- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ /ЭХЗХ-ны 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
/ЭХЗХ-ны 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны
317 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
/Цахилгаанаар Зохицуулалттай Хангах Тусгай Зөвшөөрөл Эзэмшигч–Хэрэглэгч Хоорондын/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасан цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид “Хангагч” гэх/ хэрэглэгчийг цахилгаанаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулах, гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг тодорхойлоход оршино.
1.2.Энэхүү дүрмийг хангагч, хэрэглэгч болон шинээр гэрээ байгуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Хоёр. Гэрээний нөхцөл, шаардлага
2.1.Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Нэгдсэн сүлжээний дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Холболтын журам энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Хангагч-Хэрэглэгч цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулна.
2.2.Иргэн, хуулийн этгээд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна.
2.2.1.хангагчаас олгосон техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан байх,
2.2.2.хэрэглэсэн цахилгааны тооцоог нийлж баталгаажуулан, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх,
2.2.3.шугам сүлжээний эзэмшлийн заагийг хоёр тал харилцан тохиролцож баталгаажуулсан байх,
2.2.4.тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх,
2.3. Иргэн (айл өрх)-тэй байгуулах цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд дараах нөхцөлийг тусгана.
2.3.1.хэрэглэх цахилгааны хэмжээ,
2.3.2.цахилгаан эрчим хүчний чанар,
2.3.3.үйл ажиллагааны чиглэл, мөрдөх үнэ, тариф,
2.3.4.талуудын эрх, үүрэг, хариуцлага,
2.3.5.хохирлыг тооцох журам болон гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэх,
2.3.6.гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах, дүгнэх журам,
2.3.7.гэрээний хугацаа,
2.3.8.шаардлагатай гэж үзвэл зарим хэрэглэгчдийн хувьд төлбөрийн батлан даалт гаргуулсан, барьцаа төлбөр төлсөн эсэх асуудлыг тусгах,
2.3.9.эзэмшлийн зааг /бүдүүвч, зургийн хамт/,
2.3.10.хэрэглэгчийн шаардлагатай мэдээлэл,
2.3.11.хангагчийн эрх бүхий ажилтнуудын хаяг, утас,
2.3.12.цахилгааны төлбөрийн тухай хангагчийн тодорхойлолт,
2.3.13.иргэн (өмчлөгч, эзэмшигч)-ий үнэмлэх, газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг хавсаргасан байна,
2.4.Хуулийн этгээдтэй байгуулах цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд энэ зүйлийн 2.3-т зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана.
2.4.1.хэрэглэгчийн зэрэглэл, зэрэглэлийг хангах техникийн боломж,
2.4.2.цахилгаан хэрэглээний жил, улирал, сарын хуваарь,
2.4.3.шугам сүлжээний эзэмшлийн зааг, бүдүүвч, техникийн өгөгдлүүд, ажиллагааны горим, хамгаалалтын болон автоматикийн хэрэгслүүдийн тавилууд,
2.4.5.төлбөр тооцооны хэрэгслийн байршил,
2.4.6.эзэмшлийн заагаас тоолуур, төлбөр тооцооны хэрэгсэл хүртэлх алдагдлыг тодорхойлсон тооцоолол, алдагдлын хувь хэмжээ,
2.4.7.төлбөр тооцоонд ашиглаж байгаа гүйдэл, хүчдэлийн трансформатор, тоолуур, хэмжих хэрэгслийн хэлбэр /тип, марк/, үржих коэффициент, үйлдвэрлэгчийн дугаар,
2.4.8.трансформаторын хоосон явалтын алдагдлын хувь хэмжээ зэргийг тусгаж, бусад шаардлагатай нотлох баримтуудыг хавсаргасан байна.
2.4.9.шаардлагатай тохиолдолд хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгаа болон тэдгээрийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа,
2.4.10.хэрэглэгч нь 6-35 кВ-ын өндөр хүчдэлийн шугам, тоноглол эзэмшдэг бол харьяа түгээх төвтэй цахилгаан тоноглолын найдвартай болон шуурхай ажиллагааны гэрээг байгуулна.
2.5.Хангагч нь хэрэглэгчдээс цахилгааны хэрэглээний захиалгыг авахдаа захиалгын хуудсаар жилд нэг удаа буюу 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 20-ны дотор авах бөгөөд тухайн оныхоо 12 дугаар сард тодотгол хийж болно. Захиалгад хэрэглэгчийн суурилагдсан хүчин чадал, хүчин чадлын ашиглалт, хэрэглэх цахилгааны чадал, энергийн хэмжээ, хангагч, хэрэглэгчийн гарын үсэг, хаяг, хуулийн этгээдийн тамга, тэмдэг байна.
