- Нүүр
- Сайдын тушаал
- “ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГ АШИГЛАХ НОРМ, ДҮРЭМ” БНбД 22-04-16
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 198 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
“ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГ АШИГЛАХ НОРМ, ДҮРЭМ”
БНбД 22-04-16
1.Хэрэглэх хүрээ
1.1.Энэ дүрмээр хот, суурин газрын нутаг дэвсгэрт барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, засварлах барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулахад шаардагдах газар хөдлөлийн эрчмийн тоон үнэлгээ (цаашид балл гэх), хөрсний оргил хурдатгал, хөрсний зонхилох давтамж болон түүний мужлалын хилийн солбилцол зэрэг техник үзүүлэлтүүдийг газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглан тодорхойлох аргачлалыг тогтооно.
1.2.Ашиглагдаж байгаа барилга байгууламжийг паспортжуулахад энэ дүрмээр газар хөдлөлийн баллыг тодорхойлно.
1.3.Шинжлэх Ухааны Академийн баталсан “Хот, суурин газрын нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн балл, хөрсний оргил хурдатгал, хөрсний зонхилох давтамж болон түүний мужлалын хилийн солбилцол зэрэг техникийн үзүүлэлт”-үүдийг барилгын үйл ажиллагаанд тусгаж мөрдөнө.
2 .Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн бүрэлдэхүүн
2.1.Газар хөдлөлийн бичил мужлалын зураг доорхи бүрэлдэхүүнтэй байна.
2.1.1.Бичил мужлалын зураг
2.1.2.Газар хөдлөлийн бичил мужлалын солбилцол
2.1.3.Зонхилох давтамжийн зураг
2.1.4.Хөрсний оргил хурдатгалын бүсчлэлийн зураг
2.2.Хот, суурин газрын хөрсөнд илэрч болзошгүй газар хөдлөлийн чичирхийллийн хэмжээг бичил мужлалын зураг ашиглаж тодорхойлно.
2.3.Газар хөдлөлийн бичил мужлалын зургийг дараах байдлаар дугаарлана.
Шифр-АА-ОН-ГХБ-ХХ-УУ
АА-Хот суурин газрын нэр
ОН-Бичил мужлалын зураг боловсруулсан он
ГХБ-Газар хөдлөлийн баллын зураг
ХХ-Талбайд боловсруулсан зургийн нийт тоо
УУ-Тухайн зургийн дугаар
2.4.Энэ дүрмийн 2.2 дахь хэсэгт заасан газар хөдлөлийн баллын бичил мужлалын хил заагийг солбилцлоор тодорхойлно.
2.5.Газар хөдлөлийн бичил мужлалын солбилцлын зургаар газар хөдлөлийн баллын хил заагийг тодорхойлно.
2.6.Газар хөдлөлийн бичил мужлалын зургийг солбилцлоор нь дараах байдлаар дугаарлана.
Polygon-ХХ-УУ
ХХ-Баллын бүсийн дугаар
УУ-Полигон (Polygon) тус бүрийн дугаар
2.7.Газар хөдлөлийн үйлчлэлээс барилга байгууламжид ирэх долгионы давтамжийг хөрсний зонхилох давтамжийн зургаар тодорхойлно.
2.8.Хөрсний зонхилох давтамжийн зургийг дараах байдлаар дугаарлана.
Шифр АА-ОН-ЗДМ-ХХ-УУ
АА-Хот, суурин газрын нэр
ОН-Хөрсний зонхилох давтамжийн зураг боловсруулсан он
ЗДМ-Хөрсний зонхилох давтамжийн мужлалын зураг
ХХ-Талбайд боловсруулсан зургийн нийт тоо
УУ-Тухайн зургийн дугаар
3.Газар хөдлөлийн бичил мужлалын зургийг ашиглах дэс дараалал
3.1.Газар хөдлөлийн бичил мужлалын зургийг ашиглаж газар хөдлөлийн чичирхийллийн хэмжээг дараах дэс дарааллаар тодорхойлно:
3.1.1.газар хөдлөлийн бичил мужлалын зургийн захад байрлуулсан тэгш өнцөгт солбилцлын системийн ординат-(y), абсцисс-(х) тэнхлэгүүдийн солбилцлыг тохируулан зургийг байрлуулна.
