A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /БСШУС-ын 2018 оны А/167 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БСШУС-ын 2018 оны А/167 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
2016 оны А/131 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

 ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.5, 18.11-т заасан насанд хүрэгчид, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний шигшээ баг /цаашид “Үндэсний шигшээ баг” гэх/ бүрдүүлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2.Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах ажлыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батлагдсан орон тооны бус Зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ хэрэгжүүлнэ.

1.3.Насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:

                              1.3.1.Олон Улсын Олимпийн Хорооны ивээл дор явагдаж байгаа олон улсын шинжтэй тэмцээн, наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор өмнөх Олимп, Паралимпийн наадамд албан ёсны эрх авч, амжилттай оролцсон спортын жин, зай, төрөлд наадам дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг дараагийн наадмыг дуустал байгуулна.

                              1.3.2.Олон улсын шинжтэй тэмцээн, наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор зуны спортын төрлөөр жил бүрийн 12 дугаар сарын 30-ны дотор, өвлийн спортын төрлөөр жил бүрийн 06 дугаар сарын 30-ны дотор тодорхой болзол, хугацаатайгаар тухайн жилийн төсөв, санхүүгийн байдалтай уялдуулан гэрээний дагуу үндэсний шигшээ багийг байгуулна.

1.4.Залуучуудын үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт багтсан спортын төрлүүд болон цаашид амжилт гаргах спортын төрлүүдээр байгуулах эсэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар байгуулсан сонгон шалгаруулах зөвлөл шийдвэрлэнэ.

1.5.Олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлөөр сонгогдсон спортын холбоод тухайн сонгогдсон ангилалд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орох тамирчны сонгон шалгаруулалтыг тухайн спортын холбооны дүрмийн хүрээнд байгуулагдсан сонгон шалгаруулах эрх бүхий зөвлөл /цаашид Холбооны зөвлөл гэх/-ийн дүгнэлтийг үндэслэн шалгаруулна.

1.6.Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулахтай холбоотой гарах санхүүжилтийг Спортын холбоо хариуцна.

1.7.Үндэсний шигшээ багийн тамирчинтай холбоотой гарсан гомдол, зөрчил, аливаа хариуцлагыг тухайн багийн тамирчдын сонгон шалгаруулалтыг хариуцаж явуулсан Спортын холбооны удирдлага бүрэн хариуцна.

Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрх

2.1.Зөвлөлийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Биеийн тамир, спортын бодлогын асуудал хариуцсан нэгжийн дарга тэргүүлнэ.

2.2.Бүрэлдэхүүнд нь БСШУС-ын яамны бодлогын газрын үндэсний шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, Үндэсний шигшээ багийн албаны дарга, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын паралимпийн хорооны төлөөлөл орно.

2.3.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

2.4.Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                2.4.1.Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах,

                2.4.2.Холбооны зөвлөлийн хэрэгжүүлсэн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргах, хяналт тавих;

                2.4.3.Зөвлөл нь журмын 2.4.1, 2.4.2-т заасан шалгаруулалтын дүгнэлтийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд танилцуулж, спортын холбоодтой гэрээ байгуулан ажиллуулахаар Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх,

2.5.Зөвлөл нь хурлаар хэлэлцсэн асуудлаа хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

2.6.Зөвлөл нь үйл ажиллагаандаа шударга бус өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил, авилга хээл хахуулаас ангид байх зарчмыг баримтлана.

2.7.Сонгон шалгаруулалттай холбоотойгоор Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, спортын холбоо, дасгалжуулагч, тамирчдаас гаргасан санал, хүсэлтийг Зөвлөл хуралдаанаараа хэлэлцүүлэн дүгнэлт гаргаж, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

2.8.Тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурсан байна.

2.9.Зөвлөлийн ажлын албаны гүйцэтгэх чиг үүргийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Үндэсний шигшээ багийн асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.

2.10.Зөвлөлийн хуралдаанаар үндэсний шигшээ багийн спортын төрөл, ахлах дасгалжуулагч, тамирчинтай холбоотой асуудлыг хэлэлцэх үед спортын холбооны удирдлагыг байлцуулж, тайлбар авна.

2.11.Холбооны Зөвлөлийг тухайн спортын холбооны удирдлагын шийдвэрээр томилогдсон сургалт-дасгалжуулалт, техникийн асуудал хариуцсан зөвлөл зохион байгуулах бөгөөд холбооны зөвлөлийн үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Үндэсний шигшээ багийн асуудал хариуцсан нэгжийн дарга хяналт тавьж баталгаажилтад гарын үсэг зурсан байна.

Гурав.Спортын төрлийг сонгох шалгуур үзүүлэлт

3.1.Журмын 1.3.1-1.3.2-т заасан спортын төрлөөр үндэсний шигшээ багийг шалгаруулахад шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг тулгуурлан тухайн спортын төрлийн тамирчдын амжилтын тогтвортой байдал, залгамж шинж чанар, өндөр амжилт гаргах магадлал зэргийг тооцон үзэж, журмын 3.2-т заасан шалгуурыг хангасан байдлыг үнэлж спортын тодорхой төрөл, зай, жингээр бүрдүүлнэ.

