- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
БСШУ, ЭМ-ийн сайдын 2006 оны
379/341 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ”
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тэдний нас, бие бялдрын онцлог, хэрэгцээнд тохирсон чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар үйлчлэх үйлчилгээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2.Үдийн цайг эрүүл ахуйн шаардлага хангасан байранд зориулалтын тоног төхөөрөмж, чанарын баталгаатай хүнсний түүхий эд, материал, мэргэжлийн ажилчидтай зориулалтын гал тогоотой сургуулийн хувьд заавал сургууль дээрээ бэлтгэх бөгөөд зориулалтын гал тогоогүй тохиолдолд сургуулийн захиргаа хүнс, хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах замаар тус тус зохион байгуулна. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.
1.3.Сургуулийн захирал аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээг 2-3 сарын хугацаатай байгуулж, гэрээний хэрэгжилтийг дүгнэсний /холбогдох хяналтын байгууллагын дүгнэлт/ үндсэн дээр сунгах эсэхээ “Хяналтын комисс”-той хамтран шийдвэрлэнэ.
1.4.Энэ хэсгийг БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар хассан.
1.5.Үдийн цайны бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагчаар дамжуулах, хувь хүнээс худалдан авахыг хориглоно. Сургуулийн туслах аж ахуйг түшиглэн үдийн цайнд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэнэ. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.
1.6-д "Үдийн цай бэлтгэх ажилд эцэг эх, сурагчдыг оролцуулж болно. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.
Хоёр.Үдийн цайг сургууль дээр зохион байгуулах
Ерөнхий боловсролын сургууль дээр үдийн цайны үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулна.
2.1.Үдийн цайны цэсийг уг тушаалын хоёрдугаар хавсралтыг үндэслэн долоо хоног бүрээр сургуулийн эмч боловсруулж, сургуулийн захирал батална.
2.2.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хичээлийн хоёр буюу гуравдугаар цагийн завсарлагаар үдийн цайг ангид нь өгнө.
2.3. Үдийн цайны үргэлжлэх хугацаа 20 минутаас ихгүй байна. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав.
2.4.Үдийн цай уухын өмнө хүүхэд бүрийн гарыг угаалгасан байна.
2.5 Сургуулийн эмч улирал бүр сурагчдын эрүүл мэнд, жин, өндрийн судалгааг тогтмол хийж үнэлгээ, дүгнэлт гарган, сургуулийн удирдлага, ангийн багш, эцэг эхэд танилцуулна. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав.
2.6.Сургууль, эмнэлгийн захиргаа, сургуулийн эцэг эхийн хорооны төлөөлөл бүхий “Хяналтын комисс” байгуулж, үдийн цайны чанар, зохион байгуулалтад байнгын хяналт тавьж, илэрсэн дутагдал, зөрчлийг дор бүр нь сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ. Хяналтын комиссыг сургуулийн бага ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга ахална.
2.7.Үдийн цайнд тухайн өдөр олгож буй хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч зохих журмын дагуу хадгалан, бүртгэл хөтөлнө.
Гурав.Үдийн цайнд олгох хүнсний бүтээгдэхүүнд тавих шаардлага
3.1.Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан байх,
3.2.Гэрээт гүйцэтгэгчээс нийлүүлж буй нөхцөлд сав, баглаа боодолтой, шошготой байх,
3.3.Амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан бүтээгдэхүүн байх,
3.4.Бүтээгдэхүүнд итгэмжлэгдсэн шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх.
Дөрөв.Үдийн цайны цэс зохиоход тавигдах шаардлага
4.1.Сурагчдын эрүүл мэнд, дур сонирхолд нийцсэн байх,
4.2.Цэсэд орсон бүтээгдэхүүний нийц, зохицлыг зөв сонгосон байх,
4.3.Нэг сурагчийн үдийн цай өдрийн 300 төгрөгт багтсан байх,
4.4.Амархан муудаж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг цэсэд оруулахгүй байх,
4.5.Сүү, сүүн бүтээгдэхүүн цагаан идээ, орон нутагт ургадаг жимс, жимсгэний шүүс, баяжуулсан гурилаар хийсэн хүнсийг түлхүү оруулсан байх, БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.
