- Нүүр
- Сайдын тушаал
- Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам /БХБС-ын 2019 оны 213 дугаар тушаалаар хүчингүй/
/БХБС-ын 2019 оны 213 дугаар тушаалаар хүчингүй/
Барилга, хот байгуулалтын сайдын
2016 оны 179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах
шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.
1.2.Барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулахад шударга, ил тод, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.
1.3.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажлыг энэ журмын 3-т заасан байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
Хоёр. Магадлал хийх экспертэд тавигдах шаардлага
2.1.Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3, 25.5, 25.8-д заасан зургийн ажилд магадлал хийх иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.
2.2.Магадлал хийх иргэн нь дараахь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан Монгол Улсын иргэн байна:
2.2.1.Нийтлэг шалгуур үзүүлэлт:
2.2.1.1.боловсролын түвшин;
2.2.1.2.мэргэжил;
2.2.1.3.ажлын туршлага;
2.2.1.4.мэргэшлийн ур чадвар.
2.2.2.Тусгай шалгуур үзүүлэлт:
2.2.2.1.Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.3-д заасан мэргэшлийн зэрэгтэй байх;
2.2.2.2.тухайн мэргэжлийн чиглэлээр зураг төсөл боловсруулах байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байх;
2.2.2.3.барилга байгууламжийн 70-аас доошгүй зураг төсөл боловсруулсан байх.
2.2.2.4.мэргэжлийн чиглэлийн 3-аас доошгүй барилгын норм нормативын баримт бичиг /гарын авлага, зөвлөмж/ боловсруулсан, боловсруулахад хамтран оролцсон байх.
2.2.2.5.Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан шаардлагыг биелүүлсэн байх;
2.3.Магадлал хийх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.
2.3.1.Магадлалын ажил хийж гүйцэтгэх, зохион байгуулах ажлын байртай /ажлын болон уулзалтын танхим, архив, номын сан/ байх;
2.3.2.Барилга байгууламжийн эх загвар зураг, техникийн болон ажлын зураг, барилгын инженер-геологийн судалгаа, дүгнэлт, үнэ бүрдэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг чиглэл тус бүрээр магадлал хийх эрх бүхий мэргэжилтнүүдтэй байх;
2.3.3.Экспертиз хийх төрөл мэргэжлийн чиглэлээр 2-аас доошгүй эксперттэй байх;
2.3.4.Магадлал хийх эрх бүхий иргэн тус бүртэй гэрээ байгуулсан байх;
2.3.5.Магадлал хийх ажлыг уялдуулан зохион байгуулах, удирдах туршлагатай 2-оос доошгүй орон тооны ажилтантай байх;
2.3.6.Энэ журмын 2.3.5-д заасан орон тооны ажилтан нь энэ журмын 2.2-д заасан шаардлагыг хангасан байх;
2.3.7.Барилгын норм нормативын баримт бичгийн бааз, техник тоног төхөөрөмж, цахим мэдээллийн сантай байх;
2.3.8.Хараат бус бие даасан байдлыг хамгаалах хариуцлагын тогтолцоо бүрдүүлсэн байх;
2.3.9.Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан үүргээ биелүүлсэн байх.
Гурав. Магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах
3.1.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллагын тушаалаар томилогдсон ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ сонгон шалгаруулна.
3.2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн салбарын талаар мэдлэг, туршлагатай эрдэмтэн, судлаач, мэргэжилтний төлөөллийг оролцуулна. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь зохион байгуулагч байгууллагын магадлалын ажлыг зохион байгуулж буй нэгжийн дарга байна.
3.3.Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай бүрт нь ажлын хэсгийг шинээр байгуулна.
3.4.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.5.Ажлын хэсэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.5.1.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн, хуулийн этгээдийг материалыг хүлээн авч, хянан нэгтгэх;
3.5.2.Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
3.5.3.Сонгон шалгаруулалтын дүнг хурлаараа хэлэлцэж, тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тухайн зохион байгуулагч байгууллагын магадлалын асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх;
3.5.4.Сонгон шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлж байх;
3.5.5.Сонгон шалгаруулалт зохион байгуулах байр, бусад шаардагдах нөхцөлийг хангах.
