- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2016 оны 81 дүгээр
тогтоолын 6 дугаар хавсралт
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оршил
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2.Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэс болгов.
1.3.Хууль тогтоомжийн орчин:
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Газрын хэвлийн тухай хууль;
-Ашигт малтмалын тухай хууль;
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль;
-Байгаль орчныг хамгаалах тухай хууль;
-Үндэсний аюулгүй байдлын тухай хууль;
-Хөрөнгө оруулалтын тухай хууль;
-Газрын тосны тухай хууль;
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль;
-Цөмийн энергийн тухай хууль;
-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль;
-Агаарын бохирдлын тухай хууль;
-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого;
-Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого;
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;
-Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого;
-Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого;
-Үйлдвэр технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл;
-Бусад хууль тогтоомж.
1.4.Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулан ажилласан туршлага, мэдээллийг ашиглав.
1.5.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого, гэрээ, хэлэлцээрийн төсөл, стратегийн төлөвлөгөө, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангаж ажиллана. Мөн салбарын бодлогыг төлөвлөх, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын үр дүн, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа, холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги
2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тэргүүлэх чиглэлд тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1.геологийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
2.2.2.уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож бүх төрлийн ашигт малтмалыг олборлох, баяжуулах, борлуулах, экспортлох асуудлыг бодлогын удирдамжаар хангах замаар улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх;
2.2.3.хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, шинэчлэх, замаар хүнд үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх;
2.2.4.түлш, газрын тосны салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, олборлох, борлуулах хэмжээг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, био, эко, альтернатив түлшний үйлдвэрлэл, түлшний чанар, стандартыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах;
2.2.5.геологи, уул уурхай, түлш, хүнд үйлдвэрийн салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах;
2.2.6.салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;
2.2.7.геологи, уул уурхай, газрын тос, түлш, хүнд үйлдвэрийн салбарт техникийн шинэчлэлт хийж, байгаль орчинд хал багатай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
2.2.8.иргэний нийгмийн оролцоонд суурилсан ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” болон “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга”, тэдгээрийн зарчмууд болон стандартыг нэвтрүүлэх;
2.2.9.геологи, уул уурхай, газрын тос, түлш, хүнд үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журмыг боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах.
2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхэм зорилго нь ил тод, хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгоход оршино.
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.уул уурхайн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2.геологийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
2.4.3.түлш, газрын тосны салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.4.4.хүнд үйлдвэрийн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах
2.4.5.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.4.6.хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.4.7.хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн санхүүжилт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах;
2.5.Үйл ажиллагааны гол зорилт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1.уул уурхайн салбарыг хөгжүүлэх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх;
2.5.1.2.ашигт малтмалын ордуудыг олборлох, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зохицуулах болон ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.3.уул уурхайн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, бүтээгдэхүүний худалдаа, экспортын бодлогын удирдамжаар хангах.
2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1.геологийн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх;
2.5.2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоох, геологийн шинжлэх ухааны сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажлыг гүйцэтгэх бодлогын удирдамжаар хангах.
2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1.түлш, газрын тосны салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.3.2.газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.3.3.био болон эко, альтернатив түлшний үйлдвэрлэл, түлшний чанар, стандарт, агаарын бохирдлыг бууруулах бодлогыг төлөвлөх, боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.
2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1.хүнд үйлдвэрийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.4.2.хүнд үйлдвэрийн салбарт хар ба өнгөт төмөрлөгийн болон машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох бодлогын удирдамжаар хангах;
2.5.4.3.газрын тос, уламжлалт бус газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын удирдамжаар хангах.
2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1.төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн бодлого, аппаратын дотоод ажил болон олон нийттэй харилцах, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;
2.5.5.2.хууль тогтоомж, дүрэм журам, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сайд, Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, шаардлагатай тохиолдолд яамыг шүүх, арбитрт төлөөлөх, салбарын хэмжээнд авилгын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх;
2.5.5.3. салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, санал гаргах, дэмжлэг үзүүлэх;
2.5.5.4.салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх.
2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1.хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.6.2. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг гэрээ хэлцэлд бэлтгэх, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.6.3.геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн бодлого, улсын төсөв, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулалтаар хангах;
2.5.6.4.салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.
2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1.хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг нь үнэлж дүгнэх, дүгнэлт зөвлөмж гаргах;
2.5.7.2.хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөр, гэрээний хэрэгжилт болон иргэд, байгууллагын мэдээлэл, өргөдөл, гомдлын мөрөөр дотоодын хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах;
2.5.7.3.төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний яам, байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах;
2.5.7.4.улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах.