4.6.Цэсэнд буй хүнсний бүтээгдэхүүний сард ногдох давтамжийг 2-3 байхаар тооцох,
4.7.Печень, бялуу, шоколад, чихэр зэрэг чихэрлэг бүтээгдэхүүн, давсалсан самар, мөхөөлдөс, түргэн хоол, хийжүүлсэн ундаа оруулахгүй байх,
4.8.Хүйтний улиралд халуун ундааны зүйлээр /халуун аарц/ үйлчлэх,
4.9.Экологийн цэвэр болон аминдэм, эрдэс бодисоор баялаг баяжуулсан бүтээгдэхүүнийг сонгох. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.
Тав.Гэрээт гүйцэтгэгчийг сонгоход баримтлах шалгуур
5.1.Хүнсний үйлдвэрлэл явуулах зөвшөөрөлтэй, Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй байх,
5.2.Нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн, аюулгүй байдлын шинжилгээнд бүрэн хамруулсан байх,
5.3.Шаардлагын дагуу савлах, зөөж тээвэрлэх боломжтой байх,
5.4.Хүнсний шинэ бүтээгдэхүүнээр үйлчлэх, хадгалалтын хэмийг баримтлах нөхцөлийг бүрдүүлсэн байх,
5.5.Бүтээгдэхүүнээ цайны цагаас 30 минутын өмнө сургууль дээр авчирсан байх,
5.6.Гэрээний хэрэгжилтээр санхүүгийн хариуцлага хүлээх чадвартай байх.
Зургаа.Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах
6.1.“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн болон Боловсрол, соёлын газар, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран хяналт тавина.
6.2.Сургуулийн үдийн цайны үйлчилгээнд тухайн сургуулийн эмч, эмчгүй сургуулийн хувьд бага ангийн сургалт хариуцсан хичээлийн эрхлэгч өдөр тутмын хяналт тавьж ажиллана.
6.3 Үдийн цай зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн эмч дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав.
6.3.2.Талуудын гэрээний хэрэгжилтэд байнгын хяналт тавих, гэрээг дүгнэж захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулах,
6.3.3.Шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг буцаах,
6.3.4.Анги удирдсан багшаар дамжуулан шим тэжээлийн бодис ба зөв хооллох дэглэмийн талаар суралцагчдад сургалт явуулах, эцэг эхэд, зөвлөгөө өгөх,
6.3.5.Үдийн цайны өмнө анги танхимын ариун цэвэр, сурагч бүрийн гарыг угаалгаж буй эсэхэд хяналт тавих,
6.3.6.Таргалалттай болон жин багадалттай хүүхдэд онцгойлон анхаарал тавих ажлыг өрхийн эмчтэй хамтран зохион байгуулах,
6.3.7.Үдийн цай бэлтгэх болон үйлчилж буй ажиллагсад эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдсан эсэх, хүнсний аюулгүй ажиллагааны горим мөрдөж буй эсэхэд хяналт тавих, гарсан зөрчил, дутагдлыг тухай бүр нь арилгуулж ажиллах.
6.4.Үдийн цайны үйлчилгээнд сургуулийн бага ангийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ахлуулсан “Хяналтын комисс” хяналт тавина.
6.5.Хяналтын комиссоос хэлэлцэж баталсан хуваарийн дагуу үдийн цайны үйлчилгээний чанарт дараах чиглэлээр хяналт тавина.
6.5.1.Үдийн цайнд олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэх,
6.5.2.Анги танхимын ариун цэвэр болон сурагчдын гарыг угаалгаж буй эсэх,
6.5.3.Хүүхдийн дур сонирхол, эрүүл мэндэд тохирч буй эсэх,
6.5.4.Цагтаа олгож буй эсэх,
6.5.5.Дээж бүтээгдэхүүн авч зориулалтын хөргүүрт хадгалж буй эсэх. БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.
6.5.6 Сургуулийн бие засах газар, угаалгын өрөөний үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавих.БСШУС-ын 2006 оны 336/247 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав.
6.6.Үдийн цайны үйлчилгээнд хяналт тавьсан Хяналтын комиссын гишүүд үр дүнг сургуулийн захиралд тухай бүр нь танилцуулна.
6.7.Үдийн цайны үйлчилгээний талаар сургуулийн захиргаа улиралд нэг удаа тухайн сурагчдын эцэг эхэд танилцуулж санал бодлыг нь тусгана.
6.8.Сургуулийн захирал, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг улирал бүрийн эцэст гаргаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд танилцуулна.
6.9.Үдийн цайны үйлчилгээг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, хүүхдийн эрх ашгийг хохироосон нь эрх бүхий байгууллагын шалгалтаар нотлогдсон байгууллага болон албан тушаалтныг Боловсролын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A