3.6.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.6.1.Сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлаар ажлын хэсгийн даргад өдөр тутам тусалж, холбогдох мэдээллээр хангах;
3.6.2.Ажлын хэсгийн хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг зохих журмын дагуу албажуулах;
3.6.3.Сонгон шалгаруулалтын тайлангийн төслийг бэлтгэх;
3.6.4.Сонгон шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу цэгцэлж архивт шилжүүлэх.
Дөрөв. Сонгон шалгаруулалтыг мэдээлэх, оролцогчдыг бүртгэх
4.1.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалт хийхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Иргэн, хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг тус тусад нь зарлаж шалгаруулна.
4.2.Мэдээлэлд тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, ажлын хэсгийн хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэх, сонгон шалгаруулалт хийх байр, хугацаа зэргийг тодорхой заана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд ажлын хэсэг тухай бүрт нь мэдээлж байна.
4.3.Магадлал хийх эрх горилох иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд энэ журмын 2.2, 2.3-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримтаас гадна 4.3.1, 4.3.2-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
4.3.1.Магадлал хийх эрх горилогч иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна:
4.3.1.1.Төрийн албан хаагчийн анкет /ТАХ№1 маягтын дагуу/
4.3.1.2.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.3.1.3.Мэргэжлийн боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/
4.3.1.4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/
4.3.1.5.Мэргэшлийн зэрэг дэвийн гэрчилгээний хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/
4.3.1.6.Өөрийн мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнээр баталгаажуулсан бүтээлийн жагсаалт;
4.3.1.7.Ажил байдлын тодорхойлолт;
4.3.1.8.Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний хуулбар. /нотариатаар баталгаажуулсан байх/
4.3.2.Магадлал хийх эрх горилогч хуулийн этгээд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна:
4.3.2.1.Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/
4.3.2.2.Хуулийн этгээдийн танилцуулга;
4.3.2.3.Энэ журмын 2.3.3-т заасан орон тооны ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
4.3.2.4.Магадлал хийх багийн бүрэлдэхүүнд ажиллах эрх бүхий иргэдийн жагсаалт; /овог нэр, регистрийн дугаар, мэргэжлийн зэрэг дэвийн гэрчилгээний дугаарыг заавал тусгасан байна./
4.3.2.5.Магадлал хийх эрх бүхий иргэн тус бүртэй байгуулсан гэрээний баталгаажуулсан хуулбар.
Тав. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
5.1.Ажлын хэсэг нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дараах үе шатаар зохион байгуулна.
5.1.1.Магадлал хийх эрх горилогч иргэний биеийн байцаалт, холбогдох материалыг барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэнд тавигдах шаардлагатай харьцуулах замаар эхний шалгаруулалт хийх;
5.1.2.Сонгон шалгаруулалтын дүнг нэгтгэн тэнцсэн иргэнд магадлал хийх эрх олгох саналыг зохион байгуулагч байгууллагын нэгжээр шийдвэрлэнэ.
5.2.Ажлын хэсэг эрх горилсон иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
5.3.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн сонгон шалгаруулалтыг жил тутам зохион байгуулна.
Зургаа. Сонгон шалгаруулалтын дүн гаргах
6.1.Сонгон шалгаруулалтын дүнг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн зохих шийдвэр гаргана. Хурлын шийдвэрийг 2 хувь үйлдэж ажлын хэсгийн дарга, гишүүд гарын үсэг зурна.
6.2.Ажлын хэсгийн дүгнэлтийг зохион байгуулагч байгууллагын дарга албажуулна.
6.3.Ажлын хэсгийн дүгнэлтэнд иргэн, хуулийн этгээдэд эрх олгох боломжгүй талаарх үндэслэлийг тодорхой тусгасан байна.