2.6.Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлсон байна.
Гурав.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим. (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);
3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар.
Дээр дурдсан зарчим болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараах загварыг санал болгож байна:
3.3.Зохион байгуулалтын бүтэц
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:
3.3.1.уул уурхайн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд уул уурхайн салбарыг хөгжүүлэх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх; ашигт малтмалын ордуудыг олборлох, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зохицуулах болон ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангах; уул уурхайн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, бүтээгдэхүүний худалдаа, экспортын бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах замаар энэ салбарын бодлогыг үндэсний аюулгүй байдал, иргэдийн хүсэн хүлээж байгаа хүсэл, ашиг сонирхолд нийцүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна.
Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.2.геологийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд геологийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд геологийн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх; Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоох, геологийн шинжлэх ухааны сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажлыг гүйцэтгэх бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын жил бүрийн төлөвлөгөөг батлуулах, үр дүнг тооцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайланд дүгнэлт өгч зөвлөмж гаргах, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хангах, геологийн салбарын үйл ажиллагааны заавар, стандарт аргачлал боловсруулж батлуулах ажлыг зохион байгуулах, геологийн судалгааг олон улсын жишигт хүргэх дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого боловсруулах, цацраг идэвхт ашигт малтмал хайх ажлыг бодлогын удирдамжаар хангах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг олон улсын жишигт нийцүүлэн кадастрын нэгж талбарын зарчимд шилжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулахад чиглэгдэж, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг геологийн салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам болон холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.
3.3.3.түлшний бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд түлш, газрын тосны салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд түлш, газрын тосны салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах; био болон эко, альтернатив түлшний үйлдвэрлэл, түлшний чанар, стандарт, агаарын бохирдлыг бууруулах бодлогыг төлөвлөх, боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна. Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг дүгнэлт, зөвлөмж, мэдээллээр хангаж, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, холбогдох бусад яам, агентлаг, хөрөнгө оруулалтын гэрээтэй аж ахуйн нэгж байна.
3.3.4.хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хүнд үйлдвэрийн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүнд үйлдвэрийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах; хүнд үйлдвэрийн салбарт хар ба өнгөт төмөрлөгийн болон машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох бодлогын удирдамжаар хангах; газрын тос, уламжлалт бус газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд техник, технологийн нэгж, металл бус үйлдвэрлэлийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж, ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана.
Энэ нэгж нь сайдыг хүнд үйлдвэрийн салбарын бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
3.3.5.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн бодлого, аппаратын дотоод ажил болон олон нийттэй харилцах, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах; хууль тогтоомж, дүрэм журам, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сайд, Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, шаардлагатай тохиолдолд яамыг шүүх, арбитрт төлөөлөх, салбарын хэмжээнд авилгын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх; салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, санал гаргах, дэмжлэг үзүүлэх; салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж, санхүүгийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах, төсвийн шууд захирагч болон төрийн жинхэнэ албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах ажлыг хариуцна. Мөн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, төсөв, санхүүгийн мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж, олон нийттэй харилцах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгж нь цомхон чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн төрийн албаар яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхийг сайжруулах, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах ажлыг зохион байгуулж, зохицуулах үүрэгтэй.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам болон бусад яам, агентлаг, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.6.бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зорилтын 6 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг гэрээ хэлцэлд бэлтгэх, хэрэгжилтийг зохицуулах; геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн бодлого, улсын төсөв, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулалтаар хангах; салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг геологи, уул уурхай, газрын тос, цөмийн энерги, хүнд үйлдвэрийн салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг хангах тухай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, удирдлагыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, Цөмийн энергийн комисс болон холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.
3.3.7.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн санхүүжилт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг нь үнэлж дүгнэх, дүгнэлт зөвлөмж гаргах; хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөр, гэрээний хэрэгжилт болон иргэд, байгууллагын мэдээлэл, өргөдөл гомдлын мөрөөр дотоодын хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргах; төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний яам, байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө
оруулалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах; улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн
хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны мэдээллийн технологи, дотоод сүлжээний асуудлыг хариуцан зохицуулах, яам болон сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллага, төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд, төслийн нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гарган бодлого, шийдвэрийг сайжруулах үндэслэл бүхий зөвлөмж өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг хариуцсан үндсэн үүрэг, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүрээр үнэн зөв мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмжөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, сайдын ажлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна.
Текст томруулах
A
A
A