3.1.2.тухайн барилга байгууламжийн гадна булангийн цэгүүдийн солбилцлыг ашиглан энэ дүрмийн 3.1.1 дэх заалтад заасан зурагт барилга байгууламжийн байршлыг тодорхойлно.
3.1.3.барилга байгууламжийн байршлыг газар хөдлөлийн бичил мужлалын зурагт байршуулсны дараа энэ дүрмийн 4.1, 4.2, 4.3-д заасны дагуу тухайн газрын газар хөдлөлийн баллын хэмжээг тогтооно.
3.2.Хөрсний зонхилох давтамжийн мужлалын зургийг ашиглаж барилга байгууламжид нөлөө үзүүлэх долгионы давтамжийг дараах дэс дарааллаар тогтооно:
3.2.1.хөрсний зонхилох давтамжийн мужлалын зургийн захад байрлуулсан солбилцлуудыг тохируулан тухайн газрын зургийг байрлуулна.
3.2.2.барилга байгууламжийн гадна хануудын огтлолцсон цэгүүдийн солбилцлыг ашиглан энэ дүрмийн 3.2.1 дахь заалтад заасан зурагт тухайн барилга байгууламжаа байрлуулна.
3.2.3.барилга байгууламжид газар хөдлөлийн үйлчлэлээс нөлөөлөх долгионы давтамжийн хэмжээг энэ дүрмийн 4.8, 4.9, 4.10-д заасны дагуу тодорхойлно.
3.3.Барилга байгууламжийн динамик тооцоо болон төлөвлөлтөд ашиглах хөрсний оргил хурдатгалын хэмжээг дараах дэс дарааллаар тогтооно.
3.3.1.хөрсний оргил хурдатгалын бүсчлэлийн зургийн захад байрлуулсан тэгш өнцөгт солбилцлын системийн ординат-(y), абсцисс-(x) тэнхлэгүүдийн солбилцлыг тохируулан зургийг байрлуулна.
3.3.2.тухайн барилга байгууламжийн гадна хануудын огтлолцсон цэгүүдийн солбилцлыг ашиглан энэ дүрмийн 3.1.1 дэх заалтад заасан зурагт барилга байгууламжийн байршлыг тодорхойлно.
3.3.3.барилга байгууламжийн байршлыг хөрсний оргил хурдатгалын зурагт байршуулсны дараа энэ дүрмийн 4.1, 4.2, 4.3-д тус тус заасны дагуу тухайн газрын хөрсний оргил хурдатгалын хэмжээг тогтооно.
3.4.Газар хөдлөлийн бичил мужлал болон хөрсний зонхилох давтамжийн мужлалын хил заагийг тэгш өнцөгт солбилцлын системээр тогтооно.
3.5.Барилга байгууламжийн байрлал, газар хөдлөлийн балл, хөрсний оргил хурдатгал, хөрсний зонхилох давтамж болон түүний мужлалын хил заагийн солбилцлыг ArcGIS програм ашиглан тодорхойлно.
4.Хөрсний оргил хурдатгал, газар хөдлөлийн балл болон зонхилох давтамжийг тодорхойлох
4.1.Тухайн баллын бүсчлэлийн талбайд байршсан барилга байгууламж, түүний хил заагаас 50 м-ээс дотогш зайд оршиж байвал уг талбайд харгалзах баллыг барилга байгууламжийн тооцоо, төлөвлөлтөнд хэрэглэнэ.
4.2.Барилга байгууламж нь 2 өөр баллын бүсэд оршиж байвал аль их баллаар нь тооцоо, төлөвлөлтийг хийж гүйцэтгэнэ.
4.3.Тухайн барилга байгууламж баллын бүсийн хилийг огтлоогүй ч барилгын ажлын талбайн 50-с илүү хувь нь баллын бүсчлэлийн хилээс 50 м-ээс бага зайд оршиж байвал аль их баллыг нь тооцоо, төлөвлөлтөнд хэрэглэнэ.