6.4.Энэ журмаар тогтоосон сонгон шалгаруулалтаар шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдэд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хариуг ирүүлсэн материалын хамт албан бичгээр хүргүүлнэ.
Долоо. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдэд эрх олгох
7.1.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зохион байгуулагч байгууллагын дарга тушаал гаргаж иргэн, хуулийн этгээдэд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхийг 5 жилийн хугацаатай олгоно.
7.2.Энэ журмын 7.1-д заасан экспертийн эрх авсан иргэн, хуулийн этгээдэд олгох дардасны загварыг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7.3.Магадлал хийх эрх бүхий иргэн нь энэ журмын 2.3-д заасан шаардлагыг хангасан 2-оос дээшгүй хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллаж болно.
7.4.Зохион байгуулагч байгууллагын тушаалд магадлал хийх эрх бүхий иргэнд экспертийн хувийн дугаар, магадлал хийх эрх бүхий хуулийн этгээдэд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийснийг баталгаажуулах дардасыг олгоно.
7.5.Энэ журмын 7.1-д заасан шийдвэрийг үндэслэн зохион байгуулагч байгууллага магадлал хийх иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, жил бүр дүгнэнэ.
7.6.Магадлал хийх эрх бүхий хуулийн этгээд нь зохион байгуулагч байгууллагад гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа улирал тутамд тайлагнаж; магадлалтай холбоотой мэдээллийг магадлалын нэгдсэн дүгнэлт гарч албажсан тухай бүрт цахим сүлжээнд олон нийтэд нээлттэй байрлуулна.
7.7.Барилга, байгууламжийн зураг төсөлд хийгдсэн магадлалын ажлын бүртгэл, мэдээллийн санг зохион байгуулагч байгууллага хөтлөх бөгөөд холбогдох тайлан, мэдээг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
Найм.Магадлал хийх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн эрхийг цуцлах
8.1.Магадлал хийх эрхтэй иргэний эрхийг зохион байгуулагч байгууллагын даргын тушаалаар дараахь тохиолдолд цуцална:
8.1.1.иргэн өөрөө хүсэлт гаргасан;
8.1.2.холбогдох хууль тогтоомж норм дүрэм, стандарт болон гэрээний заалтыг зөрчин барилга байгууламжийн зураг төслийн техникийн шийдэл болон техник эдийн засгийн үндэслэл тооцоонд судалгаагүй дүгнэлт гаргаж, мэргэжил техникийн шийдлийн ноцтой дутагдал гаргасан;
8.1.3.магадлалын ажилд хувийн эрх ашгаар хандаж сонирхлын зөрчил гаргасан;
8.1.4.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
8.2.Магадлал хийх эрхтэй хуулийн этгээдийн эрхийг зохион байгуулах байгууллагын даргын тушаалаар дараахь тохиололд цуцална:
8.2.1.хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, дампуурсан, татан буугдсан болон хууль тогтоомжид заасан үндэслэлээр үйл ажиллагаа нь дуусгавар болсон;
8.2.2.Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээний заалтуудыг зөрчсөн;
8.2.3.анх эрх авах үеийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь хуулийн этгээдийн бүрэлдэхүүнээс гарсан;
8.2.4.барилга байгууламжийн зураг төслийн техникийн шийдэл болон техник, эдийн засгийн үндэслэл тооцоонд судалгаагүй дүгнэлт гаргасан нь барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын явцад тогтоогдсон;
8.2.5.хуулийн этгээд өөрийн хүсэлтээр татгалзсан;
8.2.6.тайлан мэдээ 2 улирал дараалан өгөөгүй;
8.2.7.магадлалын үйл ажиллагааг нэг жил эрхлээгүй;
8.2.8.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаанаасаа татгалзсан.
Ес. Бусад
9.1.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
9.2.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт тухайн зураг төсөлд өөрийн холбогдох хэсэгт магадлалын холбоотой зөрчилд мэргэжлийн хариуцлага хүлээнэ.
Текст томруулах
A
A
A