2.6.Хэрэглэгч захиалгаа буруу өгсөн, эсвэл цаг хугацаанд нь Захиалгадаа өөрчлөлт оруулаагүй бол хариуцлагыг хангагч хүлээхгүй. Гэрээг дүгнэхэд захиалгаас илүү, дутуу хэрэглэсэн шалтгааныг талууд харилцан дүгнэж, хэн буруутай нь гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
2.7.Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифт өөрчлөлт оруулсан тухай түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх ба мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор гэрээндээ өөрчлөлт оруулна. Хэрэглэгч гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
2.8.Хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжөөр дамжуулан бусад хэрэглэгчдэд цахилгаан түгээх, хангах үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн хэрэглэгчийн ашиглуулж байгаа цахилгаан тоног, төхөөрөмжийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг үндэслэн үйлчилгээний төлбөрийг тооцож хэрэглэгчид төлөхөөр гэрээ байгуулна. Энэхүү гэрээг “цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-нд хавсаргасан байна.
2.9.Хангагч нь хэрэглэгчийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно. Үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг “Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан “Тарифын зохицуулалтын бус төлбөрт үйлчилгээний журам”-ын дагуу тооцно.
2.10.Тухайн хэрэглэгчийн онцлогт тохируулан конденсатор, синхрон хөдөлгүүрийг түгээгчээс олгосон техникийн нөхцөлийн дагуу суурилуулсан бол ажлын горимыг хангагч, хэрэглэгч талууд харилцан зөвшилцөж тогтоох ба Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cosj-ээс хамааруулж төлбөрийг тооцно.
2.11.Хэрэглэгч нь техникийн хувьд боломжтой бол хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно.
2.12.Хангагч нь аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдтэй жил бүр төлбөрийн тооцоог нийлж, гэрээг дүгнэж, төлбөр тооцоо, өр авлагыг баталгаажуулна. Ахуйн буюу айл өрхийн хэрэглэгчтэй гэрээний хугацаа дуусахад гэрээг дүгнэж протокол үйлдэнэ. Шаардлагатай үед жил бүр дүгнэж болно.
Гурав. Үйлчилгээний түвшин
Хангагч нь дараах үйлчилгээний түвшинг хэрэглэгчид үзүүлнэ.
3.1.Хэрэглэгчийг худалдан авах гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын стандартын шаардлага хангасан цахилгаанаар найдвартай хангана.
3.2.Аваар саатлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.
3.3.Хэрэглэгчийг цахилгаанаар найдвартай хангахад шаардагдах ажиллах хүч, материал, тоног төхөөрөмж, машин механизмыг бэлэн байдалд байлгана.
3.4.Хэрэглэгчид соёлтой үйлчилж, тэдний эрх ашигт нийцсэн төрөл бүрийн мэргэжлийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.
3.5.Хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдал, тасалдлын хугацаа нь цахилгаан сүлжээнд холбогдсон техникийн байдлаас хамаарч дараах хэмжээнд байна. Үүнд:
3.5.1.Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээгээр дамжин бие биеэс үл хамаарах хоёр талын тэжээл бүхий үндсэн ба бэлтгэл шугамтай, үндсэн тэжээлийн шугам хүчдэлгүй болоход хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж уг шугамаас салж бэлтгэл шугамд залгагдах автомат удирдлагатай байвал цахилгаан хангамжийн тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь нэг талын тэжээл тасрахад бэлтгэл тэжээл нь автоматаар залгагдах хугацаагаар тодорхойлогдоно.
3.5.2.Хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээнд бие биеэс үл хамаарах хоёр талын тэжээл бүхий үндсэн ба бэлтгэл шугамаар холбогдсон боловч үндсэн тэжээлийн шугам хүчдэлгүй болоход хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж уг шугамаас салж бэлтгэл шугамд залгагдах автомат удирдлага байхгүй, энэ үйлдлийг хангагч очиж гүйцэтгэдэг бол цахилгаан хангамжийн тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь жижүүрийн буюу шуурхай үйлчилгээний явуулын бригадын хүмүүс бэлтгэл тэжээлийг залгахад шаардагдах хугацаагаар тодорхойлогдоно.
3.5.3.Гуравдугаар зэрэглэлийн хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээнээс ганц шугам трансформатороор холбогдсон тэдгээр нь гэмтсэн тохиолдолд хангагч очиж сэргээн засварладаг бол цахилгаан хангамжийн тасалдлын хугацаа 24 цагаас ихгүй байна.