4.4.Барилга байгууламж барихаар төлөвлөгдсөн талбай нь тухайн хөрсний оргил хурдатгалын бүсчлэлийн хилээс 50 м ба түүнээс их зайд оршиж байвал тухайн талбайд харгалзах хөрсний оргил хурдатгалын хамгийн их утгыг барилга байгууламжийн тооцоонд хэрэглэнэ.
4.5.Барилгын ажлын талбайн аль нэг хэсэг нь хөрсний оргил хурдатгалын бүсчлэлийн хилийг огтолж байвал хамрагдах мужлалын аль их хөрсний оргил хурдатгалын утга бүхий мужлалд харгалзах хамгийн бага утгыг тооцоонд хэрэглэнэ.
4.6.Барилгын ажлын талбайн 50-иас илүү хувь нь газар хөдлөлийн мужлалын хилээс 50 метрээс бага зайд оршиж байвал хамрагдах мужлалын аль их хөрсний оргил хурдатгалын утга бүхий мужлалд харгалзах хамгийн бага утгыг тооцоонд хэрэглэнэ.
4.7.Барилга байгууламжийг хөрсний динамик үйлчлэлээс ирэх ачаалалд тооцоход хөрсний оргил хурдатгал ба газар хөдлөлийн балл нь дараах хамааралтай байна.Хүснэгт-1
Балл MSK-64 |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
PGA см/с2 |
13-18 |
18-35 |
35-71 |
71-141 |
141-283 |
283-566 |
566-800 |
4.8.Хөрсний зонхилох давтамжийн мужлалын хил заагаас 100м-ээс дотогш зайд оршиж байвал уг талбайд харгалзах хөрсний зонхилох давтамжийг хамгийн бага утгыг сонгоно.
4.9.Барилга байгууламж төлөвлөсөн талбай нь 2 өөр мужлалын бүсийн хилийг огтолж оршиж байвал хамрагдах мужлалын аль их зонхилох давтамжтай мужийн хамгийн бага утгыг авч хэрэглэнэ.
4.10.Барилгын ажлын талбайн 50-иас илүү хувь нь хөрсний зонхилох давтамжийн мужийн хилээс 50 м-ээс байгаа зайд оршиж байвал хамрагдах мужлалын аль их зонхилох давтамжийн мужийн хамгийн бага утгыг холбогдох тооцоонд авна.
4.11.Өндөр болон онцгой төвөгшлийн барилга байгууламж баригдах талбайн инженер геологийн дүгнэлтэд газар хөдлөлийн үйлчлэлийг тодорхойлсон үзүүлэлтүүдийг Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээр тухай бүр хянуулж тусгаж байна.
4.12.Газар хөдлөлийн эрчмийг захиалагч хүсвэл тухайн барилга байгууламжид тодорхойлуулж болно.
5.Барилга байгууламжийн байршлыг газар хөдлөлийн үйлчлэлд тохируулан сонгох шаардлага
5.1.Шинээр төлөвлөж буй барилга байгууламжийн талбай газар хөдлөлийн аюул багатай, геологи, гидрогеологийн зөв нөхцөлтэй гадаргуугын хотгор, гүдгэр
/рельеф/-ийн онцгой гажиггүй байна.
5.2.Барилга байгууламжийн барих талбайн болон түүнд ойр орших газрын гүний тектоник эвдрэлүүд, инженер геологийн төвөгтэй нөхцлүүдийг харгалзан үзэх шаардлагатай.
5.3.Хөрсөнд үүссэн зохиомол эвдрэл нь газар хөдлөлийн үед хөрсийг хөдөлгөөнд оруулж газар хөдлөлийн балл өсөх нөхцөл бий болохыг анхаарна.
5.4.Хот, суурин газрын хөгжлийн болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа барилга байгууламжийг газар хөдлөлийн эрсдэл багатай бүсэд байрлахаар төлөвлөж байх шаардлагатай. Ялангуяа газар хөдлөлийн дараа улсын аюулгүй байдал хэвийн хангагдахад нөлөөлөх засаг захиргааны төв байгууллагууд, улсын архив, бүртгэлийн газар, томоохон станц зэрэг байгууллагуудын барилга, байгууламжийг газар хөдлөлийн эрсдэлгүй буюу эрсдэл багатай бүсэд байрлахаар төлөвлөнө.
Текст томруулах
A
A
A