыг цагдаагийн байгууллага хариуцахгүй.
Текст томруулах
A
A
A