3.2.Спортын төрлийг сонгохдоо дараах шалгуурыг харгалзан үзнэ. Үүнд:

                              3.2.1.тухайн спортын төрлөөр насанд хүрэгчид, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн гурван жил медальт болон шагналт байранд шалгарсан байдал,

                              3.2.2.тухайн спортын төрлөөр насанд хүрэгчид, залуучуудын насны ангилалд Ази тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт болон шагналт байранд шалгарсан байдал,

                              3.2.3.тухайн спортын төрлөөр бэлтгэгдсэн мэргэжлийн дасгалжуулагчийн хүрэлцээ, мэргэшсэн байдал,

                              3.2.4.материаллаг баазын хүрэлцээ хангамж,

                              3.2.5.спортын холбооноос багт зарцуулсан зардлын хэмжээ. /сүүлийн З жилээр/

Дөрөв. Нэр дэвших спортын төрлийг сонгон шалгаруулах

4.1.Зөвлөл үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 06 дугаар сарын 15 болон 12 дугаар сарын 15 -ны дотор 2 удаа хийх бөгөөд шалгаруулалт эхлэхээс хуанлийн 20-оос доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

4.2.Зарлалд сонгон шалгаруулалтад орох спортын холбоодын бүрдүүлэх баримт бичиг, бүртгүүлэх хугацаа, бусад шаардлагатай мэдээллийг тусгана.

4.3.Сонгон шалгаруулалтад оролцох спортын холбоод дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ.

                        4.3.1.Үндэсний шигшээ байгуулах тухай холбооны хүсэлт, /үндэсний шигшээ баг бүрдүүлэх үндэслэл, хүрэх үр дүнг тодорхой дурьдсан байна/

                        4.3.2.Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж

                        4.3.3.“Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд заасан тайлангийн хувь

                        4.3.4.журмын 3.2.3-3.2.4-т заасан бүртгэл мэдээлэл, судалгааны материалууд,

                        4.3.5.үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, төсөв

4.4.Спортын холбоодын хүсэлтийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах өдрөөс хуанлийн 5 хоногийн өмнө дуусгавар болгоно.

4.5.Зөвлөл нь сонгон шалгаруулах хурал зохион байгуулсан өдрөөс хойш 5 хоногт багтаан дүгнэлтийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

4.6.Журмын дагуу сонгогдсон спортын төрлийн холбоотой Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.

4.7.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрээний хугацааг дуусгавар болоход гэрээний хэрэгжилтийг дүгнэн тухайн спортын холбоотой үргэлжлүүлэн ажиллах болон цуцлах саналаа Зөвлөлөөр дамжуулж, Биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

Тав. Үндэсний шигшээ багийн ангилал, санхүүжилт

5.1.Үндэсний шигшээ багийг бүрдүүлж буй спортын төрөл болон төрөл тус бүрийн тамирчин, дасгалжуулагчдыг улсын төсвөөс үзүүлж буй дэмжлэгээр нь байнгын болон байнгын бус гэж ангилна.

5.2.Үндэсний шигшээ багийн байнгын гишүүнд “Биеийн тамир, спортын тухай хууль"-д зааснаар улсын төсвөөс дэмжлэг үзүүлэн ажиллана.

5.3.Үндэсний шигшээ багийн байнгын бус гишүүнд цалингаас бусад дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлж болно. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага спортын холбооны хооронд байгуулах үйл ажиллагааны гэрээгээр санхүүжилт үзүүлэх чиглэл, түүний хэмжээг тогтооно.

5.4.Үндэсний шигшээ багийн гишүүд байнгын болон байнгын бус ангиллаас үл хамаарч Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хөдөлмөрийн гэрээ /контракт/ болон Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу тамирчин, дасгалжуулагчийн үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

5.5.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тамирчин, дасгалжуулагчтай хийх үйл ажиллагааны гэрээ нь хөдөлмөрийн гэрээний /контракт/ салшгүй хэсэг байна.

5.6.Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд сонгогдсон спортын төрлийн байнгын бүрэлдэхүүн нь 3-аас дээш дасгалжуулагчтай байвал ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх 1 ахлах дасгалжуулагчтай байна.

5.7.Үндэсний шигшээ багийн гишүүдийн орон тооноос хамаарч тухайн багт дэмжлэг үзүүлэх менежер, эмч, физотерапист, сэтгэл зүйчийг ажиллуулж болно. Тэдгээрийг ажиллуулах үйл ажиллагааг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас спортын холбоотой байгуулах гэрээгээр зохицуулна.

5.8.Үндэсний шигшээ багт дэмжлэг үзүүлэн ажиллах менежер, эмч, физотерапист, сэтгэл зүйчийн мэдлэг, ур чадварт тавих шаардлагыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтооно.

5.9.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан спортын холбоо нь журмын 5.7 дугаар хэсгийг үндэслэн тухайн баг дээр ажиллах шаардлагыг хангасан ажилтанг санал болгоно.

