A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СПОРТЫН ТӨРӨЛ, ЦОЛ, ЗЭРГИЙН НЭГДСЭН АНГИЛАЛ ТОГТООХ, ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ /БСШУСС-ын 2018 оны А/238 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БСШУСС-ын 2018 оны А/238 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны
А/93 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

СПОРТЫН ТӨРӨЛ, ЦОЛ, ЗЭРГИЙН НЭГДСЭН АНГИЛАЛ ТОГТООХ, ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

 

1.1.Монгол Улсад хөгжсөн спортын төрөл, тэдгээрийн цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, болзол хангасан тамирчин, шүүгч нарт цол, зэрэг олгох үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Монгол Улсад хөгжсөн спортын төрлөөр тамирчин, шүүгчдэд спортын цол, зэрэг олгоно.

 

Хоёр. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал

 

2.1.Монгол Улсын спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллыг дараах шаардлагыг хангасан спортын төрлийн холбоодын саналыг үндэслэн Спортын цол, зэргийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ тогтооно.

 

2.1.1.Олон улсын холбоонд албан ёсны бүртгэлтэй буюу гишүүнчлэлтэй;

2.1.2.Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Паралимпийн Хороо, Монголын Диф спортын хороонд бүртгэлтэй;

2.1.3.Жил бүр 2-3 насны ангиллаар улсын аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулдаг.

 

2.2.Тухайн спортын төрөл нь спортын цол, зэргийн нэг ангилалтай байна.

2.3.Спортын холбоо нь цол, зэргийн зөвлөлтэй /цаашид “Холбооны зөвлөл” гэх/ байна.

2.4.Энэхүү журмын 2.1.1, 2.1.2 дахь заалтыг хангасан спортын нэг төрлөөр хоёроос дээш спортын холбоо үйл ажиллагаа явуулдаг бол дэлхийн допингийн эсрэг агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрлийн холбоо нь спортын цол, зэргийн ангилал тогтоолгох эрх эдэлнэ.

 

2.5.Тамирчинд олгох спортын цол, зэрэг нь дараах ангилалтай байна.

 

2.5.1.Цол:

2.5.1.1.Спортын дэд мастер

2.5.1.2.Спортын мастер

2.5.1.3.Олон улсын хэмжээний мастер

 

2.5.2.Зэрэг:

2.5.2.1. 3 дугаар зэрэг

2.5.2.2. 2 дугаар зэрэг

2.5.2.3. 1 дүгээр зэрэг

 

2.6.Спортын шүүгчдэд олгох цол, зэрэг нь дараах ангилалтай байна.

 

2.6.1.Цол

2.6.1.1.Улсын шүүгч

2.6.2.Зэрэг

2.6.2.1.Шүүгч

               

2.7.Цол олгох ангиллыг тогтоохдоо дараах шалгуурыг баримтална. Үүнд:

 

2.7.1.Олон улсын хэмжээний мастер цолыг Олимп, тивийн наадам, дэлхий, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээний амжилт, нормативийг;

2.7.2.Спортын мастер цолыг олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, олон улсын спортын холбооноос гаргасан чансаа, зэрэглэлийг;

2.7.3.Спортын дэд мастер цолыг үндэсний хэмжээний спортын наадам, улс, аймаг, хотын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, үндэсний хэмжээний чансаа, зэрэглэлийг;

2.7.4.Улсын шүүгч цолыг улс, олон улсын чанартай тэмцээнийг шүүсэн туршлага, шүүгчийн мэргэжлийн сургалтад хамрагдсан байдал, холбооны шүүгчийн зөвлөлийн шалгалтын дүн, шийдвэрийг;

2.7.5.Зэрэг олгох ангиллыг энэхүү журмын 2.1.1, 2.1.3 дахь хэсэгт заасан спортын холбооны зөвлөл тогтоож, олгоно.

 

2.8.Энэхүү журмын 2.1.1, 2.1.3 дахь хэсэгт заасан спортын холбоо нь “Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал”-ыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг гаргаж болно. Саналыг тухайн оны 11 дүгээр сарын 15-ны дотор зөвлөлд ирүүлнэ.

2.9.Зөвлөл саналыг судлан дүгнэлт гаргана. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга ангиллыг баталж, дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Гурав. Спортын цол, зэрэг олгох

 

3.1.Холбооны зөвлөл нь журмын 2.4. 2.5.-т заасан цол, зэрэг авах болзол хангасан тамирчин, шүүгчдийн хүсэлтийг хянан дүгнэлт гарган Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сар бүрийн 10-ны дотор хүргүүлнэ.

 

3.2.Спортын цолыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Холбооны зөвлөлийн дүгнэлтийг судлан үзэж, сар бүрийн 20-ны өдрийн дотор даргын тушаалаар олгоно.

 

3.3.Спортын холбооны цол олгох тухай дүгнэлтэд www.sport.gov.mn/sport/ цахим хуудсанд бүртгүүлсэн анкет, тэмцээний протоколын баталгаат хуулбар, өргөмжлөл, дипломын баталгаат хуулбарыг хавсаргана.

 

3.4.Холбооны зөвлөлийн спортын цол олгох тухай дүгнэлтэд тамирчин, шүүгч гомдол гаргасан тохиолдолд баталгаажуулсан дүгнэлтийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түдгэлзүүлэн тухайн спортын холбоонд буцаана.

 

3.5.Спортын цолны үнэмлэх, тэмдгийг үнэ төлбөргүй олгоно.

 

3.6.Спортын цолны тэмдэг, үнэмлэхийг нөхөн олгохдоо нөхөн олгохыг хүссэн өргөдөл, нөхөн олгохыг дэмжсэн тухайн спортын холбооны шийдвэр, үрэгдүүлсэн тухай зарлуулсан баримтыг үндэслэн олгоно.

 

Дөрөв. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох зөвлөл

 

4.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд спортын төрөл, цол, зэргийн ангилал тогтоох асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.

 

4.2.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдаан нь ээлжит ба ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хуралдаан жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногийн баасан гарагийн 14.00 цагт, ээлжит бус хуралдаан зөвлөлийн даргын зарласнаар тухайн цаг хугацаанд хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар санал хурааж олонхын саналыг үндэслэн дүгнэлт гаргана.

 

4.3.Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, спортын төрлүүдээс багийн спорт, халз тулааны спорт, оюуны спорт, цэрэгжилтийн спорт, техникийн спорт, үндэсний спорт, паралимпийн спорт, дифлимпийн спортын төлөөллөөс бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй байна.

 

4.4.Зөвлөлийн дарга нь Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, нарийн бичгийн дарга нь Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын спортын цол, зэргийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна.

 

Тав. Бүртгэл, судалгаа

 

5.1.Спортын цолны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх асуудлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын спортын цол, зэрэг хариуцсан мэргэжилтэн хариуцна.

 

5.2.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь шинээр цол олгогдсон болон цуцалсан тамирчин, шүүгчийн нэрсийг www.sport.gov.mn/sport/ цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ.