- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Оршил
Батлан хамгаалах яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Батлан хамгаалахын сайд (цаашид “сайд” гэх) болон Засгийн газрын шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн улсыг батлан хамгаалах бодлого, стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, хууль, эрх зүйн хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, батлан хамгаалах бодлогын бодлогын хэрэгжилт, хэрэгжилтийн явц, дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсвийн бодлого, зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2.Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3.Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;
-Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;
-Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль;
-Зэвсэгт хүчний тухай хууль;
-Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Дайчилгааны тухай хууль;
-Холбогдох бусад хууль тогтоомж.
1.4.Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны болон цэргийн байгуулалтын онол, олон улсын туршлагад тулгуурлан гадаад, дотоод аюулгүй байдлын орчин, батлан хамгаалахын хөгжлийн чиг хандлагад шинжилгээ хийж, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүйг хэрэглэв.
1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Батлан хамгаалах яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын танхимд бүх талын мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь батлан хамгаалах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны болон төсөв, хөрөнгө оруулалтын удирдлагаар хангах, батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудалд Засгийн газар, яамны зүгээс өргөн хүрээтэй хандаж, зохистой оновчтой удирдана. Батлан хамгаалах яам нь ерөнхий чиг үүргийн яам байж, Засгийн газрын батлан хамгаалахын зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.6.Батлан хамгаалах бодлого, стратегийн төлөвлөлтийн зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны батлан хамгаалах бодлого, стратегийн төлөвлөлтийн зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үндсэн үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байна.
Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ БОДЛОГО, СТРАТЕГИЙН УДИРДЛАГА
ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Батлан хамгаалах яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын танхим байна.
Яамны стратегийн бодлого зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн бодлого зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, алба хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги
2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1.олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлого, зорилтыг тодорхойлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх;
2.2.2.улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур эрх ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх;
2.2.3.Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт нийцсэн орон нутгийн хамгаалалт, улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөлт, тогтолцоог боловсронгуй болгох;
2.2.4.улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа нь иргэн бүрийн оролцоонд тулгуурлаж, цэргийн албыг иргэний төлөвшил, эх оронч үзэл хүмүүжлийн үндэс байх бодлогыг хэрэгжүүлэх;
2.2.5.батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх;
2.2.6.Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлж, хөгжлийн төлөвлөлтийг шинэчлэн тодорхойлж, зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах арга хэмжээг чухалчлан бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх;
2.2.7.энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх бодлого баримтлах;
2.2.8.батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгож, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
2.2.9.батлан хамгаалах салбарт ажиллагсдын алба хаах нөхцөлийг сайжруулж, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх.
2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго
Яамны эрхэм зорилго нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах явдал мөн.
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх хууль тогтоомжийн төсөл, бодлогын төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
2.4.2.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийг боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
2.4.3.батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохицуулах;
2.4.4.батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах;
2.4.5.батлан хамгаалах салбарын дотоод үйл ажиллагаанд
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
2.5.Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
2.5.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1.хууль тогтоомжийн төсөл, бодлогын төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах, салбарын хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах;
2.5.1.2.Монгол Улсын батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөн, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, гадаад хамтын ажиллагаа болон энхийг дэмжих ажиллагаа, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлого, арга хэмжээг тодорхойлж зохион байгуулах, зохицуулах;
2.5.1.3.орон нутгийн хамгаалалтын болон улсын дайчилгааг төлөвлөх, тогтолцоог боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбарыг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.
2.5.2.үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод үйл ажиллагааг зохицуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлын бодлогын удирдамжаар хангах;
2.5.2.2.хүний нөөц, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж, бодлогын удирдамжаар хангах;
2.5.2.3.хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажилд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, захиргааны эрх зүйн баримт бичиг болон гэрээний эрх зүйн үндэслэлийг хянан зохицуулах;
2.5.2.4.батлан хамгаалах төсвийн төслийг боловсруулж, салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, зохицуулах.
2.5.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1.батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техникийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гадаадын зээл, тусламжийг зохицуулах;
2.5.3.2.материал хэрэгслийн хангалтын бодлого, үндсэн хөрөнгийн асуудлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах.
2.5.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1.батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх ажлыг зохицуулах;
2.5.4.2.хамтын ажиллагаатай улс орон, олон улсын байгууллагатай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалахын атташегийн албыг бэхжүүлэх, үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах.
2.5.5.үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1.батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүн, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
2.5.5.2.улсын болон салбарын хөтөлбөр төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх;
2.5.5.3.төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын төсвийн төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах.