5.10.Талууд харилцан тохиролцсон тохиолдолд гурвалсан гэрээ байгуулан Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтааж, цалинжуулж болно.

Зургаа. Үндэсний шигшээ багийн тамирчны сонгон шалгаруулалт

6.1.Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулах тамирчдыг сонгохдоо холбооны дүрмийн хүрээнд байгуулагдсан сонгон шалгаруулах эрх бүхий зөвлөл дараах зарчмыг баримтлана.

                 6.1.1.тамирчдын оролцоог эрх тэгш хангасан байх,

                 6.1.2.шударга өрсөлдөөн, ил тод байдлыг баримтлах,

                 6.1.3.аливаа ялгаварлан гадуурхал, бүлэглэлээс ангид байх,

                 6.1.4.тамирчны амжилт, ур чадварыг бодитоор үнэлэх

6.2.Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулах тамирчид дараах шалгуурыг хангасан байна.

                     6.2.1.өндөр амжилт гаргах магадлалтай, амжилт нь өсч яваа болон  тогтсон,

                     6.2.2.сахилга баттай, харилцааны соёл, хариуцлага хүлээх чадвартай, тамирчны ёс зүйтэй байх,

                     6.2.3.спортын ур чадвартай, бэлтгэлийн ачаалал даах чадвартай, бие бялдар, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх.

                     6.2.4.бие даан суралцах чадвартай, бүрэн дунд болон дээш боловсролтой, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

6.3.Сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс 20 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд дараах зүйлийг тусгана;

                 6.3.1.сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг,

                 6.3.2.сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа,

                6.3.3.сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал,

6.4.Сонгон шалгаруулалтын тухай зар, дүнгийн мэдээг Биеийн тамир, спортын газар /sport.gov.mn/, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

6.5.Хувь тамирчны үзүүлсэн амжилт, ерөнхий ажиллах чадварын үзүүлэлт, тухайн спортын төрлийн онцлогт тохирсон үзлэг, сорил, тест, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дүгнэлтийг тус тус үндэслэн Холбооны зөвлөл тамирчдыг тухайн спортын зай, жин төрөл тус бүрээр шалгаруулж дүнг Холбооны дасгалжуулагчийн зөвлөл, удирдлагад танилцуулна.

Долоо. Үндэсний шигшээ багийн тамирчинг томилох:

7.1.Холбооны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг холбооны удирдлага өөрсдийн дүрмийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж, сонгогдсон тамирчдын нэрсийг шалгаруулалт дууссанаас хойш ажлын 10  хоногт багтаан холбогдох материалын хамтаар Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

7.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Холбооны зөвлөлийн дүгнэлтийг баталгаажуулан ажлын 10 хоногт багтаан тамирчинтай гэрээ байгуулан ажиллана.

7.3.Үндэсний шигшээ багийн тамирчинтай гэрээ байгуулснаар тухайн спортын төрлийн үндэсний шигшээ багийн төрөл, ангиллаас хамаарч Биеийн тамир, спортын тухай хуулийн хүрээнд холбоотой байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох санхүүгийн дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллана.

Найм. Үндэсний шигшээ багийн тамирчныг чөлөөлөх:

8.1.Дараахь тохиолдолд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тамирчныг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс чөлөөлөх саналыг тухайн спортын холбоонд гаргана.

                     8.1.1.тамирчин биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан үйл ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, амжилт буурсан, олимпийн эрх авч чадаагүй,

                     8.1.2.эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй болсон нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон,

                     8.1.3.тамирчин өөрийн буруутай үйлдлээр тэмцээн, наадам, тойргийн тоглолт, барилдаан, тулаан, гараанаас хоцорсон,

                     8.1.4.гадаад, дотоодын бэлтгэл цугларалтад гарсан үед хүндэтгэх шалтгаангүйгээр байраа орхин явсан,

                     8.1.5.сургалт, судалгаа, үзлэгт орохоос татгалзах 2 ба түүнээс дээш удаа тасалсан бол

8.2.Дараахь тохиолдолд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санаачилгаар тамирчинтай байгуулсан гэрээг шууд цуцална.

                   8.2.1.гадаад улс оронд тэмцээн, наадамд оролцох үедээ улс орны нэр хүндийг унагаасан аливаа үйлдэл гаргаж олон улсын спортын холбооноос арга хэмжээ авахуулсан, тэмцээнд оролцох эрхээ тодорхой хугацаагаар хасуулсан,

                   8.2.2.ажлын байранд, гадаад, дотоодод бэлтгэл цугларалт, тэмцээн наадамд оролцох үедээ согтуурах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн,

                   8.2.3.допинг хэрэглэсэн нь тогтоогдон олон улсын холбооноос тэмцээнд оролцох эрхийг хассан тохиолдолд

8.3.Энэ журмын 8.1, 8.2 дахь зүйлд заасан шийдвэрийг гарсан даруйд Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Биеийн тамир, спортын газар, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.