3.6.Цахилгаан хангамжийг түдгэлзүүлэх талаар хэрэглэгчдэд мэдэгдэх.
3.6.1.Цахилгааны төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ.
3.6.2.Хэрэглэгчийн захиалгаар ажил гүйцэтгэхэд бусад хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагатай бол түдгэлзүүлэхээс 24-өөс доошгүй цагийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ.
3.7.Цахилгаанаар хангахтай холбоотой асуудлаар хэрэглэгчээс бичгээр хүсэлт тавьсан тохиолдолд 15 хоногийн дотор хариуг өгнө.
3.8.Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад үед хэсэг бүлэг хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасарсан тохиолдолд, энэ тухай хэрэглэгч мэдэгдсэнээс хойш 24 цагийн дотор хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээнэ.
3.9.Сард нэг удаа хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны бичилт хийж тоолуур, хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг шалгана.
Дөрөв. Цахилгаан эрчим хүчний чанарын үзүүлэлт
4.1.Хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангана.
4.2.Хэвийн болон Аваарын горимын үед цахилгаан эрчим хүчний хүчдэл, давтамжийн хэлбэлзлийн хязгаар нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, техник ашиглалтын дүрэм болон нэгдсэн сүлжээний дүрэмд заасан хэм хэмжээнд байгаа тохиолдолд стандартын шаардлага хангасан эрчим хүч гэж үзнэ.
4.3.Хангагч нь дараах стандартуудыг мөрдлөг болгон ажиллана.
4.3.1.цахилгаан сүлжээ, хэвийн хүчдэл MNS 1500:82;
4.3.2.стандарт хүчдэл MNS IEC 38:2001;
4.3.3.стандартчилсан давтамж MNS IEC 196:2001;
4.3.4.цахилгаан эрчим хүчний чанар. Нэр томъёо, тодорхойлолт MNS 2980:2003
4.3.5. 25-2500 кВА чадалтай, 10 кВ хүртэл хүчдэлтэй иж бүрэн трансформаторын дэд өртөө, Техникийн ерөнхий шаардлага MNS 5643:2006;
4.3.6.цахилгаан эрчим хүч. Техник хэрэгслийн цахилгаан соронзон зохицол. Ерөнхий зориулалтын цахилгаан хангамжийн систем дэх цахилгаан эрчим хүчний чанарын норм MNS 1778:2007;
4.3.7.цахилгаанаар хангагчаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний шаардлага MNS 5872:2008;
4.3.8.цахилгааны хуваарилах самбар суурилуулсан өрөөг зориулалтын дагуу тоноглож, шатах, тэсрэх материал болон бусад эд хогшлыг байрлуулахгүй байх.
4.3.9.газардуулгын эсэргүүцлийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж, акт үйлдсэн байна.
Тав. Цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцоо
5.1.Хангагч, хэрэглэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон хэрэглэгчийн үнэ, тарифаар төлбөр, тооцоог хийнэ.
5.2.Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна.
5.3.Цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлсэн ч төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд холбогдох хууль тогтоомжид заасан хувь хэмжээнд хүртэл алданги тооцогдоно.
5.4.Зүй бусаар хэрэглэсэн цахилгааныг нөхөн тооцохдоо суурилагдсан хүчин чадлыг сүүлийн удаа шалгалт хийснээс хойш тухайн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар бодож тооцно. Шалгалтын хугацаа тодорхойгүй тохиолдолд суурилагдсан хүчин чадлыг сүүлийн 3 сараар бодож тооцно. Илэрсэн зөрчлийн талаарх нотлох баримтыг (зураг, дуу, бичлэг) бүрдүүлж баталгаажуулсан байна.
5.5.Хэрэглэгч захиалга өгч, захиалгын хуудасны дагуу цахилгаан эрчим хүчнээс бүрэн салгуулсны дараа шугам, трансформаторын алдагдал болон суурь төлбөрийг тооцохгүй.
5.6.Тоолуур хэмжих хэрэгсэлтэй холбогдсон маргааныг хэмжил зүйн улсын байцаагч, төлбөр тооцоотой холбоотой маргааныг харьяаллын дагуу хангагч байгууллага тус тус шийдвэрлэнэ. Төлбөр тооцоотой холбоотой маргааныг хангагчийн зүгээс шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэглэгч эс зөвшөөрвөл ЭХЗХ-нд хандан шийдвэрлүүлж болно.
Зургаа. Дүрмийн биелэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага
6.1.Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хэмжил зүйн улсын байцаагч хяналт тавина.
6.2.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Эрчим хүчний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A