2.6.Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, алба хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар
Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтална:
3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны алба хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
/Энэ хэсэгт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар тогтоолоор нэмэлт орсон/
3.3.Зохион байгуулалтын бүтэц
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1.стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх хууль тогтоомжийн төсөл, бодлогын төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөл, бодлогын төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах, салбарын хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах; Монгол Улсын батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөн, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, гадаад хамтын ажиллагаа болон энхийг дэмжих ажиллагаа, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлого, арга хэмжээг тодорхойлж зохион байгуулах, зохицуулах; орон нутгийн хамгаалалтын болон улсын дайчилгааг төлөвлөх, тогтолцоог боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбарыг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нэгж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалахын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэм хэмжээний цогц байдлыг хангах, батлан хамгаалахын нөөцийн менежментийг төлөвшүүлэх, зэвсэгт хүчний шинэчлэл, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулах, салбарын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг өргөжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгох, улсын дайчилгааны төлөвлөлт, тогтолцоог төгөлдөржүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлого, чиглэлийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж, сайдыг улс орныг батлан хамгаалах асуудлаар мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангаж, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, мэргэшлийн зөвлөгөө, цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, түүний батлан хамгаалах асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, батлан хамгаалах төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд байна.
3.3.2.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийг боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод үйл ажиллагааг зохицуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлын бодлогын удирдамжаар хангах; хүний нөөц, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж, бодлогын удирдамжаар хангах; хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажилд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, захиргааны эрх зүйн баримт бичиг болон гэрээний эрх зүйн үндэслэлийг хянан зохицуулах; батлан хамгаалах төсвийн төслийг боловсруулж, салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, санхүүгийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, зохицуулах, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулж хангах, гадаад, дотоодын цэргийн сургуулиудад боловсон хүчин бэлтгэх бодлогыг зохицуулан хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах хөтөлбөр, төсөл боловсруулах, батлан хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, цахим санг байгуулж, үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн техник, хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж, сүлжээний найдвартай ажиллагааг зохион байгуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яамны нээлттэй байдлыг хангах, иргэд, цэргийн алба хаагчдад үзүүлэх мэдээлэл, үйлчилгээний ажлыг бодлогын удирдамжаар хангах, батлан хамгаалах төсвийн төлөвлөлтийг нөөцийн зохицуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулж, батлан хамгаалах зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх, салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайд болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхыг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, Зэвсэгт хүчний анги, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, төрийн холбогдох бусад байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн албаны зөвлөл, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.3.бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техникийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гадаадын зээл, тусламжийг зохицуулах; материал хэрэгслийн хангалтын бодлого, үндсэн хөрөнгийн асуудлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд материал хэрэгслийн хангамжийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төсөл, хөтөлбөр боловсруулах, зэвсэглэл, техникийг шинэчлэхтэй холбоотой техник-эдийн засгийн үндэслэл, нөөцийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохицуулах, цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудаас үзүүлж буй тусламжийн бараа, материалыг хүлээн авах, батлан хамгаалах салбарын төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан илүүдэлтэй болон үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан зэвсэглэл, техник, эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын бүтээн байгуулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах зэрэгт чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад мэргэшлийн зөвлөгөө өгөх замаар батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, олон нийт, Зэвсэгт хүчний анги, байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, бусад холбогдох яам, агентлаг, Төрийн өмчийн хороо байна.
3.3.4.гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх ажлыг зохицуулах; хамтын ажиллагаатай улс орон, олон улсын байгууллагатай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалахын атташегийн албыг бэхжүүлэх, үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, харилцаа, хамтын ажиллагаатай улс орнууд, олон улсын байгууллагуудтай харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх замаар хамтын ажиллагааг хөгжүүлэх, батлан хамгаалах чадавхыг дээшлүүлж, Зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудтай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дадлагад оролцуулахад дэмжлэг үзүүлэх замаар улс орнуудтай харилцааг идэвхжүүлэх, гадаад орон, олон улсад зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцох, цэргийн боловсон хүчнийг гадаад орнуудад сургаж, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэгдэнэ. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын батлаг хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хэлбэрийг өргөжүүлэх замаар тус тус хангагдана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Гадаад харилцааны яам (Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсаас Монгол
Улсад суугаа Элчин сайдын яам), бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, элчин сайдын яамд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.
3.3.5.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд батлан хамгаалах салбарын дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүн, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; улсын болон салбарын хөтөлбөр төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх; төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын төсвийн төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгч бодлогын үр дүнг сайжруулах, салбарын хэмжээний дотоод аудитын хяналтыг хэрэгжүүлж төсөв, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит бүрдээ дүгнэлт зөвлөмж гаргах замаар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, яамны бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Зэвсэгт хүчний анги, байгууллага, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага, аудитын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон тооцоолох төвүүд байна. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 302 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
Текст томруулах
A
A
A