A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны

317 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ

/Дулаанаар Зохицуулалттай Хангах Тусгай Зөвшөөрөл ЭзэмшигчХэрэглэгч Хоорондын/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасан дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид “Хангагч” гэх/ хэрэглэгчийг дулаанаар хангахтай холбогдож үүссэн гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг тодорхойлоход оршино.

1.2.Энэхүү дүрмийг хангагч, хэрэглэгч болон шинээр гэрээ байгуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Гэрээний нөхцөл, шаардлага

2.1.Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм, Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам, Холболтын журам энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Хангагч-Хэрэглэгч дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулна.

2.2.Иргэн, хуулийн этгээд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.хангагчаас олгосон техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан байх,

2.2.2.хэрэглэсэн дулааны тооцоог нийлж баталгаажуулж, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх,

2.2.3.шугам сүлжээний эзэмшлийн заагийг хоёр тал харилцан тохиролцож баталгаажуулсан байх,

2.2.4.тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх,

2.2.5.дулааны шугам сүлжээ, тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж, аюулгүй, найдвартай байдлыг хангасан байх,

2.2.6.дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байх

2.3.Иргэн (айл өрх)-тэй байгуулах дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд дараах нөхцөлийг тусгана.

2.3.1.дулааны тоо хэмжээ, төрөл,

2.3.2.дулааны эрчим хүчний чанар,

2.3.3.үнэ тариф, төлбөр тооцооны журам,

2.3.4.талуудын эрх, үүрэг, хариуцлага,

2.3.5.дулааны эрчим хүчийг дутуу, илүү түгээснээс шалтгаалан үүссэн маргааныг шийдвэрлэх,

2.3.6.гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай,

2.3.7.гэрээний хугацаа,

2.3.8.шаардлагатай гэж үзвэл зарим хэрэглэгчдийн хувьд төлбөрийн батлан даалт гаргуулсан, барьцаа төлбөр төлсөн эсэх асуудлыг тусгах,

2.3.9.эзэмшлийн зааг /бүдүүвч, зургийн хамт/,

2.3.10.хэрэглэгчийн шаардлагатай мэдээлэл,

2.3.11.дулааны төлбөр төлөх цэгүүд,

2.3.12.хангагчийн эрх бүхий ажилтнуудын хаяг, утас,

2.3.13.дулааны төлбөрийн тухай хангагчийн тодорхойлолт,

2.3.14.иргэн (өмчлөгч, эзэмшигч)-ий үнэмлэх, газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар зэргийг хавсаргасан байна,

2.4.Хуулийн этгээдтэй байгуулах дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд энэ зүйлийн 2.3-т зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана.

2.4.1.дулааны хэрэглээний горим /сар, жилээр/,

2.4.2.техникийн өгөгдлүүд,

2.4.3.төлбөр тооцооны хэрэгслийн байршил, ашиглалтад хүлээн авсан тухай протокол, акт

2.4.4.хэрэглэгч хуулийн этгээдийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгаа болон тэдгээрийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа,

2.4.5.эзэмшлийн заагаас тоолуур, төлбөр тооцооны хэрэгсэл хүртэлх алдагдлыг тодорхойлсон тооцоолол, алдагдлын хувь хэмжээ.

2.5.Хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тохиолдолд шинэ эзэмшигч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог дуусгасан тухай хангагч байгууллагаас тодорхойлолт авсан байна.

2.6.Дулаанаар хангагдаж буй барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлбэл хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгасан байна.

2.7.Хангагч, хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаанд буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд байгуулж мөн тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэнэ.

2.8.Хангагч нь дулааны үнэ, тарифт өөрчлөлт орсон талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Хэрэглэгч нь энэ тухай мэдэгдсэнээс хойш 15 хоногийн хугацаанд багтаан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

2.9.Хэрэглэгчийн шугам сүлжээний заагийг тухайн шугам сүлжээний өмчлөлийн харьяаллаар тогтооно.

2.10.Дулааны тасалдлаас учирсан шууд ба шууд бус хохирлыг нөхөн төлөх талаар дулаанаар хангах гэрээнд тодорхой тусгасан байна.

2.11.Хангагч нь хэрэглэгчийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно. Үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг “Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан “Тарифын зохицуулалтын бус төлбөрт үйлчилгээний журам”-ын дагуу тооцно.

2.12.хэрэглэгч нь техникийн хувьд боломжтой бол хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно.

2.13.Хэрэглэгчийн эзэмшлийн шугам, тоноглолыг харилцан зөвшилцсөний үндсэн дээр гуравдагч этгээд өргөтгөн шинэчилсэн тохиолдолд ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг хамтран хариуцна.

Гурав. Үйлчилгээний түвшин

3.1.Хангагч нь хэрэглэгчийг аж ахуйн гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан дулаанаар найдвартай хангана.

3.2.Хангагч нь дулааны тасалдлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, машин механизм, хүн хүч, тоног төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгана.

3.3.Хэрэглэгчийн захиалгаар ажил гүйцэтгэхэд бусад хэрэглэгчийн дулаан хангамжийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагатай бол түдгэлзүүлэхээс 24-өөс доошгүй цагийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ.

3.4.Дулааны төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ.

3.5.Хэрэглэгчдэд соёлтой үйлчилж, тэдний эрх ашигт нийцсэн төрөл бүрийн мэргэжлийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

3.6.Дулаан хангамжийн талаарх хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Дөрөв. Дулааны эрчим хүчний чанарын үзүүлэлт

4.1.Хангагч нь дараах стандартуудаас гадна холбогдох барилгын норм ба дүрэм болон бусад эрх зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллана.

4.1.1.дулааны эрчим хүч. Нэр томъёо, тодорхойлолт MNS 5085:2001;

4.1.2.орон сууц, олон нийтийн барилга. Өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлт MNS 5825:2007;

4.1.3.орон сууцны барилга-халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтыг тодорхойлох арга MNS 5827:2007

Тав. Дулааны эрчим хүчний төлбөр, тооцоо

5.1.Хангагч, хэрэглэгч нь төлбөр тооцоондоо Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ноос баталсан үнэ тарифыг мөрдөнө. ЭХЗХ-ноос баталсан үнэ тарифаас өөр үнэ тариф мөрдөхийг хориглоно.

5.2.Хангагч болон хэрэглэгч нь ЭХЗХ-ны тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ыг баримтлан төлбөр тооцоог хийж байна.

5.3.Төлбөр тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбогдсон маргааныг хэмжил зүйн улсын байцаагч, төлбөр тооцоотой холбоотой маргааныг харьяаллын дагуу хангагч байгууллага тус тус шийдвэрлэнэ. Төлбөр тооцоотой холбоотой маргааныг хангагчийн зүгээс шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэглэгч эс зөвшөөрвөл ЭХЗХ-нд хандан шийдвэрлүүлж болно.

5.4.Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банканд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон дулааны эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна.

Зургаа. Дүрмийн биелэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

6.1.Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хэмжил зүйн улсын байцаагч хяналт тавина.

6.2.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Эрчим хүчний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.